| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0108/Э |
| Дугаар | 147 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Г.Цогтгэрэл,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч А.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 1709004860220 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч А.Б нь цахим хэрэгсэл буюу хохирогч Д.О-н эгчийн фэйсбүүк чатыг ашиглан түүнтэй харьцаж “сургалтын төлбөр хэрэгтэй байна шилжүүлээч, манайд хүн ирэх гэж байна” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ардын эрхийн Хаан банкны салбарын АТМ-ээс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 4 сая төгрөгийг Э-н гэгчийн 5016195155 дугаартай Хаан банкны дансаар, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5 сая төгрөгийг 5058362582 дугаартай Хаан банкны дансаар тус тус шилжүүлүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсаны улмаас нийт 9 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: Хохирогч О бид хоёр танилцаад дотно харилцаатай байсан. Хохирогч ямар шалтгааны улмаас надаас хөндийрч, уулзахгүй байгааг нь мэдэх гэж ийм хэргийг үйлдсэн. Би хохирогч О-ийн эгчид нь фэйсбүүк хаяг нээж өгч байсан учраас нууц үгийг нь мэддэг байсан. Би энэ хэргийг шунахайн сэдэлтээр үйлдсэн зүйл байхгүй. Би хохирогчтой уулзах гэж байсан. Гэрч .. нарын мэдүүлэг худлаа. Би тэр хоёр найздаа мөнгө авсан гэж хэлээгүй. Одонцэцэгээс мөнгө зээлж аваад буцааж өгнө гэж хэлсэн. Хохирогчоос авсан 9 сая төгрөгийн 2 сая төгрөгийг ... нарт зээлсэн. Хохирлын мөнгөнөөс 300.000 төгрөгийг байрны түрээсэнд өгсөн. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн байдаг гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч /хх-ийн 17-18/, гэрч Э /хх-ийн 19, 22/, гэрч /хх-ийн 20, 21/, яллагдагч А.Б /хх-ийн 33/ нарын өгсөн мэдүүлэгүүд, фэйсбүүкээр харилцаж байсан чатны хуулга /хх-ийн 6-8/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-13/, шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Б нь цахим хэрэгсэл буюу хохирогч Д.О-ийн эгчийн фэйсбүүк чатыг ашиглан түүнтэй харьцаж “сургалтын төлбөр хэрэгтэй байна шилжүүлээч, манайд хүн ирэх гэж байна” гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ардын эрхийн Хаан банкны салбарын АТМ-ээс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 4 сая төгрөгийг Э.Билгүүн гэгчийн 5016195155 дугаартай Хаан банкны дансаар, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 5 сая төгрөгийг 5058362582 дугаартай Хаан банкны дансаар тус тус шилжүүлүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсаны улмаас нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч А.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай нагац эгч .. гэсэн хаягнаас мэндлээд “мөнгө байвал өгөөчээ над дээр манай найз ирэх гээд байна” гэхээр нь юм бодолгүй өөрийнх нь 5 сая төгрөг байсан болохоор “за за” гээд ааваас өөрийнхөө данс руу шилжүүлж аваад надад өгсөн данс руу нь шилжүүлж өгсөн. Амгалан эгчийн 5 сая төгрөг миний хугацаатай хадгаламжинд байсан юм. Эгчийн өмнөөс мессеж бичиж байсан хүн надад хэлэхдээ “над дээр БНСУ-д очих гэж байгаа хүн нь бизнесийн виз гаргуулах гэхээр хадгаламжинд нь мөнгө байх хэрэгтэй болохоор мөнгө байвал өгчих” гэсэн болохоор нь ааваас аваад өөрийнх нь хадгалуулсан байсан мөнгийг өгсөн чинь өөр хүн нэрээр нь ороод залилаад 9 сая төгрөг авчихсан байсан. Би Б ШУТИС-ийн МИС-ийн оюутаны байранд байдаг байсан. ...Хохирол мөнгөний хувьд бүрэн барагдуулж авлаа. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч Э.Б-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын сүүлээр ...тэр Солонгос ахаас мөнгө ороод ирчихвэл чиний карт дансыг ашиглаад авчихъя” гэсэн гэж хэлэхээр нь би Лхагваад өөрийнхөө Хаан банкны 5016195155 дансыг өгөөд цааш нь Лхагва-Очир Өлзийд миний дансыг өгсөн юм. Үүний дараа би Ө-тэй утсаар ганц нэг удаа холбогдож асуухад “хэрвээ энэ асуудал бүтвэл чи тэр мөнгөнөөс 500.000 төгрөг аваад картаа над руу Орхон аймаг руу явуулчихаарай” гэсэн. Тэгээд удалгүй мөнгө нь ороод ирэхээр нь ... бид 2 эхлээд 500.000 төгрөг авсан. Дараа нь нэмж 500.000 төгрөг аваад өөрийнхөө картыг Орхон аймаг руу хүнээр явуулаад тэр картаа хаячихсан юм. Тэгээд сүүлд дансаа шалгаж үзэхэд мөнгө байхгүй байсан. ... бид 2 тэр мөнгийг ойр зуурын юманд хэрэглээд дуусгачихсан. ...Тэгээд сүүлд нь Б найз залилсан гэж мэдээд хохирогч охинд 1.500 000 төгрөгийг өгсөн. Одоо бид 2 авсан 500.000 төгрөгөө нэмж өгөөд болчихно. ... бид 2 Б-г бусдыг залилсан гэж мэдээгүй байсан “хүнээс авах ёстой мөнгө авч байгаа юм” гэхээр нь би уг мөнгөнөөс нь гуйж байгаад авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 22/,
Гэрч Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрвээ энэ асуудал бүтвэл тэр мөнгөнөөс та хоёр 500.000 төгрөг аваад картаа над руу Орхон аймаг руу явуулчихаарай” гэсэн. Тэгээд удалгүй мөнгө нь ороод ирэхээр нь Билгүүнээ бид хоёр эхлээд 500.000 төгрөг авсан. Дараа нь энэ мөнгө угаасаа сул орж ирж байгаа юм чинь гээд давраад нэмж 500.000 төгрөг аваад Б-ийн картыг Орхон аймаг руу хүнээр явуулсан. Б ээ бид хоёр тэр мөнгийг нь ойр зуурын юманд хэрэглээд дуусгачихсан юм. ...Билгүүний дансанд 5.000.000 төгрөг ороод ирсэн байхаар нь Билгүүнээ бид хоёр 2 сая төгрөгийг нь Б-с гуйж байгаад дундаас нь аваад Б-д 3 сая төгрөгийг нь өгчихсөн юм. ...Би сүүлд нь Б-с “ямар учиртай мөнгө аваад байгаа юм” гэхэд “би авах ёстой мөнгөө авч байгаа юмаа” гэж байсан. “Хуучин үерхэж байсан найз охиныхоо фэйсбүүк хаягаар ороод эгчтэй нь харилцаж байгаад мөнгө авчихсан” гэсэн утгатай юм ярьсан. Сүүлд нь Цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөхдөө эгчийнх нь нэрээр дүүгээс нь мөнгө авсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20, 21/
Яллагдагч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...О-ийн эгч нь болж мессеж бичээд манай найз руу мөнгө шилжүүлчих гэж визэнд орох юмаа гэж хэлсэн чинь дансаа явуулчих гэхээр нь би найз данс асуусан чинь найз Б-ий дансыг өгсөн байхаар нь Одонцэцэг рүү явуулсан чинь 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 4 сая төгрөгийг хийсэн байсан. Тэр үед Эрдэнэт хотод байсан болохоор Билгүүнийг картаа явуулчих гэсэн тэр хоёр 2 сая төгрөгийг аваад над руу 2 сая төгрөгтэй картаа явуулсан. Учир нь тэр хоёр надаас 2 сая төгрөгийг түр зээлчихээ бид 2 нэг юм хийж үзээдэхье эргүүлээд өгнө гээд энэ ямар учиртай мөнгө юм гэж асуухаар нь авах ёстой мөнгөө найзаасаа авсан гэдгээ хэлсэн. Тэр 2 зээлсэн мөнгөө Хятад улс руу яваад үрчихсэн гэсэн. Надад буцааж өгөөгүй. Дараа нь хэд хоногийн дараа 5-6 хоногийн дараа О рүү утсаар мессеж бичээд дахиад мөнгө байна уу мөнгө нь виз гаргахад хүрсэнгүй гэж хэлсэн чинь 5 сая төгрөг шилжүүлье гэхээр нь би Улаанбаатар хотод байсан болохоор АТМ дээр зогсож байсан хүнээс дансаар мөнгө шилжүүлээд авчихъя гэж гуйж байгаад дансыг авч О-т өгөөд шилжүүлүүлээд 5 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/ фэйсбүүкээр харилцаж байсан чатны хуулга /хх-ийн 6-8/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-13/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт хайхрамжгүй байдал шууд нөлөөлсөн байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б-ийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул түүнийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Д.О 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохиролыг бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс А.Б-д торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч А.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АТМ-ийн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн АТМ-ийн хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР