| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2138001820032 |
| Дугаар | 2023/ДШМ/45 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ч |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/45
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Ц.Чингүүн,
Шүүгдэгч: Д.Н /цахим/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Нт холбогдох 2138001820032 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Сийлбэрч овогт Д-ийн Н, .... оны .... дүгээр сарын .... -ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалал мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газарт Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн Бурхант 1-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ......................../.
Д.Н нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллахдаа буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-ны өдөр тус сумын 6 дугаар баг, Бурхант хороололд байх өөрийн гэртээ хохирогч Д.М-өөс “ойн торгуулиа төл” гэх нэрийдлээр 2,000,000 төгрөгийг бэлнээр авч, хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж залилан, хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Сийлбэрч овогт Д-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д-ийн Н-ыг 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Н-т оногдуулсан /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялыг сар бүр 625,000 /зургаан зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж торгох ялыг биелүүлэх хугацааг 32 /гучин хоёр/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Нт сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******оос 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг 16 гаргуулж хохирогч Д.М-д олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж дүгнэж байгаа нь хэргийн байдалтай нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч би дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан. Гэтэл энэхүү Эрүүгийн хэргийн хохирогч нь Д.М мөн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь 2021 оны 04 дүгээр сард Д.М нь хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдсон боловч гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жил өнгөрч яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгожээ.
Мөн дээрх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна. Тухайлбал: Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч Д.*******ыг хохирогч гэх Д.М-өөс 2 сая төгрөг залилах аргаар авсныг нотолж байгаа хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд болохгүй байна.
Залилах гэмт хэргийн обьектив тал нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна. Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэйгээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэ гэмт хэрэг төгсөнө. Гэтэл Д.Н нь хохирогч гэх Д.М-ийн 2 сая төгрөгийг залилах аргаар авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “залилах гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас обьектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл гэмт этгээд энэ гэмт хэргийг хуурах, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, эсхүл нэр хүнд урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдсэн байна” гэж тайлбарлажээ.
Гэтэл шүүгдэгч Д.Н-ын хувьд Д.Мөрөнгөөс мөнгө авах ямар ч шаардлага үүсээгүй байсан байна. Д.М-ийн орхисон 2 сая төгрөг гэрт нь 2-3 хоносон учир айж эмээсэндээ мөнгийг авсан тушаасан гэж хэлсэн гэдгээ мэдүүлэгтээ хэлсэн. Д.М-ийн мөнгийг буцааж өгсөн байдаг бөгөөд баримт нэхээд байхаар нь тухайн өдөр 2 сая төгрөгийг өөрөө төлж дээ гэж бодоод төлбөрийн даалгавар гаргаж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа. Түүнээс ямар нэгэн залилах гэмт хэргийн аргаар Д.М-г хохироосон гэх үйлдэл байхгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Д.Н-ыг цагаатгах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Д.Н нь хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хохирогч, гэрч нар тогтвортой мэдүүлсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
Шүүгдэгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Албан тушаалын байдлаа ашиглаж хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж шүүх дүгнээд байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Н-ыг цагаатгаж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Д.Н нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллахдаа буюу 2021 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-ны өдөр тус сумын 6 дугаар баг, Бурхант хороололд байх өөрийн гэртээ хохирогч Д.М-өөс “ойн торгуулиа төл” гэх нэрийдлээр 2,000,000 төгрөгийг бэлнээр авч, хохирогчийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, албан тушаалын байдлаа ашиглаж залилан, хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хохирогч нь Д.М мөн эсэх нь эргэлзээтэй, ... нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй, шүүгдэгч Д.Н-ыг хохирогч гэх Д.М-өөс 2 сая төгрөг залилах аргаар авсныг нотолж байгаа хэрэгт ач холбогдолтой нотлох баримтууд байхгүй, ... Д.Н нь хохирогч гэх Д.М-ийн 2 сая төгрөгийг залилах аргаар авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, ... шүүгдэгч Д.Н-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.М “...******* торгууль 2 сая төгрөг тушаа гээд хэлэхээр нь 20,000, 10,000 дэвсгэртүүд нийлсэн мөнгөө бэлнээр аваачиж өгсөн. ...******* гэх хүнд залилуулсан 2,000,000 төгрөгөө болон нааш, цааш 2 жил гаруй явсан хугацаанд явсан унааны зардал зэргийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг өгсөн байх ба түүнийг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгийн... хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийн хохирогч гэнэ.” гэж, мөн зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана.” гэж заасантай нийцжээ.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.
Гомдолд дурдсан “...хохирогч Д.М нь 2021 оны 04 дүгээр сард хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд холбогдсон” гэх байдал нь энэ хэрэгт хамааралгүйн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр уг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ /2-р хх-ийн 28-28-р тал/.
3.Шүүгдэгч Д.Н нь ямар нэгэн эрхийн акт гаргаагүй атал “ойн торгууль төл” гэх нэрийдлээр хохирогчоос 2,000,000 төгрөг авч, уг мөнгийг холбогдох дансанд тушаахгүйгээр үүсгэсэн төлбөрийн даалгаврыг хохирогчид өгсөн нь:
-хохирогч Д.М-ийн “...******* торгууль 2 сая төгрөг тушаа гээд хэлэхээр нь 2,000,000 төгрөг аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49, 53-54, 57, 59, 61-62, 2-р хх-ийн 8-р тал/,
-гэрч Х.Бямбадоржийн “...Мөрөн ...ахиад 2,000,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцууллаа, одоо тэр модоо сумын төв рүү оруулж байшин барих гэсэн юм гэж хэлэхээр нь *******оос энэ хүнд арга хэмжээ тооцсон юм уу? гэж асуухад тиймээ арга хэмжээ тооцсон гэж хэлэхээр нь 10 метр куб хэрэглээний модны гоожин бичиж өгөөд ...тээвэрлэж оруулж ирсэн юм...” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 64-65, 104-р тал/,
-гэрч Д.Цогтбаярын “...Манай багийн иргэн Д.Мөрөн нь байгаль орчны мэргэжилтэн Н ойн торгууль гэж 2,000,000 төгрөгөөр торгоод хэд хоногийн дараа надад төлбөрийн даалгавар гэсэн канондсан цаас өгсөн юм энэ ямар учиртай болохыг шалгаж өгөөч” гэж ирэхээр нь тухайн бичгийг татварын байцаагч Пүрэвхүүг дуудаж холбогдох газруудаар нь шалгуулахад ороогүй байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78-р тал/,
-гэрч Б.Пүрэвхүүгийн “...Түнэл сумын Засаг дарга Д.Цогтбаяр өрөөндөө дуудаад ...******* Түнэл сумын 5-р багийн иргэн Д.М-өөс 2,000,000 төгрөг бэлнээр аваад 2210500054773 гэсэн дугаартай төлбөрийн даалгавар үүсгэж өгсөн байна. Тухайн нэр төрлийн орлогод орсон байна уу тодруулаад өг гэж хэлэхээр нь тухайн төлбөрийн даалгаврыг шалгахад татварын хүү торгуулийн орлогод ороогүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р тал/ болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн “Залилах” гэмт хэргийн шинжийн талаар хангалттай тайлбарласан байх ба шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийг “...албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн шинжид хамаарч байгаа болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон талаарх дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/257 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ