Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/75

 

 

 

 

 

 

 

 

2023         10           20                                     

              2023/ДШМ/75

        

 

 

Б.ад холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

           

            Прокурор

            Шүүгдэгч Б.

            Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Ц.Х, Б.Б

            Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Б.Б нарын тус бүр гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.ад холбогдох эрүүгийн 2134001020310 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

..............................................................

 

Б. нь Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ““““““““““““““УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн 3-4313 дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Эд зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон,

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Ганбилэгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн “илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж Д.Эд холбогдох бүртгэлийн 3-4313 дугаар Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол” үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Урайнхай овогт ““““““““““““““ ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял дээр, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5385 нэгж буюу 5.385.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б. энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б. гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б. нь 2020 оны 12 дугаар сарын 25-нд Төв аймаг Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд иргэн Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх зөрчлийг шалгахдаа албан тушаал болон бусдад давуу байдал олгосон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг зөрчиж 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс “Цагдаагийн байгууллагын дотоод журам”, “Цагдаагийн Ерөнхий газрын даргын дотоод хяналт шалгалт”, Авлигатай тэмцэх газар тус тус шалгагдаж 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр албан тушаал бууруулах хариуцлага тооцож арга хэмжээ авагдсан.

2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн байгууллагад дахиж хэзээ ч орохгүйгээр халагдсан.  

Мөн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 5385 нэгж буюу 5.385.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр торгуулийн ялыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд гаргасан алдаа дутагдалаа анхнаасаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож маш их гэмшиж байна.

Иймд давж заалдах хуралдаа өөрийн биеэр оролцох хүсэлтэй байна. Миний амьдралыг болон ар гэр, эхнэр хүүхдийг маань харгалзан үзэж тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний бие уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах хоёр үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

 

Үүнд: Нэг: Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар:

Тус аймгийн Бүрэн сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Ганбилэгийн” Илтгэх хуудас”-ыг устгасан, хуурамчаар үйлдсэн гэх асуудлыг уг зүйл, хэсгээр зүйлчилсэн нь учир дутагдалтай байна.

1. Энэ зүйлд заасан хэргийг хянан шийдвэрлэхэд “хохирогч, гэрчээс гаргаж өгч байгаа мэдээллийг урьдчилан үнэлж, нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж байна” гэж үздэг.

2. Ө.Ганбилэгийн “Илтгэх хуудас” нь тухайн зөрчлийг шийдвэрлэхэд “ач холбогдол бүхий нотлох баримт” биш юм. Өөрөөр хэлбэл илтгэх хуудас нь өөр баримтуудаар давхар нотлогдож байж тухайн баримтуудын хувьд эх сурвалж нь болох ёстой.

3. Ө.Ганбилэгийн илтгэх хуудсанд агуулагдсан мэдээлэл болох “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх зөрчлийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг нотолсон баримт буюу согтуурлыг шалгах драйгер багаж үлээлгэсэн баримт, уг баримтаар согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон байх, тухайн этгээдийн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар мэдүүлэг гэх мэт баримтаар давхар нотлогдсон байх ёстой.

4. Ингэж нотлогдсон тохиолдолд, эсхүл эдгээр нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд “ач холбогдол бүхий нотлох баримт”-ыг устгасан, хуурамчаар үйлдсэн асуудал яригдах боломжтой болно.

5. Хэргийн материалаас харахад зөрчилд холбогдогч Д.Эг тухайн үедээ драйгер багаж үлээлгэж согтуурлыг шалгасан баримт байхгүй, мөн зөрчилд холбогдогч нь машиндаа сууж байсан, тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэж тайлбар өгсөн байдаг.

6. Дээрх илтгэх хуудас нь гэмт хэргийн талаарх мэдээлэл биш болно.

7. Уг зөрчлийг шүүхээр шийдвэрлээгүй, илтгэх хуудас нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Тийм ч учраас түүнийг тус аймгийн Цагдаагийн газраас Цагдаагийн Ерөнхий газарт мэдэгдэн улмаар түүнд сахилгын шийтгэл оногдуулж цол бууруулж офицерын бүрэлдэхүүнээс хасаж, мөн албан тушаал бууруулан эргүүлийн цагдаа болгон шийтгэсэн байдаг.

 Иймээс Б.ын үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хоёр. Ял шийтгэл оногдуулсан байдлын талаар:

Б.ад ял шийтгэл оногдуулахад дараах хэд хэдэн шалтгаан нөхцөлийг харгалзан үзэх үндэслэлтэй байна.

Үүнд: 1. Анхан шатны шүүхээс өмнө нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 362 тоот шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгэж байсан бол 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 290 тоот шийтгэх тогтоолоор хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Өөрөөр хэлбэл нэг шүүгч нэг хэргийг хоёр удаа шийдвэрлэхдээ хоёр өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан нөхцөл байдал харагдаж байна.

2. Сүүлд хорих ялын төрлийг сонгон хэрэглэх болсон үндэслэлээ “хувийн байдал”-ыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж тодорхойлсон байна. Тэгвэл хувийн байдал гэдэгт маш олон зүйл багтдаг бөгөөд үүний дотроос анхан шатны шүүх “урьд ял шийтгүүлсэн” гэх нөхцөлийг сонгон ялын төрлийг хүндрүүлсэн байна.

3. Гэхдээ шийтгэх тогтоолд “шүүгдэгч Б.ад мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн байна.

4. Шүүх нэгэнт хөнгөрүүлэн үзэх дээрх үндэслэлүүд байна гэж үзсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээгүй төдийгүй хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн атлаа ялын төрлийг өмнөхөөс хүндрүүлсэн, улмаар биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

5. Шүүхийн хүндрүүлэн үзсэн “хувийн байдал” гэдэгт нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Б. 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 тоот шийтгэх тогтоолоор 5385 нэгж буюу 5.385.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг ялыг биелүүлээгүй байсан.

6. Уг торгох ялыг биелүүлж амжаагүй шалтгаан нь шийтгэх тогтоолыг 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байх хугацаанд хүчин төгөлдөр болсон, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх хуудас нь бичигдсэн, 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэнтэй холбоотой байна. /Холбогдох баримтыг хавсаргав/.

7. Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэх, шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдэх хооронд буюу 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүх хурал болж түүнд хорих ялын төрлийг сонгон хэрэглэх үндсэн шалтгаан болсон байна.

8. Тэгвэл түүний 5.385.000 төгрөгийн торгох ялыг бүрэн барагдуулсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байгаа. /холбогдох баримтыг хавсаргав/

9. Шүүхийн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан байна.

Иймд шүүхийн “хувийн байдал” гэх нэрийн дор эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нөхцөл байдал арилсан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж давж заалдах шатны шүүхэд хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмын дагуу Б.ад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс хуульд заасны дагуу оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал учир прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Ц.Х тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд торгох ял оногдуулах хүсэлт гарган оролцон боловч шүүхээс хуулийг буруу хэрэглэж хорих ял оногдуулсан учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.ад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.ад холбогдох хэргийн мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Төв аймгийн прокурорын газраас Б.ыг Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Эг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ““““““““““““““УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн 3-4313 дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Эд зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон,

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Ганбилэгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бичсэн “илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж Д.Эд холбогдох бүртгэлийн 3-4313 дугаар Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол” үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

3. Анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.ыг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нь 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван мянга гурван зуун наян таван нэгж буюу 5.385.000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохоор...” шийдвэрлэжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан шүүгдэгч Б.ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, таван мянга гурван зуун наян таван нэгж буюу 5.385.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүй байх тул уг шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан гэж үзэх боломжгүй юм.

Хэдийгээр шүүгдэгч Б.ын өмгөөлөгч Б.Бээс тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулсан талаарх төлбөрийн хүсэлт, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 204 дугаар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол[1] зэргийг хавсарган ирүүлсэн байх боловч уг баримтууд нь анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй...” гэж заасан учир тус шүүхээс дээрх баримтуудыг үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй болно.

 

5. Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч Б.ад Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан талаар дурдсан атлаа уг ялыг цаашид хэрхэн эдлүүлэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь ойлгомжгүй эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

6. Дээрхээс дүгнэн үзвэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргасан, уг зөрчлүүдийг нь давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй ба эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарч байгаа болно.

 

7. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

8. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаан шийдвэрлэсэн тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан “...Б.ад холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгуулах болон түүнд оногдуулсан хорих ялыг тэнсүүлэх..” агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт өгөөгүйг болно.

 

9. Шүүгдэгч Б.ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 290 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.ад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТҮВШИНТӨГС

 

 

                           ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                    

                                                                                                М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 3-р хавтас 43-45-р тал