| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2238000000155 |
| Дугаар | 2023/ДШМ/46 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2023/ДШМ/46
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Тогтох,
Яллагдагч: Д.Б,
Яллагдагчийн өмгөөлөгч: М.Мэндбаяр /цахим/, Б.Батдорж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: С.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,
Нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/624 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр Д.Бод холбогдох 2238000000155 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шарнууд овогт Дын Б, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн А сумын .... дүгээр багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ...................../.
Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Р сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Цтай маргалдаж улмаар түүний зүүн чамархай хэсэгт аягаар цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/624 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын Бод холбогдох эрүүгийн 2238000000155 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Дын Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өөрчлөн хувийн баталгаа гарах тухай таслан сэргийлэх арга хэмжээ болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус давхардуулан авч, Эрүүгийн 2238000000155 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх ...зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “Шүүгчийн захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: ...-2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нөхөн үзлэг хийж эд мөрийн баримтыг прокурорын тогтоолоор хүчинтэйд тооцож авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-т заасан хэрэгт хураан авсан эд мөрийн баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т заасан “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл ...” болгохгүй гэж заасан хэрэгт хураан авсан эд мөрийн баримтыг шинжлэн судлах асуудал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг шинжпэн судлахад хамаарах нотлох баримт юм.
-...Хяналтын прокурор н.Наранмөнх нь тус прокурорын газарт ажиллаж байгаад шилжин томилогдсон бөгөөд тухайн цаг хугацаанд хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй байх тул 1 жил 6 сарын дараа нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. ...Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч нь шинжээч томилсон тогтоолтой танилцахгүйгээр дүгнэлт гаргах боломжгүй. Шинжээчийн дүгнэлт гарсан байна гэдэг нь логикийн хувьд эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гарсан гэсэн агуулгатай. Иймд шинжилгээний байгууллагаас шинжээч томилсон тогтоолын хуулбарыг гаргуулан авч хэрэгт хавсаргах боломжтой.
...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчиж хураан авсан, шинжээчийн дүгнэлт гаргасан, үүрэн телефоны оператораас лавлагаа гаргуулан авсан ажиллагаа нь 1 жилийн өмнө хийгдсэн, одоо нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаас хасах, шүүх үнэлэхгүй байх боломжтой. Самсунг А5 маркийн гар утас нь яллагдагч Д.Бод холбогдох хэргийн нөхцөл байдлыг тогтоосон ач холбогдол бүхий нотлох баримтад хамаарахгүй, ...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн цамцыг шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байна. ...Энэ хэрэг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой эсэхээ тодорхой зааж өгөөгүй нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.
...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд хэргийн газарт байгаагүй ...түүний урьдчилсан хэлэлцүүлгийн үед өгсөн эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлгээр хэрэгт нэгэнт тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэж болохгүй.
...шүүх амь хохирогч Цын охин Маргадын төрсний гэрчилгээний хуулбарыг хэрэгт хавсаргаж, түүний ээж болох Лхагважаргалыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг авах шаардлагатай байна гэж үзсэн бол шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа гэж үзэв.
Иймд ...шүүгчийн захирамжийн зарим заалтыг хүчингүй болгуулахаар ...дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр дээд шатны прокурорын эсэргүүцэлд гаргасан тайлбартаа: “...Шинжээч томилсон тогтоолыг хэрэгт хавсаргах нь ...нотлох баримтыг бүрэн гүйцэт бодит байдлаар нь үнэлэхэд ач холбогдолтой, ... энэ талаар хийсэн шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
...шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хувцаснууд хэний хувцас болохыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэх нь тухайн хувцаснууд дээр байгаа цусны толбо хэний цус болохыг бүрэн гүйцэд эргэлзээгүй тогтоож хэргийн бодит байдлыг нотлоход ач холбогдолтойг анхаарч үзэх шаардлагатай.
...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ямар, ямар эд зүйлсийг хэрхэн хураан авсан талаар огт дурдаагүй атлаа Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоолоор эд мөрийн баримт гэх эд зүйлсийг хураан авсан гэж дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 4, 24.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэргийн газрын үзлэгт оролцсон хүмүүс болон хяналтын прокурор Б.Наранмөнхөөс тухайн ажиллагаанд оролцсон эсэх, оролцсон бол хэргийн газраас ямар, ямар эд зүйлсийг хэрхэн хураан авсан талаар тодруулж мэдүүлэг авах боломжтой ...энэ талаар шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болсон.
...Хэргийн 28-31 дэх талд авагдсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл”-д тусгагдсан цустай банз, цустай хагалсан түлээ хэргийн газарт байсан эсэхийг шалгах ажиллагаа, түүний үр дүнд хагалсан түлээ гэх мэт зүйлсийг хураан авсан ажиллагааг хэрэгт хамааралгүй гэж урдаас дүгнэх боломжгүй юм. Мөн дээрх үзлэгийг хийж гүйцэтгээд Самсунг А50 маркийн утсаар зураг авч бэхжүүлсэн нь тэмдэглэлийн төгсгөлд бичигдсэн ...ямар шалтгаанаар нотлох баримтыг буюу гэрэл зургийг нууж байгаа нь тодорхойгүй байна.
...“Юнител” ХХК-ийн хуулийн хэлтсийн тэмдэг дарсан албан тоот бичгийг хэрхэн ямар мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулсан нь тодорхойгүй ...байна.
... шүүгчийн захирамжаар шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжид дурдсан 1, 2, 5 дахь заалтад дурдсан ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, яг ямар ажиллагааг хийлгэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Шинжээч томилсон тогтоолоо хэрэгт хавсаргаагүйг шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжтой. Албан бичиг өгсөн тохиолдолд л лавлагаа өгдөг, албан бичгийг нөхөж хийх боломжтой. 3, 4-т дурдсан асуудал бол бидний алдаа. 6, 7 дахь хэсэгт заасан асуудлын хувьд хууль ёсны төлөөлөгч “аяга солигдсон” гэж мэдүүлсэн ч тухайн цаг хугацаанд Н байгаагүй, мэдүүлгийн эх сурвалжаа заагаагүй учир эх сурвалж нь тодорхойгүй мэдүүлгээр хэргийн үйл баримтыг үгүйсгэх боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Лхагважаргалыг тогтоох шаардлагатай гэж үзвэл шүүх тогтоох, охины төрсний гэрчилгээг хавсаргах боломжтой. Иймд шүүгчийн захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Яллагдагч нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр суллагдсан байхад шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөөр тусгасан байх тул өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлүүлмээр байна. Хамт байсан хүмүүс болон Пүрэвсүрэнд гомдолтой байгаа. Надад анх цэнхэр аяганы зураг үзүүлж байсан, дараа нь бор цоохор аяганы зураг хийсэн байсан. Маш их гомдолтой байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Манлайбаяр саналдаа: “...Прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлүүд үндэслэлгүй байна.Хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй байна. Бодит байдлыг тогтоогоогүйгээс эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Нотолбол зохих байдлыг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмаар явагдаагүй. Эсэргүүцлийг сайн ойлгохгүй байна, захирамжийг зөвшөөрөөд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байна. Оролцогчийн эрх хэрэгжихгүй байна. Шинжилгээ хийх тогтоолоо оролцогчдод ер танилцуулаагүй, дураараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хохирогчийн гомдол үндэслэлтэй, хохирогчийн гомдлыг шалгах шаардлагатай, эсэргүүцэл үндэслэлгүй.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгчийн захирамж үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, нотолбол зохих байдлыг тогтоох ёстой. Захирамжид заасан шийдвэр байхгүй, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлгүй байгааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй. Шүүгчийн захирамж хэргийн жинхэнэ байдлыг тогтооход ач холбогдолтой учир захирамжийг хэвээр үлдээх, захирамжийн 2 дахь заалтад өдрийг буруу бичсэн учир 09-ний өдрөөс гэж өөрчлөх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Яллагдагч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Р сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Цтай маргалдаж улмаар түүний зүүн чамархай хэсэгт аягаар цохиж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын Бод холбогдох эрүүгийн 2238000000155 дугаартай хэргийг “...хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” үндэслэлээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцаажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлд хамаарч байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тодруулбал, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгчөөс “...Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад өдрийг буруу бичсэнийг өөрчлөх” санал гаргаж байх боловч хэрэгт авагдсан захирамжийн “Захирамжлах нь” хэсгийн 2 дахь заалтад ямар нэгэн огноо бичигдээгүй байх тул уг захирамжид өөрчлөлт оруулах боломжгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул дээд шатны прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийхгүй орхилоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЗ/624 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ