| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0325/З |
| Дугаар | 128/ШШ2025/0328 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0328
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.У*******,
Хариуцагч: Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар хоорондын хүсэлт шийдвэрлэхгүй байгаа үйлдэл хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг олгохыг даалгахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, Б.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлт шийдвэрлэхийг даалгах тухай” гэж анх тодорхойлж байсан бол 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг Ж.У*******д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг Ж.У*******д олгохыг даалгах” гэж эцсийн байдлаар тодруулсан болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн Ж.У*******, Ц.С******* нар 1989 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлжээ.
2.2. Гэрлэснээс хойш гэрлэгчид 35 гаруй жил хамт амьдарсан, энэ хугацаанд эхнэр Ц.С******* нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврээ тогтоолгон тэтгэвэр авч байсан байна.
2.3. Улмаар эхнэр Ц.С******* 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан тул мөн өдрийн нас барсны бүртгэлийн 0270 дугаарт бүртгэжээ.
2.4. Нэхэмжлэгч Ж.У******* нь “ ” ХХК-ийн сургалт хөгжлийн хэлтэст Техникийн сургагчаар ажиллаж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг үндэслэн ажил олгогчоос түүнтэй хийсэн хөдөлмөрийн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
2.5. Улмаар Ж.У*******ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг үндэслэн түүнд 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тэтгэвэр олгохоор тогтоожээ[1].
2.6. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ”, 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна” гэж заасны дагуу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан Ц.С*******ын тэтгэврийн 20 хувийг нэмэгдүүлэн авах хүсэлтийг[2] 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй байна.
2.7. Иймд Нэхэмжлэгч 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2025/2122 дугаар захирамжаар “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа” тогтоон, улмаар шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШЗ2025/2493 дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ж.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Нэхэмжлэгч *******ын У******* нь *******ийн С*******тай 1989 оны 07 сарын 31-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, гэрлэлтээ батлуулсан. 1989 оноос 2024 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл 35 жил хамт амьдарсан, дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн. Ц.С******* нь 2024 оны 07 сарын 24-ний өвчний улмаас нас барж, нас барсны бүртгэлд бүртгүүлсэн. Үүний дараа Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлэх хүсэлт гаргахад хүсэлтийг огт хүлээж авдаггүй, хүсэлт шийдвэрлэдэггүй эс үйлдэхүй гаргадаг. Миний хүсэлтийг хүлээж аваад албан бичгээр хариу өг, дээд шатны байгууллагад гомдол, хүсэлт гаргаж шийдүүлмээр байна гэхээр мөн адил авахгүй өнөөдрийг хүрлээ. Хүсэлт хүлээн авч хүсэлт шийдвэрлэхгүй улмаас миний өндөр настны тэтгэвэр нэмэгдүүлэх хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэж хариуцагч байгууллагын тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлт шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.У******* нь *******ийн С*******тай 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн улсын бүртгэлд гэрлэлтээ батлуулсан. 1989 оноос Ц.С******* нас барах хүртэлх хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл гэрлэгсэд маань нийт 35 жил хамт амьдарсан. Дундаасаа хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн. Эхнэр Ц.С*******ыг нас барсны дараа нэхэмжлэгч Ж.У******* маань 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тэтгэвэр тогтоолгосноос хойш Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газарт Нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн тухай хуульд заасны дагуу “Өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэх хүсэлт гаргахад, хүсэлтийг хүлээж аваагүй” үйл баримтууд байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагын тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээж авдаггүй, шийдвэрлэдэггүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох хүсэлтэй байна” гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ж.У******* болон Ц.С******* нар нийт 34 жил 360 хоног хамт амьдарсан. Өмнө нь дурдсанчлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг бүгдийг хангаж байгаа. Хариуцагчийн хариу тайлбарт “Зөвлөмж”-ийн 2.6-т заасныг үндэс болгосон. Нэхэмжлэгч Ж.У******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ өгч 2024 оны 10 дугаар сарын 28-ны тэтгэвэр тогтоолгож 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс тэтгэврийг нь олгож эхэлсэн үйл баримтууд тогтоогдож байгаа тул “Зөвлөмж”-ийн 2.6-т заасантай нийцэж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг гэр бүлийн аль нэг гишүүн нь нас барахад үлдсэн гишүүн нь тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагатай гэсэн нь хуульд болон зөвлөмжид байхгүй салаа утгаар тайлбарлаж байна. Энэ нь хориглоогүй хэм хэмжээ учраас зөвшөөрсөн хэм хэмжээ гэж үзэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, маргаан бүхий захиргааны акт нь хууль бус болохыг тогтоолгож, хариуцагчид тэтгэврийн 20 хувийг олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.У******* нь Ц.С*******тай 1989 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, гэрлэлтээ батлуулсан. 1989 оноос 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 35 жил хамт амьдарсан, дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн. Ц.С******* нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барж, нас барсны бүртгэлд бүртгүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын дагуу нас барсан иргэний авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг өөрийн тэтгэвэр дээр нэмүүлэх хүсэлт гаргасныг дараах шалтгааны улмаас хүлээн авч шийдвэрлээгүй байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаартай албан бичгээр ирүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан ирүүлсэн зөвлөмжийн 2.6 дах заалтад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний авч байсан тэтгэврийн 20 хувиар тооцсон дүнгээр нөхөр эсхүл эхнэрийн сарын тэтгэврийг нь нэмэгдүүлэхээр заасан. Энэ тохиолдолд дараах шаардлагыг хангасан байна.
-Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх. Өөрөөр хэлбэл хоёр тэтгэвэр авагчийн аль нэг нь хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол 20 хувийн нэмэгдлийг тооцон олгохгүй.
-Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба нас барсан болон гэр бүлийн гишүүн тэтгэвэр авагчийн гэрлэлтийн бүртгэлийг УБЕГ-ын системээр авах, уг системээс авах боломжгүй тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээг хуулбарлан мэдээллийн санд оруулах, түүнчлэн гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд УБЕГ-аас лавлагаа авна.
-20 ба түүнээс дээш жил хэмт амьдарсныг гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн тооцно. Өөрөөр хэлбэл гэрчилгээнд бичигдсэн гэрлэсэн, гэрлэлтийг бүртгэсэн хугацааг баримтална.
Дээрх шалгуурыг хангасан тохиолдолд тэтгэврийн нэмэгдлийг нас барсан тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас тооцож олгоно. Тухайлбал, тэтгэвэр авагч 1 дүгээр сард нас барсан бол түүний нас барсны дараагийн сар буюу 2 дугаар сарын тэтгэврийг олгоод 3 дугаар сараас эхлэн нөхөр эсхүл эхнэрт нь 20 хувиар тооцсон нэмэгдлийг олгоно.
Нэхэмжлэгч Ж.У*******ийн эхнэр Ц.С******* нь 2021 оны 11 дүгээр сард өндөр насны тэтгэврээ тогтоолгож, тус газраас өндөр насны тэтгэврээ авч байсан. Тухайн иргэн маань 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нас барсан ба журамд зааснаар нас барсан тэтгэвэр авагч иргэнд дараа сарынх нь буюу 08 дугаар сарын тэтгэврийг олгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд 09 дүгээр сараас тэтгэврийг авахаар байна.
Нэхэмжлэгч Ж.У******* нь тус газарт хандан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан. Өргөдөл гаргасан тухайн цаг хугацаанд нэхэмжлэгч Ж.У*******ийн “*******” ХХК-аас чөлөөлөгдсөн гүйцэтгэх захирлын тушаал гараагүй байсан. “*******” ХХК-ний гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” 241028/475 дугаартай тушаал гарч өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байдаг. Тийм учраас Ж.У******* нь тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх гэдэг шаардлагыг хангахгүй байна. Иймд нэхэмжлэгч Ж.У*******ийн гаргасан нэхэмжлэл нь хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ”, 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна” гэжээ.
4.3. Энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол асуудал нь нэхэмжлэгч Ж.У*******д /эхнэр /нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувийг түүнд олгогдох эсэх асуудал байна.
4.4. Энэ асуудлын хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагыг хангаж байгаа тул 2024 оны 10 дугаар сарын 28-ны тэтгэвэр тогтоолгож 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс тэтгэврийг нь олгосноос хойш нас барсан эхнэрийн маань тэтгэврийн 20 хувь миний тэтгэвэр дээр нэмэгдэж олгогдох ёстой гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... . эхнэр Ц.С******* нь 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдөр нас барах цаг хугацаанд Ж.У******* нь тэтгэвэр тогтоолгох шаардлага хангаагүй буюу 59 настай байсан, мөндөр насны тэтгэвэр тогтоолгож аваагүй байсан учир хариуцагчийн зүгээс татгалзаж байгаа юм. Хэрэв Ж.У******* нь 2024 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байсан бол 20 хувийн нэмэгдлийг олгох байсан...” гэж маргасан.
4.5. Шүүхээс дараах үндэслэлээр эрх зүйн хэм хэмжээг тайлбарлан тухайлсан эрх зүйн дүгнэлт өгч байна. Үүнд:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч авсан тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгохоор болж, уг өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр тогтжээ.
4.6. Энэхүү тусгай зохицуулалтад хамрагдахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д зааснаар “Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар /гэрлэлтээ батлуулсан/ бүртгүүлсэн”, 9.1.2-т заасан ”20” ба түүнээс дээш жил хамт амьдарсан” байх хоёр шаардлагын хангасан байхаас гадна мөн зүйлийн 9.3.Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно” гэж, маргаан бүхий харилцааг зохицуулахаар гаргасан Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн 2.6-д “...”тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх”[3]...зэргээс үзвэл гэр бүлийн гишүүн болох нөхөр эсхүл эхнэр хоёул өндөр насны тэтгэврээ тогтоолгон, Нийгмийн даатгалын сангаас /нэг төрлийн сан/ өндөр насны тэтгэвэр хамт авдаг нөхцөлийг хангасан байх тохиолдолд энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан нас барагчийн тэтгэврийн 20 хувийг түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэвэр дээр нэмэгдүүлэн олгохоор байна.
4.7. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.У******* нь өөрийн /нас барсан/ эхнэрийн хамт хоёул өндөр насны тэтгэвэр авч байсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусгай зохицуулалтад хамрагдах боломжтой гэж шүүх үзлээ.
4.8. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч Ж.У******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 “Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар бүртгүүлсэн”, 9.1.2. 20 ба түүнээс дээш жил хамт амьдарсан” байх хоёр шаардлагын хангасан хангаж байгаа хэдий ч тэрээр 1964 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, өөрийн эхнэр болох Ц.С*******ыг нас барахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 заасан “....60 насанд хүрсэн эрэгтэй...” гэх өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрх үүсэх насны хязгаарт хүрээгүй байсан.
4.9. Тэрээр өөрийн эхнэр болох Ц.С*******ыг нас барснаас хойш 3 сарын дараа өндөр насны тэтгэврээ тогтоолгосон, өөрийн /нас барсан/ эхнэрийн хамт хоёул өндөр насны тэтгэвэр авч байгаагүй болох нь баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгч Ж.У*******өөс гаргасан тэтгэвэр нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч байгууллагын энэ үйл ажиллагааг хууль бус гэж буруутгах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.У*******ийн гаргасан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг Ж.У*******д олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нас барсан тэтгэвэр авагчийн 20 хувийг буюу 359,501 төгрөгийг Ж.У*******д олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР