| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 101/2020/02379/И |
| Дугаар | 210/МА2021/00901 |
| Огноо | 2021-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2021/00901
Д.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/01094 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Бгийн хариуцагч Т.Ат холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 518 880 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний 4-т төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцон төлөх болно гэх заалтыг хүчин төгөлдөр бус /гэрээний хэсэг/ болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б нь 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Т.Атэй зээлийн гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа болгож мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан. Уг гэрээнд З.Огийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204020154 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байр, 9 тоот хаягт байрлах, 51.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Т.А,Н.Чнарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байр, 133 тоот хаягт байрлах, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Гэвч зээлдэгч Т.А нь зээлийн гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй учир хоёр тал харилцан тохиролцож 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл дахин 1 жилийн хугацаагаар тус тус сунгаж, тухай бүрт нь гэрээний сунгалтыг бичгээр үйлдэж байсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчтай зээлийн гэрээг дүгнэн тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан. Гэрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 188 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүнд 157 920 000 төгрөг, нийт 345 920 000 төгрөгийг зээлдэгч Т.А 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нэг ч төгрөг төлөөгүй өдийг хүрлээ. Иймд зээлдэгч Т.Аээс үндсэн зээл 188 000 000 төгрөг, зээлийн хүү 157 920 000 төгрөг, алданги 518 880 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд 2 барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулжээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолохоор хуульд заасан. Зээлийн гэрээний хугацааны хоёр дахь сунгалтаар гэрээний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болсон байдаг. Гэтэл Д.Б нь шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Т.А нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 518 880 000 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхтэй. Талууд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр 200 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан. Зээлдэгчийн хувьд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн төлбөрт 50 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 10 500 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 36 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үндсэн зээлд 18 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 12 000 000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаас тодорхой харагдаж байна. Гэтэл үндсэн зээлийн төлбөрт төлсөн дээрх 68 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцоогүй байна. Үүнийг хасаж тооцвол үндсэн зээлийн төлбөрт 132 000 000 төгрөг байхаар байна. Мөн зээлийн гэрээний алдангид 172 960 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Алдангийн үнийн дүн нь зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөртэй эн тэнцэхүйц хэмжээний байгаа нь зээлдэгчийн эрх ашигт хүндээр тусаж байна. Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж гэрээгээр Т.Ат 200 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар дээрх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэн тооцоо нийлэх агуулгаар 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ. Тус гэрээ нь бие даасан үүргийг шинээр үүсгэж байгаа бус зээлийн гэрээний үүргийг дүгнэсэн тооцоо нийлэх актын шинжтэй баримт юм. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт нийцэхгүй байна. Төлбөр барагдуулах гэрээгээр үндсэн зээл 188 000 000 төгрөг түүний хүүд 157 920 000 төгрөг, нийт 345 920 000 төгрөгийн үлдэгдлийг тохирсон хугацаанд төлөхөөр талууд тохиролцсон байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байхад түүнээс гадуур дахин шинээр үүрэг үүсгэсэн шинжтэй байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний зохицуулалтад нийцэхгүй. Мөн гэрээний 4 дэх заалтаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт заасан хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Учир нь төлбөр барагдуулах гэрээгээр үндсэн зээл болон хүүгийн нийлбэрээс дахин 0.5 хувийн алданги тооцсон нь Иргэний хуульд заасан дээрх хуулийн зохицуулалтад үл нийцсэн, зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой заалт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан зохицуулалт нь эдийн засгийн чадавхи, боломжоор сул талыг эдийн засгийн чадавхаар илүү давамгай талаас хамгаалахад чиглэгддэг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлдүүлснээрээ Төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтаар өөрт илүү ашигтай, зээлдэгчид хохиролтой нөхцөлийг тусгасан гэж үзэхээр байна. Иймд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний 4-т төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцон төлөх болно гэж тусгасан заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус зэрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус /гэрээний хэсэг/ болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр нөхцөлийг гэрээнд тусгасан гэж тайлбарлажээ. Харин нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хуулийг өөрт ашигтай байдлаар буруу тайлбарлаж байна. Талуудын хооронд хийгдсэн анхны болоод хариуцагч гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсний улмаас хугацаа сунгаж хийсэн гэрээнүүд бүгд хуулийн дагуу хийгдсэнээс гадна Иргэний хуульд заасан зээлийн гэрээний нөхцөлийг хангасан, талуудын чөлөөт байдал алдагдаагүй, харилцан ашигтай байхаар тэр дундаа бизнэсээ өргөжүүлэх гэсэн хариуцагч Т.Аийн зорилгыг дэмжиж харилцан тохиролцож хийсэн гэрээ гэж тодорхойлж байна. Хариуцагч Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэжээ. Энэ хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Бид тооцоо нийлэх болон гэрээг сунгахдаа шаардлага нэмж гаргаж байгаагүйгээс гадна 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан гэрээг үргэлжлүүлж хугацаа сунгадаг, төлбөрийг барагдуулах боломжоор хангаж төлбөр төлөгчийн хүссэнээр график гаргаж хугацаа сунгаж байсан нь 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээнээс харагдана. Мөн энэ гэрээний 4 дэх хэсэгт алданги заасан нь үүргийн гүйцэтгэл хангуулах арга бөгөөд хуулиар хориглоогүй, бичгээр тохирчээ. Гэрээнд тохиролцсон нөхцөлийг талууд аль ч гэрээндээ эхнээсээ тохиролцож тусгаж ирсэн ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ дурдсанаар шинээр үүрэг үүсгэсэн нэг ч заалт байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох барьцаа хөрөнгө нь З.О миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 байр, 133 тоотод байрлах, 48 м.кв, 4 өрөө орон сууц болно. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Атэй 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед хариуцагч Т.Аийн нөхөр надад 200 000 000 төгрөгийн зайлшгүй хэрэг гараад байна. Хүнээс мөнгө зээлэх гэхээр хугацаандаа эргэн төлөх баталгаа гаргаж өгөх юм бол зээлдүүлнэ гэсэн, чи надад зээл авахад баталгаа гаргаад өгчих гээд гуйсан. Иймд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Тус байр нь миний нэр дээр боловч миний эцэг, эх болон охин дүү амьдардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдН.Чболон Т.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан барьцааны зүйл нь Т.А болон миний өмчлөлийн орон сууц юм. Т.А нь мөнгө зээлсний баталгаа гаргаж өгөх шаардлагатай болчихлоо, орон сууцаа барьцаанд тавиад өгөөч гэж Т.Аөөс гуйсан байсан. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Д.Б болон Т.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний баталгаа болгож, тус өдөр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн барьцааны гэрээг байгуулж, гарын үсэг зурахдаа өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын талаар огт төсөөлөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Аээс зээлийн гэрээний үүрэгт 518 880 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.А нь төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох гуравдагч этгээд З.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байрны 9 тоот, 51,84 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204020154 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, гуравдагч этгээд Т.А,Н.Чнарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 133 тоот, 48 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Д.Б, Т.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 822 550 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 022 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Аээс улсын тэмдэгтийн хураамж 2 822 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Бд олгож, Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 1 022 750 төгрөгийг гаргуулж, Т.Ат олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Хариуцагчийн зүгээс үндсэн зээлээс 36 000 000 төгрөгийг хасч тооцуулахаар маргасан. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид 18 000 ам.долларын буюу 36 000 000 төгрөгийг үнэ бүхий 8 ширхэг бөгжийг үндсэн зээлээс хасч тооцохоор тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгчээс бөгжний өртгийг 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлөгдсөн 30 000 000 төгрөг нь уг үнэт эдлэлийн мөнгө буюу зээлийн төлбөрт тооцсон гэх, эсхүл дээрх 36 000 000 төгрөгийг тооцсон гэх хоёрдмол утгатай, ойлгомжгүй тайлбарыг гаргасан. Дээрх 30 000 000 төгрөг нь хариуцагчаас зээлийн эргэн төлөлт гэж нэхэмжлэгчийн Голомт банкин дахь 1170003476 тоот данс руу 2014 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр шилжүүлсэн тусдаа гүйлгээ байдаг. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч дээрх байдлаар тайлбараа өөрчилсөнтэй холбоотой 30 000 000 төгрөг шилжүүлсэн баримтыг гаргаж өгөх боломж олдоогүй. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу 30 000 000 төгрөг ямар байдлаар орж ирсэн гэдгийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байсан. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн атлаа үр дагаврыг буруу дүгнэсэн. Шүүхээс хэлцлийн хэсгийг хүчин төгөлдөр буст тооцсон атлаа алдангид 172 960 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуулиар алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байхад үүсгэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Т.Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 518 880 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 200 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатайгаар, сарын 3 хувийн хүүтэй, зээлдүүлэхээр харилцан тохиролцож, тус өдрөө нэхэмжлэгчээс 200 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.
Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Зохигчид дээрх зээлийн гэрээний хугацааг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус бүр 1 жилийн хугацаагаар сунгажээ. Улмаар талууд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу үндсэн зээл 188 000 000 төгрөг, зээлийн хүү 157 920 000 төгрөг, нийт 345 920 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хэргийн 10 дугаар тал/
Хариуцагчаас 18 000 ам.доллар буюу 36 000 000 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг бөгжийг үндсэн зээлээс хасах ёстой гэж тайлбарласан бол, харин нэхэмжлэгч бөгж авсныг 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 30 000 000 төгрөгт тооцож зээлээс хассан гэж тайлбарлажээ. Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний чөлөөт эрхийн зарчмын хүрээн байгуулагдаж, тооцоо нийлсэн байх тул дээр дурдсан бөгжний үнийг зээлийн төлбөрт тооцсон талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Нөгөө талаар хариуцагч нь 8 ширхэг бөгжийг 36 000 000 төгрөгт тооцож, дээрх хэлцлээс тусад нь нэхэмжлэгчид шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймээс хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон давж заалдах гомдлоо 36 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой гэх агуулгаар тайлбарлаж байгаагаа Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг үгүйсгээгүй ба талуудын хооронд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3-д “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор” харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсгийг зөрчөөгүй байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 188 000 000 төгрөг, зээлийн хүү 157 920 000 төгрөг, алданги 172 960 000 төгрөг, нийт 518 880 000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний 4 дэх заалтыг шүүхээс хүчин төгөлдөр буст тооцсонд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй ба энэ нь хариуцагчийг алданги төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, анх гэрээгээр тохиролцсон алданги шаардах эрхээсээ нэхэмжлэгч татгалзсан болох нь тогтоогдохгүй байна.
Мөн зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр З.О, Т.А,Н.Чнарын өмчлөлийн орон сууцыг тус тус барьцаанд тавьж, гуравдагч этгээд З.О, Т.А,Н.Чнартай нэхэмжлэгч Д.Б нь барьцааны гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй.
Иймээс анхан шатны шүүхээс хариуцагч Т.А нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох гуравдагч этгээд З.Огийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 дугаар байрны 9 тоот, 51,84 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204020154 дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууц, гуравдагч этгээд Т.А,Н.Чнарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 133 тоот, 48 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204007691 дугаарт бүртгэгдсэн, 4 өрөө орон сууцыг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасанд нийцнэ.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2021/01094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 202 750 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
С.ЭНХТӨР