Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 137/ШШ2025/00119

 

                         

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: ....... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Р.Н /РД: ....../-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: ...... тоотод оршин суух, Б.М /РД: ......./-д холбогдох

   Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ...... хотхоны ......-р байрны ....... тоот 2 өрөө байрыг албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33.709.470 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зохигчдын хооронд хийгдсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, ....... хотхоны .....-р байрны ..... тоот 2 өрөө байрыг худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, 69,820,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч Р.Н /цахим/, түүний өмгөөлөгч Н.Э, хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч С.Э, гэрч Ц.О /цахим/, Ё.О нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Р.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 10 сард М нь над руу залгаад өмнө түрээсэлж байсан хүнээ гаргаад би орох оронгүй болсон байраа надад зарчих гэж надад санал тавьж байсан. Хамт ажиллаж байсан болохоор итгээд өөрөө надад 2 жилийн хугацаа өгчих би чиний төлбөр мөнгийг барагдуулна асуудалгүй, сар болгон чиний дансанд 1.000.000 төгрөг байршуулж байя үндсэн төлбөрөөс хасаад байрны мөнгөнөөс багасгаад явж байвал сайн байна гэж надад хэлсэн. Үүнийг би зөвшөөрөөд 2 жилийн хугацаа өгсөн. Энэ 2 жилийн хугацаанд хэлсэн ярьсан зүйлээ нэгийг ч биелүүлээгүй аргаа бараад би байрнаасаа гар эсхүл зээлээ бүтээгээд байраа ав авахгүй бол байрнаасаа гар гэсэн шаардлагыг 2021 оноос хойш тавьсан.  2021 оноос хойш зээл гарахгүй байна гэж явсаар байгаад өдийг хүрсэн. Байрнаас гар гэхээр яг одоо болох гээд байна гэдэг зүйлийг хэлсэн. Болох гээд байна гэсэн хэр нь болсон зүйл ч байхгүй бүтсэн зүйл ч байхгүй, зээлээ хөөцөлдсөн зүйл ч байхгүй, сүүлдээ аргаа бараад байрнаас гар гэсэн чинь гарахгүй гээд байсан. Тэгвэл би шүүхээр явна шүү гэсэн чинь тэгвэл тэр шүүхээрээ яв даа шүүхээр яваад авч чаддаг бол ав гэж хэлсэн. Би аргаа шүүхэд хандсан гэв. Бид 2-т үл ойлголцох зүйл байгаагүй юмсан. Ямар ч гэрээ хэлцэл амаар байна уу, бичгээр байна уу тодорхой цаг хугацаатай байдаг шүү дээ. Хувь лизинг чинь хамгийн ихдээ 2 жилийн хугацаа заагаад төлөх ёстой хугацаандаа төлж чадвар байраа ав чадахгүй бол байраа өг гэсэн ийм зарчмаар явагдана. Энэний үндсэн дээр явагддаг шүү дээ. Энийг биелүүлээгүй байсан. 2 жил нь одоо 5 дахь жил дээрээ явж байна. Ярьсан хэлсэндээ байгаагүй, аман хэлцлийг нэг бол хүчинтэй тооцуулж өг гээд нэг бол хүчингүйд тооцуулж өг гээд би хохирчхоод байна  шүү дээ. Энэ хүн 4 жил байранд үнэгүй шахуу амьдарснаараа хохирчхоод байгаа юм уу, эсхүл би 4 жил үнэгүй шахуу амьдруулснаараа хохичхоод байгаа юм уу, үүнийг хэн ч харсан ойлгомжтой байна шүү дээ. Надаас үндэслэлгүй төлбөр зөрүүлж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би засвар хийлээ шүү гээд надад нэг ч удаа хэлээгүй байж надаас би завсар хийсэн гээд бөөн мөнгө нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Сард 360.000 төгрөгийг осолдохгүй миний дансанд хийж байсан. Араасаа утсаар яриулна. Сард 360.000 төгрөгийг түрээстэй байр 10 жилийн өмнө ч Замын-Үүдэд байгаагүй. Би 2018-2019 он хүртэл түрээсийн байранд ч амьдарч байсан өөрийнхөө байранд  амьдарч байсан. 360.000 төгрөгд амьдрах байр олддоггүй байсан шүү дээ.  Хүний байранд 360.000 төгрөгөөр амьдарчхаад яагаад хохирсон болоод байгаа юм бэ үүнийгээ ойлгомжтой тайлбарлаад өгөөрэй. Хэн нь хохироод байгаа юм бэ. Ярьсан хэлсэндээ 2 жилийн хугацаанд дууссан байсан бол ярьсан хэлсэндээ өгч авалцаж болох байсан шүү дээ. Би чинь бас хүн өөрөө зээлтэй өөрийн гэсэн хувийн амьдралтай. Яагаад М-ны өмнөөс 4,5 жил зээл төлж амьдрах ёстой юм бэ. Би амьдралгүй М ганцаараа амьдралтай М-ны амьдрал болж байвал миний амьдрал хамаагүй гэсэн утгаар надад хандаж байгаа юм уу. Эвлэрэх талаар нэг бус удаа хоорондоо ярилцаж саналаа гаргасан. Маш олон удаа эвлэрэх санал гаргаж байсан. Урьдчилгаатайгаа нийлээд байрны тал үнээр эвлэрэх талаар санал гаргаж байсан. М надтай эвлэрээгүй. Өөрөө хүлээж аваагүй байж би эвлэрэх гэсэн боловч Н хүлээж аваагүй гэдэг зүйлийг ярьж байна. Эвлэрэх гэж байгаа бол М өөрөө над руу холбоо барих ёстой байсан миний утсыг авахгүй байгаа. Тэгсэн нэг бол өмгөөлөгчөөрөө үгүй бол туслахаар яриулж санал тавьж байсан. Шүүх дээр очих болгонд шүүгчийн туслах та эвлэрч болохгүй юм уу гэдэг зүйлийг хэлдэг. Үнэхээр эвлэрэх хүсэлттэй хүн өдөр болгон над руу залгаад санал гаргах ёстой байсан. 2 жилийн хугацаа дууссан. Тэрнээс хойш тавьсан саналыг нэг ч удаа зөвшөөрч байгаагүй.  Хамаг асуудал наад хүнд чинь байгаа  надад нэг ч асуудал байхгүй. Надад харилцааны асуудал гэх зүйл огт байхгүй. Өөрөө бүх зүйлээ ийм дээрээ тулгачхаад хохирогчийн дүрд тоглоод байх шаардлага байгаа ч юм уу үгүй юм уу” гэв.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ........ хотхоны ....... тоот 2 өрөө байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж хариуцагчаас 33.709.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч руу залгаад байр худалдан авах талаар саналыг гаргасан. Урьдчилгаа гэж 26.000.000  төгрөгийг өгөөд үлдэгдэл мөнгийг 2 жилийн хугацаанд өгч барагдуулна гэж хоорондоо тохиролцсон. Гэтэл хариуцагч нь тохирсон хугацаандаа байрны үлдэгдэл мөнгийг төлөөгүй. Иймээс худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, үүнээс өөрт учирсан хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж гаргасан. Энэ шаардлагаа Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний нэг талд хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талд учруулсан хохирлыг аргуулах нийтлэг журмыг баримтална гэж заасны дагуу М-нд орон сууцаа худалдан борлуулахаас өмнө уг байрыг хөлслүүлэн ашиг олдог байсан. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан тус гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан үүний дагуу тус хуулийн 229 дүгээр зүйлийн 1-т үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. М нь Н-ийн байрыг аваагүй байхдаа 1.400.000 төгрөгийр хөлсөлж байсан. М нь нэхэмжлэгчийн байранд 2020 оны 10 дугаар сараас 2025 оны 02 дугаар хүртэл нийт 52 сар амьдарсан. Энэ 52 сард байраа хөлслүүлсэн бол 27.412.680 төгрөг олох боломжтой байсан. Энэ дээр үнэлгээ хийлгэж тогтоолгосон. М орон сууц худалдах мөнгөө хугацаандаа буюу 2020 оны 10 сараас төлж баргуулсан бол 2022 оноос ипотекийн зээл төлөхгүй нөхцөл байдал үүсэх байсан. 2022 оны 11 сараас өнөөдрийг хүртэл банканд зээл хүүнд 5.260.785 төгрөгийг төлсөн. Нийт хохирол нь 33.709.470 төгрөгийг нэмэгдүүлж гаргасан” гэв.

       Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Бид 2 хамт ажиллаж байсан. Н маань ажлаасаа гараад хот руу явж байгаа гэж байсан. Надад тухайн үед байрны хэрэг гарсан. Нэгэнт байр авах гэж байгаа юм чинь таньдаг хүнээс авъя гэж бодоод Н-той холбоо бариад байрыг нь авахаар тохиролцсон. Гэхдээ 2 жилийн дотор гэж ярилцаж байгаагүй. Тухайн үед байрны урьдчилгаа мөнгөө өгчих дараа нь зээлээ төлөөд явчих гэсэн зүйлийг хэлсэн. Би тухайн үед 1.300.000 төгрөгийн цалинтай байсан. Дээр нь 360.000  төгрөгийг тушаагаад хаан ч амьдарч болох байсан. Зээлийн мөнгийг шууд дансанд нь шууд шилжүүлж төлж байсан. Ковидын 2 жил өнгөрөөд би өөрийн гэсэн ажилтай болоод 2024 оны 01 сард цалингийн зээл аваад байрны зээлээ хаах гээд 33.000.000 төгрөгийн зээлийг төрийн банкнаас зээл авсан. Тэгээд нэрээ шилжүүлж авах гээд байр зарсан 2 хувийг чи төлөх үү гэсэн чинь би яахаараа төлдөг юм чи өөрөө төлчих гэхээр нь хууль дээрээ зарж байгаа нь төлөх ёстой гэж заасан байгаа шүү дээ гэж хэлэхэд би наад мөнгийг чинь төлж чадахгүй гээд энэ маргаан үүссэн. Тэгээд би чамд байр зарахгүй болилоо гэсэн” гэв.

     Хариуцагчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 10 сард зохигчид худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Маргаан бүхий байрыг худалдан авахаар тохирч 26.500.000 төгрөгийг урьдчилгаа өгөөд үлдэгдэл мөнгийг ипотекийн зээлийг төлж дуусгах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. 2024 оны 01 сард зээлийг нь бүрэн хаана чи татварын 2 хувийг чи хуулиараа төлөх юм байна гэдэг асуудлыг тавихад би яахаар төлдөг юм гэдэг асуудлаас болж энэ маргаан эхэлсэн. Энэ маргаан цаашаа хурцдаад би чамд байраа зарахаа болилоо гэдэг асуудал яригдсан. Цаашлаад дахиад энэ 2 хэд хэдэн удаа уулзсан юм шиг байна. Цаашлаад би энэ мөнгөөр байраа зарахгүй чи төлбөр мөнгө нэмж өг гэдэг зүйлээс болоод асуудал гараад 2024 оны 01 сард Н нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байсан. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл юм. Хуульд заасан хугацааны дагуу гэрээний үүргээ биелүүлж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө  үү гэсэн тайлбарыг гаргаж байна. Түрээсийн гэрээтэй холбоотой асуудал дээр тус гэрээ нь зөрчигдөөгүй талууд түрээсийн гэрээнээс түдгэлзэнэ гэсэн агуулгаар тус гэрээг байгуулаагүй учраас энэ үндэслэлээр татгалзаж байна. Мөн нэхэмжлэгч түрээсэл гэж байгаа боловч түрээсэлсэн бол тодорхой хэмжээний татвар төлөх ёстой. Энэ татварыг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байгаа учраас энэ үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

     Хариуцагчийн өмгөөлөгч С.Э сөрөг нэхэмжлэлийнхээ талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сөрөг нэхэмжлэл өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг 02 сарын 20-ны өдөр гаргасан. Хариуцагч, нэхэмжлэгч нар 2020 оны 10 сард маргаан бүхий байрыг урьдчилгаа 26.500.000 төгрөг, үлдэгдэл төлбөр 38.273.118 төгрөгийг үргэлжлүүлж төлөхөөр харилцан тохиролцож хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлээд 26.500.000 төгрөгийг 2020 оны 10 сард нэхэмжлэгчийн данс руу шилжүүлж нэхэмжлэгч нь тухайн байраа хүлээлгэж өгсөн байдлаар хэлцлийг хийж  биет байдлаар хүлээж аваад биет байдлыг доголдолгүй хүлээж авсан нөхцөл байдал харагддаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна. Энэ нь өөрөө хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Худалдах, худалдан авах өмчлөлийн болон үүргийн гэсэн 2 хэлцлээс бүрдэнэ. Эдгээр хүмүүсийн хооронд үүргийн хэлцэл үүссэн. Үүргийн хэлцэл гэдэг нь анх тохирсон үнээ хүсэл зоригоор хийгдсэн хэлцлээ хийгээд үүргээ гүйцэтгэсний дараа Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангуулж өмчлөлийн хэлцлийн хэлцэл хийгдсэн байна. Ийм учраас талуудын хооронд байгуулагдсан хүсэл зоригийн илэрхийлэл буюу амаар байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөрт тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нөгөө талаас нь харахаар нэхэмжлэгч тал анхнаасаа энэ гэрээ хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал харагдаж байгаа учраас талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж өгнө үү” гэв.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай тал энэ гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Энэ гэрээний үүрэг биелүүлээгүйтэйгээр холбоотойгоор гэрээний үүргээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 69.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнийгээ өөрчлөөд хүчин төгөлдөр хэлцэл юм гээд өнөөдөр өөрчлөөд оруулаад ирсэн. 69.000.000 төгрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэж харж байна. Харин энэ хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл гэдэгт манай талаас маргах зүйл байхгүй гэв.

       Хэрэгт цугларсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд

-Тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт /хх-ийн 04/

-Нэхэмжлэгчийн Төрийн банкны зээлийн дансны харилцааны хуулга /хх-ийн 06-08/

-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... баг ..... дугаар хэсэг ..... дугаар байр ...... тоотод байршилтай орон сууцны зориулалттай 54,24 мкв талбайтай 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........ дугаартай гэрчилгээ /хх-ийн 09/

-Р.Н-ийн Төрийн банкны зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-ийн 68-74/

-Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох 2024 оны 04 сарын 10-ны өдрийн ......-АГ дугаартай Лэндс Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 85-94/

- Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлд УТХ-нд 323,347 төгрөг тушаасан баримт / 2-р хх-ийн 48/

- Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн түрээсийн үнэ тогтоох үнэлгээний тайлан /2-р хх-ийн 50-65/

         Хариуцагч талаас нотлох баримтаар

-Голомт банкны 2020 оны 10 сарын 13-ны өдрийн Зээлийн ЗГ......... дугаартай гэрээ, эргэн төлөлтийн график /хх-ийн 27-29/

-Ё.О-ын Төрийн банкны зээлийн дансны харилцааны хуулга /хх-ийн 30-32/

-Б.М, Ё.О нарын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 34-65/

-Сөрөг нэхэмжлэлд тэмдэгтийн хураамжинд 483,390 төгрөг төлсөн Х.б-ны шилжүүлэгийн мэдээлэл, 23,660 төгрөг төлсөн Төрийн банкны гүйлгээний баримт /хх-ийн 77, 147/

-Б.М-ы 2024 оны 01 сарын 05-ны өдрийн ЗГ24/..... дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга /хх-ийн 78-81/

 -У.э ХХК-ны 2024 оны 06 сарын 24-ны өдрийн ..... дугаартай албан тоот /1-р хх-ийн 194/

-Ё.О-ын Х.б-ны 2020 оны 10 сараас 11 сар хүртэл хугацааны, 2021 оны 12 сарын 13-ны, 2023 оны 10 сарын 08-ны, 10 сарын 13-ны өдрийн  хуулга /1-р хх-ийн 196-210/

 -Д.с ТӨҮГ-ын 2022 оны 01 сарын 01-нээс 2024 оны 06 сарын 30-ны өдрийн хуулга /1-р хх-ийн 211-215/

- Хариуцагч Б.М-ны байранд засвар хийсний дараах гэрэл зургууд /2-р хх-ийн 85-90/

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр

 -Х.б-ны 2024 оны 05 сарын 15-ны өдрийн ....... дугаартай албан тоот /хх-ийн 124/

- Нэхэмжлэгч Р.Н-ийн 2013 оны 09 сарын 16-ны өдрийн Замын-Үүд дэх Төрийн банктай байгуулсан гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /2-р хх-ийн 139-144/

- Байрны урьдчилгаанд 26,500,000 төгрөгийг Худалдаа, хөгжлийн банкинд тушаасан баримт /2-р хх-ийн 152/

- Хариуцагчийн эхнэр Ё.О-с Р.Н-ийн зээлийн төлбөрийг төлж байсан Хаан банкны шилжүүлгийн баримтууд / 2-р хх-ийн 153-160/

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын шүүхэд гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч тал Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, .... хотхоны .......-р байрны ....... тоот 54,24 мк 2 өрөө байрнаас Б.М-ныг албадан чөлөөлүүлэх, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33.709.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал зохигчдын хооронд хийгдсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг ....... хотхоны ......-р байрны ..... тоот 2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгчээс 69,820,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгч Р.Н, хариуцагч Б.М нар нь 2020 оны 10-р сард Замын-Үүд сумын ..... баг ...... хотхоны .....-р байрны ...... тоотод байрлах 54,24 мкв 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар, урьдчилгаанд 26,500,000 төгрөгийг төлж,  нэхэмжлэгч Р.Н-ийн Төрийн банктай байгуулсан ипотекийн зээлийн үлдэгдэл 38,113,656 төгрөгийг 2020 оны 11 сараас эхлэн төлж барагдуулж дуусгахаар харилцан тохиролцож, хариуцагч орон сууцыг хүлээн авч 2020 оны 11 сараас эхлэн зээлийг төлж 2024 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл орон сууцны зээлийн төлбөрт 14,680,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд маргаантай байгаа асуудал нь нэхэмжлэгч Р.Н  “орон сууцны үлдэгдэл үнийг миний төрийн банктай байгуулсан ипотекийн зээлийг 2020 оноос 2022 он хүртэл 2 жилийн хугацаанд төлж дуусгана гэж тохирсон”, хариуцагч Б.М “орон сууцны үлдэгдэл үнийг Р.Н-ийн  төрийн банктай байгуулсан ипотекийн зээлийн үлдэгдлийг зээлийн хугацааг дуусах хүртэл хугацаанд төлж дуусгана” гэж орон сууцны үлдэгдэл үнийг төлж дуусгах  хугацааны талаар маргадаг.

     Зохигчдыг энэхүү хэлцлийг хийх үед орон сууц нь 2013 онд Төрийн банк нэхэмжлэгч Р.Н нарын хооронд байгуулагдсан 50,000,000 төгрөгийн ипотекийн зээлийн гэрээний барьцаанд байсан, зээлийн үүрэг дуусгавар болоогүй байсан талаар болон талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн талаар ямар нэгэн байдлаар маргаагүй болно.

     Зохигчдын тайлбар, нэхэмжлэгч Р.Н-ийн 2013 оны 09 сарын 16-ны өдөр Замын-Үүд дэх Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээ зэргээр  талууд орон сууцны үнийг 64,113,656 төгрөгөөр тогтоосон болох нь нотлогдож байна.

 Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь  нөгөө тал түүний хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заасан.

 Нэхэмжлэгч Р.Н, хариуцагч Б.М нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний агуулгад нийцэж байгаа бөгөөд орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулааагүй, холбогдох баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй ч хэлцлийн гол нөхцөл болох байрны үнэ, төлөх хугацааг харилцан тохиролцсон тул хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 Зохигч нар нь худалдах, худалдан авах гэрээгээр зөвхөн эд хөрөнгө буюу орон сууц шилжүүлэхээр тохиролцоогүй, хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Р.Н-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төрийн банкны салбартай байгуулсан ипотекийн зээлийг төлж дуусгах үүргийг давхар хүлээсэн байна.

Талуудын хооронд байгуулсан Р.Н-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төрийн банкны салбартай байгуулсан зээлийн гэрээг төлж дуусгах үүрэг нь хиймэгц биелэх бус харин урт хугацаанд хэрэгжих үүрэг юм. 

 Нэхэмжлэгч тал орон сууцны үлдэгдэл үнийг 2020 оны 11 сараас эхлэн Р.Н-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төрийн банкны салбартай байгуулсан зээлийн гэрээг 2 жилийн хугацаанд төлж дуусгана гэж тохиролцсон. Хариуцагч нь 2 жилийн хугацаанд үлдэгдэл үнийг төлөөгүй тул үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33.709.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж дуусгана, зээл төлөх хугацаа дууссан гэж удаа дараа сануулж байсан гэх боловч энэ шаардлагаа нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг биелүүлэх хугацаа хэтрүүлсэн, үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан гэх шаардлагаа нотлосон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 249 дүгээр зүйлүүдийг зөрчсөн тул гэрээнээс татгалзах үндэслэл болж байна гэж маргасан.

Хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Р.Н-ийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Төрийн банкны салбартай байгуулсан ипотекийн зээлийг  2020 оны 11 сараас эхлэн зээлийг төлж 2024 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл орон сууцны зээлийн төлбөрт 14,680,000 төгрөг төлж байсан нь нотлогдож байна.

Энэ маргаан үүсэх хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч Б.М нь зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан нь  Б.М, Ё.О нарын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1-р хх-ийн 34-65/, Ё.О-ын хаан банкны шилжүүлгийн баримтууд / 2-р хх-ийн 153-160/ зэрэг баримтуудаар нотлогддог.

Иймд хариуцагчийг хуульд заасан гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

 Хариуцагч Б.М-ны шүүхэд гаргасан “2024 оны 01 сард цалингийн зээл аваад байрны зээлээ хаах гээд 33.000.000 төгрөгийн зээлийг төрийн банкнаас зээл авсан. Тэгээд нэрээ шилжүүлж авах гээд байр зарсан 2 хувийг чи төлөх үү гэсэн чинь би яахаараа төлдөг юм чи өөрөө төлчих гэхээр нь хууль дээрээ зарж байгаа нь төлөх ёстой гэж заасан байгаа шүү дээ гэж хэлэхэд би наад мөнгийг чинь төлж чадахгүй гээд энэ маргаан үүссэн” гэх тайлбар үндэслэлтэй байна.   

 Нотлох дараалалаар нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолж чадаагүй гэж үзэж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, .... хотхоны ......-р байрны . .....тоот 54,24 мк 2 өрөө байрнаас Б.М-ыг албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33.709.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

  Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч Б.М, түүний өмгөөлөгч С.Э нар нь сөрөг нэхэмжлэлийн хэлцэлийг хүчин төгөлдөрт тооцож, байрны урьдчилгаан төлсөн 26,500,000 төгрөг, 2020 оны 11 сараас 2024 оны 02 сарын 26-ны өдрийг хүртэл орон сууцны зээлийн төлбөрт төлсөн 14,680,000 төгрөг, байрны засвар, тавилга хийлгэхэд зарцуулсан 23,000,000 төгрөг, СӨХолбоонд төлсөн нийт 4,640,000 төгрөг, байрны түрээсийн 2 сарын төлбөрийг Р.Н-оос буцааж өгөхөд нь төлсөн 1,000,000 төгрөг гээд нийт 69,820,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна

     Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлд төлсөн 323,347 төгрөгийг, хариуцагч нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..... баг ..... хотхоны .....-р байрны ...... тоот 2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгчээс 69,820,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 483,390 төгрөгийг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

            Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 249 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч Р.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-нд холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..... баг, ...... хотхоны .-р .......байрны ...... тоот 54,24 мк 2 өрөө байрнаас Б.М-ыг албадан чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээнээс үүссэн хохирол 33.709.470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.М нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .... баг ..... хотхоны .....-р байрны ...... тоот 2 өрөө байрыг 65,088,000 төгрөгт худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, нэхэмжлэгчээс 69,820,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан болохыг дурдсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200, 323,347 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн УТХ-нд гаргасан 483,390 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.Ц