Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/44

 

Г.Н, С.Г, Р.Б, Г.Н,Г.П, Н.У, Ч.О, Д.Ц, Б.М 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Ч.О, Д.Ц нар нь бүлэглэн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт “Нэмэх даатгал” гэх хуурамч аж ахуйн нэгж болон “Б” ХХК, “Б” ХХК-ийн нэрээр тэтгэврийн насны болон хөгжлийн бэрхшээлтэй, группт байдаг, амьдралын түвшин доогуур иргэдэд туслах зорилготой, 1,000,000-800,000,000 төгрөгийг авч 1 сарын дараа 100-аас 30 хувь өсгөж өгөхөөр заасан “Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ”-г иргэдтэй байгуулж, дээрх аж ахуйн нэгжүүд болон өөрсдийн хувийн дансандаа 17,707 удаагийн гүйлгээ болон бэлэн мөнгөний баримтаар нийт 213,032,414,032 төгрөгийг шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож нийт 2596 иргэнд 45,491,459,600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар,

Яллагдагч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Ч.О, Д.Ц нар нь бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоор 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 26-ны хооронд 2,290,955,234 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар,

Яллагдагч Б.М, Г.П нар нь бүлэглэн, яллагдагч Г.Н нарын залилах гэмт хэргийг үйлдэж олсон орлогоор 2022 оны 02 сарын 17-ны өдөр 83,268,214 төгрөгийн үнэ бүхий Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 14 дүгээр баг 4а гудамж, 6а тоот 109 мкв үл хөдлөх хөрөнгийг худалдан авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх “...мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр яллагдагч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П,*******, Ч.О, Д.Ц, Б.М нарт  холбогдох хэргийг прокурорт буцаасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар  бүрэн, бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл  нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болох тул дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор тусгай мэдлэг бүхий хүн, мэргэжлийн байгууллагыг хуульд заасан журмын дагуу шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчээр “И” ХХК-ыг томилж, “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоол /196-р хх-ийн 30-31-р хуудас/-ыг  шинжээчид танилцуулсан байх ба уг тогтоолоор  “Шинжээч “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-нд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 9.2, 10.11, 11.5, 16.3, 16.5, 25.1, 27.1, 27.6 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг тайлбарлажээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан мэдүүлэг авсан байх ба мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

“И” ХХК нь гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд нэр бүхий компаниуд, яллагдагч нар болон тэдний хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн дансаар хийгдсэн орлого, зарлагын гүйлгээг тооцож, шинжилгээний тайлан гаргасныг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжтой байна.

Түүнчлэн хохирлын тооцоолол гаргах нь тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай заавал шинжилгээ хийлгэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд хамаарахгүй тул шүүх  хуралдаанаар уг тооцооллыг хийх боломжтой.

2.Яллах дүгнэлт гардуулсны дараа “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэх хүсэлтийг нэр бүхий иргэн гаргаж, зарим иргэд “Б” ХХК-тай байгуулсан гэрээ, банкны дансны хуулга  ирүүлсэн байх ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад хохирогч С.Батцэнгэл “...Мөнхжаргал гэх хүнийг хохирогчоор тогтоогоогүй байна” гэх тайлбар гаргажээ.

 Шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т заасан шийдвэр гаргах журмаар хүсэлт гаргасан иргэдийг хохирогчоор тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх  эсхүл уг асуудлыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Тодруулбал, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан зөрчлийг дахин засуулахаас өөрөөр тогтоох, үгүйсгэх, үнэлэх аргагүй нөхцөл байдал хамаарна.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЗ/357 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Н, С.Г, Р.Б, Г.Н, Г.П, Н.У, Ч.О, Д.Ц, Б.М нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

Б.СОСОРБАРАМ