| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2025/00579/И |
| Дугаар | 307/ШШ2025/00586 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 307/ШШ2025/00586
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00579/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын хүсэлттэй,
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч М.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Миний бие 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Дархан сэлэнгэ ХХК-д үйлчлэгчээр ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон, гарсан тушаал олдохгүй, Дархан сэлэнгэ ХХК-д ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх ямар ч баримт байхгүй. Энэ тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Дархан сэлэнгэ ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарны 10-ны өдрийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 307/ШЗ2025/01397 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. (хх 2-8 хуудас)
3.Шүүхээс Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 134 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн 2008.01-2008.03 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. (хх 16-17 хуудас)
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч М.******* нь Дархан сэлэнгэ ХХК-д 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6.хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч М.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4.Хүсэлт гаргагчийн Дархан сэлэнгэ ХХК-д 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилийг тооцоогүй учир шүүхэд ханджээ.
5.Хавтас хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 78 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 2008.01-2008.03 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар хүсэлт гаргагч М.******* нь Дархан сэлэнгэ ХХК-д 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
6.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ыг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Дархан сэлэнгэ” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН