Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/80  

 

 

 

 

 

 

 

 

 

2023        11       02                                            2023/ДШМ/80      

 

                

 

Б.Ү, Г.Т нарт холбогдох

              эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд: 

 

               Прокурор В.Б /цахим сүлжээгээр/

               Яллагдагч Б.Ү, Г.Т

               Тэдний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Г.Ичинхорлоо

               Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 885 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Бийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 тоот эсэргүүцлээр Б.Ү, Г.Т нарт холбогдох эрүүгийн 2303002100296 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...................................................

 

Б.Ү, Г.Т нар нь бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна зогсоол дээрээс Оросын Холбооны Улсын иргэн ““““““““““ийн эзэмшлийн 16.104.000 төгрөгийн үнэ бүхий в476ху 27RUS дугаартай “Хонда Инсайт” загварын автомашин,

Хохирогч Оросын Холбооны Улсын иргэн ““““““““““ийн эзэмшлийн 8.322.126 төгрөгийн үнэ бүхий Оросын Холбооны Улсын а574ху 27RUS дугаартай “Мицубиши ASX” загварын автомашинуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан авч бусдад нийт 24.426.126 /хорин дөрвөн сая дөрвөн зуун хорин зургаан мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас Б.Ү, Г.Т нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулах, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж зааснаар эрүүгийн 2303002100296 дугаар хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар мөрдөгчийн тогтоол үйлдсэн, уг тогтоолын дагуу 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ИАТ-23-01 дугаар шинжээчийн дүгнэлт танилцуулж шинжээчийн эрх, үүрэг тайлбарласан дүгнэлт гаргасан байна. Гэтэл хэрэгт “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахдаа тухайн шинжээчээр томилсон хүн, хуулийн этгээдийн  тусгай мэдлэг, тусгай зөвшөөрөл, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл, орчуулга, хэлмэрчлэх эрхтэйг гэрчилсэн баримтыг хэрэгт хавсаргах шаардлагатай байна.

 

2. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдолд шүүх, прокурор, мөрдөгч нь орчуулга хийх, хэлмэрчлэх мэдлэг, чадвартай хүнийг орчуулагч, хэлмэрчээр томилно” гэж зааснаар тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Оросын Холбооны улсын иргэн ““““““““““Александровичид 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Бум-Аюушийг орчуулагч, хэлмэрчээр,

Оросын Холбооны улсын иргэн ““““““““““ нарт 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Цогбаярыг орчуулагч, хэлмэрчээр тогтоосон баримт хэрэгт авагдсан байх ба тухайн орчуулагч, хэлмэрчийг томилсон хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл, орчуулга, хэлмэрчлэх эрхтэйг гэрчилсэн баримтыг хэрэгт хавсаргах зүйтэй байна.

 

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Г.Т нь “...тухайн үед Оросын Холбооны Улсын дугаартай гурван тээврийн хэрэгслийг ачиж явсан. Нэгийг нь буцаагаад байсан газарт нь тавьсан байсан. Энэ машины асуудлыг шалгуулах хүсэлтэй байна...” гэсэн тайлбарыг гаргаж байх тул дээрх асуудлыг шалгаж тодруулах нь зүйтэй байна гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Б 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 17 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Үүнд: Яллагдагч Б.Ү, Г.Т нар нь бүлэглэн "2023 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” Олон Улсын нисэх буудлын гадна зогсоолоос Оросын Холбооны Улсын Иргэн ““““““““““ийн эзэмшлийн 16.104.000 төгрөгийн үнэ бүхий в476ху 27RUS дугаартай “Хонда Инсайт” загварын автомашин, хохирогч Оросын Холбооны Улсын иргэн ““““““““““ийн эзэмшлийн 8.322.126 төгрөгийн үнэ бүхий Оросын Холбооны Улсын а574xy 27RUS дугаартай “Мицубиши ASX” загварын автомашинуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглан авч бусдад нийт 24.426.126 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд шинжээчээр томилсон хүн, хуулийн этгээдийн тусгай мэдлэг, тусгай зөвшөөрөл, мэргэжил чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг урьдчилан тодруулсан тухай тэмдэглэл, орчуулагч, хэлмэрчийг томилсон хүний тусгай мэдлэг мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, орчуулга, хэлмэрчлэх эрхтэйг нотолсон баримтыг хэрэгт хавсаргах,

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Г.Т нь “...тухайн үед Оросын Холбооны Улсын дугаартай гурван тээврийн хэрэгслийг ачиж явсан. Нэгийг нь буцаагаад байсан газар нь тавьсан байсан. Энэ машины асуудлыг шалгуулах хүсэлтэй байна...” гэсэн тайлбарыг гаргаж байх тул дээрх асуудлыг шалгаж тодруулах нь зүйтэй гэж тус тус дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Оросын Холбооны Улсын иргэн Линник С.А-ийн мэдүүлэг, хохирогч Оросын Холбооны Улсын иргэн Ермолаев А.Ю-ийн мэдүүлэг, гэрч Х.Баасансүрэнгийн мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Б.Ү, Г.Т нар нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, аливаа халдлагаас хамгаалах эрхийг зөрчсөн, бусдын захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан, улмаар тухайн үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгийг зөөж тээвэрлэхийн тулд тээврийн хэрэгслийг ашигласан болох нь нотлогдон тогтоогддог.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарыг хуульд заасан эрхээр нь хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт хохирогчоор тогтоогдсон Оросын Холбооны Улсын иргэн ““““““““““Александровичийн орчуулагчаар 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Бум-Аюушийг, Оросын Холбооны Улсын иргэн ““““““““““ийн орчуулагчаар 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Цогбаярыг тус тус орчуулагч, хэлмэрчээр томилохдоо орчуулга хийх мэдлэг, чадвартай эсэхийг тодруулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан мөрдөгчийн тогтоол үйлдэж хэрэгт хавсаргасан байна.

Мөн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийг шинжээчээр оролцуулахдаа хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч тогтоол үйлдсэн, тогтоолтой хэргийн оролцогч нарыг танилцуулж, эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргуулжээ. Эдгээр мөрдөгчийн үйл ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улмаар шүүхээс шүүх хуралдааны явцад шинжээч болон орчуулагч, хэлмэрчээр тогтоогдсон хүн, хуулийн этгээдийн зөвшөөрөл, мэдлэг, чадвартай эсэхийг тодруулах, шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр 60 хүртэл хоногоор хойшлуулж, дээрх баримтуудыг гаргуулан авах боломжтой юм.

Түүнчлэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан бөгөөд яллагдагч Г.Төртулгын урьдчилсан хэлэлцүүлгийн үед өгсөн “...тухайн үед Оросын Холбооны Улсын дугаартай гурван тээврийн хэрэгслийг ачиж явсан. Нэгийг нь буцаагаад байсан газар нь тавьсан байсан. Энэ машины асуудлыг шалгуулах хүсэлтэй байна...” гэсэн тайлбар нь дангаараа нотлох баримт болохгүй, энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй юм.

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 885 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Яллагдагч нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд хэлмэрч, орчуулагч, тусгай мэдлэг гэдгийг тайлбарласан байдаг. Иймд шүүгчийн захирамжид заасан нөхцөл байдалтай холбоотой зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа хийснээр тухайн баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой эсэх асуудал яригдана. Мөн Г.Төртулгын ярьсан 3 дахь машиныг буцаан аваачин тавьсан асуудлын шалтгаан нөхцөлийг зайлшгүй тогтоох шаардлагатай тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Яллагдагч нарын өмгөөлөгч Г.Ичинхорлоо тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Л.Намнансүрэн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна гэв.  

 

Яллагдагч Б.Ү гаргасан тайлбартаа: Гурав дахь машиныг буцаан аваачиж тавьсан үйлдлээ шалгуулмаар байна гэв.  

 

Яллагдагч Г.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Б.Ү, Г.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

 

3. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргасан “Дамно” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргах, хохирогч Оросын Холбооны Улсын иргэн ““““““““““, ““““““““““ нарын орчуулагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Б.Бум-Аюуш, Б.Цогбаяр нарын орчуулга хийх тусгай мэдлэг, чадварыг нотолсон баримт хэргийн материалд авагдаагүй ч үүнийг зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд холбогдох байгууллагуудаас гаргуулан авах хууль зүйн бүрэн боломжтой байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд яллагдагч нараас гурав дахь машиныг авч явсан ч байсан газарт нь буцаан аваачиж тавьсан гэх үйлдэл холбогдлоо шалгуулах талаар хүсэлт гаргасан ч уг асуудлыг тусад нь шалган шийдвэрлэх, хэрэв шүүхээс тэднийг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмаар нэгтгэн шийдвэрлэх боломжтой болно.

Өөрөөр хэлбэл шүүхээс тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч Б.Ү, Г.Т нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэвэл зохино.

 

4. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч ханган, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

5. Тус шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон ч яллагдагч Б.Ү, Г.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэвээр үргэлжлэхийг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор В.Бийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг хүлээн авч ханган, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 885 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          З.ТҮВШИНТӨГС

 

           

                          ШҮҮГЧИД                                                   Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                               

                                                                                                М.МӨНХДАВАА