Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.М*******

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Гуравдагч этгээд: “Д******* А*******” ХХК,

Маргааны төрөл: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дугаар тушаал, орц гарцыг нарийсгасан хэсгийн газар нь ерөнхий төлөвлөгөөний стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч З., Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Э, Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.М*******гээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаа нь захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, 2024.08.12-ны өдрийн Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан хандаж нийтийн эзэмшлийн гудамж талбайг зай багатай болгож байгаа нь Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө.", Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01- 04-н 12 дугаар заалт "Явган зам гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө”, Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо монгол улсын барилгын норм ба дүрэм БНБД 32--н 2.1 дүгээр заалт “Гудамж зам, талбайн зорчих хэсгийг тээврийн хэрэгслийн төрөл, овор хэмжээ, хурд, хөдөлгөөний аюулгүй байдлыг тооцоог үндэслэн төлөвлөнө”, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 222 дугаар тушаалаар баталсан БНбД-32- суурины гудамж, зам төлөвлөлт”-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дах заалтын 3 дугаар хүснэгтийн “нутаг дэвсгэрийн туслах зам" гэсэн гудамж замын төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хуулийн шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж өгөхийг хүссэн хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: “1/.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “Д******* А*******” ХХК-н миний орц гарцыг нарийсгасан хэсгийн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавьж, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ажлын хэсэг байгуулж “Д******* А*******” ХХК-н миний орц гарцыг нарийсгасан хэсгийн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавьж, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамд даалгах.

2/.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгтийн 17 дахь хэсэгт “Д******* А*******” ХХК-д олгосон 4461 м.кв газраас иргэн Б.М*******гийн газрын орц, гарцыг хаасан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлагад бүрдүүлбэр хангуулан ирүүлсэн.

3.Нэхэмжлэгч Б.М******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/ дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын д******* цаазат газрын Арцатын ам нэртэй газар 518.3 м.кв талбайг аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих ашиглах зориулалтаар зориулалтаар газар ашиглах эрхийг шинэчлэн авчээ.

4.Улмаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Тусгай хамгаалалттай газрын нутагт газар ашиглах тухай гэрээ” дугаар гэрээг байгуулжээ.

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0739 дүгээр захирамжаар “Д******* а*******” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

6.Нэхэмжлэгч Б.М******* шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: “...1/. Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024.08.05-ны өдрийн 01/******* албан бичиг нь хууль бус эс үйлдэхүй талаар

Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх заалтад "тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах;", 7 дох заалтад "зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих;" үндсэн чиг үүрэгтэй, мөн Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТын нийтлэг ГОРИМ-н 17-н к/хязгаарлалтын бүсэд байрлаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, байгальд удаа дараа сөрөг нөлөөлсөн тохиолдолд тэдгээрийн үйл ажиллагааг нь таслан зогсоох буюу түүнтэй холбогдсон санал дүгнэлт гаргаж зохих эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх; гэж зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсон хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага байна.

Өөрөөр хэлбэл Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-т "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хамгаалалтын захиргаа, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина. гэж зааснаар хяналт тавих, санал дүгнэлтээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам рүү хүргүүлэх үүрэгтэй байна.

Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024.08.05-ны өдрийн 01/******* албан бичиг нь Б.М******* миний Үндсэн хуулиар олгосон өргөдөл гомдлоо хуулийн дагуу шийдвэрлүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалуулахаар гаргасан өргөдөлд өгсөн хариу нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т"Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно." гэж зааснаар хууль бус эс үйлдэхүй байна.

2/. 1/ Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1-р х.х-ийн 224-226 хуудас/, түүний үндэслэлээ бүхэлд нь дэмжиж байгаа болно.

2/ Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Одоогоор миний хууль ёсны дагуу ашиглаж буй газар руу машин орох боломжгүй буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т заасан "эрүүл, аюулгүй орчинд амьдрах ..." эрх зөрчигдөж байгаагаас гадна энэхүү маргаан бүхий акт нь Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т "Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх, өөрчлөх, барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, ашиглах, үйлдвэрийн технологийн горимыг өөрчлөхөд холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг мөрдөнө", 18.3- т "Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө.", Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-н 12 дугаар заалт "Явган зам гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө", Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо монгол улсын барилгын норм ба дүрэм БНБД 32--н 2.1 дүгээр заалт "Гудамж зам, талбайн зорчих хэсгийг тээврийн хэрэгслийн төрөл, овор хэмжээ, хурд. хөдөлгөөний аюулгүй байдлыг тооцоог үндэслэн төлөвлөнө", Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 222 дугаар тушаалаар баталсан БНбД-32- суурины гудамж, зам төлөвлөлт"-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дах заалтын 3 дугаар хүснэгтийн "нутаг дэвсгэрийн туслах зам" гэснийг тус тус зөрчиж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалаар “Д******* А*******” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсгийн 4.2.6, 3 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн 25.1.1, 25.1.2, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8 дахь заалт, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 болон Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 222 дугаар тушаалаар баталсан БНбД-32- "Хот суурины гудамж, зам төлөвлөлт"-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Дээрх хууль бус захиргааны актын улмаас Б.М******* би хууль болон газар ашиглах гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн буюу газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй байна…” гэжээ.

7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс анх хяналт шалгалт хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хяналт шалгалт хийхийг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгөөд нэмэгдүүлсэн байгаа. 03 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын хүснэгтийн 17 дахь хэсэгт “Д******* А*******” ХХК-д олгосон 4461 метр квадрат газраас иргэн Б.М*******гийн орох гарцыг хаасан хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа. Нэхэмжлэл гарах болсон шалтгаан буюу нэхэмжлэлийн үндэслэлээ ярья. Нэхэмжлэгч Б.М******* болон нэхэмжлэгчийн аав н.Б******* гэдэг иргэн энэ газарт 30-аад жил амьдарч байгаа. Энэхүү газрыг хууль ёсны дагуу гэрчилгээтэйгээр эзэмшээд ашиглаж байгаа. Одоогийн “Д******* А*******”  ХХК-ийн газар болон Б.М*******гийн ойр тойрны оршин суугчдын газар ашиглах эрхтэй холбоотой маргаан өмнө нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байсан. Энд Б.М******* болон н.Б******* гэдэг 2 иргэний талд шийдвэр гарч байсан. Энэ шийдвэрийг өмгөөлөгч нэмж тайлбарлах байх. Уг маргаан юунаас эхэлсэн бэ гэхээр “Д******* А*******”” ХХК нь бусдын орц, гарцыг бүхэлд нь хааж газар ашиглалтад олгосон энэхүү захирамж гаргаснаар буюу хашаа барьснаар энэхүү маргаан эхэлсэн. Энэ талаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанд орц гарц хаачихлаа гэдэг гомдлыг удаа дараа гаргасан. Үүнийг хянан шийдвэрлэхгүй гэсэн тул Засгийн газрын гомдол хүлээн авах 1111 утсанд мэдэгдсэн. Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бидний гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гомдлын дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар тухайн иргэдийн гомдлыг хянан хэлэлцэж үүний нэг болох манай гомдлыг “Д******* А*******” ХХК-д олгосон газар орц гарцыг хаасан үндэслэлээр хэсэгчлэн цуцлахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртээ “Д******* а*******” ХХК-д газар олгохдоо орц гарцыг хаасан үүнийг чөлөөлөх нь зөв гэдгийг хариуцагч байгууллага өмнө нь шийдвэрлэж байсан.” гэв.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Гомдол гаргах, шалгалт хийх эрх хэмжээ хариуцагч байгууллагад байхгүй гэж маргаад байна. Газрын тухай хууль, Монгол улсын Үндсэн хууль бусад хууль тэдгээрт нийцүүлэн гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журмыг заримыг нь биелүүлнэ, заримыг нь биелүүлэхгүй гэдэг тайлбар хэлээд байх шиг байна. Гэтэл энэ хүчин төгөлдөр хуулийг заавал хэрэглэх ёстой. Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан хууль дээдлэх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх зарчмын асуудлууд, хуульд үндэслэх зарчмын асуудлууд яригдаж байгаа. Тэгэхээр эдгээр зарчим, зарим хуулийг биелүүлнэ гэж байгаа хариулт үндэслэлгүй. Үүнийг үндэслээд хэд хэдэн асуултууд гарч ирж байгаа нь Газрын тухай хуулийг мөрдөх үү, үгүй юү гэдэгт дүгнэлт хийж өгөх нь зүйтэй. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Хүсэлт гаргасан газар нь бусад этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна. Энэ бол зөвхөн газрын давхцал биш орц гарц хүртэл хамаарч байгаа. Ямар нэгэн байдлаар давхцаж байна уу, үгүй юү гэдгийг хариуцагч захиргааны байгууллагаас тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны 187 дугаартай Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд заасны дагуу шалгах ёстой байсан. Энэ журамд заасны дагуу хээрийн судалгааны асуудал болон уг журмын 7.2.5-д заасан хөршүүдийн нэгж талбарын орц гарцыг нь тодорхойлох ёстой. Яагаад тодорхойлох ёстой гэхээр орц гарц нь давхцахгүй байх ёстой гэдэг санаа. Тэгэхээр хууль дүрэм журмуудыг хариуцагч захиргааны байгууллага биелүүлж ажиллах ёстой байсан. Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байна уу, үгүй юү гэдгийг шалгах ёстой байсан боловч шалгаагүй. Өмнө нь 2023 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар шалгачхаад өнөөдөр болохоор бид нар шалгах үүрэггүй мэтээр тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Тухай 2023 оны шалгах ажиллагаа, 2024 оны гомдол өгөөд байгаа ажиллагаанууд бүгд бодит нөхцөл байдлыг тогтоож чадахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан ажиллагаануудыг хийхгүй байна гэж нэхэмжлэгчийн зүгээс маргаад байгаа. Тодруулбал 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарал бүхий бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. 1 болгочихвол Б.М*******гийн орц гарц чөлөөлөгдөнө гэсэн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. 3326 гэдгийн зөрүүг ч гэсэн гаргаагүй бөгөөд энэ бүх ажиллагаа нийтдээ бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байна. Шийдвэр гаргах ажиллагаанд өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэхдээ оролцогчийн гаргасан нотлох баримт өргөдөл хүсэлтийг харгалзаж үзээгүй манай хүсэлтийн дагуу гаргаж өгөөд байгаа нотлох баримтуудыг үнэлээгүй. 3926 метр гэдэг баримт гомдол шалгах ажиллагаанд нь байсаар байтал үнэлэлгүй зөвхөн саналыг нь үндэслэж байгаа нь бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн хийгээгүй гэж үзэх нэг үндэслэл болсон гэж маргаж байгаа. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч захиргааны байгууллагын сонгох боломжийг нь шүүх хязгаарлах гээд байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэдэг тайлбар хэлээд байна. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахдаа сонгох боломжтой. Гэхдээ хариуцагч тус шийдвэрээ өөрөө хүчингүй болгоогүй байх тул шүүхэд уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ олгосон хуулийн зохицуулалт буюу Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг энэ маргаан бүхий харилцаанд хэрэглэнэ. Шүүхэд тухайн захиргааны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх нь олгогдсон учраас шүүх захиргааны байгууллагын сонгох боломжид халдахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орц гарцын асуудал яригдсан. Өөр орц гарцыг зөвшөөрөхгүй учраас өмнө нь “Д******* А*******” ХХК-ийн газрыг н.Б******* болон Б.М******* нарын гомдлыг үндэслэж багасгаад байгаа. Үүнийг захиргааны байгууллага өөр байдлаар орц гарцыг шийдэх боломжгүй гэж үзсэн учраас хасаад байгаа. Үүнийг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг маргаан биш гэдгийг бас ойлгох нь зүйтэй. Орц гарц гэдэг бол орох гарах чөлөөтэй хөдөлгөөний асуудал байгаа.  Яг бодитоор эрх ашиг хөндөгдсөн хугацаа нь 2024 оны 08 дугаар сард хашаа барих үед хөндөгдөөд гомдол гаргасан.  Тэгээд хашаагаа нураахаар хөндөгдөхгүй болчхож байгаа. Захиргааны хэргийн шүүхэд зөвхөн зөрчигдсөн эрхийг сэргээх биш зөрчигдөж болзошгүй эрхийг бас хамгаалах асуудал яригдана. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байна. Хэзээ хашаа, байшин барихыг бид нар үгүйсгэхгүй учраас энэ эрх ашгаа хамгаалуулах гэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн галын аюулгүй байда******* холбоотой, гарцтай холбоотой ямар бодлого вэ гээд бодлоготой холбоотой асуудлууд бас тайлбарлаж байна. Хууль тогтоомж бодлого гээд нэг хуулийн өгүүлбэрийг ашиглаж гомдлоо гаргаад байгаа болохоос биш шууд бодлогын бичиг баримт зөрчөөд байна гэдэг үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл тодорхойлогдоогүй. Тодорхой засгийн газрын бодлого шийдвэрт нийцэхгүй байна гэдэг агуулгаар гомдохгүй байгаа. Хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг агуулга учраас шүүхээс шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Шийдвэрүүдийн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 2 зарчим хэлээд дуусгая гэж бодож байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-д заасан үр нөлөөтэй байх зарчим, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит байдал тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой гэдэг зарчмууд зөрчигдсөн. Зорилгодоо нийцсэн буюу 2023 оны газрынх нь хэмжээг багасгаад байгаа шийдвэрийн цаад зорилго нь гэхээр Б.М******* болон н.Б******* гэдэг 2 хүний орц гарцыг чөлөөлж өгөх зорилготой. Гэтэл н.Батсуурийн орцыг чөлөөлчхөөд Б.М*******гийн орц гарцыг чөлөөлөхгүй байгаа үйлдэл нь тухайн шийдвэр гаргах ажиллагаа зорилгодоо нийцээгүй байгааг харуулж байна. Бодит нөхцөл байдал буюу 1 метр байвал  чөлөөлөгдөөд 3629 байвал чөлөөлөгдөх үү гэдэг дээр бодит нөхцөл байдлыг нь тогтоогоод тухайн нөхцөлд тохирсон буюу орц гарцаар чөлөөтэй зорчих эрхийг нь нээж өгсөн шийдвэр гаргах ёстой байтал тэгж чадаагүй гэдэг үндэслэлүүд байгаа. Үүнийг анхан шатын шүүхээс шийдвэр гаргахдаа анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй.” гэв.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд Хамгаалалтын захиргааны чиг үүргийг хуульчилсан ба 30 дугаар зүйлийн 1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах”, 7-д “зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих", 31 дүгээр зүйлийн 1-д "Хамгаалалтын захиргааны хамгаалалт хариуцсан ажилтан болон байгаль хамгаалагч нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүрэгтэй байна.” 2-д “Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж байгаа байгаль хамгаалагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ энэ хууль болон байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг таслан зогсоож, гэм буруутай этгээдэд зохих хариуцлага хүлээлгэх” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хяналт тавих, биелэлтийг хангуулах ажил нь Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргааны хэрэгжүүлэх ажил байх буюу тус яамны бүрэн эрхэд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн тус яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын мэргэжилтэн А******* Б.М*******гийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ уг асуудлыг Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлсэн бөгөөд хамгаалалтын захиргаа, “Д******* А*******” ХХК, Б.М******* нартай гурван талт уулзалт зохион байгуулахаар болсон тухай мэдэгдсэн байдаг” гэв.

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Нэхэмжлэлд дурдагдаад байгаагаар яг ямар чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл 2023 оны 02 дугаар сард нэхэмжлэгч анх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандсан гэж хэлдэг. Энэ өргөдөл гомдлыг шийдвэрлэхээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлын хэсэг байгуулаад тухайн ажлын хэсэг нь холбогдох зөрчлийг арилгах буюу орц гарцыг хангалттай байдлаар нээх арга хэмжээг авч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Д******* А*******” ХХК-ийн ашиглалтын газраас нь 493 метр квадратыг хасаж орц гарцыг бүрэн нээж өгсөн. Энэ нь ямар нэгэн байдлаар Галын аюулгүй байдлын тухай хууль, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын тогтоосон журам, хээрийн судалгаа явуулна гэдэг нөхцөл байдал зэргийг зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч хангалттай орж гарах, хөдөлгөөнд оролцох боломжтой гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тодорхой харагддаг. Ийм учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйтэй маргаж байгаа тохиолдолд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасны дагуу өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл гомдлыг гаргасан тохиолдолд түүнийг дахин хянаж үзэхгүй гэдэг агуулгаар холбогдох шийдвэрийг гаргаагүй. Энэ нь хуульд нийцэж байгаа. “Д******* А*******” ХХК-д олгосон 2020 оны А/ дүгээр тушаалаар олгосон газар нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчөөд байгаа гэдэг нь бодит нөхцөл байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 493 метр квадратыг багасгаж олгосноороо нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар орц гарцын давхцал эсвэл орж гарж чадахгүй илэрхий нөхцөл байдал байхгүй учраас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

12. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан татгалзлын тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дүгээр тушаалаар Богдхан уулын д******* цаазат газрын Богинын аманд ““Д******* А*******” ХХК нь 4******* м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг авч хууль, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж заасан бөгөөд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэдэг.

Гэтэл нэхэмжлэл гаргагч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ... “Д******* А*******” ХХК нь миний байшингийн хаалганы үүднээс ойролцоогоор 3 метрийн зайтай бетонон хашааг тулгаж барьж байгаа нь... нийтийн эзэмшлийн гудамж талбайг зай багатай болгож байгаа...” гэж тайлбарлажээ. “Д******* А*******” ХХК нь өөрийн ашиглалтын талбайг хашаалсны улмаас нэхэмжлэл гаргагчийн эрхийг хөндөгдсөн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, "Д*******-А*******" ХХК болон нэхэмжлэл гаргагч Б.М*******гийн газар ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01- ний өдрийн А/******* дугаартай “Ашиглах эрхийн газрыг хэсэгчлэн цуцлах тухай” тушаалаар Б.М*******гийн ашиглалтын талбайд орц гарц гаргах зорилгоор оруулж, талбайн хэмжээг багасгаж, тус компанид олгосон 4******* м кв газраас 493 м.кв талбайг хэсэгчлэн цуцалсан.

Ингэснээр Б.М*******гийн орц, гарцыг чөлөөлөн нээлттэй болгож, авто машины зорчих хэсгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, гал түймрийн болон бусад тээврийн хэрэгсэл нэвтрэх нөхцөл боломжоор бүрэн хангасан.

Түүнчлэн нэхэмжлэл гаргагчаас нэхэмжлэлийн шаардлагадаа “Д******* А*******” ХХК-ийн миний орц гарцыг нарийсгасан хэсгийн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавьж, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож” гэж дурдсан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан ба Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/******* тоот албан бичгээр “... та бусад газар ашиглагч нарын хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд саад учруулахгүй байж, зөвхөн өөрийн ашиглалтын газарт хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулахыг мэдэгдье” гэх албан бичгийг Б.М*******д хүргүүлсэн байгаагаас үзвэл захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээргүй байна.

Зөвхөн нэхэмжлэл гаргагчийн эзэмшиж, ашиглаж буй газрын зэргэлдээ оршдог гэх үндэслэлээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, эсхүл хөндөгдөж болзошгүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд “Д******* А*******” ХХК-ийн хувьд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж бусдын эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Галын аюулгүй байдлын тухай хуультай холбоотойгоор эрх хууль ёсны ашиг сонирхлын зөрчигдсөн асуудал байхгүй. Яагаад гэхээр барилга байгууламж барьж байгаа тохиолдолд Галын аюулгүй байдлын тухай хуулийн эдгээр заалтууд мөрдөгдөнө. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 29 дүгээр зүйлийн 29.16, 29.17-д заасан үүргээ биелүүлээгүй гэж байгаа. Энд нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газрыг цуцлах, газрын хэмжээг өөрчлөх гэсэн үндэслэл байгаа. Хүн ам барилгажилтын нягтрал ихтэй бүсэд байрлах газрыг нийтийн эдэлбэрт авах гэдэг 2 үндэслэл байна. Энэ үндэслэлүүд нь нийгмийн зайлшгүй хэрэгцээ тулгарсан уу гэхээр үгүй. Яагаад гэхээр нэхэмжлэгч өөрөө тэнд амьдардаг. Газар ашиглах эрх болон 3 талт гэрээнд заасан үндэслэлээр ашигладаггүй өөрөө амьдардаг. Мөн дээрээс нь баар, караоке ажиллуулдаг. Хариуцагчийн хэлсэн аж ахуйн зорилгоор үйл ажиллагаа явуулах эрхээ зөрччихсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол юу байна вэ гэхээр аж ахуйн үйл ажиллагаа, өөрсдийнхөө хууль ёсны ашиг сонирхлоо хангуулах гээд байгаа. Гэтэл тэр хууль ёсны ашиг сонирхол нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон газар ашиглах тушаал гэрээгээр хамгаалагдахгүй.  Яагаад гэхээр зориулалт нь тийм биш. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг зориулалтаар маргаагүй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоод байна. Мөн асуулт хариултын шатанд 30 жил амьдарсан нь тогтоогдчихлоо. Өөрөөр хэлбэл түр буудаллах, аялагчдад зориулсан зүйл байхгүй өөрөө амьдраад, өөрөө ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулаад байна. Хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзээд байгаа эс үйлдэхүйгээ 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн эс үйлдэхүйтэй маргаад байна гээд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн агуулга яриад байна. Нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байна вэ гэхлээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан эзэмшил газартай давхцуулахгүй байх эрхийг зөрчсөн гэж тайлбарладаг. Гэтэл хариуцагчаас үүнийг тодруулахаар давхацсан зүйл байхгүй талууд өөрсдөө газар ашиглах эрхтэй холбоотой эрхийн маргаан ямар нэгэн байдлаар гаргаж байгаагүй гэж тайлбарладаг. Хамгийн сүүлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргаад байна. Хүчингүй болгуулахдаа зөвхөн манай газрын орц гарцыг хаасан хэсгийг нь хүчингүй болгуулъя гэж маргадаг. Тэр хүчингүй болгуулах хэсгийг шүүх тодорхойлбол захиргааны байгууллагын сонгох боломжид халдана. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага үүнийг тогтоох ёстой. Нэхэмжлэгчид үүнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт байна уу гэхээр нэхэмжлэгч талаас эргэлтийн цэгийг тогтоосон баримт гэж үзээд байгаа. Эргэлтийн цэг, кадастрын зургийг хуульд зааснаар тухайн газар ашиглах гэж байгаа хүсэлт гаргаж байгаа этгээд өөрөө тогтоодог. Газар ашиглаж байгаа этгээд өөрчлөгдсөн бол мөн байдлаа өөрөө тогтоогоод захиргааны захиргааны байгууллагад хүргүүлэх ёстой байдаг. Гэтэл үүнийг нэхэмжлэгч буруугаар ойлгоод өөрийнх нь газар биш манай газрын эргэлтийн цэгийг тогтоогоод шүүх эсвэл захиргааны байгууллага шиг манай эргэлтийн цэргийг тогтоож эднийд ийм газар эзэмшүүл гэдэг байдлаар манай эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаад байна. Тэгэхлээр энэ хууль бусаар халдаж байгаа үйлдлийг нь шүүх хамгаалах боломжгүй гэж үзэж байна. Түүнээс гадна хариуцагч байгууллагыг төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллахыг даалгах гэдэг шаардлагыг гаргасан. Энэ талаар ямар төрийн бодлого хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах вэ гэж асуухаар тухайн захиргааны байгууллагад хамааралгүй галын аюулгүй байдал, барилга байгууламжтай холбоотой норм стандартыг барилга баригдаагүй байхад мөрд гээд байгаа. Үүнд хяналт хийх эрхтэй этгээд нь захиргааны байгууллага биш учраас даалгах боломжгүй. Бодлогын баримт бичигт гэдэгт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу 5 жилийн үндсэн чиглэлийг тооцдог. 5 жилийн үндсэн чиглэлд ямар нэгэн байдлаар Б.М*******гийн орц гарц, газар ашиглагчийн этгээдүүдийн хооронд газар нь орц гарцтай байна гэдэг асуудлыг тавиагүй байдаг. Үүнээс гадна ажлын хэсгийн шийдвэрт яагаад маргаагүй вэ. Нэхэмжлэгч маргахдаа Захиргааны ерөнхий хуулийн хорин 24 дүгээр зүйлд заасан ажиллагааг захиргааны байгууллага хийгээгүй буюу татгалзаж байгаа нь буруу шийдвэр үйл ажиллагаа. Шийдвэр гаргах ажиллагаа биелүүлээгүй гэж маргаад байдаг. Гэтэл хариуцагч манайхаас ажлын хэсэг гаргаад ажлын хэсэг нөхцөл байдлыг нь тогтоогоод тогтоосон нөхцөл байдлаар ийм хэмжээний газрыг авчихвал 2 талын ашиг сонирхол хамгаалагдана гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлт нь 2 талын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу бодит нөхцөлд тохирсон байх зарчмыг хангасан гэдэг нь талуудын мөн хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Тэгэхлээр ийм байдлаар талуудын нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй. Энд тогтоогдсон нөхцөл байдлуудаас харахад нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн байна. Маргаж байгаа агуулга нь захиргааны байгууллагаас хуульд заасан чиг үүргийнхээ дагуу шийдвэр гаргах эрх хэмжэс нь хэтрүүлсэн зүйл шаардаж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг хүсэлтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгчид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/228 дугаар тушаалаар Богдхан уулын д******* цаазат газрын Богинын аманд 519 м2 газрыг, гуравдагч этгээд мөн сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дугаар тушаалаар Богдхан уулын д******* цаазат газрын Богинын аманд 4954 м2 газрыг тус тус олгожээ.

2. Нэхэмжлэгчээс “удаа дараа гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлээгүй, стандарт норм, дүрэм зөрчсөн” гэж, хариуцагчаас “өргөдлийн дагуу орц гарцыг чөлөөлсөн, захирамж хуульд нийцсэн” гэж, гуравдагч этгээдээс “орц гарцыг нээсэн, нэхэмжлэгчийн эрх хөндөгдөөгүй” гэж тус тус маргажээ.

3. Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 28, 2023 оны 02 дугаар сарын 09,  2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргаанд орц, гарц нээлгэх өргөдөл гаргасныг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №06 дугаар ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж, гуравдагч этгээдийн газраас 493 м.кв газрыг цуцлахыг дэмжжээ.

4. Улмаар Богдхан уулын д******* цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 486 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт саналыг хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/******* дугаар тушаалаар гуравдагч этгээдийн 4******* м.кв газраас 493 м.кв газрыг хэсэгчлэн цуцалжээ.

5. Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 12 өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд гомдол гаргасныг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр “иргэнтэй утсаар холбогдож хариу өгсөн” талаар бүртгэл хяналтын картад тэмдэглэжээ.

6. Дээрхээс дүгнэтэл нэхэмжлэгчийн гаргаж байсан өргөдөл гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэж байсан байх бөгөөд харин Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө” гэж, Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаарт “Явган зам, гарцыг орон сууц, олон нийтийн барилгын гал гарсан хэсэг болон туслах барилгууд, галын шат руу саадгүй очих, галын машин чөлөөтэй зорчих боломжтой төлөвлөнө. Зам гарцаас 10 хүртэл давхар барилгын хана хүртэл 5м-ээс багагүй, 10 дээш давхар барилгын хана хүртэл 8м-ээс багагүй байхаар тооцож төлөвлөнө. Энэ бүсэд ямар нэгэн хаалт, цахилгаан дамжуулах агаарын шугам болон мод эгнүүлэн тарихыг хориглоно. Барилгын орц байхгүй ханын дагуу галын машин зорчих 6м-ээс ихгүй зурвас зай гаргаж төлөвлөхийг зөвшөөрнө” гэж тус тус заажээ.

7. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газар нь өөр хоорондоо давхцаагүй, хоорондын зай нь 2.7 метр болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/1074 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдсон, уг зайгаар эмнэлгийн түргэн тусламжийн болон автомашин зорчих бүрэн боломжтой байна.

8. Харин галын авто машины тухайд нэхэмжлэгчийн газар нь баруун талаараа мөн авто замтай бөгөөд эрсдэл учирсан тохиолдолд уг байршлаар тусламж авах боломжтой.

Өөрөөр хэлбэл галын авто машин нь тусгай зориулалтаар тоноглогдсон /сунадаг шат, хоолой г.м/, нэхэмжлэгчийн хашаанд нэвтрэхгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжтой, хариуцагчаас орц, гарцыг нээж зөрчлийг арилгасан, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэж байх тул дээрх үндэслэлээр гуравдагч этгээдийн газраас хэсэгчлэн цуцлах хууль зүйн үндэслэлгүй байна.

           Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасныг тус тус баримтлан Б.М*******гийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/ дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийн орц гарцыг хаасан хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарцыг нарийсгасан хэсгийн газар нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэх, галын аюулгүй байдлыг хангасан эсэхэд хяналт тавьж, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, ажлын хэсэг байгуулж, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ