Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00681

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00681

 

 

 

 

АБХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/00378 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч АБХХК-ийн хариуцагч Д.Э, О.А, Б.У нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 61 700 723 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус банк нь зээлдэгч О.А, Б.У, Д.Э нартай 2018 оны 9 сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 59 500 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчсөн. Энэ талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй. Зээлдэгч О.А, Б.У, Д.Э нар нь 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 59 098 708 төгрөг, хүүд 2 601 487 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 527 төгрөг, нийт 61 700 723 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 2 байр 53 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: О.А, Б.У нар 2018 оны 09 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 59 500 000 төгрөгийг 240 сарын хугацаатай жилийн 19.8 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээнд хамтран зээлдэгчээр Д.Э оролцож гарын үсэг зурсан боловч тухайн зээлийг огт хэрэглээгүй, худалдан авсан орон сууцанд амьдарч байгаагүй. Зээлийн гэрээнд Д.Эгийн нэр орсноос биш зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөгийг авч хэрэглээгүй тул энэ хэрэгт хариуцагчаар оролцох хүн биш. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин үндсэн зээлийн үлдэгдэл 59 098 708 төгрөг, хүүд нэхэмжилсэн 2 601 487 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 527 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд 23 376 160.8 төгрөгийг төлсөн байхад үндсэн зээлээс 401 292 төгрөг хасагдаж, хүүд 22 974 868.8 төгрөгийг суутган авсан байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа зээлийн төлбөрт 1 000 000 төгрөгөөр 2 удаа нийт 2 000 000 төгрөгийг төлсөн ба түүнийг нэхэмжлэлээс хасаж тооцуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.А, Б.У, Д.Э нараас 59 700 723 /тавин есөн сая долоон зуун мянга долоон зуун хорин гурав/ төгрөг гаргуулж АБХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2205017641 дугаар бүхий Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 2 байр 53 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 456 453 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүх зээлийн үлдэгдлийг гаргахдаа Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 216 дугаа зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 07-09 сарын хооронд төлсөн 2 000 000 төгрөг, 2020 оны 01 сарын 22, 11 сарын 18-ны өдрүүдэд төлсөн 2 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар нэхэмжлэгчтэй тохирсон боловч нэхэмжлэгч нь тухайн мөнгийг хүүд суутган авсны улмаас талуудын хооронд тооцооллын маргаан үүссэн. Шүүх дээрх 4 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон бол хүүд 188 653 төгрөг, шүүхийн шийдвэрээр тогтоосон хүү 602 014 төгрөг, нийт 790 667 төгрөгийг хасах боломжтой. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрээс 790 667 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Нэхэмжлэгч АБХХК нь хариуцагч О.А, Б.У, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 61 700 723.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 59 700 723 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч О.А, Б.У, Д.Э нар нь нэхэмжлэгч АБХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 59 500 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 2 байрны 53 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /хх 4-12/

 

 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Хариуцагч тал зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу төлбөр төлөх үүргээ 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 21-22/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 59 098 708 төгрөг, зээлийн хүү 2 601 487 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 527 төгрөг, нийт 61 700 723 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Талуудын хооронд урт хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэргээг цуцалсан гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд хариуцагчаас зээлийн мөнгөн хөрөнгийг хугацаанаас өмнө буцаан гаргуулах, уг хугацаа хүртэл үүссэн хүү төлөх үүргийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээлд 59 098 708 төгрөг, зээлийн хүүд 602 014 төгрөг, нийт 59 700 723 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 999 309 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 999 279 төгрөгийг тус тус төлсөн байна. /хх 58-60/ Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 1 998 588 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцоогүй байх боловч эдгээр төлбөрийг үндсэн зээл, хүүгийн төлбөрөөс хасч тооцоход шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт орохооргүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Иргэний хууулийн 453 дугаар зүлийн 453.1 дэх заалтыг хасч өөрчлөлт оруулах нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/00378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 600 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ