| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/00804/И |
| Дугаар | 307/ШШ2025/00607 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 307/ШШ2025/00607
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/00804/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* гудамж, *******байранд байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******** баг, ********* байрлах ******* ******* ******* ХХК-д холбогдох,
114,444,694 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...******* ХХК нь ******* ******* ******* ХХК-аас барилгын арматурын төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг ******* ******* ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэвч ******* ******* ******* ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд арматурын төмрийг ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй тул талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн. Уг актаар ******* ХХК-ийг төлөөлж ерөнхий нягтлан бодогч *******, ******* ******* ******* ХХК-ийг төлөөлөн ахлах нягтлан бодогч ******* нар оролцсон. Тус тооцооны үлдэгдлийн баталгаа ********* тоот хуудсаар ******* ******* ******* ХХК нь ******* ХХК-д 114,444,694 төгрөгийн өртэй гарсан болно.
******* ХХК-ийн өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан албан бичгийг хүргүүлж байсан хэдий ч хариу өгөхгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан авах эрхтэй гэж, 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол шаардах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл харилцан тохиролцсон арматурын төмрөө хүлээлгэн өгөх үүргээ ******* ******* ******* ХХК нь биелүүлээгүй, ******* ХХК-ийн арматурын төмөр худалдан авахаар шилжүүлсэн мөнгийг буцаан өгөөгүй өнөөдрийг хүрсэн ба тус компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эко констракшн ХХК нь Дархан ******* ХХК-аас арматурын төмөр худалдан авах үнэ болон ачаа тээврийн хөлсийг шилжүүлсэн. Ингэхдээ 230,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2011 онд талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, Дархан ******* ХХК нь Эко констракшн ХХК-д 114,000,000 төгрөгийн өглөгтэй гарсан. Үүний дагуу Эко констракшн ХХК-ийн зүгээс тухайн өглөгөө авах талаар удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч Дархан ******* ХХК нь өгөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор Дархан ******* ХХК-аас 114,444,694 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр тодорхойлж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгаан нь 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг ашиглаж, бусдад өгөх ёстой байсан өглөгөө өөрсдийн хуримтлагдсан ашгийг өсгөсөн. Компанийн хуримтлагдсан ашиг өснө гэдэг нь шууд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа нэг хэлбэр юм. Бусдад өгөх ёстой байсан өглөгөө Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг илтэд мушгин гуйвуулж хаасан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болж байна. 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үндэслэлгүй хөрөнгөжсөнийг манай Эко констракшн ХХК нь 2023 онд мэдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа хангагдаж байгаа учир нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөх боломжгүй байна. Үүнд,
Нэхэмжлэлд ******* ХХК нь ******* ******* ******* ХХК-аас барилгын арматур төмөр худалдан авах зорилгоор арматурын үнэ болон түүнийг тээвэрлэх зардлыг ******* ******* ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэж дурдсан боловч нэхэмжлэлд хавсарган өгсөн баримтад төлбөр төлсөн баримт байхгүй байна.
Талуудын байгуулсан гэх тооцооны үлдэгдлийн баталгаанд төлөгч байгууллагын тэмдэг дарагдаагүй. Мөн өглөг авлагын товч тайланд тамган тэмдэг дарагдаагүй нь дээрх баримтууд хууль зүйн хүчин төгөлдөр нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс дээрх баримтыг үндэслэж нэхэмжилсэн төлбөрийг төлөх хуулийн үүрэггүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр шаардаж байна. Энэхүү зүйл заалт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үндэслэлгүй хөрөнгөжих гэдэг нь өөр ойлголт. Нэхэмжлэгчийн зүгээс 114,444,694 төгрөг гаргуулах талаар нэхэмжлэлийн гол үндэслэлд дурдсан. 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн үлдэгдлийн баталгаагаар тогтоогдоно гэж үздэг. Хавтаст хэргийн 06 дугаар талд өглөг авлагын тайлан гэх материалуудаар 114,000,000 төгрөг үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Санхүүгийн анхан шатны маягт заавал батлах тухай Сангийн сайдан тушаал байгаа юм. Энэхүү тушаалд анхан шатны баримт түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар баримт хүчин төгөлдөр болно гэж тодорхой заасан. Гаргаж өгч байгаа баримтад Сарантуяа гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Компанийн тамга тэмдэг байхгүй, дээрх дурдсан Сангийн сайдын тушаалын санхүүгийн анхан шатны баримт үйлдэхэд журам зөрчиж үйлдэгдсэн учир хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Энэ агуулгаар 2022 оны Санхүү эдийн засгийн сайд Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171-111 тоот Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэг байгууллагын нийтлэг хэрэглэгдэх анхан шатны заавар маягтын заавар дээр тодорхой дурдана. Анхан шатны баримт түүнийг үйлдсэн зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Анхан шатны баримтыг бүртгэл тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг агуулгын хувьд зөрчсөн. Мөн 2011 онд тооцоо нийлсэн. Өнөөдөр 2025 он. Энэ хэрэг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Дээрх агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/2024-25 дугаартай итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2011/03/16-01 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл өглөг, авлагын товчоо тайлан, 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2011 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2116545 дугаартай Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 05/027 дугаартай ******* ХХК-ийн Төлбөр шаардах тухай албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05/210 дугаартай ******* ХХК-ийн Хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 720 дугаартай кассын зарлага, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 15808 дугаартай бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тооцооны хуудас, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тооцооны хуудас, баримт, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2458 дугаартай кассын зарлага, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15808 дугаартай бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зочид буудлын бүртгэл, тооцооны хуудас, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 507 дугаартай кассын зарлага, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15808 дугаартай бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зочид буудлын бүртгэл, тооцооны хуудас, Сод монгол групп ХХК-ийн төлбөрийн баримт, санхүүгийн баримт, Голомтбанк ХК-ийн баримт, харилцагчийн гүйлгээний баримт (хх 3-11, 34-44, 50-54,71,72х) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/1130 дугаартай итгэмжлэл (хх 19,20х) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Шүүхийн журмаар хариуцагч ******* ******* ХХК-аас харилцагчийн гүйлгээний баримт, 2015 оны 12 дугаар сарын 13-нд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуух дэлгэрэнгүй тайлан, ******* ******* ХК-ийн захирлын 2015 оны 10 сарын 20-ны өдрийн А/207 дугаартай тушаал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн төлөвлөгөө, 2015 оны12 сарын 13-ны мемориалын ордер, тооцоо хаах зэрэг баримтуудыг гаргуулсан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Эко констракшин ХХК нь ******* ******* ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 114,444,694 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь хариуцагчаас 114,457,824 төгрөгийн шаардлага гаргуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 114,444,694 төгрөг /анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024.04.19-ний өдрийн дугаартай тэмдэглэл/ гэж тодруулсан байна.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргаж буй үндэслэлээ ... ******* ******* нь Эко констракшин ХХК-нд 114.444,694 төгрөгийн өглөгтэй байсан боловч хариуцагч компани нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар 2015 онд уг өглөгийг хааж, улмаар байгууллагын ашиг орлогод төдий хэмжээгээр нэмэгдсэн буюу энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Энэ байдлыг Эко констракшин ХХК 2023 онд мэдсэн. Иймд Иргэний хуулийн 492.1.1-т заасны дагуу хариуцагч ******* ******* нь 114,444,694 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул дээрх мөнгийг гаргуулахаар шаардаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа мэдсэн үеэс тоологдох буюу 2023 оноос тоологдоно гэх агуулгаар тайлбарласан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хоёр байгууллагын хоорондын тооцоо нийлсэн акт нь санхүүгийн анхан шатны баримт үйлдэхэд журам зөрчиж үйлдэгдсэн учир хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбар гаргаж маргасан.
3. Нэхэмжлэгч Эко констракшн ХХК нь ******* ******* ХХК-аас арматур төмөр худалдан авах зорилгоор 2007.10 сард 100,000,000 төгрөг, 2007.11 сард 130,000,000 төгрөг нийт 230,000,000 төгрөгийг ******* ******* ХХК-ний эзэмшлийн Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн боловч ******* ******* ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу нэхэмжлэгч талд 114,444,694 төгрөгийн өглөгтэй болох нь хэрэгт авагдсан хоёр байгууллагын хоорондын хийгдсэн 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт, Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтууд, ******* ******* ******* ХХК-ийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд арматур төмөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба талууд дээрх үйл баримт болон үнийн дүнгийн талаар маргадаггүй болно.
4. Харин зохигч талууд дээрх мөнгөн шаардлагыг нэхэмжилж буй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалт болон мөн хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлохдоо хариуцагч ******* ******* ХХК нь 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар Эко констракшн ХХК-нд өгөх ёстой 114,444,694 төгрөгийг данснаасаа хассан үйл баримтыг хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болох ба хариуцагч байгууллагын өглөгөө данснаасаа хассан үйл баримтыг мэдсэн үеэс буюу 2023 оноос эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж тайлбарлаж,
хариуцагч талаас ...Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас энэ хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байна гэсэн тайлбарыг гаргасан болно.
5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хоорондын маргааны зүйл болох 114,444,694 төгрөгийн өглөг авлагын асуудал нь 2007 онд талуудын хоорондын арматур худалдах худалдан авахаар амаар тохиролцсон гэрээний үүрэгтэй холбоотой бөгөөд хариуцагч ******* ******* ******* ХХК нь 114,444,694 төгрөгийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо баталгаажуулан талууд тооцооны нийлсэн акт үйлдэж, хариуцагч байгууллага нь санхүүгийн данс тооцоондоо Эко констракшн ХХК-д өглөгтэй гэдгээ бүртгэсэн байна.
Хариуцагч ******* ******* ХХК нь өөрийн санхүүгийн баримтдаа тухайн өр төлбөрийг бүртгэж, мөн хааж /данснаасаа хасалт хийж/ бүртгэж буй үйлдэл, үйл баримт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан зохицуулалтад хамаарахгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Тодруулбал, хариуцагч ******* ******* ******* ХХК нь бусдад төлөх төлбөрийн үүргээ өөрийн санхүүгийн баримтад хэрхэн бүртгэх нь тухайн байгууллагын асуудал байх бөгөөд энэхүү санхүүгийн бүртгэлд өөрчлөлт орсон нь дээрх хуульд заасан ... үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон... гэх үндэслэл болон үр дагаврыг бий болгохгүй болно.
Иймд зохигч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан үүссэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил үйлчилнэ гэж үзэхээр байна.
6. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж, 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж заасан.
Зохигч талуудын хооронд 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлж тооцооны үлдэгдлийг баталгаажуулснаас эхлэн нэхэмжлэгчид хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө шаардах эрх үүссэн байх ба энэ хугацаанаас хойш 2023 оныг хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс 2015, 2017, 2019 онд компанийн ажилтнууд нь Дархан-Уул аймаг руу очиж хариуцагчаас мөнгөө шаардаж уулзаж байсан гэж тайлбарлаж кассын зарлага, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, зочид буудлын бүртгэл тооцооны хуудас зэрэг томилолтын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч компанийн ажилтнууд ямар албан ажлаар Дархан-Уул аймаг руу томилолтоор явсан талаар баримтад дурдаагүй, энэ талаар тодорхойлох боломжгүй байна.
Иймээс хэрэгт авагдсан баримтаар Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан үйл баримт тогтоогдоогүй болно.
7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 114,444,694 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,239 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА