Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 124/ШШ2025/0021

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: З овгийн Ц-ын Б, Увс аймгийн ..... суманд оршин суух,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Мд холбогдуулан гаргасан,

Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0057940 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.Б, хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Ц.Б нь тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Мд холбогдуулан “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0057940 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг гаргасан.

2.Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0057940 дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Бт Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

3.Хэрэгт шийтгэлийн хуудсыг 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гардан авсан тухай тэмдэглэл хавсаргагдсан байх ба Ц.Б шүүхэд гомдлоо 2025 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан  хугацаанд буюу шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор, хуулийн хугацаанд шүүхэд хандсан байна.

4.Гомдол гаргагч Ц.Б шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Төрийн аудитын газрын гаргасан зөвлөмж нь хууль тогтоомжид нийцээгүй.Данс байхгүй байхад юуг үндэслэж зардлын тайланг хянаж зөвлөмж гаргасан нь ойлгомжгүй байна.

Сумын хурлын сонгуульд манай сумын ардчилсан намаас намайг нэр дэвшүүлэх талаар хэлсэн. Миний бие Улаанбаатар хотод шулуун гэдэсний хагалгаанд орох тул боломжгүй гэх хариуг өгсөн. Тус сонгуульд 21 хүнийг нэр дэвшүүлэх ёстой, хүн гүйцэхгүй байна гээд намайг нэр дэвшүүлсэн байсан.Би зөвшөөрөөгүй боловч намайг иргэний үнэмлэхээ өгөөч гэхээ нь манай гэрээс очоод авчих гэхэд очиж аваад намайг нэр дэвшүүлсэн.

 Намайг эмчилгээтэй байхад сонгуульдаа ирж оролц гэж хэлсэн ч би оролцохгүй гэж хэлсэн.Сонгуульд нэр дэвшигч данс нээлгэх ёстой байсан ч би данс нээлгээгүй. Тухайн нэр дэвшсэн 19 хүнээс 18 хүний дансанд аудит хийлгэсэн байсан. Миний бие данс нээлгээгүй байсан учир аудит хийхгүй гээд хийгээгүй байсан. Сонгууль өнгөрсний дараагаар шийтгэлийн хуудас ирсэн байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт  Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно гэж заасан. Дээрх хуульд заасан боломжийг надад олгоогүйд гомдолтой байна. Миний бие эхнэрийн хамт амьдардаг. Хүүхдэд минь оюутан. Үүнийг харгалзан үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 5.Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М шүүхэд  ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн "Аймаг, нийслэл, сум. дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх" сэдэвт аудитаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нам, нэр дэвшигчдэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах" зөвлөмжийг Увс аймаг дахь Төрийн аудитын газраас Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн.

Дээрх зөвлөмжийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн, аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх С.Нандинцэцэгээр хянуулж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56.3, 56.5, 80.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.21 дэх заалтыг баримтлан Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч талаас “төрийн аудитын байгууллагын зөвлөмж хуульд нийцээгүй байхад шийтгэл оногдуулсан,аудитын байгууллага аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно гэж заасныг хэрэгжүүлээгүйд  гомдолтой байна.  Эхнэрийн хамт амьдардаг, хүүхэд оюутан зэргийг харгалзан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн тайлбар гарган гомдлын шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаас ”Увс аймаг дахь төрийн аудитын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвлөмжийг санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн, зөвлөмжийн дагуу прокуророор хянуулан шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн” гэсэн тайлбар гарган гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0057940 дугаартай шийтгэлийн хуудсаар 2024 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшигч Ц.Б сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад ирүүлээгүй нь аудитын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

5.Ц.Б-т холбогдох зөрчлийн 2535000125 дугаартай хэрэгт аудитор Р.Аюушийн гэрчийн мэдүүлэг, Ц.Б-ын холбогдогчоор өгсөн мэдүүлэг, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” сэдэвт нийцлийн тайлан, Өмнөговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4-р тойрогт нэр дэвшсэн иргэдийн авсан саналын талаарх аймгийн сонгуулийн хорооны мэдээлэл зэрэг баримтууд авагджээ.

6.Гомдол гаргагч Ц.Б нь 2024 оны Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгох сонгуульд АН-аас нэр дэвшсэн талаар Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мэдүүлсэн, сонгуульд Ц.Б нь 89 иргэний санал авсан талаар аймгийн сонгуулийн хорооны мэдээлэл зөрчлийн хэрэгт авагдсан ба энэ талаар талууд маргаангүй болно.

7.Увс аймгийн Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай тушаалаар “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” сэдэвт нийцлийн тайланг баталгаажуулсан байх ба уг тайлангийн 1-р хавсралтаар төрийн аудитын байгууллагад сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй нэр дэвшигчдийн нэрсийг, 2-р хавсралтаар сонгуулийн зардлын дансны дугаар,банкны нэрийг бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн нэрсийг баталсан байна.

Гомдол гаргагч Ц.Бын хувьд сонгуулийн зардлын тайлан ирүүлээгүй болон дансны дугаар,банкны нэрийг бүртгүүлээгүй нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтад бичигджээ. 8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-т “Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал /цаашид "сонгуулийн зардал" гэх/ гаргана” , мөн хуулийн  50 дугаар зүйлийн 50.2-т “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ”, 50.3-т “Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” , 56 дугаар зүйлийн 56.1-т “Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана”, 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж , мөн зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хариуцлага хүлээлгэхээр заажээ.

9.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан “нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийн шинжийн хувьд нэр дэвшигч банканд нээлгүүлсэн сонгуулийн зардлын дансны тайланг ирүүлээгүй байх нөхцөлийг шаардахаар байна.Өөрөөр хэлбэл, нэгэнт нээгдээгүй дансанд дансны тайлан гаргах боломжгүй тул зөрчлийн уг заалтаар нэр дэвшигч Ц.Бт хариуцлага хүлээлгэсэн нь  үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д заасан “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно” гэсэнтэй нийцээгүй байна.

10. Харин нэр дэвшигч сонгуулийн зардлын дансыг нээлгэж, төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд холбогдох хариуцлагаас чөлөөлөгдөхгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан хариуцлагыг хүлээхээр байна.

Иймд гомдол гаргагч Ц.Бын хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хариуцлага хүлээхгүй байх эрх ашиг, сонирхлыг хөндсөн гэж үзэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

11.Гомдол гаргагчийн гаргасан гомдлын үндэслэлийн хувьд “төрийн аудитын зөвлөмжийг үндэслэж шийтгэлийн хуудас гаргасан” гэх гомдлыг шүүх хүлээн авсан ба харин “Эхнэрийн хамт амьдардаг, хүүхэд оюутан” гэх үндэслэлүүд нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болоогүй болохыг тэмдэглэв.

Мөн эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгахдаа нэр дэвшигчийн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийх үүрэгтэй тул хариуцагчийн гаргасан “ төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэсэн, прокурорт хянуулсан” гэх тайлбарууд нь шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх үндэслэл болохгүйг дурдав.

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасан тул Ц.Бын урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажиллаж буй байгууллага болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70.200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.Б-ын гомдлыг бүхэлд нь хангаж Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М-ийн үйлдсэн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0057940 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан гомдол гаргагч Ц.Б-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЦЭЦЭГ