Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/47

 

 

 

 Д.Мд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Чингүүн,

Шүүдэгч: Д.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Бүрэнчимэг,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/272 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор  Д.Мд холбогдох  .................. дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Их мянган овогт Дгийн М, …...... оны ….. дугаар сарын …..-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, …. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Гахайн хонхорын 36-17 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн ….. оны ….. дугаар сарын ….-ны өдрийн ….. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, мөн шүүхийн ….. оны … дугаар сарын …..-ны өдрийн ….. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй / регистрийн дугаар РС73080116/.

1.Шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Сүхийн ам гэх газраас иргэн Ч.Мөнхбатын 4 тооны адууг хулгайлж 4,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2019 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 04 дүгээр багийн нутаг Халуун усны эх гэх газраас иргэн Н.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нарын 2 тооны адууг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Ачмаг нуур гэх газраас иргэн Р.Батпүрэвийн 2 тооны адууг хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2019 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийи Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Халуун усны эх гэх газраас иргэн Батбаярын 2 тооны адууг хулгайлж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2019 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийи Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Ишгэн булгийн дөрөлж гэх газраас иргэн М.Амгалан-Энхийн 2 тооны адууг хулгайлж 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумы 4 дүгээр багийн нутаг Буурлын өвөр гэх газраас иргэн Н.Навчаагийн 3 тооны адууг хулгайлж 3,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 04 дүгээр багийн нутаг Халуун усны эх гэх газраас иргэн Ц.Зоригтын 1 тооны адууг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг Нарийн хөндий гэх газраас иргэн М.Баянжаргалын 1 тооны адууг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

9.2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан толгой гэх газраас иргэн Д.Нямдаваагийн 2 тооны адууг хулгайлж 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

10.2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Үертийн эх гэх газраас З.Хишигбаатарын 2 тооны адууг хулгайлж 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Хужиртын Бор хөндий гэх газраас иргэн Я.Батболдын 1 тооны адууг хулгайлж 900,000 төгрөгийн хохирол учруулж, нийт 22 тооны бод малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/272 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Их мянган овогт Дгийн Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Дгийн Мг 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мд оногдуулсан 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мгийн цагдан хоригдсон 127 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мгээс 4.600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Мөнхбатад, 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эрдэнэбаатарт, 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Нарантуяад, 2.500.000 төгрөгийг гаргуулж Б.Батбаярт, 700.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Лхагважавт, 3.100.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нямдэлгэрт, 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Зоригтод, 1.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Нямдаваад, 1.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Хишигбаатарт, 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Батболдод тус тус олгож, хохирогч Ч.Мөнхбат, Н.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа, Б.Батбаяр, хохирогч Ц.Зоригт, Д.Нямдаваа, З.Хишигбаатар, Я.Батболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Лхагважавт, Н.Нямдэлгэр нар нь малаа эрж хайсан зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Мгээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Мгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Г.Дашдаваагийн өмчлөлийн “Соната N20” маркийн 0324 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн 4661, замагны 9993 дугаартай, 5,6 миллиметрийн калибрьтай “ТОЗ-8” маркийн бууг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь хохирогч М.Баянжаргал, Р.Батпүрэв нарт төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 272 дугаартай шийтгэх тоггоолыг эс зөвшөөрч, ЭХХШТХ-ийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

 Хавтаст хэрэгт Д.М нь 2019 оны 09 сараас 2019 оны 12 сар хүртэлх хугацаанд 11 удаагийн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байх боловч гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнийг өөрийн болон гэр бүл, бусад хамаарал бүхий хүмүүсийнхээ амжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгосон, түүнчлэн өөрийн ба тэдгээрийн эрхэлдэг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааны эх үүсвэр, хэрэгсэл болгон ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн шүүх хийсвэр дүгнэлт хийж ял халдаасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Шийтгэх  тогтоолын тодорхойлох хэсэгт “...хууль бус аргаар олж авсан хөрөнгөөр амжиргаагаа залгуулж, өөрийн хэрэгцээгээ хангахын тулд үйлдэж байсан болох нь шүүгдэгч Д.Мгийн шүүх хуралдаанд өгсөн “...махыг нь зарж борлуулдаг байсан, архи уугаад дууссан...” гэх мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...гэмт хэргийн улмаас олсон орлогоороо хүүхдийнхээ эмчилгээний зардалд зарцуулсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.” гэжээ.

Үүнээс үзэхэд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хэрхэн юунд зарцуулсан талаар  шүүгдэгчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх алийг нь нотлох баримтад үнэлж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв архи авч уугаад дууссан гэдэг мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд үнэлж байгаа бол энэ нь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ мөн үү, архи хэрэглэхгүй бол хүний хэвийн аж төрөх байдал алдагдах уу гэдэг дээр анхаарах хэрэггэй. Харин хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулсан гэдэг мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой гэж үзсэн бол тухайн цаг хугацаанд хүүхэд нь өвчин туссан байсан эсэх, түүний эмчилгээнд Д.Мгийн хууль бусаар олсон орлогыг зарцуулсан эсэх талаар хөдөлбөргүй нотолж чадаагүй. Дан ганц шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэсэн заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

3. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:         

Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох ойлголтыг Монгол Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ дараах байдлаар албан ёсны тайлбар гаргаж байжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2020.12.23-ны өдрийн 10 дугаартай тогтоолд: Гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэрийг бүрдүүлэх нь тогтвортой хугацаанд давтагддаг, амьдрал зан төлөвийн хэвшил ойлголт бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тогтоон тодорхойлохдоо гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдсэн хугацаа болон учруулсан хохирлын хэмжээг анхааран үзэх ёстой, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл юм. Гэтэл анхан шатны шүүх Д.Мд холбогдох хэргийг амьжиргаагаа залгуулж, өөрийн хэрэцээгээ хангахын тулд үйлдэж байсан гэж хэт ерөнхий байдлаар хуулийг тайлбарлан хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

Шийтгэх тогтоол /XII тал/-д хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан шууд болон шууд бус нотлох баримт нь тэдний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ гэж дүгнэсэн байх ба энэ нь шүүгдэгчийн олон тооны мал хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болоод түүнийг нотолсон баримтууд болохоос байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм бурууг хүлээн зөвшөөрч энэ үйл баримт давхар нотлогдож буй ойлголт биш юм. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн гол шинж нь байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжээр тодорхойлогдох бөгөөд байнга үйлдсэн гэх ганц шинжээр энэ зүйлчлэлд хамааруулан ял халдаах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.05- ны өдрийн 2023/ШЦТ/272 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Д.М нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Би үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгчийн үйлдэлд амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж байхгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.М нь 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Сүхийн ам гэх газраас иргэн Ч.Мөнхбатын 4 тооны адууг хулгайлж 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 04 дүгээр багийн нутаг Халуун усны эх гэх газраас иргэн Н.Эрдэнэбаатар, Н.Нарантуяа нарын 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг Ачмаг нуур гэх газраас иргэн Р.Батпүрэвийн 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийи Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Халуун усны эх гэх газраас иргэн Батбаярын 2 тооны адууг хулгайлж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийи Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Ишгэн булгийн дөрөлж гэх газраас иргэн М.Амгалан-Энхийн 2 тооны адууг хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумы 4 дүгээр багийн нутаг Буурлын өвөр гэх газраас иргэн Н.Навчаагийн 3 тооны адууг хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 04 дүгээр багийн нутаг Халуун усны эх гэх газраас иргэн Ц.Зоригтын 1 тооны адууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн нутаг Нарийн хөндий гэх газраас иргэн М.Баянжаргалын 1 тооны адууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан толгой гэх газраас иргэн Д.Нямдаваагийн 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Үертийн эх гэх газраас З.Хишигбаатарын 2 тооны адууг хулгайлж 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 11 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг Хужиртын Бор хөндий гэх газраас иргэн Я.Батболдын 1 тооны адууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол нийт 22 тооны бод малыг хулгайлан 22,200,000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Д.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгө үнэлсэн тайлангууд, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 64 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “Мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Дээрх шинжүүдээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгохоор байна.

Шүүгдэгч Д.Мгийн нийт 11 удаагийн үйлдлээр, 12 хохирогчийн, 22 тооны бод малыг хулгайлан нийт 22,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ зэргээрээ уг гэмт хэргийг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн гаргасан “Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу өөрийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнийг өөрийн болон гэр бүл, бусад хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааны хэрэгцээг хангах үндсэн эх сурвалж болгосон, түүнчлэн өөрийн ба тэдгээрийн эрхэлдэг үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааны эх үүсвэр, хэрэгсэл болгон ашигласан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлэн ял халдаасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. ...гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хэрхэн юунд зарцуулсан талаар шүүгдэгчийн мөдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх алийг нь нотлох баримтанд үнэлж байгаа нь ойлгомжгүй. ...дан ганц шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлсэн ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэсэн заалтыг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, ...анхан шатны шүүх Д.Мд холбогдох хэргийг амьжиргаагаа залгуулж өөрийн хэрэгцээгээ хангахын тулд үйлдэж байсан гэж хэт ерөнхий байдлаар хуулийг тайлбарлн хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. ...шүүгдэгчийн олон тооны мал хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болоод түүнийг нотолсон баримтууд болохоос байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм бурууг хүлээн зөвшөөрч энэ үйл баримт давхар нотлогдож буй ойлголт биш юм. ...байнга үйлдсэн гэх ганц шинжээр энэ зүйлчлэлд хамааруулан ял халдаах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/272 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/272 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                             ШҮҮГЧИД                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                          Н.БАЯРХҮҮ