Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 307/ШШ2025/00662

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/00591/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******),

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, *******) нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* байрлах ******* (РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., утас: )-д холбогдох,

“3,700,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.*******,

Нэхэмжлэгч Т.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.,

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Т.*******, О.******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан 3,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...Т.******* би 2018 оноос хойш *******-ийн урд талын дэрсний захад өөрийн өмчлөлийн өвөлжөөтэй 7 жил амьдарч байгаа Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өндөр багийн харьяат 1 дүгээр багийн малчин өрх болно. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бор цоохор өнгөтэй шүдлэн эр үхэр, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нас гүйцсэн шар цоохор баруун чих нь хойноосоо ухмал имтэй үнээ нийт 2 үхэр, мөн *******-ийн урд талын дэрсний захад өөрийн өмчлөлийн өвөлжөөтэй Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноён хонгор баг 2 дугаар багийн харьяат 6 жил амьдарч буй малчин О.*******ын шар цоохор өнгөтэй бяруу 2025 оны 01 дүгээр сарын 15-нд нийт 3 тооны үхэр *******-ийн цэвэрлэх байгууламжийн бохир усны лаг шавартай картанд шигдэж хорогдсон. Уг цэвэрлэх байгууламжийн лаг шавар нь хамгаалалтын хашаа торгүй, хуульд зааснаар лаг шавар бүхий байгууламжийг хашаа, тортой байлгахыг ******* хариуцахаар байхад удаа дараа хашаа, тор хийлгүй тэр хавийн мал бүхий иргэд хохирсоор байна. *******-тай очиж уулзахад манайх төрийн байгууллага учир шүүхэд гомдлоо гарга гэсний дагуу шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч байгууллагаар Т.*******гийн нас гүйцсэн үнээ 1,500,000 төгрөг, эр шүдлэн үхэр 1,200,000 төгрөг, О.*******ын бяруу 1,000,000 төгрөг, нийт 3,700,000 төгрөгийн хохирлыг төлүүлж өгнө үү” гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. нь шүүх хуралдаанд “...*******-ийн ундны усны хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах Төв цэвэрлэх байгууламжийн лагийн талбай Хот суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь Төрийн болон орон нутгийн өмчид байна гэж заасны дагуу нөөц лагийн талбайн асуудлаар дэмжлэг үзүүлэхийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал мөн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт удаа дараа албан тоот явуулж байсан бөгөөд энэ асуудлыг шийдэж өгөөгүй, албан ёсоор  манай компанийн эзэмшилд бүртгэгдээгүй болно. Нөгөө талаас Малын генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн үүргийг хуульчилсан бөгөөд гэм хор учрахад нэхэмжлэгч малчин иргэд малаа байнгын хариулгатай байлгах бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжиж, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тодруулбал, мал бүхий иргэдийн өөрсдийн хайхрамж, болгоомжгүй үйлдлээс гэм хор учирсан байна. Иймд *******-ийн хууль бус үйлдлээс шалтгаалж гэм хор учруулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбар гаргаж, маргаж байна.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нараас “...тухайн үхэр шигдэж үхсэн лаг шавар тогтсон хэсэг нь *******-ийн цэвэрлэх байгууламжийн бохир усны талбай” гэж, хариуцагч талаас “...тухайн талбайд саарал ус шүүгдээд цэвэршээд цаашаа Хараа гол руу нийлүүлдэг. Тухайн газрыг манайх ашигладаг боловч манай нэр дээр бүртгэл хийгдээгүй” гэж тус тус тайлбарласан.

Хариуцагч ******* нь ус хуримтлуулан ариутгаж түгээх, бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үйл ажиллагааг эрхэлдэг хуулийн этгээд болох нь түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд талуудын тайлбараас үзэхэд тухайн мал шигдэж үхсэн гэх газар нь *******-ийн сараал ус асгадаг талбай байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д “саарал ус” гэж ямар нэгэн ялгадасгүй зөвхөн ахуйн бохир усыг ойлгоно гэж тодорхойлжээ.

Саарал усыг хүрээлэн буй орчинд зөвшөөрөгдөх стандартын дагуу нийлүүлэхдээ байгальд асгагдаж буй бохир ус, түүнээс үүссэн лаг шавар нь орчин тойрон, хүн амьтанд аюултай байдал үүсгэж байгаа тохиолдолд аюулгүй байдлыг хангах, хашаа хашлага хийх, урьдчилан сэргийлэх үүрэг нь тухайн этгээдэд үүснэ.

Тодруулбал, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна” гэж зааснаар эдгээр дэд бүтэц нь төрийн эсхүл орон нутгийн өмчийнх байх бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд зөвхөн ашиглах эрхтэй.

 Төрийн өмчийн статус, орон нутгийн эсхүл төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хариуцлага хоёр нь ялгаатай ойлголт бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаанаас үүсэх хохирлыг өөрөө хариуцна.

5.Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд “...Бид *******-нд манай үхрүүд танай асгасан лаг шаварт шигдээд үхсэн байна гэж гомдол гаргасны дагуу өөрсдийнх нь ажилчид ирж үхсэн үхрүүдийг гаргаж зөөсөн” гэж мэдүүлснийг хариуцагчаас үгүйсгээгүй.

Нэхэмжлэгч нар нь тухайн орон нутагт мал маллаж амьдардаг малчин иргэд болох нь хэрэгт авагдсан мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллого, мал тооллогын лавлагаа, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44 дугаартай Дархан сумын Малчин багийн Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай Орхон сумын Баян-Өлзийт багийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймээс хариуцагчийн саарал ус асгаж үүсгэсэн лаг шаварт нэхэмжлэгч нарын үхэр орж үхсэн гэх шалтгаант холбоотой байх тул нэхэмжлэгч нар нь эд хөрөнгөд учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь бохир усыг цэвэршүүлэн гадагшлуулж хүрээлэн буй орчинд нийлүүлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй, хамгаалалтгүй орчинд асгасан, мал орохоор нөхцөлийг бүрдүүлсэн байна.

6.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж хуульчилжээ.

Нэхэмжлэгч нарын хувьд өөрийн өмчлөлийн зүйлээ хамгаалах, мал амьтны хувьд хариулгатай байлгах зэрэг үүрэгтэй бөгөөд энэ үүрэгтээ хайнга хандсаны улмаас буюу мал хариулгагүй байсан нь тухайн хохирол учрахад нөлөөлсөн байх тул хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж *******-аас 1,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д, 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******ад олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,850,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.******* нь нэг шүдлэн үхрийг 1,200,000 төгрөг, нас бие гүйцсэн нэг үхрийг 1,500,000 төгрөг, нэхэмжлэгч О.******* нь нэг ширхэг бярууг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагчаас тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

7.Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүнгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 36,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д, 15,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******ад тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч *******-аас 1,350,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д, 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.*******ад тус тус олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,850,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д, 15,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******ад тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН