Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0316/З |
Дугаар | 221/МА2017/0574 |
Огноо | 2017-08-15 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2017/0574
2017 оны 8 сарын 15 өдөр Дугаар 221/МА2017/0574 Улаанбаатар хот
“Э Э Я Т” ХХК,
“Э Э Я М А” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Э Э Я Т” ХХК, “Э Э Я М А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э Я Т” ХХК, “Э Э Я М А” ХХК-уудаас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э Э Я Т” ХХК, “Э Э Я М А” ХХК-уудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл болох 95.971.831.3 төгрөг, 222.122.101.3 төгрөгийг илүү төлөлтүүдийг тус бүр засварлан, дараагийн тайланд суутгахыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э Я Т” ХХК, “Э Э Я М А” ХХК-уудаас гаргасан “Э Э Я Т” ХХК, “Э Э Я М А” ХХК-уудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл болох 95.971.831.3 төгрөг, 222.122.101.3 төгрөгийн илүү төлөлтүүдийг тус бүр засварлан, дараагийн тайланд суутгахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: "Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэсэн заалтанд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ажил олгогчийн төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас тогтоол гаргаж батлаагүй байна.
Мөн одоо болтол хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол улсын Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-н өдрийн 80 тоот тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1-р зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай”, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-н өдрийн 92 тоот тогтоолын 1-д “Нийгмийн даатгалын тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2-т заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Ш.Батбаярт даалгасугай” гэж тус тус даатгуулагчийн төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоосон нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ижил байх тухай заалт байхгүй бөгөөд ямар хэмжээнээс яаж төлөх тухай заавар журам Монгол улс даяар мөрдөгдөөгүй батлагдаагүй, Засгийн газраас тогтоол гаргаагүй байхад нэгэнт дүүргийн ажилтнууд хэрэгжүүлэхгүй байгаа мэт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан нь ойлгомжгүй байна. Засгийн газрын тогтоолыг Засгийн газар мөрдүүлэхээс биш 1 дүүргийн ажилтнууд баталж мөрдүүлдэггүй.
Дээрх Засгийн газрын тогтоолууд 2015 оны 07 дугаар сараас хойш шинэчлэгдээгүй учраас Монгол Улсын хэмжээгээр нэг мөр ойлголттойгоор ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг хязгаарлахгүйгээр 11 хувиар тооцож байгаа.
Иймд ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээний тухай Засгийн газрын тогтоол одоог хүртэл батлагдаагүй байгаагаас уг хуулийн заалтыг Монгол Улс даяар хэрэгжүүлээгүй байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “Э Э Я Т” ХХК, “Э Э Я М А” ХХК-ууд нь “... хуульд зааснаар ажил олгогч болон даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ гэсэн нэг ижил дүнгээс нийгмийн даатгалын шимтгэл төлнө, ... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар баталсан зааварт нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар заасан ...” гэх үндэслэлээр “Э Э Я Т” ХХК, “Э Э Я М А” ХХК-уудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл болох 95.971.831.3 төгрөг, 222.122.101.3 төгрөгийг илүү төлөлтүүдийг тус бүр засварлан, дараагийн тайланд суутгахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нараас “... ажил олгогч болон даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Засгийн газраас шинэчилж тогтоогоогүй байна, харин Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул ажил олгогчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцохдоо ямар нэг хязгаарлалтгүй ногдуулж байна ...” гэж маргаж байна.
2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн “Засгийн газар жил бүр даатгуулагчийн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээг ... даатгалын хэлбэр тус бүрээр ялгавартайгаар тогтооно” гэх заалтыг “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг ... Засгийн газар жил бүр тогтооно” гэж өөрчлөн найруулжээ. Засгийн газар нь дээрх хуульд заасны дагуу ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг шинэчлэн тогтоогоогүй байна.
Харин нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр үйлчилж байх тул энэхүү тогтоолуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.
Тодруулбал, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2-т ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар заажээ. Үүний дараа Засгийн газар нь 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоож, Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгосон байна.
Гэтэл анхан шатны шүүх “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-т Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар заасан ..., нэхэмжлэгч нар уг зааврыг хүчин төгөлдөр байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг суутган тооцуулахаар маргасан ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын бүрэн эрхийн асуудал бөгөөд Засгийн газраас уг хэмжээг шинэчлэн тогтоогоогүй байхад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга дээрх тушаалаар өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар буюу нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар тогтоосон нь хуульд нийцээгүй байна.
Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажилтантай тэнцүү байдлаар төлөх, ийнхүү тэнцүү хэмжээтэйгээр төлөхдөө Засгийн газрын 1996 оны 80, 1998 оны 92 дугаар тогтоолуудад заасан хэмжээгээр төлнө гэж шууд ойлгох нь учир дутагдалтай, шимтгэл төлөх хувь хэмжээг ямар байдлаар тогтоох нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал тул “хуульд орсон өөрчлөлтийг хариуцагч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар 2015 оны А/84 дүгээр зааврын 3.9-д заасан байдлаар хэрэгжүүлэх боломжтой байсан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Ийнхүү дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 437 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын “Э Э Я Т” ХХК, “Э Э Я М А” ХХК-уудын 2015 оны 07 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны 18 сарын нийгмийн даатгалын тайланд засвар хийхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ажил олгогчоос илүү төлсөн шимтгэл болох 95 971 831,3 төгрөг, 222.122.101.3 төгрөгийн илүү төлөлтүүдийг тус бүр засварлан, дараагийн тайланд суутгахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН