Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/48

 

 

 

 

 

 2023       12         05                                         2023/ДШМ/48

 

   Ц.Оад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Э.Гэрэлтуяа,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/654 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гэрэлтуяагийн гаргасан эсэргүүцлээр Ц.Оад холбогдох 2338001610323 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тогоруутан овогт Цы О, …...... оны …........ дугаар сарын …..-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, …. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн .............  тоотод оршин суух, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ............................/.

Ц.О нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны “Тэди стор” гэх дэлгүүрээс хохирогч Ц.Оийн “Айфон 12 про” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/654 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тогоруутан овогт Цы Оад холбогдох эрүүгийн 2338001610323 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ц.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийн  тухайд:

1. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана” гэж заасны дагуу мөрдөгч уг хэргийн хохирогч Ц.Оээс гаргаж өгсөн гэмт хэргийн ул мөрийг агуулсан дуу, дүрсний бичлэгийг /сиди/ хавтаст хэрэгт эд зүйл, баримт бичиг, бусад баримт тусгах тогтоолоор тусган мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, гэмт хэргийн ул мөрийг агуулсан дуу дүрсний бичлэг бүхий хуурцаг буюу сидиг эд мөрийн баримтаар тооцсон нь энэ хуульд заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх журам зөрчөөгүй байна...

2. ...Хавтаст хэргийн 24 дүгээр талд авагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байх боловч яллах дүгнэлтэд дээрх үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримаар үнэлж тусгаагүй.  ...тэмдэглэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар тооцохгүй байх эрх хэмжээ нь шүүхэд олгогдсон тул шүүхийн хэлэлцүүлгийн үед прокурор дээрх тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

3. ... Хууль тогтоогчоос булаах гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэрэгт хамааруулан зүйлчлэхээр тогтоож өгсөн байдаг гэж дүгнэсэн нь прокуророос хэргийг яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн, ижил төсөөтэй хэм, хэмжээнээс хэрхэн ялгаж байгаа талаар хийсэн хууль зүйн дүгнэлт юм.

Дээрх хууль зүйн дүгнэлтийг шүүхээс үнэлж, дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

4. ...хохирогч Ц.Оийн “Тэгтэл 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ганцаараа ажил дээрээ 18 цаг өнгөрч байхад би ажлаасаа буух гээд утаснуудаа хураасан байсан юм” гэх мэдүүлэгт тусгаснаар "гэмт хэргийг хэзээ хаана үйлдсэн” болохыг эргэлзээгүй тогтоосон.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал”-д /гэмт хэргийг хэзээ/ гэдэг агуулгын дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн он, сар, өдөр хөтөлбөргүй тогтоогдсон.

5. Алдагдсан гэх гар утасны ID, IMEI-г үүрэн холбооны оператораар шалгуулж уг утас ямар үүрэн холбооны операторын ямар дугаарын утастай хүн ашиглаж байгааг олж тогтоох нь  ...хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь тухайн гар утсыг одоо хэн ашиглаж байгаа нь ач холбогдол бүхий нөхцөл байдал биш бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.

Шүүгчийн захирамжийн хэлбэрийн шаардлагын тухайд:

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 654 дугаартай шүүгчийн захирамжид тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь шүүгчийн захирамж хүчин төгөлдөр эсэхэд эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хохирогч Ц.Оийн овгийг буруу бичиж хохирогч П.О гэж бичсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Яллагдагч Ц.О нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Газарчин” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдааны “Тэди стор” гэх дэлгүүрээс хохирогч Ц.Оийн “Айфон 12 про” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 1,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх яллагдагч Ц.Оад холбогдох хэргийг “...Мөрдөгч өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол гаргасан, эд зүйлд тэмдэглэл хийх журам зөрчсөн, яллах дүгнэлт нь ...яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээ хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаа тодорхойгүй, алдагдсан гар утсыг ямар дугаартай утастай хүн ашиглаж байгааг олж тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр аймгийн прокурорын газарт буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Учир нь:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Оээс хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг мөрдөгч хүлээн авч тэмдэглэл үйлдэж, “эд мөрийн баримтаар тооцох тухай”  мөрдөгчийн тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10, 16.4 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцсэн гэж үзнэ.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад ...эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т зохицуулсан бөгөөд хэргийн оролцогчоос гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг... хүлээн авч, хавтаст хэрэгт тусгаж хавсаргах нь прокурорын зөвшөөрлөөр хийгдэх ажиллагаанд хамаарахгүй.

2.Хэрэгт авагдсан баримтат мэдээллийг хуульд заасан  үндэслэл, журмыг зөрчиж авсан нь тогтоогдвол шүүх уг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д  заасан үндэслэлээр  нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой. Түүнчлэн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх эсэх асуудлыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15-д заасан “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэх” эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлтийн бүрдэл, яллах дүгнэлтэд тусгах зүйлийн талаар хуульчилсан байх ба Хөвсгөл аймгийн прокурорын газраас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 276 дугаартай яллах дүгнэлт дээрх зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайдшгүй шаардлагатай нотлох баримт, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх зэрэг тусгагдвал зохих зүйлийг бүрэн тусгажээ. Түүнчлэн яллах дүгнэлтэд  тусгасан яллагдагчийн үйлдэл ямар үндэслэлээр дээрэмдэх гэмт хэргийн шинжид хамаарч буй талаарх хууль зүйн дүгнэлтийг буруутгах, уг дүгнэлт яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхээ хэрэгжүүлэхэд ойлгомжгүй байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

4.Гэмт хэрэг  үйлдсэн гэх цаг хугацаа тодорхойгүй,  яллах дүгнэлтэд “18 цагийн үед” гэж тусгасан, хохирогч “18 цаг өнгөрч байхад” гэж мэдүүлснийг тодруулах шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг шүүхийн хэлэлцүүлгийн үед хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах, хуралдаанд оролцогчдоос тодруулах  журмаар тогтоох боломжтой.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах” бөгөөд алдагдсан гэх утас хэрэглэгдэж байгаа эсэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй тул энэ байдлыг  тогтоох шаардлагагүй.

6.Шүүхийн шийдвэрт шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тамга дарж албажуулах атал анхан шатны шүүхээс прокурорт хүргүүлсэн шийдвэрт тамга дарж баталгаажуулаагүй, шүүгчийн захирамжид хохирогчийг овгийг буруу бичсэн, шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлага хангаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн  2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2023ШЗ/189 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагчид урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                                  Н.БАЯРХҮҮ

                                                                                 Б.СОСОРБАРАМ