Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00868

 

 

 

 

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00635 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-ийн хариуцагч Г.Гд холбогдуулан гэм хорын хохиролд 34 200 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмчлөлийн Ланд круйзер 200 маркийн 48-34 УБК улсын дугаартай автомашиныг түүний аав Ш.С унаж, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн 13 дугаар буудлын замаар зорчиж байх үед хариуцагч Г.Г Мерседес бенз маркийн 77-74 УБЧ улсын дугаартай автомашинаар урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчин зам тээврийн осол гаргасан. Тус зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд их хэмжээний хохирол учирсан. Энэхүү зам тээврийн ослыг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгасан бөгөөд осол гарах үед хариуцагч Г.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон. Бид хариуцагч Г.Гаас автомашинд учруулсан хохирлыг барагдуулж өгөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй. Нэхэмжлэгч нь тухайн автомашиныг 2017 онд Таван богд ХХК-аас худалдан авсан бөгөөд тус компанийн албан ёсны авто засварын төвд хандаж оношлуулахад эвдрэлтэй эд ангийг сольж, засахад нийт 42 251 400 төгрөг болно гэсэн хариу өгсөн. Зам тээврийн осолтой холбоотойгоор Итгэлт-Эстимэйт ХХК-аар хохирлын үнэлгээ хийлгэхэд 34 200 000 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан. Мөн уг компаниар энэ төрлийн автомашиныг зах зээлд худалдан борлуулахад боломжит үнэлгээг хийлгэхэд 2018 оны 8 дугаар сард 205 000 000 төгрөгийн үнэтэй байсан. Уг автомашиныг Ш.Д-д 138 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан ба худалдахтай холбоотой санхүүгийн баримт олдохгүй байсан тул худалдан авагчаас  гэрчийн мэдүүлэг авсан. Нэгэнт хэн нэгний буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тул нэхэмжлэгч нь өөрт учирсан буюу хөрөнгийн үнэлгээний Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр хариуцагчаас 34 200 000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С.Б-ийн Ланд круйзер 200 маркийн 48-34 УБК улсын дугаартай авто машиныг 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хөдөлгөөнд оролцож явах үед нь мөргөж хохирол учруулсан нь үнэн ба осол болсноос хойш нэхэмжлэгчтэй олон удаа холбогдох гэж оролдсон боловч нэг л удаа утсаа авсан. Ингээд нэхэмжлэгчийн машиныг нь засуулж хохиролгүй болгож өгье гэхэд бид нар чамаар засуулах албагүй зүгээр л үнэлгээгээр тогтоогдсон 34 200 000 төгрөгийг бэлнээр нь гаргаж өг, үгүй бол шүүх, цагдаа дээр уулзъя гэж хэлээд утсаа тасалсан. Уг 34 200 000 төгрөгийн үнэлгээг тогтоохдоо Итгэлт-Эстимэйт ХХК-аар хийсвэр үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Миний бие тооцоолол хийж үзэхэд ойролцоогоор 7 000 000.00-8 000 000 төгрөгөөр засварлах боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бусад компаниар өндөр үнэлгээ гаргуулсан тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн тухайн үед уг автомашиныг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар тодруулахад 227 000 000 төгрөгийн үнийн дүнд тооцон солилцож авсан гэсэн хариуг өгдөг. Таван богд ХХК-ийн үнэлгээгээр 42 000 000 төгрөг байна гэж үзвэл засварлуулахад зарцуулсан төлбөр, зарлагын баримт байх ёстой боловч ямар нэгэн баримт байхгүй, зөвхөн гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн тул Итгэлт Эстимэйт ХХК-ийн үнэлгээг эцсийн үнэлгээ гэж үзэхгүй. Иймд энэ хэргийн үйл баримтыг тогтоох нотлох баримт бүрдэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Г.Гаас 17 100 000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 243 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс зөвхөн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн засвар хийлгэсэн нотлох баримт огт байхгүй. Зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг зэргээр тогтоогдож байгаа боловч уг эвдрэлийг сэргээн засварлахад бодитой гарсан зардлыг нотолсон баримтгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2018/20295 тоот захирамжаар хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилуулсан боловч нэхэмжлэгч автомашинаа засуулаад хөдөлгөөнд оролцож байгаа гэж тайлбарладаг атлаа засуулсны дараа шинжээчээр үнэлгээг гаргуулаагүй, автомашиныг засуулахаас өмнөх байдлын талаарх баримт авагдаагүй. Нэхэмжлэгч “Итгэлт эстимэйт” ХХК-аар автомашиныхаа Рам гулдайсныг үнэлүүлсэн байдаг. Гэтэл “Итгэлт эстимэйт” ХХК нь уг үнэлгээг хийх зөвшөөрөлгүй газар юм гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч С.Б-э нь хариуцагч Г.Гд холбогдуулан гэм хорын хохиролд 34 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн 13 дугаар буудлын орчим зам тээврийн осол гарсан үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээний талаар маргажээ.

 

Дээрх зам тээврийн осол хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь хэрэгт авагдсан Замын Цагдаагийн албаны Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Шийтгэлийн хуудас, мөн өдрийн Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 60, 76, 95,96 дугаар тал/ Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч С.Б-ийн өмчлөлийн Ланд круйзер 200 маркийн 48-34 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгаас  “Итгэл-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. “Итгэл-Эстимэйт ХХК-аас 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар маргаан бүхий тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 34 200 000 төгрөгөөр үнэлжээ. Уг үнэлгээнд хариуцагч Г.Г гомдол гаргаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор удаа дараа шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгчээс шаардагдах баримт, фото зургийг шинжээчид гаргаж өгөөгүй, автомашиныг үзүүлээгүй, бусдад худалдсан гэх шалтгаанаар шинжээч дүгнэлт гаргах боломжгүй болсон байна. Иймээс анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас талуудын мэтгэлцэх эрх бүрэн хэрэгжээгүй үндэслэлээр хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж, хариуцагчаас 17 100 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “автомашинд засвар хийлгэсэн болох нь нотлогдоогүй” гэх агуулгаар тайлбарлаж байх боловч хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн өмчид хохирол учирсан тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй. Энэ тохиолдолд автомашинд засвар хийсэн байхыг заавал шаардахгүй. Учир нь эрх бүхий байгууллагын томилсон автомашин техникийн үнэлгээний тайлангаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтаар хохирлын хэмжээг тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас уг дүгнэлтийг гаргуулахад нэхэмжлэгч шинжээчид нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба хэрэгт авагдсан ослын үеийн тээрийн хэрэгслийн фото зураг нь шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтсэн эд ангиудтай тохирч байх тул уг дүгнэлтийг шүүхээс хэрэгт хамааралтай бичгийн нотлох баримтаар үнэлснийг буруутгахгүй. Түүнчлэн, дээрх 2017 онд үйлдвэрлэгдсэн, 218 000 000 төгрөгөөр худалдан авсан тээврийн хэрэгслийг бусдад 138 000 000 төгрөгөөр худалдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ш.Дауренбекийн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй. Үүнийг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд зааж буй үндэслэл баримтаар нотлогдохгүй байх тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 328 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.НЯМБАЗАР

 

                                   ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                С.ЭНХТӨР