Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/78

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        11       02                                             2023/ДШМ/78

 

 

                                                           

 П.Ж, Д.Х нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор М.Хэрлэнчимэг

            Иргэний хариуцагч Г.Б

            Иргэний хариуцагч Г.Бгийн өмгөөлөгч Д.Отгонбат

            Цагаатгагдсан этгээд, хохирогч Д.Хын өмгөөлөгч

            А.Мөнхтулга,

            Нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Ж, Д.Х нарт холбогдох эрүүгийн 1934011350410 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           ................................................

 

П.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Хөх хошуу гэх газар 5005 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас Д.Хын жолоодож явсан 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Хын эрүүл мэндэд хүнд, Б.Тэлмэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Д.Х нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг, Хөх хошуу гэх газар 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас П.Жын жолоодож явсан 5005 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган 7553 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Тэлмэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас П.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т, Д.Хт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Тайж овогт Долгорын Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Толин овогт Пагамын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч П.Жыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т тус тус зааснаар шүүгдэгч П.Жад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Д.Бгээс 13.382.136 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Хт, 1.265.512 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тэлмэнд тус тус олгож, Иргэний хариуцагч Д.Б нь хохирогч Д.Х 3.000.000 төгрөгийг, Б.Тэлмэнд 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Д.Х, Б.Тэлмэн нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн П.Жын 251504 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Жад буцаан олгож, 1 ширхэг СИДИ-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ж, цагаатгагдсан этгээд Д.Х нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хоорондын цаг хугацаа болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуулийн шаардлага хангаагүй хууль бус үндэслэлгүй баримтуудыг үнэлж, хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй тухайд:

 

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч байгууллага болох “Арвин шар зам хоршоо” ХХК хариуцах нь хуульд нийцнэ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Тэлмэн нь эмнэлэгт хэвтсэн 2.265.512 төгрөгийг иргэний хариуцагчаас нэхэмжилж байна гэх. Хохирогч Д.Х хүнд гэмтлийн улмаас эмчилгээнд 11.317.136 төгрөгийг, өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан зардалд 5.500.000 төгрөг, нийт хохирол 16.817.136 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Хохирогч Б.Тэлмэнээс гаргаж өгсөн 2.265.512 төгрөгийн хохирлын баримт, хохирогч Д.Хаас гаргаж өгсөн 6.339.000 төгрөгийн хохирлын баримт, 755З УНО улсын дугаартай Тоёота филдер маркийн тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тогтоосон үнэлгээ нь уг автомашины зах зээл дээр борлогдож байгаа дундаж үнэлгээгээр 5.500.000 төгрөгөөр тогтов гэх дүгнэлт, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар гаргаж өгсөн 5.131.196 төгрөгийн хохирлын баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүх дээрх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад иргэний хариуцагч байгууллага “Арвин шар зам” хоршооноос нотлох баримтын шаардлага хангасан 2.265.512 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тэлмэнд, 16.382.136 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х нарт олгохоор хянан шийдвэрлэв гэжээ.

Гэтэл шүүх хэргийг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад ач холбогдол өгөлгүйгээр шууд Д.Х болон Тэлмэн нарын гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтуудаас аль аль баримтыг нь үнэлж, аль аль баримтуудыг нь хассан талаар дурдаагүй зөвхөн хэрэгт нэхэмжилсэн нийт үнийн дүнг шууд хүлээн зөвшөөрүүлж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь хэрэгт цугларсан нийт нэхэмжилж байгаа эм, эмчилгээний нотлох баримтуудад хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд үнэлэлт өгөөгүй, баримтуудын цаг хугацаа болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмчийн жороор эм олгосон эсэх, тухайн баримтууд нь ослоос болж хохирсон өвчинд зориулагдсан эмүүд мөн эсэх талаар хуулийн шаардлага хангаж байгаа болон хэрэгт хамааралтай нотлох баримт мөн эсэхэд огт дүгнэлт өгөөгүй нь хохирлын хэмжээг зөв тооцоогүй гэж үзэхээр байна.

Үүнд: 1. Тухайн осол нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болсон үйл явдал байдаг. Гэтэл Д.Х болон Б.Тэлмэн нарын нэхэмжилж буй эм болон эмчилгээний баримтууд нь цаг хугацааны хувьд 2019 оноос 2021 оны 12 дугаар сарыг хүртэл эм бичүүлэн авсан байдаг. Эдгээр эмүүд нь цаг хугацааны хувьд яг ямар эмчилгээнд ямар эм бичүүлж авсан талаар эмчийн бичиг байхгүй, мөн бараа материалын зарлагын баримт дээр эмүүдээ авсан байдаг.

 

Хохирогч Тэлмэний хохиролтой холбоотой баримтуудын тухайд:

Нийт эмчилгээний зардалд 2.265.512 төгрөгийг нэхэмжилсэн байдаг боловч энэ эмийн баримтууд нь бараа материалын зарлагын падаан дээр бичүүлсэн байдаг бөгөөд тухайн осол 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болсон байхад тухайн ослоос хойш 1 жил 6 сарын дараа эмнэлэгт үзүүлсэн эмчийн баримт, өвчтөний түүх байхгүй, Сангийн сайдын баталсан бараа олгодог зарлагын баримтаар эм авсан нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Мөн тухайн эм олгосон компани нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй компаниас баримт авч хэрэгт өгсөн байдаг. Мөн цээж толгой нурууны зураг авхуулсан байдаг бөгөөд байгууллагын нэр дээр “Лазер мед” эмнэлэг гэж бичсэн байдаг боловч тамга нь “СТМ МЕД” ХХК-ийн тамга дарагдсан байдаг зэргээс харахад бодит биш бөгөөд эмнэлэг, тамга дарсан байгууллага хоёр нь хоорондоо зөрүүтэй баримт байхад хянаж үзээгүй байна. Нийт Тэлмэний нотлох баримтаар өгсөн эмийн баримтууд нь хууль бус нотлох баримтын шаардлага хангаагүй байгаа бөгөөд нийт 2.265.512 төгрөгийн баримтаас харахад 1.902.800 төгрөгийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хуурамч баримт байхад шүүхээс энэхүү баримтуудад дүгнэлт өгөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь няг нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан байхад хууль зөрчиж тус баримтуудыг шалгахгүйгээр шийдвэрлэсэн байна.

 

Д.Хын хохиролтой холбоотой баримтуудын тухайд:

Д.Х нь тухайн ослоос хүндэвтэр гэмтэл авсан гэх боловч энэ талаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх хэрэгт авагдсан баримтад огт байдаггүй. Мөн хэрэгт Д.Х нь өрхийн эмнэлэгт байнга үзүүлдэг бүртгэлийн дэвтрээ хавсаргасан байдаг. Гэвч энэ дэвтэр дээр эмчийн жор байхгүй, уух эмийн талаар бичилт байдаггүй, мөн хэрэгт хавсаргаж өгсөн эмийн баримтууд нь дэвтэрт үзлэг хийлгэсэн өдрүүдтэй таарахгүй зөрдөг. Хэрэгт авагдсан эмийн баримт гэх нотлох баримтуудыг хавсралтаар нэг бүрчлэн задалсан бөгөөд эдгээр шүүхээс үнэлсэн баримтуудын эмийн сангийн нэр “Энхжаргалын эмийн сан” гэж бичсэн байдаг боловч эм бичсэн падаан дээр тамга дарахдаа “Тэрмэстийн өгөөж” ХХК гэсэн тамгатай баримтууд байдаг бөгөөд нэр, тамга зэрэг нь хоорондоо зөрдөг. Мөн эмийн жор олгох баримт биш бөгөөд эд хүлээн авагч гэх бичигтэй түүн дээр гарын үсэг зурсан байдаг. Хүлээн авагч нь Д.Хын гарын үсэг биш н.Энхтуул гэж хүн гарын үсэг зурсан байдаг.

 

Түүнчлэн эм авсан “Е” баримтууд хэрэгт хавсаргасан байх боловч эдгээр баримтууд нь чихрийн шижин, ковидын эм тариа, хүүхдийн живх, архины хордлого тайлдаг эмүүд, витаминууд, дуслын систем, ханиадны эм, вакцины багц, бүдүүн шулуун гэдэсний үрэл гэх мэт эмүүд байх бөгөөд энэ эмүүд нь тухайн ослоос болсон гэмтлийн эмүүд биш буюу осолд хамаарахгүй, хамаагүй өвчний эмүүд байх тул эдгээр баримтуудыг үнэлэх боломжгүй юм.

Хэрэгт цугларсан баримтаас шүүх зөвхөн тухайн өдрийн ослоос болж үүссэн гэмтэлтэй холбоотой хохирлыг иргэний хариуцагчаар төлүүлэхээс биш хаа хамаагүй өвчний эм тариаг иргэний хариуцагч төлөх шаардлага үүсэхгүй. Д.Х нь түнх гэмтсэн гэх боловч энэ талаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, хагалгаанд орсон баримтууд хэрэгт байхгүй, ослоос шалтгаалж бэртсэн түүнийгээ эмчлүүлсэн талаар өвчтөний түүх байхгүй, эмчийн нэг ширхэг ч эмийн жор болон холбогдох бичиг баримт байхгүй, хэний ч хамаагүй эм авсан баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн учраас эдгээр баримтуудыг үнэлэх боломжгүй. Шүүхээс нийт хохиролд иргэний хариуцагчаас 16.382.136 төгрөгийг гаргуулж Д.Хт төлүүлэхээр шийдвэрлэсэн боловч үүнээс авто машины хохирол нь 5.500.000 төгрөгийг хохирлын үнэлгээгээр тодорхойлсон. Харин үлдэх 10.828.136 төгрөгийн хохирлыг шүүхээс ямар баримтуудыг яаж үнэлсэн талаар тодорхой дурдаж өгөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт  “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлэхийг хориглоно”, 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй”, 14 дэх хэсэгт “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан байхад эргэлзээтэй хэрэгт хамааралгүй баримтууд болон нотлох баримтууд нь тамга тэмдэг, нэр нь зөрүүтэй барааны падаан гэх мэт баримтуудаар нотлох баримтыг бүрдүүлэн хэрэгт хавсаргасан байхад шүүхээс эдгээр баримтуудыг шалгаагүй хууль бус баримтуудыг үнэлж хохирлыг тодорхойлсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй учраас хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Иргэний хариуцагч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хохирогч нар нь хэн гэдэг эмчийн бичиж өгсөн жороор эм худалдан авсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх өвчтөний түүх зэрэг нь хэрэгт авагдаагүй байхад болон мөн хохирогч Д.Хын тээврийн хэрэгслийг 100 хувь төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна гэв.

 

Иргэний хариуцагч Д.Бгийн өмгөөлөгч Д.Отгонбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хохирлын хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд гаргуулахаар багасган өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хохирогч нараас гарган өгсөн нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж хохирлыг гаргуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн хэмжээнд шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Хын өмгөөлөгч А.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Энэ хэрэг гараад 4 жил болж байхад нэг ч төгрөгийн хохирол төлөгдөөгүй бөгөөд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа 3.000.000 төгрөгийг төлсөн. Мөн иргэний хариуцагч мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны шүүхэд хохирлын талаар огт маргаж байгаагүй атлаа өнөөдөр ийм гомдол ярьж байгаад харамсаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд хохирлыг тогтоосон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Ж, цагаатгагдсан этгээд Д.Х нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн иргэний хариуцагчаас гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийн баталгаа болдог ба өөрөөр хэлбэл аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн хүлээсэн үүрэг хэрэгжсэн гэж үздэг.  

Түүнчлэн шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Материаллаг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн хэм хэмжээг дээр дурдсан хуулийн зорилго, зорилт, агуулгад нийцүүлэн оновчтой тодорхойлж зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэн, шинжлэн судлагдсан нотлох баримтаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг эргэлзээгүй байдлаар тогтоон хийсэн бодит дүгнэлт бүхий шийдвэрийг үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үздэг учиртай.

3. Прокуророос П.Жыг 5005 ОРХ улсын дугаар бүхий “Kia Granbird-0” маркийн автобусыг, Д.Хыг 7553 УНО улсын дугаар бүхий “Toyota Fielder” маркийн суудлын тээврийн хэрэгслийг тус тус жолоодон 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг, “Хөх хошуу” гэх газар замын хөдөлгөөнд оролцон явахдаа тус бүр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан “суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас  П.Ж нь Д.Хын жолоодон явсан 7553 УНО улсын дугаар бүхий “Toyota Fielder” маркийн суудлын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн тус тээврийн хэрэгслийн жолооч Д.Хын эрүүл мэндэд хүнд, зорчигч Б.Тэлмэний эрүүл мэндэд хүндэвтэр,

Д.Х нь П.Жын жолоодон явсан 5005 ОРХ улсын дугаар бүхий “Kia Granbird-0” маркийн автобустай мөргөлдөн өөрийн жолоодон явсан 7553 УНО улсын дугаар бүхий “Toyota Fielder” маркийн суудлын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Тэлмэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэн П.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т, Д.Хт мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тусгагдсан үйл баримтаар тухайн зам тээврийн осол болох үед П.Ж нь тухайн үед нийт зорчих хэсгийн өргөн нь 22.20 метр бүхий замын зүүн гар талын далангаас өөрийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйнаас 5.90, зүүн хойд дугуйнаас 5.10 метрийн зайтай /тухайн осол гарсан үеийн болон нөхөн үзлэг хийсэн үеийн хэмжилтийн бүдүүвч зургаар/ Орхон аймгаас Улаанбаатар хотыг чиглэн 5005 ОРХ улсын дугаар бүхий “Kia Granbird-0” маркийн автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахад тус замаар 7553 УНО улсын дугаар бүхий “Toyota Fielder” маркийн суудлын тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос хойд зүг буюу Оросын холбооны улсыг чиглэн жолоодон явсан Д.Х нь Ж.Жын жолоодон явсан тээврийн хэрэгслийг урсгал сөрж баруун буюу буруу талаар нь тойрон гарах үйлдэл хийх явцад тухайн тээврийн хэрэгслүүд баруун урд хэсгээрээ хоорондоо мөргөлдсөн нөхцөл байдлуудын талаар тусгагдсан байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Д.Хт холбогдох хэргийг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 48 тоот, гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 001 тоот шинжээчийн дүгнэлтүүд[1], анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч Ж.Отгонбаяр, Ш.Анхбаяр нараас гаргасан дүгнэлтээ тайлбарласан тайлбар[2], гэрч Т.Мөнхцэцэг, хохирогч Б.Тэлмэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Д.Х нь өөрийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцож явсан, Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй нь тогтоогдсон гэх хууль зүйн ямар нэгэн дүгнэлтгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг үндсэн агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгон тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

5. Учир нь: Хүн аливаа үйлдэл, эс үйлдэхүйг өөрийн ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу хийн гүйцэтгэдэг ба үүнээс нь үүдэн тухайн болж өнгөрсөн үйл явдал нь тодорхой шалтгааны улмаас бий болдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох, тухайн гэмт хэргийн шалтгаант холбоог тодорхойлох нь хуульд заасан хэм хэмжээг зөв хэрэглэхэд чухал ач холбогдолтой байдаг.

Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, /эс үйлдэхүй/-ийн улмаас зайлшгүй ямар нэгэн үр дагаварт хүрснээрээ шалтгаант холбоотой байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн талаар тодорхойлсон.

Тухайн этгээд нь учирсан саадыг Замын хөдөлгөөний дүрэмд заасныг зөрчин тойрон гарах үйлдэл хийж буйгаа хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан бол гэм буруутайд тооцох зарчимтай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж хуульчилсан.

Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба, мөн хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах, захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болох бөгөөд “Эрүүгийн хууль”-ийг төсөөтэй хэрэглэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”-д нийцдэггүй болно.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Хт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Шүүх шүүгч нь хэрэгт авагдсан нөхцөл байдлуудад үндэслэн шинжээчийн дүгнэлтийн хэмжээ хязгаарт баригдахгүйгээр холбогдох хууль, дүрэмд заасны дагуу дүгнэн хэргийг шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаараас хэтэрсэн гэж үзэхгүй.

 

6. Д.Хын жолоодон явсан 7553 УНО улсын дугаар бүхий “Toyota Fielder” маркийн суудлын тээврийн хэрэгсэл нь уг гэмт хэргийн улмаас устаж үгүй болоогүй байхад шүүхээс “Бэст Эстимэйт” ХХК-ийн гаргасан 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20200520133 тоот дүгнэлтийг[3] үндэслэн уг тээврийн хэрэгслийн зах зээлд борлогдож байгаа дундаж үнэлгээ болох 5.500.000 төгрөгийг бүгдийг иргэний хариуцагч “Арвин шар зам” Хоршооноос гаргуулан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тухайн үеийнх нь зах зээлийн ханшаар дахин үнэлүүлэн шийдвэрлэх нь зүйд нийцнэ гэж үзнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч П.Жын хохирогч Б.Тэлмэний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг орхигдуулан гэм буруутайд тооцсон, хэрэгт авагдсан хохирлын талаарх нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судалж үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-т “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох...”, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно...” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

 

7. Мөн прокуророос үйлдэж буй яллах дүгнэлт нь хүчин чадлын хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгжих ёстой атал хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 182-185 дугаар талд авагдсан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 272 дугаар “Яллах дүгнэлт”-ийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт П.Ж, Д.Х нарын үйлдсэн гэмт хэргийн талаар дурдахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6-д заасан “...суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...” гэх заалтыг “...суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно...” гэж тэдгээрийн хэн аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй мэт ойлгогдохоор үндсэн агуулгыг нь алдагдуулан бичиж ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон байх тул уг яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм.

 

8. Дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хууль зүйн боломжгүй тул иргэний хариуцагч П.Б, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг агуулгынх нь хүрээнд хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

 

9. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Ж, Д.Х нарт тус бүр хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          З.ТҮВШИНТӨГС

 

           

                          ШҮҮГЧИД                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                               

                                                                                                М.МӨНХДАВАА

 

 

                                                                                        

 

                                                                                                                     

 

[1] хх-ийн 1-р хавтас 112-113, 2-р хавтас 39-р тал

[2] хх-ийн 3-р хавтас 107-135-р тал шүүх хуралдааны тэмдэглэл 

[3] хх-ийн 1-р хавтас 89-101-р тал