Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00718

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00718

 

 

 

МБТХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч А.Мөнхзул, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00745 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч МБТХХК-ийн хариуцагч ПСИКХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 702 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгийг цуцлах, 22 140 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, хариуцагчийн төлөөлөгч Ц.Цэрэнханд, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч МБТХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: МБТХХК нь гадаад худалдаа, компьютерийн худалдаа, мэдээлэл, технологийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ПСИКХХК-тай 2019 оны 12 сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу хавсралт 1-д заасан компьютер, дэлгэц, сканнер, камер, зурагт, утасны аппарат, зарлан мэдээллэх программ, лед самбар, цаас хэвлэгч машин, ухаалаг дэлгэц, тайзны эйр кондишн, утасны дотуур холбоо программ зэрэг бараа, бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх, ПСИКХХК нь бараа, бүтээгдэхүүний нийт үнэд 142 280 000 төгрөгийн 47 430 000 төгрөгийг гэрээ хийсэн өдөр , 47 425 000 төгрөгийг гэрээ хийснээс хойш 7 дахь хоногт багтаан төлөх, үлдсэн 47 425 000 төгрөгийг бараа, бүтээгдэхүүнийг 100 хувь нийлүүлсний дараа төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний хавсралт 1-д заасан бараа, бүтээгдэхүүнүүдийг БНХАУ-аас захиалж 2020 оны 01 сарын 17-ны өдөр ПСИКХХК-д нийлүүлж дуусгасан. Талууд бараа, материал хүлээлцсэн акт үйлдэж хүлээлцсэн. Бараа захиалж нийлүүлэх явцад зарим барааны үнэд өөрчлөлт орж, зарим барааг нэмж авч нийтдээ 132 132 000 төгрөгийн барааг нийлүүлсэн. Тодруулбал, гэрээгээр 18,5 инч дэлгэц 1 ширхэгийг нь 205 000 төгрөгт тооцож, 72 ширхэгийг нийт 14 760 000 төгрөгөөр нийлүүлэх байснаас 1 ширхэг дэлгэцийн үнийг 50 000 төгрөгөөр хямдруулж 1 ширхэгийг нь 155 000 төгрөгөөр тооцож нийт 11 160 000 төгрөгөөр, 1 ширхэг камерийг 115 000 төгрөгөөр тооцож, 48 ширхэгийг нийт 5 520 000 төгрөгөөр нийлүүлэхээр тохирсон боловч 1 ширхэгийн үнийг 30 000 төгрөгөөр хямдруулж нийт 4 080 000 төгрөгөөр, 2 ширхэг утасны холбоог 1 ширхэгийг нь 3 000 000 төгрөгөөр тооцож нийт 6 000 000 төгрөгөөр нийлүүлэх байсан боловч Монголд уг утасны холбоог ашиглах боломжгүй гэсэн үндэслэлээр авахаа больсон. Дээрхийг тооцоход нийт 7 660 000 төгрөгийн зөрүүг гэрээний үнэ 142 280 000 төгрөгөөс хасахаар болсныг гэрээнд заалгүйгээр wifi 1 ширхэгийг нь 60 000 төгрөгт тооцож, 36 ширхэгийг нийт 2 160 000 төгрөгөөр, холбогчууд 72 ширхэгийг 1 ширхэг нь 6 000 төгрөг, нийт 432 000 төгрөгөөр, huawai брендийн нөүтбүүк 1 ширхэгийг 1 920 000 төгрөгөөр нэмж авсан. Ингээд харилцан тохиролцсоны үндсэн дээр анх гэрээгээр 142 280 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсоноос 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нийт 139 132 000 төгрөгийн барааг нийлүүлсэн. Хариуцагч компани нь үүнээс 2019 оны 12 сарын 12-ны өдөр 41 430 000 төгрөгийг дансаар, мөн тус өдөр 6 000 000 төгрөгийг картаар, 2019 оны 12 сарын 20-ны өдөр 41 000 000 төгрөгийг дансаар, 2020 оны 01 сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг дансаар, 2020 оны 01 сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж нийт 118 430 000 төгрөг төлж үлдэгдэл 20 702 000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ПСИКХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Баянхошуу, И-Март гэсэн хоёр дэд төвд шаардлагатай тоног төхөөрөмжийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэхээр болсон. Ингээд MB гэх дэлгүүрийг олж Ч.Мөнх-Очир гэх залуутай уулзаж шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийнхөө үзүүлэлт, жагсаалтыг үзүүлэхэд бараа бүтээгдэхүүнийг найдвартай хурдан хугацаанд нийлүүлнэ, үнийн саналаа явуулъя, гэрээгээ хийгээд урьдчилгаа төлбөрөө шилжүүлбэл бараа нийлүүлнэ, яаралтай төлбөрөө хийж гэрээгээ хийхгүй бол бэлэн байгаа компьютерүүд зарагдана гэж хэлсэн тул гэрээ хийхээр тохирсон. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тус компанийн захирлууд гэх нэг хятад залуу, нэг монгол эмэгтэйтэй танилцаж уулзаад 20 гаруй компьютерийг орон нутгаас худалдаж авсан, одоо 25 компьютер бэлэн байна. Бусад бараа, бүтээгдэхүүнийг захихаар Хятад улс руу явах гэж байгаа тул урьдчилгаагаа өгөөрэй гэж Монгол захирал гэгч Мөнгөнчимэг хэлсэн. Үүний дагуу 41 430 000 төгрөгийг компанийнх нь данс руу шилжүүлж, 6 000 000 төгрөгийг өөрийн картаа уншуулан нийт 47 430 000 төгрөгийг урьдчилгаа болгон төлсөн. Д.Мөнгөнчимэг арын өрөөндөө орж ёс төдий гэрээ хийлээ, завгүй байгаа учир та энэ гэрээн дээр гарын үсгээ зурчих, нийлүүлэлт удлаа гэхэд 2019 оны 12 сарын 25-ны өдөр гэхэд бүрэн нийлүүлнэ. Гэхдээ саад тотгор гарвал 12 сарын 27-ны өдөр гэхэд 100% нийлүүлнэ гэж амлалт өгөөд дараа завтай болохоороо гэрээгээ тухтай шинэчлэе гэж хэлэхээр нь 41 000 000 төгрөг шилжүүлсэн. Дахиад төлбөр шилжүүлэхийг шаардахад бараагаа бүрэн хүлээн авч байж үлдэгдэл төлбөрөө шилжүүлнэ гэхэд бараа ирэх гээд мөнгө хэрэгтэй гэхээр нь 20 000 000 төгрөг шилжүүлсэн.

2020 он гарснаас хойш бараа бага багаар цуварч ирсэн. Эхлээд 24 компьютер, дэлгэц ирсэн, бараа хятадын цагаан cap гээд саатаад байнаа гэж өдөр хоногийг аргацаасан. МБТХХК-аас удаа дараа бараагаа нийлүүлэхийг шаардахад маргааш гэж аргацаасны эцэст нь үлдэгдэл 22 компьютерийг Баянхошуу дэд төвд аваачиж өгөхдөө захиалснаас өөр компьютер авчирсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шахалтанд орж өдөр болгон 2 төв дээр очиж МБТХХК-аас бараа, тоног төхөөрөмж бүрэн гүйцэд ирэхийг хүлээж ажлаа алддаг байсан. Нийлүүлсэн дэлгэцүүд нь иртэл давхар ажиллах боломжгүй нэмэлтээр заавал нэмэлт залгуур хосоор нь авах шаардлагатай гээд бид дахиж мөнгө нэмээд залгуур захиалсан. Нийлүүлсэн дэлгэцүүд нь зарастай, бас залгуур нь удаж удаж ирчээд таарахгүй, унтарч асаад сайн ажиллахгүй байсан. Тэгээд камер нь маш том, урсдаг дэлгэц дээр тогтооход хэцүү камер ирээд за яахав одоо хугацаа байхгүй гээд арай гэж тогтоогоод бүх утсаа сүвэгчлээд камеруудаа асаах гэтэл хайрцаган дээрээ РОЕ дэмжинэ гэчээд бас л худлаа бичигтэй, хуурамч, гаралтандаа хүрэхгүй муу камер нийлүүлсэн.

2 сарын дараа МБТХХК-ийн нийлүүлсэн утасны аппаратуудын зарим нь асахгүй, зарим нь Монголд ажиллахгүй программтай байсныг цаг тухайд нь хэлэхэд сольж өгнө, эхлээд юу ч гэсэн бүх юмаа бүрэн ажиллуул гэдэг байсан. Камер ажиллахгүй, утасны аппаратууд, программ, лед самбар, дэлгэцүүдээ солиод өгвөл үлдэгдэл мөнгийг төлнө гэхэд Д.Мөнгөнчимэг зөвшөөрч байсан. Хэсэг хугацааны дараа материалын үлдэгдэл мөнгөө өгчих, өөрсдийн мөнгөөр захиалах боломжгүй байна гэж Д.Мөнгөнчимэг захирал нь хэлсэн. Эвдэрхий бараа материалаа сольсны дараа үлдэгдэл мөнгийг төлөхөөр тохирч, бараа хүлээлцсэн зарлагын баримт дээр гарын үсэг зурсан. Д.Мөнгөнчимэг захирал эвдэрхий, ажиллахгүй байгаа зүйлийн тоо, хэмжээг гаргаад сольж өгнө гэсэн боловч Хятад захирал нь солихгүй гэж хэлсэн.

Гэрээгээр 18,5 инчийн Dell брэндийн дэлгэцийг нэг ширхэгийг 205 000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд МБТХХК уг дэлгэц ирэх боломжгүй болсон учраас үзүүлэлт нягтрал нь яг ижилхэн дэлгэцийг нэг ширхэгийн үнэ 155 000 төгрөгөөр нийлүүлэхийг санал болгосон бөгөөд уг дэлгэц нь Dell брэндийн дэлгэцийн нягтаршлыг гүйцэхгүй, дундаа тунадастай юм шиг барзгар царапуудтай байсан. Мөн камерийг чанарын шаардлага хангасан үзүүлэлтээр нийлүүлэхээр тохирсон боловч хугацаа хоцорсноос гадна хамгийн чухал үзүүлэлт болох РОЕ / дуу хураагчтай/ дэмждэггүй камер нийлүүлсэн. Харин нэмэлтээр РОЕ дэмжигч залгуур өгсөн. Уг нь залгуураар биш өөрөөсөө РОЕ дэмждэг байвал ажиллагаа хэвийн байх бөгөөд харагдах байдал нь бичигдэж байгаа бичлэг нь тод чанартай байх байсан. Хямд камер байсан учраас үзүүлэлтэд тааруулж нэг бүрийн үнийг 85 000 төгрөгт тооцож 48 ширхэг камер худалдсан бөгөөд залгуур нь ажиллагааны шаардлага хангахгүй байгаа. Нэмэлтээр wifi болон холбогчийг нийлүүлсэн бөгөөд урсдаг LED дэлгэц нь тогонд залгах залгуур байхгүй яаж асах нь тодорхойгүй дуудагч машиндаа холбогдох боломжгүй дан хоосон ирсэн учраас өөрсдөө нэмж мөнгө төлөхөөр болж нэг ширхэгийг 60 000 төгрөгөөр тооцож нийт 36 ширхэгийг авсан. Холбогчуудыг алдаатай нийлүүлсэн, дэлгэц, залгуур нь таарахгүй байсан учраас нэг бүрийг нь 6 000 төгрөгөөр нийт 72 ширхэгийг нэмж авсан. Одоо нийлүүлсэн гэх бараа нь бүгд доголдолтойгоос гадна мэргэжлийн үүднээс засвар болон үйлчилгээ үзүүлээгүй. Иймд доголдолтой байгаа тоног төхөөрөмжүүдийн доголдлыг өөр мэргэжлийн чадвартай компаниар арилгуулж, шинэчлэн засварлах болно гэжээ.

 

Хариуцагч ПСИКХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Худалдагч тал гэрээний үүргээ зөрчиж /хугацаа хэтрүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй/ нийлүүлсэн зарим бараа нь гэрээний 1.3.3-д заасан биет байдлын доголдолгүй байх шаардлагыг хангаагүй нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 04-01/3523 дугаар албан бичгээр нотлогдсон. Энэхүү биет байдлын доголдолтой 5 нэр төрлийн /албан хаагчийн дэлгэц, утасны аппарат, IP камер, дараалал зарлан мэдээлэх программ, 50x20 лед самбар/ бараа, тоног төхөөрөмжүүдийн нийт үнэ нь 22 140 000 төгрөг болно. Уг биет байдлын доголдолтой, чанарын шаардлага хангахгүй байгаа барааг сольж өгөхийг удаа дараа шаардсан боловч үүрэг гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг хохиролд тооцно гэсний дагуу хохирлоо арилгуулахыг МБТХХК -аас шаардаж байна. Сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа худалдах, худалдан авах гэрээг худалдагчийн нийлүүлсэн эд хөрөнгийн доголдолтой хэсгээр нь буюу гэрээг доголдолтой хэсгээр нь цуцлах, 22 140 000 000 төгрөг гаргуулах шаардлага тус тус гаргаж байна гэжээ.

 Нэхэмжлэгч МБТХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Худалдах, худалдан авах гэрээний дагуу 142 280 000 төгрөгийн үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Анх 2019 оны 12 сарын 10-ны өдөр Профешнал сивил инженеринг констракшн ХХК-ийн захирал Цэрэнханд нэр бүхий тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх шаардлагатай байна гэсэн бөгөөд уг тоног төхөөрөмжүүд дэлгүүрт бэлэн байхгүй учир БНХАУ-аас захиалж авчирна гэж тодорхой хэлсэн. Ингээд тохиролцоонд хүрсний дүнд гэрээгээ байгуулж, гэрээний урьдчилгаанд 41 430 000 төгрөг төлсөн. Худалдагчийн зүгээс брендийн дэлгэц, камер, төхөөрөмжүүдийг санал болгосон боловч худалдан авагч нь илүү хямд, адил хэмжээтэй дэлгэц, тоног төхөөрөмжүүд дээр брендийн шошго наалгуулан захиалсан ба зөрүү мөнгөнд 2 иж бүрэн компьютер манайхаас хувьдаа гаргуулж авсан. Худалдан авагчийн захиалгын дагуу БНХАУ-аас тоног төхөөрөмжүүдийг захиалж авчруулсан ба 2020 оны 01 сарын 17-ны өдөр гэхэд гэрээнд заасан бүх барааг бүрэн нийлүүлж, хүлээлгэн өгсний дараа гэрээний үлдэгдэл төлбөрийг хийхээр тохирсон боловч худалдан авагч нь үлдэгдэл төлбөрөө өгөхгүй доголдолтой гэсэн үндэслэлгүй тайлбар гаргаж төлбөрийг хойшлуулсан. Гэхдээ яг ямар тоног төхөөрөмжид доголдол илэрсэн болохыг хэлээгүй, шалгая гэхэд шалгуулахгүй, хариу хэлэхгүй, доголдолтой барааг солиулах, засуулах эсхүл гэрээнээс татгалзах зүйл огт ярихгүй харин үлдэгдэл төлбөрөө өгөхгүй хойшлуулсан. Тоног төхөөрөмжийг залгаж холбоогүй байсныг залгаж асааж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ПСИКХХК-аас 20 702 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МБТХХК-д олгож, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар МБТХХК-д холбогдуулан 2019 оны 12 дугаар 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгийг цуцлах, 22 140 000 төгрөг гаргуулах тухай ПСИКХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262 500 төгрөг, хариуцагчийн төлсөн 339 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 262 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх Нийслэлийн үйлчилгээний Баянгол, Баянхошуу дэд төвүүдэд МБТХХК-аас шууд нийлүүлсэн бараа, тоног төхөөрөмжүүдийн баталгаат хуудас, түүнтэй холбогдох баримтыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04-01/804 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх огт үнэлээгүй. Хариуцагчаас гаргаж өгсөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04-01/3523 тоот албан бичиг, түүний хавсралт (солих шаардлагатай, доголдолтой барааны жагсаалт), ПСИКХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20/335 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 20/342 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ПСИКХХК, МБТХХК-ийн оролцсон 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3 талт уулзалтын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04-01/804 тоот албан бичиг зэрэг нотлох үнэлээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... талуудын байгуулсан гэрээнд эд хөрөнгийн чанар байдлын талаар тусгаагүй, барааны нэрийн хэсэгт үзүүлэлт тусгагдсан байна гэжээ. 2019 оны 12 сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө МБТХХК-ийн менежер Ч.Мөнх-Очиртой харилцсан We chat зурвас, зурагнууд, түүнчлэн түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр ч нийлүүлэх эд хөрөнгийн техникийн үзүүлэлтийн талаар талууд маргаагүй байхад шүүхээс эд хөрөнгийн чанарын талаар гэрээнд тусгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт эд хөрөнгийг ашиглах боломжгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс гаргасан солих шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт гэх баримтад эвдрэл гэмтлийг тогтоосон баримт биш гэж шүүх дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас МБТХХК-д хүргүүлсэн 04-01/844 тоот албан бичигт талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл, түүний үр дагавартай холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь МБТХХК-ийн өмнө үүрэг хүлээхгүй, тус компанитай харилцах хууль, эрх зүйн үндэслэлгүй гээд доголдолтой тоног төхөөрөмжийг яаралтай засварлаж хэвийн ажиллагааг хангаж ажиллах, солих шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг өгсөн болно гэсэн хариуг өгсөн. Хариуцагчийн хувьд шүүхэд гаргаж өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21/05 тоот Нотлох баримт гаргаж өгөх, зургийн тайлбар хүргүүлэх тухай албан бичгийг шүүх огт анхаараагүй, үнэлээгүй хариуцагчийг доголдлыг нотлоогүй гэж дүгнэсэн. Нотлох баримтуудаар эд хөрөнгийн доголдолтой байгаа нь хангалттай нотлогдсон.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй үндэслэл нь зөвхөн гэрч Ч.Мөнх-Очирын мэдүүлэг гэж шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч эсрэгээрээ МБТХХК-ийн хятад захирлууд бараа, тоног төхөөрөмжүүдийг солиод өгөх гэхэд Ч.Мөнх-Очир л эсэргүүцэж болиулсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн ч огт үнэлээгүй, НЗДТГ болон МБТХХК-ийн хооронд гэрээ байгуулагдаагүй, тэдний хооронд эрх, үүрэг, хариуцлага үүсээгүй болохыг 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 04-01/844 тоот албан бичиг нотолно. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч МБТХХК нь хариуцагч ПСИКХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20 702 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгийг цуцлах, 22 140 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Зохигчдын хооронд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч МБТХХК нь нийт 142 280 000 төгрөгийн үнэ бүхий 13 нэр төрлийн бараа нийлүүлэх, хариуцагч ПСИКХХК үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээгээр 142 280 000 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохирсон боловч барааны үнэ өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлаас хамаарч нийт 139 132 000 төгрөгийн бараа нийлүүлснээс хариуцагч нь 118 430 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 20 702 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарлажээ. Хариуцагч нь үлдэгдэл төлбөр төлөөгүй шалтгаанаа гэрээний зүйл доголдолтой байсан гэж тайлбарласан.

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгч компани хариуцагч компанид 18.5 инчийн дэлгэц 72 ширхэг, компьютер иж бүрэн 48 ширхэг, сканер 40 ширхэг, камер 48 ширхэг, 55 инч зурагт 2 ширхэг, утасны аппарат 44 ширхэг, зарлан мэдээлэх программ 2 ширхэг, 50х20 лед самбар 34 ширхэг, цаас хэвлэгч машин 2 ширхэг, 2м*40 см лед самбар 2 ширхэг, ухаалаг дэлгэц 65 инч 2 ширхэг, таазны эйр кондишн 2 ширхэг, утасны дотуур холбоо програм ip bpx 2 ширхэг, wifi 36 ширхэг, холбогчууд 72 ширхэг, Huawai notebook 1 ширхэгийг тус тус хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан бараа материал хүлээлгэн өгсөн акт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /1хх 12/ Эдгээр барааг хүлээлгэн өгсөн актад нэхэмжлэгч компанийг төлөөлж Ч.Мөнх-Очир гарын үсэг зурсан байна.

Хариуцагч ПСИКХХК нь гэрээний үнэд 139 132 000 төгрөг төлөхөөс 118 430 000 төгрөг төлж, үлдэгдэл 20 702 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтын талаар талууд маргаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа барааг гэрээнд заасан хугацаанд нийлүүлээгүй, нийлүүлсэн бараа нь эвдрэл гэмтэлтэй, эд хөрөнгийн доголдолтой бараа нийлүүлсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн нийлүүлсэн эд хөрөнгө биет байдлын доголдолтой болохыг нотлохоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04-01/3523 дугаар албан бичиг, Баянхошуу дэд төв болон Е-март салбарт байрлах Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд солих шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3 талт уулзалтын хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна. /1хх 35, 108, 134, 138/

Нэхэмжлэгчийн нийлүүлсэн эд хөрөнгийн зарим хэсэг доголдолтой, уг доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй байх боловч энэ шалтгаанаар худалдах, худалдах авах гэрээний үнийг төлөхгүй байх нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт нийцэхгүй. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1, 215.2 дах хэсэгт нөгөө талын үүргээ биелүүлэхтэй холбоотой өөрийн гүйцэтгэх үүргийг саатуулах эрхэд мөнгөн төлбөрийн төрлийн шинжээр тодорхойлох зүйл хамаарахгүйгээр заасан.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгийн үнийн үлдэгдэл 20 702 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хууль хэрэглээний хувьд зөв байна.

Харин анхан шатны шүүх нийлүүлсэн эд хөрөнгийн доголдолтой холбоотой хэрэгт баримт авагдсан байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Худалдагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, мөн 243.2 дах хэсэгт зааснаар худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам зэргийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Харин нийлүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой доголдол үүссэн талаар, уг тоног төхөөрөмжийн зарим хэсэг ашиглахад боломжгүй байгаа болох нь хариуцагч компанаас нэхэмжлэгч компанид хүргүүлж байсан мэдэгдлүүд, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /1хх 128-130/

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний дагуу нийлүүлсэн тоног төхөөрөмжүүдээс нийт 3 087 000 төгрөгийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийг шинээр худалдан авсан баримтыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /1хх 106-108/

Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчээс худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгахтай холбоотой гаргасан зардал буюу доголдол арилгахад гарсан зардал 3 087 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 053 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлдээ зааж буй үндэслэл болгосон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 04-01/3523 тоот баримт нь цаашид доголдолтой гэх эд зүйлийг шинээр авах зардал гэсэн утгатай байна. Иймд бодитой гарсан зардал гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч компанийн төлөөллийг оролцуулсан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд нийлүүлсэн тоног төхөөрөмжийн доголдлыг арилгах, зарим солих шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх тухай 3 талт уулзалтын хурлын тэмдэглэлээс үзэхэд доголдолтой эд зүйлийг солиулах шаардлага гаргаж байсан агуулгатай байна. /1хх 134-137/

Нэхэмжлэгч компанид хариуцагчийн зүгээс доголдлын талаар албан ёсоор мэдэгдэж, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн баримт шүүхэд хандсанаас хойш байх бөгөөд нэхэмжлэгчид үүргийн зөрчлийг арилгах хугацаа олгосон гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар гэрээг доголдолтой байгаа хэсгээр цуцлахаар шаардах эрхтэй боловч энэ тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан журмыг баримтлах шаардлагатай.

Гүйцэтгэгдээгүй байгаа үүргийн хэсгээр гэрээг цуцлах агуулгатай шаардлага нь гэрээнээс хэсэгчлэн татгалзах үр дагавартай адил учир гэрээнээс татгалзах журам тогтоосон Иргэний хуулийн дээрх заалтыг баримтлах учиртай.

Иймд сөрөг нэхэмжлэлийн худалдах, худалдан авах гэрээний доголдолтой хэсгээр цуцлах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00745 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч МБТХХК-аас 3 087 000 төгрөг гаргуулан хариуцагч ПСИКХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 053 000 төгрөгт холбогдох хэсэг болон 2019 оны 12 дугаар 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний зарим хэсгийг цуцлах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын олгосугай гэснийг олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 64 342 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ