| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00316/И |
| Дугаар | 103/ШШ2025/00410 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2025/00410
| 2025 оны 05 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2025/00410 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүрэг, 0 дүгээр хороо, Тогос уулын 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:СУ...3/-ын
Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ю.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ю.******* 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн 0031096 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Ю.******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Ю.******* миний бие 1968 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд эцэг Л.*******, эх Х.******* гэр бүлд 8 дахь хүүхэд болж мэндэлсэн. Бид эцэг эхээс 11үүлээ. Төрсний дараа эх Юмжаваар овоглосон бөгөөд ямар шалтгааны улмаас эцгээрээ биш, эхээрээ овоглосныг би мэдэхгүй. Ээжийн минь төрсөн ах Жамц нь өөрийн үр хүүхэдгүй хүн байсан. Тийм учраас төрсөн дүүгээсээ охиныг нь өргөж авах санал хэлсний дагуу намайг нэг сартай байхад үрчлүүлсэн гэсэн. Тухайн үеээс өдий хүртэл албан ёсоор бичиг баримтын шилжүүлэг хийгдээгүй боловч зарим бичиг баримт ******* болон ******* овоглон бүртгэгдсэн байгаа. Тухайлбал:
1987 онд төрсөн охин Б.******* төрсний гэрчилгээ ******* овогтой, 1993 онд төрсөн охин Б.******* төрсний гэрчилгээ Жамц овогтой. 2000 оны 04 сарын 01-ний өдрийн 0031096 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр ******* тус тус бүртгэгдсэн байгаа. Одоо тэтгэвэрт гарах болоход нийгмийн даатгалын дэвтэр Жамц овогтой учир тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд 0031096 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, CVL....2 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, CVL....0 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, CVL...5 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа 0031096 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна
Шүүх С. гэрчийн мэдүүлэг авсан, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1 маягт, ХААТР-21 маягт, ИУБ-31 маягт, Үндэсний төв архивын газрын лавлагаа зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах зорилгоо Одоо тэтгэвэрт гарах болоход нийгмийн даатгалын дэвтэр Жамц овогтой учир тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд 0031096 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан Ю. иргэний үнэмлэхийн лавлагаанд ******* *******, *******гийн Отгонбаяр, *******гийн Анхбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбарт эх Жамцын *******, ХААТР-1 баримтад Жамцын *******, ХААТР-21 баримтад (Жамц) Юмжав *******, Үндэсний төв архивын 2025.05.02-ны өдрийн 03-01/3328 лавлагаанд Жамц *******, БНМАУ-ын хүн ам, орон сууцны 1989 оны тооллогод Жамцын ******* гэж тус тус бичигдсэн байна.
Эдгээр баримтаас үзэхэд Ю.*******гийн овог Юмжав, Жамц гэх хоёр өөрөөр бичигдсэн нь иргэний үнэмлэх, ХААТР-1, ХААТР-21 баримтууд, 2025.05.02-ны өдрийн Үндэсний төв архивын 03-01/3328 тоот лавлагаа зэргээр тогтоогдожээ.
Иймд 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн №0031096 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 2000 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн №0031096 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* /РД: СУ..3/ мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ю.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО