Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00313

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 316/ШШ2025/00313

Сэлэнгэ аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл би,

Нэхэмжлэгч:*** аймаг, *** сум*** баг, ** дугаар хороолол, *** дүгээр байр, ** тоотод байрлах, *** овогт *** /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, *** сум ** дугаар баг, *** дүгээр хэсэг, ***  тоотод оршин суух хаягтай, *** овогт ***/РД:***, утас:***/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт 10,369,069.8 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан үзэж,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... *** хуурай ах дүүс шиг гэмгүй сайхан харилцаатай байсан. Би чадлаараа амьдрал ахуйд нь тус дэм болоод явж байсан. Ингээд *** нь 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Австрали улс руу 3 сарын хугацаатай явна. Ирээд өгье 3,000,000 төгрөг зээлүүлээч гэхээр нь за гэж хэлээд Хаан банк-ны *** тоот данс руу би өөрийн Голомт банк-ны *** тоот данснаас шилжүүлж зээлүүлсэн.

Ингэж зээлүүлэхдээ би ямар ч хүүгүйгээр өгсөн. Мөн Австрали явахаасаа өмнө хашаагаа цементэн хашаа болгомоор байна гэсэн. Тэгэхээр нь би таньдаг хүмүүстэйгээ уулзаж 2023 оны 07 дугаар сард *** одоогийн амьдарч байгаа ** тоот хашааг *** нарын данс руу 2,000,000 төгрөгийг шууд шилжүүлэх байдлаар *** хашаа хаалганы мөнгийг төлөх байдлаар түүнд зээлүүлсэн.

*** нь боломжтой үедээ надад мөнгийг өгчихнө гэж байсан. Үүний дараа утас надаар *** ХХК-аас надаар 4,599,900 төгрөгийн утас зээлээр авхуулсан ба мөнгийг нь 2025 оны 01 дүгээр сард төлнө, надаас авсан бүх мөнгөө төлнө гэж байсан боловч 2025 оны 01 дүгээр сард би утсаар холбогдсоны дараа миний утсыг блок хийгээд одоог хүртэл холбоо барихгүй байна.

Иймээс *** дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөг, миний нэр дээр зээлээр авсан утасны төлбөрт 6 сарын хугацаанд надаар төлүүлсэн 1,626,162 төгрөг, утасны зээлийн үлдэгдэл төлбөр 3,742,907.78 төгрөг, хашаа хашааны хаалга хийлгүүлэхдээ надаас зээлсэн мөнгө 2,000,000 төгрөг нийт 10,369,069.8 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ[1].

Нэхэмжлэгч **** нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:/ Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

...*** миний бие *** холбогдуулан 10,369,069 төгрөг нэхэмжилсэн. Миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгч *** татгалзаж байна. *** холбогдуулан гаргасан 10,369,069 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч миний бие сайн дураараа татгалзаж байна. Дахин миний бие энэ талаар маргахгүй, давж заалдахгүй, гомдол гаргахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...гэжээ.[2]

ҮНДЭСЛЭХ нь:

*** нь *** холбогдуулан Зээлийн төлбөрт 10,369,069.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан дээрх хүсэлтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нийцсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар *** нэхэмжлэлтэй *** холбогдох Зээлийн төлбөрт 10,369,069.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,856 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ

 

 


[1] Нэхэмжлэлээс иш татав

[2] Нэхэмжлэгчийн хүсэлтээс иш татав