Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 121/ШШ2025/0005

 

2025         05               01                                                121/ШШ2025/0005                                                                   Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ***-ын ***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ***/шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0846/,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал

Гуравдагч этгээд ***нарын хооронд үүссэн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай сонгуулийн маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга ***, гуравдагч этгээд ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч *** нь Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

            2. Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай тогтоолоор багийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтын дүнгээр олонхийн санал авсан гэх ***ийг багийн засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлж, сумын Засаг даргад уламжилжээ.

            3. Улмаар Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ***дугаар захирамжаар ***ыг Улаан-Овоо 3 дугаар багийн Засаг даргаар томилжээ.

4. Нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий акт болох Багийн Засаг даргыг сонгож, уламжлах тухай *** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл ирүүлснийг бүрдүүлбэр хангуулан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

5. Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

5.1. Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан овоо 3-р багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцсэн.

5.2. Тус багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд 256 иргэн оролцож Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцээд гаргасан тогтоолыг хууль бус гэж нэхэмжлэгч би үзэж байна. Тус багийн Засаг даргын сонгуульд *** миний бие болон ***бид хоёр нэр дэвшиж, *** миний бие нэг хүний саналаар ялагдсан.

5.3. Гэтэл манай багийн иргэдийн Нийтийн Хуралд Улаанбаатар хотод оршин суудаг нэг хүн санал хураалтанд оролцсон байх тул, Засаг даргад иргэн       ***ыг нэр дэвшүүлэх тухай иргэдийн Нийтийн Хурлаас гарсан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэж байна.

5.4. Манай багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон Улаанбаатар хотын харьяат хүн нь нэр дэвшигч ***той гэр бүлийн хамаарал бүхий хүн учир миний эсрэг саналаа өгөхийн тулд зохион байгуулалттайгаар санал хураалтыг будилаантуулсан гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:

6.1. Багийн Засаг даргыг сонгох сонгууль Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56.2, 56.5 56,7 дугаар зүйлд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Гэтэл Сант сумын 3 дугаар багийн иргэдийн хурлыг тэр хэм хэмжээний дагуу яваагүй гэж нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасаныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд дэмжиж байгаа.

6.2. Дэмжиж байгаагийн учир нь юу вэ гэхээр санал хураалтад 256 хүн оролцсон. Нэг саналаар *** ялагдсан. Мэдээж олонхын санал авсан хүн ялагч болно. Харин ялагч болсон санал хураалтад оролцсон тэр санал хураалтыг зохион байгуулсан, түүний дүнг дүгнээд тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлаас сумын Засаг даргад өргөн барьсан.

6.3. Энэ мэдээлэл өмнө нь дурдсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56.2, 56.5 56,7 дугаар зүйлд заасан хэм хэмжээний дагуу явагдах ёстой. Энэ шаардлагыг хангаагүй. Яагаад хангаагүй гэж үзэж байгаа юм бэ гэхээр тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд тэр багийн хууль ёсны бүртгэлтэй иргэд оролцох ёстой. Гэтэл Улаанбаатар хотын харьяалалтай хүн хуралдаанд орж санал хураалтад оролцсон. Тэр санал хураалтыг хууль ёсны үндэслэлтэй гэж иргэдийн Нийтийн Хурлын дарга тогтоолд гарын үсэг зурж өргөн ирж байгаа хууль зөрчиж байгаа юм.

6.4. Яагаад гэвэл бүхий л үйл ажиллагаа хуульд заасан хэм хэмжээний дагуу явах ёстой. Гэтэл хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тэр хурлыг хийсэн. Өөрөөр хэлбэл 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааныг хуульд нийцэхгүй байгаа учраас хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага миний үйлчлүүлэгч гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.

6.5. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбаруудтай танилцсан. Тэр дээр багийн иргэдийн Нийтийн Хурал хууль ёсны дагуу явуулсан. Тийм учраас олонхын саналаар өргөн барьсан. Тооллогийн комисс авчираад өгсөн юмаар тогтоол гаргасан гэсэн. Тооллогийн комиссыг багийн иргэдийн Нийтийн Хурал байгуулдаг юм. Тэр тооллогын комисс хууль зүйн дагуу явсан уу? үгүй юү? гэдгийг иргэдийн Нийтийн Хуралын дарга хянан үзэж тогтоол гаргах ёстой. Гэтэл энэ ажлуудыг хууль зүйн дагуу хийгээгүй учраас өнөөдөр хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрх зөрчигдөж, Монгол улсын Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

7. Хариуцагч Сант сумын Улаан-Овоо 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

7.1. Багийн Засаг даргыг сонгох сонгуульд 258 иргэн бүртгэгдэж 256 иргэн өөрийн биеэр санал хураалтад оролцсон. Үүнээс 2 саналын хуудас нь 2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг хоёуланг нь тэмдэглэж хүчингүй болгосон, нэг саналын хуудас нь нэр дэвшигч ***ыг дэмжиж дугуйлсан боловч санал тэмдэглэж байсан үзэг нь гараагүй /дэмжиж дугуйлсан нь тодорхой байгаа/ учир дээрх 3 саналын хуудсыг хүчингүйд тооцож саналын хуудсыг тоолоход нэр дэвшигч ***ын төлөө 127 иргэн буюу 50,1 хувь нь санал өгсөн, нэр дэвшигч ***-ийн төлөө 126 иргэн буюу 49,8 хувь нь санал өгсөн тул олонхын санал авсан ***ыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4 дэх заалтын дагуу Улаан-Овоо багийн Засаг даргаар томилуулахаар “Багийн Засаг даргыг сонгож, уламжлах тухай” *** дүгээр тогтоолыг иргэдийн олонхын саналаар баталж сумын Засаг даргад хүргүүлсэн. Тогтоол батлагдмагц *** нь “Намайг дэмжиж саналаа өгсөн нийт иргэддээ баярлалаа, та бүхнийхээ итгэлийг алдахгүй дараагийн сонгуульд дахин нэр дэвшинэ” гэсэн утгатай үг хэлж ялагдсанаа хүлээн зөвшөөрсөн.

7.2. Ирцийн бүртгэлд бүртгэгдсэн Улаанбаатар хотын харьяат гэх иргэн нь тус багт амьдарч байсан ба Улаанбаатар хот руу шилжсэн эсэхийг багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцсон иргэд, тооллогын комисст ажиллаж байсан иргэд мэдээгүй, нэхэмжлэл гаргагч *** нь тухайн үед Улаан-Овоо багийн Засаг даргаар ажиллаж байсан тул иргэдээ хэн нь шилжсэн, хэн нь харьяалалтай байгаа талаар тодорхой мэдээлэлтэй байсан ч тухайн иргэний талаар ямар нэгэн мэдээлэл тооллогын комисст болон хуралдаанд оролцсон иргэдэд мэдээлээгүй нуун дарагдуулсан байна.

7.3. *** болон түүний ээж *** нар нь 01 дүгээр сарын 25-наас эхэлж харьяалалгүй хүн санал өгсөн гэдэг яриаг гаргаж “сумын ЗДТГ-ын Улсын бүртгэгч дээр орж хувь хүний мэдээллийг шалгуулж хаягийг гаргалаа Упаанбаатар хотын харьяат хүн байна” гэсэн мэдээллийг олон нийтэд мэдээлж хувь хүний нэр төр, нууцад бүдүүлгээр халдсан, тэр мэдээллийн дагуу сумын Засаг дарга тухайн иргэнийг дуудаж уулзахад “Би ажил явдалтай ирээд буцаагүй байхад манай хүү рүү *** утсаар залгаж “Удахгүй багийн Засаг даргын сонгууль болно ээжийгээ авч ирээд миний төлөө санал өгүүлбэл танайхыг малжуулах төсөлд хамруулж мал авч өгнө” гэж хэлсэн байсан. Би тухайн үед хүүхдүүдийнхээ аж амьдралд хэрэг болох байх гэж бодоод очиж санал өгсөн. Шилжсэн хүн санал өгч болдоггүйг мэдээгүй. Багийн Засаг дарга *** өөрөө хэлсэн болохоор очсон. Ийм муухай хүмүүс миний нэр төрийг унагалаа. Би нэрээ олж авна ” гэж яриад өргөдөл өгсөн байна.

7.4. Улаанбаатар хотын харьяатай гэх иргэн нь нэр дэвшигч ***той гэр бүлийн болон хамаатан садангийн хамаарал огт байхгүйг нутгийн иргэд бүгд мэднэ. Иймд иргэн ***-ийн нэхэмжпэлийг үндэслэлгүй гэж үзэж хүлээж авахаас татгалзаж байна” гэжээ.

8. Гуравдагч этгээд ***оос шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

8.1. Багийн Засаг даргыг сонгох сонгуульд 258 иргэн бүртгэгдэж 256 иргэн өөрийн биеэр санал хураалтад оролцсон. Үүнээс 2 саналын хуудас нь 2 нэр дэвшигчийн өмнөх дугуйг хоёулыг нь тэмдэглэж хүчингүй болгосон. Нэг саналын хуудас нь нэр дэвшигч ***намайг дэмжиж дугуйлсан боловч санал тэмдэглэж байсан үзэг нь гараагүй /дэмжиж дугуйлсан нь тодорхой байгаа/ учир дээрх 3 саналын хуудсыг хүчингүйд тооцож саналын хуудсыг тоолоход нэр дэвшигч ***миний төлөө 127 иргэн буюу 50,1 хувь нь санал өгсөн, нэр дэвшигч ***-ийнтөлөө 126 иргэн буюу 49,8 хувь нь санал өгсөн тул олонхын санал авсан.

8.2. ***намайг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4 дэх заалтын дагуу Улаан-Овоо багийн Засаг даргаар томилуулахаар “Багийн Засаг даргыг сонгож, уламжпах тухай” *** дүгээр тогтоолыг иргэдийн олонхын саналаар баталж сумын Засаг даргад хүргүүлсэн.

8.3. Ирцийн бүртгэлд бүртгэгдсэн Улаанбаатар хотын харьяат гэх иргэн нь тус багт амьдарч байсан ба Улаанбаатар хот руу шилжсэн эсэхийг багийн Иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцсон иргэд, тооллогын комисст ажиллаж байсан иргэд мэдээгүй, нэхэмжлэл гаргагч *** нь тухайн үед Улаан-Овоо багийн Засаг даргаар ажиллаж байсан тул иргэдээ хэн нь шилжсэн, хэн нь харьяалалтай байгаа талаар тодорхой мэдээлэлтэй байсан ч тухайн иргэний талаар ямар нэгэн мэдээлэл тооллогын комисст болон хуралдаанд оролцсон иргэдэд мэдээлээгүй нуун дарагдуулсан байна.

8.4. *** болон түүний ээж *** нар нь 01 дүгээр сарын 25-наас эхэлж харьяалалгүй хүн санал өгсөн гэдэг яриаг гаргаж “сумын ЗДТГ-ын Улсын бүртгэгч дээр орж хувь хүний мэдээллийг шалгуулж хаягийг гаргалаа Улаанбаатар хотын харъяат хүн байна” гэсэн мэдээллийг олон нийтэд мэдээлж хувь хүний нэр төр, нууцад бүдүүлгээр халдсан, тэр мэдээллийн дагуу сумын Засаг дарга тухайн иргэнийг дуудаж уулзахад “Би ажил явдалтай ирээд буцаагүй байхад манай хүү рүү *** утсаар залгаж “Удахгүй багийн Засаг даргын сонгууль болно ээжийгээ авч ирээд миний төлөө санал өгүүлбэл танайхыг малжуулах төсөлд хамруулж мал авч өгнө” гэж хэлсэн байсан, би тухайн үед хүүхдүүдийнхээ аж амьдралд хэрэг болох байх гэж бодоод очиж санал өгсөн, шилжсэн хүн санал өгч болдоггүйг мэдээгүй багийн Засаг дарга *** өөрөө хэлсэн болохоор очсон, ийм муухай хүмүүс миний нэр төрийг унагалаа, би нэрээ олж авна ” гэж яриад өргөдөл өгсөн байна.

8.5. Улаанбаатар хотын харьяатай гэх иргэн нь нэр дэвшигч ***надтай гэр бүлийн болон хамаатан садангийн хамаарал огт байхгүйг нутгийн иргэд бүгд мэднэ” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *** нь Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо 3-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагч, гуравдагч этгээдийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3. Сант сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд багийн иргэдийн шууд оролцоотой үйл ажиллагаа нь явагддаг захиргааны байгууллага юм. Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хурал нь аль нэг захиргааны байгууллага, албан тушаалтнаас томилогддоггүй, багийн иргэдийн оролцоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

4. Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллагыг захиргааны байгууллага гэж ойлгоно гэж заасанчлан багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдол, нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд шууд гаргах зохицуулалттай байна.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Дээд шатны захиргааны байгууллага ... байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэжээ.

6. Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 30 хоног байх ба нэхэмжлэгч нь маргаан бүхий 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай тогтоолыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

7. Маргаан бүхий Сант сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаартай тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны шийдвэр байна.

8. Тус Сант сумын 3 дугаар багт 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд багийн Засаг даргад 2 хүн нэр дэвшиж, санал хураалтад 256 хүн санал өгснөөс хүчингүй 3 саналын  хуудас, хүчинтэй 253 саналын хуудсыг тоолж нэр дэвшигч ***227 буюу 50.1 хувь, *** 226 буюу 49.8 хувийн санал авсан байна.

9. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-д багийн иргэдийн Нийтийн Хурал нь баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй, 56 дугаар зүйлийн 56.2-т Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ, 56.5.2-т ...хуралд оролцсон иргэдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэж тус тус заасан.

10. Дээрх хуулийн дагуу тус багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаанаараа багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж, хэлэлцүүлэн гуравдагч этгээд ***ыг олонхийн санал авсан гэж үзэн тус багийн Засаг даргаар томилуулахаар эрх бүхий этгээдэд уламжлахаар маргаан бүхий *** дугаартай тогтоолыг гаргажээ.

11. Нэхэмжлэгчээс тус сонгуулийн санал хураалтад тус багт харьяалалгүй хүнийг оролцуулсан тул сонгуулийн санал хураалт хүчингүй гэж, хариуцагч болон гуравдагч этгээдээс *** нь өөрөө тэр хүнийг санал хураалтад оруулсан байсан. Мөн өөрөө өмнө нь тус багийн даргын ажлыг хийж байсан хүн байж тухайн үед нь хэлж сануулаагүй гэх агуулгаар мэтгэлцэж, маргааны үндэслэлийг тодорхойлсон.

12. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улаан-Овоо 3 дугаар багийн иргэдийн нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ирцийн бүртгэлийн 233 дугаарт *** гэх иргэн бүртгэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс уг иргэнийг тухайн багийн харьяалалгүй этгээд байсан гэж маргаж Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ц-аас Л** овогтой *** нь тус багийн иргэн байсан боловч 2022 онд Улаанбаатар хот Баянгол дүүрэгт шилжсэн болохыг тогтоосон мэдэгдэх хуудсыг шүүхэд гаргаж өгчээ.

13. Энэ талаар шүүхээс тодруулж Л.*** /ЙЛ****/-ийн оршин суугаа газрын хаягийн болон шилжилт хөдөлгөөний лавлагааг авсан бөгөөд тус иргэн нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт шилжсэн тухай бүртгэгдсэн байна.

14. Хэргийн оролцогч нар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн 56.5.2-т заасан олонхын санал авсан гэх агуулгыг өөр өөрөөр тайлбарлаж, тухайн багийн харьяалалгүй хүн санал хураалтад оролцсоноор сонгуулийн үр дүнг будилаантуулсан гэж мэтгэлцэж байна.

15. Олонх гэх үгний утга агуулгыг Монгол хэлний их тайлбар толь- цахим хувилбар болон Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толь-д Ямар нэгэн зүйлийн хагасаас илүү хувийг эзэлж байгаа-г хэлнэ гэж тайлбарласан байх бөгөөд хуульд заасан олонхын санал гэдгийг хуралдаанд оролцсон нийт хүмүүсийн талаас илүү буюу 50+1 саналыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засаг даргад нэр дэвшигч нь нийт санал өгсөн иргэдийн талаас илүү хүний саналыг авсан байхыг хуулиар шаарджээ.

16. Гуравдагч этгээд ***нь нийт нэр дэвшигч нараас хамгийн олон иргэдийн саналыг авсан байх боловч нийт санал хураалтад оролцсон 256 иргэдийн талаас илүү буюу 128+1 хүний саналыг авч чадаагүй ба нэхэмжлэгч ***-иас 1 хүний илүү саналыг авсан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

17. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож, багийн Засаг даргад нэр дэвшин санал хураалтаар хэн аль нь талаас илүү хүний санал аваагүй нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасан хэн ч олонхын санал аваагүй тохиолдлыг үүсгэжээ.

18. Дээрх тохиолдолд хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-д заасны дагуу дахин санал хураалт явуулж, талаас илүү санал авсан нэр дэвшигчийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх учиртай.

19. Гэвч маргаан бүхий шийдвэрийг үндэслэн Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ***дугаар захирамжаар ***ыг Улаан-Овоо 3 дугаар багийн Засаг даргаар томилсон шийдвэр хүчинтэй хэвээр байх бөгөөд нэхэмжлэгчээс Сант сумын Засаг даргын захирамжтай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй байна.

20. Шүүхийн шийдвэр нь хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжтой байх ёстой.

21. Өөрөөр хэлбэл шүүхээс Өвөрхангай аймгийн Сант сумын Улаан-Овоо 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” *** дугаар тогтоолыг хүчингүй болгосноор Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” ***дугаар захирамж шууд хүчингүй болох үр дагавар үүсэхгүй буюу уг хүчингүй болгосон шийдвэр нь бодит байдал дээр биелэх боломжгүй байна.

22. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг даргын захирамжтай холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй юм.

23. Иймд маргаан бүхий Сант сумын Улаан-Овоо 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Багийн Засаг даргыг сонгож, уламжлах тухай *** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2, 56.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Сант сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Багийн Засаг даргыг сонгож, уламжлах тухай *** дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Ц.НЭРГҮЙ