Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 182

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

            Шүүгдэгч Ө.Н, Ш.Б,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

            Орчуулагч Т.Естай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Уахшахай овогт Өркений Ө.Н, Шыбарайгыр жүзиг овогт Шаймуратын Ш.Б нарт холбогдох эрүүгийн 1709026330035 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.Б, Ө.Н нар нь бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны хойд талын явган хүний замаар явж байсан У.Тэмүүжинг гудамжинд хэл амаар доромжилж орилсон гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын үзүүр, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч У.Тэмүүжингийн: “...Би тэр шөнө эгч Б.Ундрахтай уулзчихаад харихаар хамтдаа хорооллоос 100 айл хүртэл алхаад явж байсан. Тэгээд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Автоплаза төв өнгөрөөд явж байхад бид хоёрын ар талаар 2 эрэгтэй хүн зам гараад явсан юм. Тэр хоёр бид хоёрын араар явахдаа орилоод, чарлаад явж байсан. Тэгэхээр нь би тэр хоёр луу хандаж яах гээд байгаа юм бэ гэж орилсон тэгсэн чинь манай эгч намайг боль ингээд явъя гээд хориглосон. Тэгсэн чинь тэр хоёр залуу ирээд тэр хоёр залуутай би зодолдоод тэр хоёр намайг зодож цохисон. Би яг хэн нь цохисныг санахгүй байна, ирээд нэг нь шууд намайг цохисон, би нэгэнтэй нь барилцаж аваад зам дээр унасан... гэх мэдүүлэг /хх-30/,

Гэрч Б.Ундрахын: “...Би тэр шөнө хороололд найз охинтойгоо уулзчихаад үеэл дүү Тэмүүжинтэй хороололд уулзаад харихаар хамтдаа хороололоос 100 айл хүртэл алхаад явж байсан. Тэгтэл Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Автоплаза төв өнгөрөөд 1 дүгээр байрны ар талын зам дээр 01 цаг 30 минутын үед явж байхад бид хоёрын ар талаар хоёр эрэгтэй хүн зам гараад явсан юм. Тэгтэл тэр хоёр орилоод бид хоёрт хандаж юм хэлээд бйх шиг байсан. Тэгсэн чинь манай дүү Тэмүүжин тэр хоёрыг зам гараад явж байхад нь тэр хоёрт хандаж орилсон. Тэгээд тэр хоёр луу явах гэхэд нь би болиулаад хориглосон. Тэгтэл тэр хоёр залуу бид хоёр дээр ирсэн. Тэгээд тэр хоёр залуу 2 талаас нь нийлээд л зодоод байсан…” гэх мэдүүлэг /хх-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 202 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Тэмүүжингийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын үзүүр, дээд уруулд зулгаралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
  4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх-39/,

Шүүгдэгч Ш.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхлйлох бусад баримтууд /хх-54-82/,

Шүүгдэгч Ө.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдлыг тодорхойлох бусад баримт /хх-85-91/ зэрэг болно.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Учир нь шүүгдэгч  Ш.Б, Ө.Н нар нь бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны хойд талын явган хүний замаар явж байсан У.Тэмүүжинг гудамжинд хэл амаар доромжилж орилсон гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын үзүүр, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болохоо өөрсдөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Шүүх шүүгдэгч Ш.Б, Ө.Н нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар Ш.Б, Ө.Н нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...шүүгдэгч тус бүрт 500 нэгж, буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Б, Ө.Н нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Уахшахай овогт Өркений Ө.Н, Шыбарайгыр жүзиг овогт Шаймуратын Ш.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө.Н, Ш.Б нарыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.Н, Ш.Б нар нь 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Н, Ш.Б нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ө.Н, Ш.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Н, Ш.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР