Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/49

 

 

  

 

 

2023         12         05                                         2023/ДШМ/49

 

  П.Од холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Б.Тогтох,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлээр П.Од холбогдох 2338002640396 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, “О” овогт Пгийн О, ........ оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй /регистрийн РЕ-.................дугаартай/.

П.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Б.Өтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хоёр нүдний дээд, доод зовхи, хамар зүүн нүдний алимд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч “О” овогт Пгийн Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пгийн Оийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 2338002640396 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Тогтох эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх бөгөөд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас) гэж дурдсан, өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэсэн заалтын дагуу хохирогч Б.Өы гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 700,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэхүү иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд дурдалгүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” буюу мөн хуулийн 36.3, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа 700,000 төгрөгийг шүүгдэгч П.Оээс гаргуулж, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт олгох нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/317 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

П.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр эхнэр Б.Өтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хоёр нүдний дээд, доод зовхи, хамар зүүн нүдний алимд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Оийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Мөн шүүх “нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, шүүгдэгч П.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна.

Шүүгдэгчид оногдуулсан шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Прокурорын гаргасан “...иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа ...хохирогч Б.Өы гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал болох 700,000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч энэхүү иргэний нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд дурдалгүй орхигдуулсан...” гэх агуулга бүхий эсэргүүцлийн тухайд:

Эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан байна.

Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын программаас хохирогч Б.Өы эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын тооцооллыг шүүж гаргасан 700,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилсэн байх ба шүүгдэгч П.О нь дээрх зардлыг төлсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэл буюу хэргийн 88, 89 дүгээр талд тусгагдсан, Эрүүл мэндийн даатгалын санд уг төлбөрийг төлсөн баримт хэргийн 84 талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/317 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБАТ