| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 2034004490198 |
| Дугаар | 2023/ДШМ/74 |
| Огноо | 2023-10-20 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2023/ДШМ/74
2023 10 20 2023/ДШМ/74
Д.Цд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сонинмөнх
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувд
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч
Г.Энхжавхлан
Цагаатгагдсан этгээд Д.Ц
Цагаатгагдсан этгээд Д.Цэцэгдарийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/205 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Цийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18 тоот эсэргүүцэл, хохирогч хуулийн этгээд “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Цд холбогдох эрүүгийн 2034004490198 дугаар хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
"""""""""""""""""""""""""""""""""""""""""""
Д.Ц нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн ШТС-54 дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа 12.000 литр, нэг литр нь 2400 төгрөгийн үнэ бүхий 28.800.000 төгрөгийг түлшийг хувийн дансаар авч дутагдуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн прокурорын газраас Д.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Доржсүрэнгийн Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034001490198 дугаар хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байдал үүссэн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, эрүүгийн 2034001490198 дугаар 2 хавтас хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, хохирогч "МТ МАРКЕТ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхин шийдвэрлэжээ.
Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Ц 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 18 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй, хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: Цагаатгах тогтоолд “...байгууллагын ажилтантай хийсэн ажлын байрны тодорхойлолтын 2 дахь хэсэгт “Байнгын хэрэглэгч нартай тогтоосон уламжлалт харилцаагаа улам бэхжүүлэх, шинэ хэрэглэгч олох талаар ШТС-ын борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын зах зээлээ алдахгүй байх талаар бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн идэвх санаачилгатай ажиллах” гэж, гэрч Ж.Даваагийн мэдүүлэгт “Д.Отгон нь намайг МТ ХХК-нд түгээгчээр ажиллаж байхад 2007-2012 оны хооронд “Уулс Заамар” ХХК-тай түлшний гэрээтэй байсан. 2007 оноос хойш Д.Отгоныг ажил хэргийн шугамаар таньдаг болсон” гэх мэдүүлгээр урьдын харилцаатай тухайн байгууллагаар үйлчлүүлдэг байсан нь тогтоогддог...” гэжээ.
Гэтэл гэрч Ж.Даваа нь 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “...би 2007 оноос хойш Д.Отгон гэх хүүхнийг таньдаг, ажил хэргийн шугамаар танилцсан. Түүнээс өөрөөр ямар нэг найз нөхдийн харилцаа холбоо байхгүй...” гэж мэдүүлснийг шүүх утга найруулгыг нь алдагдуулан эрс өөр байдлаар бичиж, улмаар урьдын харилцаатай тухайн байгууллагаар үйлчлүүлдэг байсан нь тогтоогддог гэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн тогтоолд “...шатахуун түгээх станцын түгээгч Ж.Даваа нь тухайн станцад 2005 оноос хойш ажиллаж, Д.Отгонтой шатахуун зээлээр өгч авдаг байсан нь нотлогдож байх бөгөөд Ж.Даваа нь Д.Отгонтой урьдын танил найз нөхдийн харилцаанд үндэслэн эрхлэгч Д.Цэцэгдарийг Улаанбаатар хот руу явсан хойгуур утсаар асууж Д.Отгоныг мөнгө төгрөгтэй боломжийн, урьд нь зээлээр шатахуун өгдөг байсан талаар итгүүлэн шүүгдэгч Д.Ц тухайн шатахуун түгээх станцад олон жил ажилласан түгээгч Ж.Даваад итгэн Д.Отгонд шатахууныг зээлээр өгөхийг зөвшөөрсөн байх бөгөөд Д.Цэцэгдарийн эзгүйд Ж.Даваа нь Д.Отгонд зээлээр шатахуун өгсөн болох нь тогтоогдсон.
Уг шатахууны орлогыг Д.Ц өөрийн эзэмшилд оруулж үрэгдүүлээгүй. Д.Отгон зээлээр авсан шатахууны төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйн улмаас уг асуудал үүссэн байна. Дээрхээс дүгнэн “МТ Маркет” ХХК нь шүүгдэгчийн харилцдаг гэрээтэй байгууллагуудад зээлээр шатахуун өгөх байтал гэрээгүй хүнд зээлээр дээд газрын зөвшөөрөлгүй шатахуун өгсөн, үүнийгээ нуун дарагдуулсан гэж маргасныг хүлээн авах боломжгүй...” гэж цагаатгах үндэслэлээ тайлбарлажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувд, гэрч Р.Лхасүрэнжав, Ч.Амарбаясгалан, П.Мөнхболд. Д.Бадамханд нарын мэдүүлгүүд, “Гроут финанс аудит” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22/01 дугаар дүгнэлт болон уг дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Бямбын мэдүүлэг, ХААН банкны 5024729348, 5752001434 тоот дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар Д.Ц нь зээлээр олгосон 28.800.000 төгрөгийг нуун дарагдуулах зорилгоор санхүүгийн тайланг хуурамчаар үйлдэж, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг бусдад зээл олгох нэрийдлээр дур мэдэн шилжүүлсэн болох нь тогтоогдсон.
Тодруулбал: Шүүгдэгч Д.Ц нь “М” ШТС-54 салбарт эрхлэгчээр ажиллах хугацаандаа Д.Отгонд 28.800.000 төгрөгийн үнэ бүхий 12 тонн шатахууныг зээлээр олгох зөвшөөрлийг өгч, улмаар уг түлшний үнэ болох 15.500.000 төгрөгийг ээж Д.Отгонтуяагийн 5752001434, өөрийн эзэмшлийн 5024729348 тоот дансаар тус тус шилжүүлэн авч, зээл төлөх хэлбэрээр хувьдаа завшсан үйл баримт нотлогдсон байхад, шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр шүүгдэгчийг цагаатгажээ.
Мөн анхан шатны шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаарх үндэслэлээ цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасныг, мөн хохирогч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хохирогчийн эрхийг тус тус зөрчсөн гэж дүгнэхээр байна.
2. Шүүх хэргийг цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгож, шүүгдэгчид авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийг цагаатгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримталсан нь Улсын дээд шүүхийн тайлбараас эрс зөрүүтэй байгаа нь “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Хохирогч “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг илтэд гуйвуулан тайлбарлаж хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэв.
Учир нь: Хэрэгт авагдсан гэрч Д.Отгоны өгсөн: “...өөрийн найз Ж.Даваагаар дамжуулан 50 гаруй сая төгрөгийн түлшийг 2019 оны эхээр зээлээр авч байсан. Үүнээс хойш зээлээ цувуулж төлсөөр байгаад 5.030.000 төгрөгийн үлдэгдэл байгаа...” гэх,
Гэрч Г.Бадамхандын өгсөн: “...манай захирал Д.Отгон 2019 оны хавар “М” ХХК-ийн Заамар сумын Хайлааст багт байрлах шатахуун түгээх станцаас хувьдаа 50 гаруй сая төгрөгийн түлш зээлээр аваад түүнийхээ тооцоог нийлэхдээ намайг дагуулж хот орсон...” гэх,
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувдын өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын эцсийн тайланг шалгах явцад 5.530.000 төгрөгийн дутагдал гарсан...” гэх,
Шүүгдэгч Д.Цэцэгдарийн өгсөн: “...Ж.Даваа эгч залгаад Д.Отгон миний найз байгаа юм. Их олон жил бичил уурхай ажиллуулж байгаа, найдвартай 12 тонн шатахуун зээлээр өгөөч гэж гуйгаад сар дуусахаас өмнө тооцоогоо дуусгана гэхээр нь би орлогоо бодоод зөвшөөрсөн...” гэх зэрэг мэдүүлгүүдээс анх Д.Отгон “М” ХХК-аас 50 сая төгрөгийн түлш авсан уу, 28.800.000 төгрөгийн түлш авсан уу гэдэг нь тодорхойгүй.
Хэрэгт “Гроут Финанс Аудит” ХХК шинжээчийн дүгнэлт гаргасан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэйг нотлох баримт бичиг хэрэгт авагдаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй гэж үзэв гэж дүгнэсэн. Гэвч хохирогч байгууллагын зүгээс тухайн шинжээчээр дүгнэлт гаргасан байгууллагын шинжээчээр ажиллах эрхтэй эсэхийг шалган тогтоох боломжгүй бөгөөд түүнийг цагдаагийн байгууллага буюу мөрдөгчийн зүгээс томилсон байдаг.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Цэцэгдарийн өгсөн шатахууны борлуулалтын тайлангаар 12.000 литр шатахуун бусдад өгсөн байсан...” гэх мэдүүлэг, мөн шүүгдэгч Д.Ц, гэрч Ж.Даваагийн мэдүүлэг зэргээр 12.000 литр шатахуун авсан гэдэг нь тодорхой байдаг. Нөгөөтэйгүүр шинжээчийн дүгнэлт, Д.Цэцэгдарийн өгсөн анхан шатны тайлан зэргээр хангалттай нотлогддог.
Д.Ц нь тус зээлээр олгосон шатахууны төлбөрийг өөрийн болон ээжийнхээ дансаар хүлээн авч, компанид буцаан төлөхдөө тодорхой хугацаа өнгөрч энэ хугацаанд машины зээл болон хэрэглээний зардлуудаа төлж байсан болох нь хэргийн материалд авагдсан дансны хуулгуудаас тодорхой харагдаж байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй. Шатахууны орлогыг Д.Ц өөрийн эзэмшилд оруулж үрэгдүүлээгүй. Тухайн шатахууныг зээлээр авсан Д.Отгон шатахууны үнийг төлж үлдэх хохирлоо барагдуулахаа илэхийлсэн болох нь хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувд ... нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон зэргээр мэдүүлгийг гуйвуулж, нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт өгснөөс гадна байгууллагаас ажилтантай хийсэн ажлын байрны тодорхойлолтын 2 дахь хэсэгт “Байнгын хэрэглэгч нартай тогтоосон уламжлалт харилцаагаа улам бэхжүүлэх, шинэ хэрэглэгч олох замаар ШТС-ын борлуулалтыг нэмэгдүүлэх, борлуулалтын зах зээлээ алдахгүй байх талаар бүх үйл ажиллагаагаа чиглүүлэн идэвх санаачилгатай ажиллах” гэх хэсгийг яллагдагчид ашигтай байдлаар борлуулалт хийж байгаа тохиолдолд хэнд ч хамаагүй шатахуун олгож болох мэтээр тайлбарласан боловч хавтаст хэрэгт авагдсан байгууллагын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил хэсэг дэх “Шатахуун болон бусад бараа материалыг бусдад удирдлагын зөвшөөрөлгүйгээр зээлээр олгосон” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох буюу цуцална гэснийг болон яллагдагч Д.Ц энэхүү заалтаар 2019 онд ерөнхий захирлын 77/19 тоот тушаалаар дээрх үндэслэлээр сахилгын шийтгэлээр шийтгэгдэж байсныг харгалзан үзээгүй зэргээр хохирогч компанийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.
Иймд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/205 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сонинмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд гэрч нарын мэдүүлгийг утга найруулгыг нь алдагдуулан бичсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Д.Ц нь 28.800.000 төгрөгийн шатах, тослох материалыг бусдад дур мэдэн өгч мөнгийг нь өөрийнхөө болон ээжийнхээ дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан байдаг нь хэрэгт авагдсан дансны хуулга, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон. Мөн Д.Отгоны шатахууны төлбөрт төлсөн мөнгийг хамгийн багадаа 6 хоногийн дараа байгууллагынхаа данс руу шилжүүлсэн байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хуульд нийцээгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Хохирогч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувдын өмгөөлөгч Г.Энхжавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг дүгнэлт гаргах эрх бүхий этгээд гаргасан эсэхийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж дүгнэдэг. Гэхдээ хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаас үзвэл Д.Цэцэгдарийн болон түүний ээжийн дансаар мөнгө орж гарсан гэдэг нь тодорхой харагддаг. Хэдийгээр Д.Ц нь тухайн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан ч гэсэн дур мэдэн гэрээгүй байгууллагад шатахуун өгөх эрхгүй этгээд юм. Мөн Д.Ц нь тус 12.000 тонн шатахууныг зараагүй гэж хүртэл тайлангаа гаргаж өгсөн байдаг. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү, прокурорын эсэргүүцлийн дэмжиж байна гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2019 оны 3 дугаар сарын 01-нд тухайн салбарын эрхлэгчээр ажилд орсон. Тус шатахуун түгээх станц сумын төвөөс 12 км-ийн зайтай алслагдмал, хамгаалах хүнгүй байсан тул орлогоо дансаараа авч байгаад 10 хоноод тушаадаг байсан. Мөн төвөөс шинэ “пос”-ын машин өгсөн боловч сүлжээ нь болдоггүй байсан учир борлуулалтын ихэнх мөнгийг дансаараа авч байсан, харин өөрийнхөө дансанд байсан цалингаа хувийн хэрэгцээндээ зарцуулж байсан гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Цэцэгдарийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 50.000.000 төгрөг үү 28.800.000 төгрөг үү гэдгийг тогтоож чадаагүй, энэ талаар гэрч нар зөрүүтэй мэдүүлдэг учир эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдлын үндэслэл нь шатахууны төлбөрт шилжүүлсэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан нь тогтоогдсон гэх агуулгатай байх боловч энэ нь яллах дүгнэлтэд огт тусгагдаагүй асуудал. Иймд давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө ү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх цагаатгагдсан этгээд Д.Цд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Цийн бичсэн эсэргүүцэл, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь цаашид хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, ингэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг энэ хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.
Мөн материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг.
4. Төв аймгийн прокурорын газраас Д.Ц нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Туулын гүүр” гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн ШТС-54 дүгээр салбарт эрхлэгчээр 2019 оны 5 дугаар сард ажиллаж байхдаа 12.000 литр, нэг литр нь 2400 төгрөгийн үнэ бүхий 28.800.000 төгрөгийг түлшийг хувийн дансаар авч дутагдуулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа авч завшсан гэж үзэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
5. Анхан шатны шүүх ...Ж.Даваа нь тухайн станцад 2005 оноос хойш ажиллаж Д.Отгонтой шатахуун зээлээр өгч авдаг байсан нь нотлогдож байх бөгөөд Ж.Даваа нь Д.Отгонтой урьдын танил найз нөхдийн харилцаанд үндэслэн эрхлэгч Д.Цэцэгдарийг Улаанбаатар хот руу явсан хойгуур асууж Д.Отгоныг мөнгө, төгрөгтэй боломжийн, урьд нь зээлээр шатахуун өгдөг байсан талаар итгүүлэн шүүгдэгч Д.Ц тухайн шатахуун түгээх станцад олон жил ажилласан түгээгч Ж.Даваад итгэн Д.Отгонд шатахууныг зээлээр өгөхийг зөвшөөрсөн байх бөгөөд Д.Цэцэгдарийн эзгүйд Ж.Даваа нь Д.Отгонд зээлээр шатахуун өгсөн нь тогтоогдсон. Уг шатахууны орлогыг Д.Ц өөрийн эзэмшилд оруулж үрэгдүүлээгүй. Тухайн шатахууныг зээлээр авсан Д.Отгон шатахууны үнийг төлж, үлдэх хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн болох нь хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувд, иргэний хариуцагч Д.Отгон нарын өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Д.Отгон зээлээр авсан шатахууны төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүйн улмаас уг асуудал үүссэн.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэдэг нь гэмт этгээд түүнд итгэмжлэн өгсөн бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулахдаа өмчлөгчид эд зүйлс, өмч хөрөнгөтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр өгөхгүй байхыг ойлгоно. Гэмт этгээд нь завшсан эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулсан боловч түүнийг үрэгдүүлээгүй байна.
Эд хөрөнгө завших гэдэг нь бусдын эд хөрөнгийн өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтын шаардлагагүйгээр буцаан өгөхгүй байх, гэмт этгээд өмчлөгчид нь үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон байдаг. Д.Ц энэ гэмт хэргийг үйлдэх шунахай сэдэлт, шууд санаагүй материаллаг ашиг олох зорилгогүй субьектив шинж байхгүй.
Мөн Д.Отгон нь “М” ХХК-аас 50.000.000 төгрөгийн түлш авсан уу, 28.800.000 төгрөгийн түлш авсан уу гэдэг нь тодорхойгүй, “Гроут Финанс Аудит” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй хэмээн гэрч Ж.Даваа болон хавтаст хэргийн 1-р хавтасны 28-30 дугаар талд авагдсан “МТ Маркет” ХХК-ийн “ШТС-ын эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт”-ын 1.2 дахь хэсгийн 1.2.1-ийн 2-т заасан зэргийн утга найруулгыг алдагдуулан өөрөөр буюу тухайн хэрэгт тогтоогдоогүй нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийн тайлбарлаж, үүнийгээ үйл баримтын болон хууль хэрэглээний эргэлзээтэй байдал үүссэн хэмээн үзэж Д.Цд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т тус тус зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь өөрөөр ойлгон, буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийг бүхэлд нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан “...шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга”..., “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...” гэх шаардлагыг хангаагүй байна.
Энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.10-т тус тус зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул энэ талаар бичсэн Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор М.Цийн эсэргүүцэл, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Оюунсувдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Ц нь “МТ Маркет” ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 39/19 тоот тушаалаар “ШТС-54” дүгээр салбарын эрхлэгчээр томилогдон ажиллаж байхдаа түгээгч Ж.Даваагийн гуйлтын дагуу албан тушаалын байдлаа ашиглан иргэний хариуцагч Д.Отгонд 28.800.000 төгрөгийн үнэ бүхий 12.000 литр шатахууныг өгсөн,
улмаар уг шатахууны төлбөрт Д.Отгоны шилжүүлсэн төлбөрийн зарим хэсгийг өөрийн болон эх Д.Отгонтуяагийн Хаан банк дахь 5024729348, 5752001434 тоот дансаар шилжүүлэн авч тодорхой хугацааны дараа байгууллагынхаа дансанд шилжүүлж байсан байх ба үлдэх хэсгийг нь нэр бүхий хуулийн этгээдүүдээс авлагатай мэт ойлгогдохоор “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтыг хуурамчаар үйлдүүлэн авч тухайн байгууллагадаа гарган өгч байсан гэх үйл баримтууд нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Гэтэл прокурорын шатанд хэргийн дээрх үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийн холбогдогчийг яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн эсэхийг анхан шатны шүүхээс анхааран хянаж үзэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.
7. Дээрх алдаа, зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох өөрчлөх үндэслэлүүдэд хамаарч байна.
8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр гаргахад чиглэгдэн цугларсан нотлох баримтууд нь хоорондоо шууд болон шууд бусаар харилцан холбоотой байж, хэрхэн хэргийн үйл баримтыг тодорхойлон илэрхийлж байгаагаар нь нотлох баримтын цогц байдлыг үүсгэдэг хэмээн үздэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт уг хэргийн хүндрүүлэх шинжийг тодорхойлон хуульчлан тогтоосон байдгийг анхаарвал зохилтой.
9. Иймд Д.Цд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
10. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаасан тул цагаатгагдсан этгээд Д.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/205 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол цагаатгагдсан этгээд Д.Цд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
М.МӨНХДАВАА