Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 307/ШШ2025/00652

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00497/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******, *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух овогт (РД: *******, утас: ) нарт холбогдох,

“Орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, гэрээний үндсэн төлбөр болон алдангид 151,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. (цахимаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.*******, Э. нарт холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, гэрээний үндсэн төлбөр болон алдангид 151,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Нэхэмжлэгч А.******* миний бие нөхрийн хамт байраа томсгох зорилгоор ******* айлын орон сууцанд 71,57 м.кв байрыг 2022 оны 09 дүгээр сард захиалсан. Тухайн байрыг анх *******-ийн байр зуучлагчдаас мэдэж ******* төслийг удирдаж байсан Д.******* гэх хүний туслахтай очиж уулзаж Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалттай ******* айлын орон сууцны ******* тоотын 71.57 м.кв 3 өрөө орон сууцыг захиалсны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах №040 тоот гэрээ байгуулан 1 м.кв талбайн үнэ нь 2,500,000 төгрөгөөр 3 өрөө 71.57 м.кв бөгөөд нийт 178,925,000 төгрөгийн үнэ бүхий байрыг урьдчилгаа 25 хувь буюу 45,077,500 төгрөгийг гэрээ хийсэн өдрөө буюу 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хариуцагч Д.*******ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 5 хувь буюу 8,600,000 төгрөгийг Д.*******ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн болно.

Гэрээний үлдэгдэл 120,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 15-ны өдөр 6,000,000 төгрөгөөр 2024 оны 06 дугаар сар хүртэл 20 удаагийн төлөлтөөр, сүүлийн сард 2024 оны 07 дугаар сард 5,247,500 төгрөгөөр төлж дуусгахаар график байгуулсан болсон.

Нэхэмжлэгч А.******* миний зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 37,000,000 төгрөгийг Д.*******ын Хаан банкны тоот дансанд төлсөөр ирсэн.

Уг орон сууц нь гэрээний дагуу 2023 оны 02 дугаар улиралд ашиглалтад орж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан боловч барилга ашиглалтад ороогүй, бүр баригдаж дуусаагүй, сүүлийн 1 жилийн хугацаанд огт ажил хийгдээгүй, барилгын ажил зогссон шинжтэй өнөөдрийг хүрсэн нь захиалагч намайг хохироож байна. Миний зүгээс гэрээний нөхцөлийг огт зөрчиж байгаагүй, сар бүр төлбөрөө бүрэн төлсөөр ирсэн. Би өөрийн болон нөхрийн цалингаар төлсөөр өнөөдрийг хүрсэн хэдий ч одоо хүртэл байранд орох нь битгий хэл, барилга нь барагдаагүй цаашид баригдах эсэх нь тодорхойгүй байгаа нь бидэнд үнэхээр хүнд байдал бий болгож, санхүүгийн хувьд хохироосоор ирлээ.

Хариуцагч Д.*******, Э. нар нь гэрээний 3.1-д заасан үүргээ зөрчиж захиалагч нарыг хохироож байна. Энэ компани нь Орхон аймагт орон сууц барихаар олон захиалагч нартай гэрээ байгуулсан хэдий ч мөн л бариагүй маргаантай шүүхээр явж байгаа болно.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг зөрсөн зүйл огт байхгүй бөгөөд барилгын ажил зогссон хэдий ч төлбөрийг сар бүр төлсөөр ирсэн. Би 2023 оны 06 дугаар сард барилга дээр очиж уулзахад 2 давхраас дээш баригдаагүй анхны хэвэндээ байсан. Олон захиалагч нар эд нарыг барилга барихгүй иргэдийг хохироож байна гэж телевиз сурвалжилга дуудсан том асуудал үүссэн байсныг хараад цаашид төлбөрөө өгөхөө больсон байдаг.  Намайг очиж уулзахад удаа дараа холбогдоход удахгүй барилгын ажил хийгдэж эхэлнэ хүлээж бай гэдэг хариу өгдөг, сүүлдээ бүр утсаа авахаа больсон.

Тиймээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний 7.2-д “Талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө” гэж заасны дагуу хариуцагч нь 2023 оны 02 дугаар улиралд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл хугацаа 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жил 215 хоногийн алдангийг гэрээний дагуу төлсөн төлбөрийн хамт нэхэмжилж байна. Гэрээний дагуу алдангийг тооцвол 1 хоногийн алданги гэрээний үнэ 90,000,000 төгрөгийн 0.1 хувь буюу 90,0000 төгрөг, 1 жил 215 хоног буюу 580 хоног 90,000 төгрөг, нийт 52,000,000 төгрөгийн алданги болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 90,000,000 төгрөг байгаа бөгөөд түүний 50 хувь болох 45,000,000 төгрөгийн алданги болж байна.

Бид гэр бүлийн хамт 2023 оны 07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарыг хүртэл байрны ажил хийгдэж байна уу, яаж байна гээд байнга залгаж, шаардаж, очиж шалгаж, цуглаанд очиж нэгдэж байраа хүлээсэн. Гэрээ хийгдсэнээс хойш ашиглалтад орох хугацаа болсон, мөн бид өөрсдийн байраа зарж урьдчилгаа төлбөрийг хийж байсан, орох оронгүй болсон тул Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө байрыг сарын 600,000 төгрөгөөр иргэн Б. гэх хүнээс түрээслэн 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэл амьдарч 7,200,000 төгрөгийг төлсөн. Мөн сүүлд 2024 оны 08 дугаар сараас эхлээд Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө байрыг сарын 850,000 төгрөгөөр өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 03 дугаар сар хүртэл 8,500,000 төгрөгийг төлсөн болно. Бид одоо мөнгө ч, байр ч байхгүй, бүтэн жил гаруй хугацаанд түрээсийн байраар хэцүү байдалд байна.

Иймээс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №040 тоот орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, үндсэн төлбөр болох 90,000,000 төгрөг, гэрээний 7.2-д заасан 0.1 хувийн алданги 45,000,000 төгрөг, нийт 135,000,000 төгрөгийг гэрээний дагуу нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч миний хувьд түрээсийн байраар амьдарч байгаа тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасны дагуу орон сууц түрээслэн амьдарсан төлбөр болох 16,000,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулах шаардлага гаргаж байгаа болно. Иймд Д.*******, Э. нараас нийт 151,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Э.гийн зүгээс Д.*******ын өөрийг нь төлөөлж гэрээ байгуулахыг зөвшөөрч хийж өгсөн итгэмжлэлийн дагуу А.*******тай Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй 180 айлын орон сууцны ******* тоот 71.57 м.кв 3 өрөө орон сууцны №040 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг хийсэн. Тухайн гэрээ нь иргэн Д.******* иргэн А.******* нарын орон сууц захиалгаар бариулахад үүсэх харилцааг зохицуулна гэж ойлгож байна. Харин тухайн графикийн дагуу төлсөн гэх нийт 90,000,000 төгрөг нь Э. миний данс руу орж тухайн мөнгийг захиран зарцуулаагүй болно. Тэгэхээр Э.гийн хувьд иргэн А.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.*******ын хувьд бол иргэн Э.г өөрийгөө төлөөлж А.*******тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах итгэмжлэл олгосон нь үнэн. Тухайн захиалгын гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох мөнгийг Д.*******ын Хаан банкны тоот данс руу хийсэн. Мөн гэрээнд графикийн дагуу сар болгоны 15-ны өдрийн дотор буюу 2024 оны 07 дугаар сар хүртэл үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар гэрээ байгуулсан. Тухайн графикт заасны дагуу 2023 оны 06 дугаар сар хүртэл төлөлтийг иргэн Д.*******ын тоот дансанд хийж байгаа тухайн сараас хойш гэрээнд заасан графикийн дагуу төлөлтийг хийхээ зогсоосон байна. Иргэн Э. тухайн гэрээг байгуулснаас хойш А.*******гаас гэрээтэй холбоотой ямар нэгэн төлөлт Э.гийн данс руу орж захиран зарцуулсан зүйл байхгүй болно. Д.******* нь иргэн А.*******гийн орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, үндсэн төлбөр болох 90,000,000 төгрөг төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги гэх 45,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 16,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн иргэн А.******* нь мөн адил гэрээний үүргээ биелүүлээгүй нь тухайн гэрээнд тусгагдсан үлдэгдэл төлбөрийн төлөлтийн график болон мөнгө шилжүүлсэн баримтаас нь харагдаж байгаа болно” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №040 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт болон депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0180 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 4-22 хуудас)

4.Хариуцагчаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 0300 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0501 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 30-31 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч Д.*******, Э. нарт холбогдуулан гаргасан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж, гэрээний үндсэн төлбөр болон алданги, хохиролд 151,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...А.******* нь 2022 оны 09 дүгээр сард Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р багийн нутаг дэвсгэрт байрлалтай ******* айлын орон сууцны ******* тоотын 71.57 мкв 3 өрөө орон сууцыг 1мкв талбайн үнийг 2,500,000 төгрөгөөр нийт 178,925,000 төгрөгөөр захиалж, орон сууц захиалгаар бариулах гэрээг Д.*******, Э. нартай байгуулсан. Ингээд 2022.09.07-ны өдөр орон сууцны урьдчилгаа 25% 45,077,500 төгрөгийг, 2022.09.10-нд 5% болох 8,600,000 төгрөгийг хариуцагч Д.*******ын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Гэрээний үлдэгдэл 120,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүрийн 15-нд 6,000,000 төгрөгөөр 2024 оны 06 сар хүртэл 20 удаагийн төлөлтөөр, 2024 оны 07 сард 5,247,500 төгрөгөөр төлж дуусгахаар график байгуулсан. Үүний дагуу 2022.11.15-нд 6,000,000 төгрөг, 2022.12.18-нд 6,000,000 төгрөг, 2023.02.17-нд 5,000,000 төгрөг, 2023.03.06-нд 3,000,000 төгрөг, 2023.03.21-нд 5,000,000 төгрөг, 2023.04.19-нд 6,000,000 төгрөг, 2023.06.19-нд 6,000,000 төгрөг нийт 37,000,000 төгрөгийг хариуцагч Д.*******ын Хаан банкны дансанд төлсөөр ирсэн. Уг орон сууц нь гэрээний дагуу 2023 оны 2-р улиралд ашиглалтанд орох байсан боловч өнөөдрийн байдлаар барилгын ажил зогссон байдалтай, 3 давхраас дээш баригдаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагчтай холбогдоход удахгүй барилгын ажил хийгдэж эхэлнэ, хүлээж бай гэдэг хариу өгдөг сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн 90,677,500 төгрөг, гэрээнд заасан алданги 50%-иас хэтрэхгүй гэж үзэж 44,622,500 төгрөг, байраа зарж урьдчилгаа төлбөр хийсэн байсан тул орох оронгүй болж 2023.08-2024.08 сарыг хүртэл тоот 2 өрөө байрыг нэг сарын 600,000 төгрөгөөр түрээсэлсэн түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг, 2024.08 сараас эхлэн тоот 2 өрөө байрыг сарын 850,000 төгрөгөөр түрээслэн сууж байгаа бөгөөд 10 сараар түрээсийн төлбөрийг өгсөн 8,500,000 төгрөг нийт 151,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, татгалзлаа “... Дархан-Уул аймаг Дархан сум, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэртэй 180 айлын орон сууцны ******* тоот 71,57 м.кв 3 өрөө орон сууцыг А.******* нь захиалж, №040 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг Д.*******той байгуулсан. Тухайн гэрээ нь иргэн Д.******* иргэн А.******* нарын хооронд орон сууц захиалгаар бариулахад үүсэх харилцааг зохицуулна гэж ойлгож байна. Хариуцагч Э.гийн хувьд гэрээнд Д.*******ыг төлөөлж гарын үсэг зурсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч А.******* нь гэрээний үндсэн төлбөрт 90,677,500 төгрөгийг Д.*******ын Хаан банкны дансанд төлсөн нь үнэн бөгөөд энэ мөнгийг төлөхийг хариуцагч Д.******* хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 040 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ нотлох баримтаар авагджээ.

Уг гэрээнд “...нэг талаас Д.******* түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., нөгөө талаас А.******* нар харилцан тохиролцож, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10-р баг, Барилгачдын өргөн чөлөө-3 нутаг дэвсгэрт байрлалтай -180 айлын орон сууцны барилгын ******* тоот, 71.57 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг 1 мкв үнэ 2,500,000 төгрөгөөр, нийт үнэ 178,925,000 төгрөгөөр захиалсан болно. Төлбөр төлөх хуваарь: 2022.09.07-45,077,500 төгрөг төлсөн, 2022.09.10-нд 8,600,000 төгрөг төлөх, 2022.11-2024.06 сард хүртэл сар бүрийн 15-нд 6,000,000 төгрөгийг 20 удаагийн төлөлтөөр төлөх, 2024.07 сард 5,247,500 төгрөг төлнө. Төлбөрийг Д.*******ын Хаан банкны тоот дансанд шилжүүлнэ. Гүйцэтгэгч барилгыг 2023 оны 2 улиралд багтаан байнгын ашиглалтад хүлээлгэж өгнө” гэжээ.

5.Зохигчид орон сууц захиалгаар бариулах гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй болно. Мөн хариуцагч Д.*******ын зүгээс нэхэмжлэгч А.******* нь гэрээний төлбөрт 90,677,500 төгрөгийг төлсөн учир тухайн мөнгийг төлөхөд татгалзахгүй, харин үлдэх шаардлага болох алданги, түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Э. нь тухайн гэрээнд Д.*******ыг төлөөлж гарын үсэг зурсан учир гэрээний үүргийг хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.

Зохигчдын маргааны зүйл нь хариуцагч Э., нэхэмжлэгч А.******* нарын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгч нь алданги, хохирлыг шаардах эрхтэй эсэх асуудал байна.

6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Дээрх талуудын байгуулсан гэрээнд хариуцагч Э. нь хариуцагч Д.*******ыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******ын гэрээнд дурдсан дансанд төлбөрийг шилжүүлж байсан зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.*******, хариуцагч Д.******* нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тухайн гэрээ, хэлэлцээрийг байгуулж байх цаг хугацаанд гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгчийг зориулалтын дагуу ашиглахад бэлэн буюу бодитоор бий болоогүй, харин хариуцагч Д.******* нь үл хөдлөх эд хөрөнгийг шинээр барьж гүйцэтгэн 2023 оны 2-р улиралд ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн байна.

Иймд нэхэмжлэгч А.*******, хариуцагч Э. нарын хооронд үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй байх тул хариуцагч Э.д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч Д.*******оос ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч гэрээнээс татгалзаагүй, харин орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцалж үндсэн төлбөр, алданги болон түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа” гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодруулсан.

Хэлцлийн дагуу нэгэнт хэрэгжсэн харилцааг буцаах боломжгүй болсон, эсвэл талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх боломжтой буюу гэрээг анхны байдалд эргүүлж авчрах боломжтой эсэхээс хамаарч гэрээг цуцлах, эсхүл гэрээнээс татгалзах ойлголтыг авч үзнэ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, үндсэн төлбөр, алдангийг нэхэмжилж байна гэж тайлбарлах боловч гэрээний хэрэгжсэн хэсэг байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь -180 айлын орон сууцны төслөөс А байрны 8-р давхрын орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон боловч тус орон сууцны барилга 3 давхраас дээш баригдаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

8.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, 225.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч нь орон сууцыг ашиглалтанд хүлээлгэн өгөх ёстой байсан хугацаа болох 2023 оны 07 сараас эхлэн хариуцагчаас гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан боловч ямар нэг үр дүн гараагүй гэж тайлбарласныг хариуцагчаас үгүйсгээгүй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх учир нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй.

Иймээс дээр тайлбарласанчлан нэхэмжлэгчийн хувьд гэрээг цуцлах биш гэрээнээс татгалзах асуудал яригдах ба шүүх гэрээнээс татгалзсан үр дагаврыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь …буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Д.*******оос гэрээний үндсэн төлбөрт шилжүүлэгдсэн 90,677,500 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

9.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан.

Хэдийгээр 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 040 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 7.2-т “талууд нь гэрээнд заасан үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг нөгөө талдаа төлнө” гэж зохигчид тохиролцсон байх боловч гэрээнээс татгалзсанаар гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болох тул гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг гаргуулахаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй боловч өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болно.

10.Нэхэмжлэгч нь “...гэрээ хийгдсэнээс хойш орон сууц ашиглалтад орох хугацаа болсон, мөн бид өөрсдийн байраа зарж урьдчилгаа төлбөрийг хийж байсан, орох оронгүй болсон тул Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө байрыг сарын 600,000 төгрөгөөр иргэн Б. гэх хүнээс түрээслэн 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 08 дугаар сарыг хүртэл амьдарч 7,200,000 төгрөгийг төлсөн. Мөн сүүлд 2024 оны 08 дугаар сараас эхлээд Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө байрыг сарын 850,000 төгрөгөөр түрээслэн амьдарч нийт 8,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн тул уг түрээсийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэж шаардсан.

Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь 2023.08-2024.08 сар хүртэлх хугацаанд Дархан-Уул аймаг, ******* тоот 2 өрөө байрыг сарын 600,000 төгрөгөөр иргэн Б. гэх хүнээс түрээсэлсэн, түрээсийн төлбөрт 7,200,000 төгрөг төлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 Харин нэхэмжлэгч нь 2024 оны 08 сараас эхлэн тоот байрыг 1 сарын 850,000 төгрөгөөр түрээслэн, түрээсийн төлбөрийг 10 сараар нийт 8,500,000 төгрөг шилжүүлсэн гэж өөрөө тодорхойлж нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулгаар 2024.08.08-ны өдөр 6,800,000 төгрөгийн зарлага тоот түрээслэгч гэх утгатайгаар, мөн нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулгаар 2025.02.05-ны өдөр 4,250,000 төгрөгийн зарлага bair tvrees гэх утгатайгаар нийт 11,050,000 төгрөг шилжүүлэгдсэн үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 8,500,000 төгрөгийг хариуцагч үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн хангаж, үлдэх түрээсийн төлбөрт шилжүүлсэн гэх зардал нь баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Д.*******оос гэрээний үндсэн төлбөрт шилжүүлэгдсэн 90,677,500 төгрөг, түрээсийн төлбөрт 8,500,000 төгрөг нийт 99,177,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1-д тус тус зааснаар хариуцагч Д.*******оос 99,177,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 51,822,500 төгрөгийн шаардлага болон хариуцагч Э.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 983,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 653,837 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН