Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ДШМ/50

 

 

  

 

 

 

 

   Б.Уд холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Чингүүн,

Шүүгдэгч: Б.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг эс шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Уд холбогдох 2338000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Бын У, ....... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Бсумын ..........тосгоны .... дугаар хороо,........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн .......................дугаартай/.

Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Бсумын 6 дугаар багийн нутаг Хатгал тосгонд Б.Этой хэрүүл, маргаан үүсгэж улмаар хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалж биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийд шингэн хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овгийн Бын Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Бын Уг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Угаас 2,022,000 (хоёр сая хорин хоёр мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, ...Эрүүгийн 2338000000047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал өнгийн модон иштэй, цагаан өнгийн металл төмрөөр бөгжилж хийсэн, ажиллагааны хэсэг нь цагаан төмөр металл зүйлээр хийгдсэн эвхмэл 1 ширхэг тонгорог хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр давж заалдах гомдолдоо: ...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй улмаас шүүгдэгч Бын Угийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна.

...Хэдий миний үйлчлүүлэгч Б.Угийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх тус зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээ болох 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж, энэхүү гомдлыг гаргаж байгаа юм.

Тодруулбал: Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн...” болохыг дурдсан бөгөөд хохирогч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн “....би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хүргэн Уг хэлэх, хэлэхгүй үгээр дайрч, доромжилж ална, чамайг гэж агсам тавиад ...хэрүүл маргаан үүсгэж хэл амаар эхэлж өдөж ...Уг дуудсан газар ирэхээр нь нүүр хэсэгт нь цохиж, биеийн доод хэсгээр өшиглөсөн ...тэгээд урдаас нь нулимсан ...энэ явдал миний согтуу зангаас болж, зүгээр мөрөөрөө байсан хүнийг хадмын дээрэлхүү зан гаргаж, хутганы хэрэгтэй болгочихлоо.. Миний согтуугийн алдаанаас болж ийм хэрэг болсон тул У бид хоёрын дунд болсон хэргийг аль болох талаас нь шийдэж өгөхийг хүсье” гэх мэдүүлэгтээ тодорхой хэлж мэдүүлэн, өөрийн хууль бус, буруутай үйл ажиллагааг нотлон мэдүүлсэн мэдүүлэг, мөн иргэдийн төлөөлөгч Б.Сүнжидмаагийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлт гаргахдаа “...гэм буруугүй гэж бодож байна... 3 хүүхэдтэйгээ байх боломжийг нь олгох хэрэгтэй...” гэх өөрийн байр сууриа илэрхийлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой зэргийг онцгой анхаарах шаардлагатай.

Учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын талаар:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...хохирогч Б.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй ...гэж үзлээ” гэж дүгнэсэн байх бөгөөд хохирогч нь мөн дээр өгсөн мэдүүлэгтээ “...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бүх зардлыг хүргэн У гаргасан ...миний хувьд хүргэн Уд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэн миний үйлчлүүлэгч Б.Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг нотлох үйл баримт байгааг мөн харгалзан үзэхийг хүсэж байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын талаар:

Миний үйлчлүүлэгч Б.Угийн хувьд ам бүл 5, эхнэр болон 2-12 насны 3 хүүхэдтэй, гэмт хэрэгт холбогдохоос өмнө Хөвсгөл аймгийн Бсумын Хатгал тосгоны  Хүн эмнэлэгт галчаар ажиллаж, өрх гэрээ тэжээн тэтгэдэг байсан, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь анхаарч, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нийцэлтэй шийдвэр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол... ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэх зохицуулалтыг үндэслэл болгон түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг багасгаж, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байгааг хүлээн авна уу.

...Иймд өөрийн үйлчлүүлэгч Б.Угийн хүсэл зоригт нийцүүлэн гаргасан өмгөөлөгч миний давж заалдах гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон хүлээн авч 324 дугаартай дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгааг анхаарч үзнэ үү.” гэв.

Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Б.Уг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Бсумын 6 дугаар багийн нутаг Хатгал тосгонд Б.Этой хэрүүл, маргаан үүсгэж улмаар хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалж биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, хэвлийд шингэн хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Угаас 2,022,000 (хоёр сая хорин хоёр мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуульд заасан дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Э, иргэний нэхэмжлэгч М.Мягмаржав нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Т.Бүрэнтогтох, Д.Түмэндэмбэрэл, М.Баасандорж, Б.Энхтуяа, Б.Нарантунгалаг, Л.Өлзийбаяр,  А.Болд нарын нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь дээрх зарчмуудад нийцсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Угийн өмгөөлөгч Б.Манлайбаяраас “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол... ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэх зохицуулалтыг үндэслэл болгон түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг багасгаж, 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байгааг хүлээн авна уу...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялаас ямар төрөл, хэмжээний ял сонгон оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялын доод хэмжээгээр буюу таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн хандаж буй талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын давж заалдах шатны шүүх хуралдаанд  “ ...Б.Угийн сэтгэцийн байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 129 дугаартай захирамжаар хангасан боловч уг захирамжийг эс зөвшөөрч прокурор 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан. Прокурор гомдол гаргахдаа хуульд заасан хугацааг 10 хоногоор хэтрүүлсэн бөгөөд Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир гомдлыг хангаж шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэх агуулгаар гаргасан саналын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өмгөөлөгч Б.Манлайбаяр яллагдагч Б.Угийн сэтгэцийн байдлыг эрх бүхий байгууллагаар тогтоолгохоор шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр /хх-н 121/ хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/129 дүгээр захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна /хх-н 139-141, 145-153/.

Шүүгчийн гаргасан дээрх захирамжийг эс зөвшөөрч прокурор 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол /хх-н 142-143/ гаргасныг шүүх мөн өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ЕШЗ/333 дугаартай захирамжаар гомдлыг хангаж, шүүгчийн 2023/ШЗ/129 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна /хх-154-156/.

Ерөнхий шүүгчийн энэхүү захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т зааснаар эцсийн шийдвэр болж хүчин төгөлдөр болсон байх тул энэ үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй, хэргийн нөхцөл байдалд дутуу дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/324 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБАТ