Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 29

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Говь-Алтай аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн *******ий нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******т холбогдох анх 2009 оны 05 дугаар сарын 01-нд тэтгэвэр тогтоосон актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын  20-ны  өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан эвлэрэх саналдаа: Миний гаргасан нэхэмжлэлд одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд анхан тэтгэвэрийг цуцлах Төрийн албаны тухай хуулийн зохих заалтыг авч хэрэглэн сүүлийн 5 жилээр тэтгэвэрийг өөрчлөн тогтоох боломжгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд зохих нэмэгдлийг хийсэн, тодорхой асуудлуудыг өргөдөл хүсэлт гаргаж шийдвэрлье гэсний дагуу эвлэрлийн гэрээг байгуулъя гэв.

        Нэхэмжлэгч болон хариуцагч нь эвлэрлийн гэрээндээ: *******т иргэн *******ий тэтгэвэр өөрчлөн тогтоох тухай өргөдлийг авч үзээд 1989-1993 оны хоорондох цалингаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын  сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/2558 дугаар тушаалын дагуу өөрчлөн тогтоож тэтгэвэрийн нэмэгдлийг олгосон. 2009 оноос хойш ажилласан цалингаар тэтгэвэрийг өөрчлөн тогтоох боломж Нийгмийн даатгалын тухай хуульд болон бусад хуульд заагаагүй байдаг. Иймд тэтгэвэрт гаргаснаас  хойш цалингаар тэтгэвэрийг тогтоох боломж Нийгмийн даатгалын байгууллагад байхгүй юм. Нийгмийн даатгалын байгууллага нь ирсэн *******ий өргөдлийг хүлээн авч зохих хариунуудыг өгч байсан юм. Иймд иргэн *******ий эвлэрлийг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээ байгуулж байгаа учир шүүхийн зардлыг хувааж нэхэмжлэгчид төлөхөөр боллоо.

ҮНДЭСЛЭХ нь:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д  заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед эвлэрэх эрхтэй бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч, нэхэмжлэгч нар харилцан буулт хийж хоорондоо тохиролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т заасны дагуу эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байгаа нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

        Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ  бичгээр хийж,  гарын үсгээ зурж баталгаажуулан тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ