Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: С.Баттамир,

Нарийн бичгийн дарга: Б.Билгүүн,

Хохирогч: В.Т,

            Шүүгдэгч Б.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн 1709009710208 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, .... тоотод оршин суух бүртгэлтэй,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лакс” баарны гадна хохирогч В.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр .. хоёр манай гэрт ирж надтай уулзсан. Тэр өдөр найз .. төрсөн өдөр байсан. Манай эхнэр, ... бид 4 Энхсайханы төрсөн өдрийг тэмдэглэхээр манай гэрээс гараад Бөхийн өргөөний хажууд байрлах пабад орж суусан. Тухайн пабад үүрийн 4 цаг хүртэл сууж байгаад дараа нь “Лакс” бааранд орсон. Тэнд сууж байгаад гарахаар болоод нэг хүн нь гарч ирэхгүй байсан болохоор би дуудах гээд орчихоод гараад иртэл эхнэр маань алга болчихсон байсан. Эхнэрийгээ 1 цаг орчим хайсан боловч олдоогүй. Энхэр, бид хоёр нэг хүүхэдтэй. Бид хоёр салаад 4 жил болоод буцаад нийлсэн. Энэ хугацаанд би хүүхэдтэйгээ, аав, ээжтэйгээ амьдардаг байсан. Бид хоёр нийлээд 1 сар 10 хоног л болж байсан байх. Тухайн үед би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Эхнэрээ хайгаад олохгүй байсан болохоор бухимдалтай байсан. Тэр үед хохирогч ... над дээр ирээд “эхнэр чинь хааччихсан юм бэ” гэж надаас асуусан. Энэ асуулт нь надад хүнд санагдаад согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор ийм авир гаргасан байх. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Тэр орой нь эхнэрийгээ хайгаад олохгүй байсан болохоор гэр лүүгээ явсан. Намайг гэртээ ирснээс хойш 1 цагийн дараа эхнэр маань гэртээ ирсэн. Тухайн үед хаашаа яваад ирсэн, хаана байсан талаар нь асуугаад бид хоёр маргалдсан. Тухайн үед эхнэр маань уурлаад гэрээс гараад амиа хорлох үйлдэл гаргасан. Тухайн үед манайх Баянгол дүүргийн Богд-Ар хороололд байдаг байсан. Эхнэрийгээ гараад явахаар нь цонхоороо хараад орцоор гарч байгааг нь хартал орцоор хүн гарахгүй байсан. Араас нь би 3-4 минутын дараа лифт рүү гүйгээд хартал хүн байхгүй байсан. Доошоо шатны завсараар хартал эхнэрийн маань өмсөж байсан ягаан цамц нь харагдсан. Доошоо гүйгээд очтол эхнэр маань тэлээгээрээ өөрийгөө боомилсон байдалтай байсан. Тухайн үед хажууд нь жижүүр ирсэн байсан. Би доороос нь өргөөд жижүүрээр боосон хэсгийг нь тайлуулсан. Тэр үед эхнэр маань амьсгалахгүй байсан. Шатан дээр тавиад хиймэл амьсгаа хийтэл эхнэр маань амь орсон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Тэр үед нь эхнэрийн маань амнаас хөөс, цус гараад түргэн дуудсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Тухайн үед эхнэр маань 3 хоног сэхээнд, 1 сар эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд би Т-ын биеийн байдлыг ямар байгааг огт мэдээгүй. Нэг сарын дараа Т-тай уулзахад “ийм зүйл болсон, өргөдөл өгсөн байгаа” гэж надад хэлсэн. Тухайн үед эхнэр маань хүнд байдалтай байсан болохоор Т-т мөнгийг нь өгч чадаагүй гэв.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Т мэдүүлэхдээ: Гомдол санал байхгүй. Шүүгдэгч Б.Т хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Т /хх-ийн 11-13/, гэрч Б. /хх-ийн 19/, яллагдагч Б.Т /хх-ийн 16/ нарын өгсөн мэдүүлэгүүд,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10355 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/, шүүгдэгч Б.Т-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Лакс” баарны гадна хохирогч В.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч В.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би түүнээс “яасан бэ эхнэрээ олсон юм уу” гэж асуусан чинь миний эхнэрийг “олсон уу” гэж асуудаг хэн бэ гээд шууд миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд би шууд газарт унасан. Тэгэхэд дээрээс минь нүүр рүү дахиж нэг удаа цохиод 2 удаа өшиглөсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт очиход миний хамарны яс бяцарсан байна гэсэн. Нийтдээ 2 сая төгрөг Б.Т-с нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

 

Гэрч Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т  Тү-н нүүрэн тус газар руу нь 1-2 удаа цохиод, тэр хавьд байсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Яллагдагч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Т “эхнэр чинь хааччихсан юм бэ” гээд байхаар нь миний уур хүрээд нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа цохиод, тэгээд би таксинд суугаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10355 дугаар дүгнэлтэд: “...В.Т-ын биед хамар яс, доод эрүүний үнийн сэртэн хоншоор ясны урд хана хугарсан, хамрын таславч мурий зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21/  бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан болон согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал тус тус нөлөөлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

            Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т-ийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааса эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Т-т торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Т-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч В.Т нь гомдол саналгүй тухай хүсэлтээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлснийг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Т нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 01 /нэг/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                   

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР