Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.С*******,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц*******,

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А******* нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанийн хохирлыг гаргуулахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар тушаалаар “С*******” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т*******анд 48437 мкв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зохицуулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Т*******анд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний хавсралтын 8-д “С*******” ХХК багтсан байна.

1.3. “С*******” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/26 тоот албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандан “... гурвалсан гэрээ байгуулах явцад Хан-Уул дүүргийн Засаг дарга энэ бол нийслэлийн газрын албатай маргаантай байгаа бүс тул газар ашиглуулах эрх олгох боломжгүй гэсний дагуу бид тухайн газрыг ашиглаагүй орхисон. Иймээс тухайн үед манай компанийн төлсөн татварын мөнгийг буцаан олгох,эсхүл тус газрын хэмжээтэй дүйцүүлэн өөр газар олгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан.

1.4. “С*******” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтэд одоо болтол хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасны дагуу илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 24,218,500 төгрөгийг гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанийн хохирлыг гаргуулахыг даалгах” гэж тодруулсан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““С*******” ХХК нь /*******/ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн т******* нэртэй газарт 48437 мкв талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар хүсэлт өгч, газар ашиглах эрх үүсгэх гурвалсан гэрээ байгуулах шатандаа бидний үйл ажиллагаа зогссон юм.

Тухайн үед тус яамнаас газар ашиглах эрхийн гэрчилгээ гарсан тул улсын тэмдэгтийн хураамж 24,218,500 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу төлөөд ирж гэрчилгээгээ ав гэсний дагуу манай компани 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр тус төлбөрийг төлсөн болно. Тэгээд гэрчилгээгээ авсны дараа гурвалсан гэрээ байгуулах явцад Хан-Уул дүүргийн засаг дарга энэ бол нийслэлийн газрын албатай маргаантай байгаа бүс тул газар ашиглуулах эрх олгох боломжгүй гэж гэрээг батлаагүй тул бидэнд тухайн газрыг ашиглах эрх үүсээгүй юм.

Манай компани Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд авсан тусгай хамгаалалттай газар нь маргаантай бүс учир газар ашиглах эрх үүсээгүй, манай компани тухайн газрыг ашиглаагүй орхисон тул илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэсэн албан бичгийг 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр явуулсан боловч бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй өдий хүрлээ.

Иймд бидний гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, бидний илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Манайх 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Байгаль орчны яамнаас газар ашиглахаар гэрчилгээ гаргуулж авсан. Ингээд Байгаль орчны яаман дээр очиж очоод гэрчилгээгээ авах гэхэд улсын тэмдэгтийн хураамж 24,218,500 төгрөг төлчхөөд ирээд гэрчилгээгээ аваарай гэсний дагуу улсын тэмдэгтийн хураамжаа төлөөд гэрчилгээгээ авсан. Гэрчилгээ авсны дараа тусгай хамгаалалттай газрын харьяа Богдхан уулын дархан цаазат газарт хандахад гэрчилгээ гарсан даруйд газар ашиглах эрх үүсэхгүй, гуравласан гэрээ байгуулж байж газар ашиглах эрх үүснэ, танайх гуравласан гэрээн дээрээ дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гарын үсэг зурсны дараа гэрээ чинь хүчин төгөлдөр болж газар ашиглах эрх чинь үүснэ гэж хэлсэн. Ингээд Хан-Уул дүүргийн Засаг дарга дээр очиж гэрээгээ байгуулах гэтэл “...Энэ хэсэг газар маргаантай, одоо шүүх дээр ажиллагаанд байгаа. Иймд хилийн маргаантай бүсэд газар ашиглуулах боломжгүй” гэсэн. Ингээд манай компани ямар ч аргагүй юм байна гээд тус газрыг ашиглахгүй орхисон. Иймд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,218,500 төгрөгөө буцааж авъя гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

 

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр А/322 дугаар тушаалаар Т*******анд газар ашиглах эрх авч, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/834 дүгээр тушаалаар газар ашиглах эрх хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, 1 жил 4 сарын хугацаанд тухайн газрыг нэхэмжлэгч ашигласан ба энэ тохиолдол хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаа төлж газар ашиглах эрхийн гэрчилгээг авах зохицуулалттай болно

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд мкв тутамд 500 төгрөг, аймагт мкв тутамд 100 төгрөг” төлнө гэж, 42 дугаар зүйлийн 42.3-т “Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10,000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төрийн сангийн данс буюу татварын албаны дансанд төлдөг тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны данснаас гаргуулах боломжгүй байна.

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно:”, 44.1.1-д “тогтоосон хэмж*******эс илүү хураасан”, 44.1.2-т “энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилг*******эс хураасан”, 44.1.3-т “үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан”, 44.1.4-т “данс андуурагдсанаас өөр төрлийн төлбөр хийгдсэн шийдвэрлэнэ” гэж заасанд нийцэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-т “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд м2 тутамд 500 төгрөг...” гэж заасны дагуу газар ашиглах эрх авч байгаа бол тухайн тэмдэгтийн хураамжийг төлөх үүргийг хүлээдэг. Энэ төлбөр нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т “Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжийг Төрийн сангийн данс буюу татварын дансанд шилжиж ордог. Нэхэмжлэгч эс үйлдэхүйтэй маргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гээд байдаг. Улсын тэмдэгтийн хураамжийг ямар тохиолдолд буцаан олгох, ямар тохиолдолд олгохгүй гэдгийг мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Тэмдэгтийн хураамжийг дараахь тохиолдолд буцаан олгоно” 44.1.1-д “Тогтоосон хэмж*******эс илүү хураасан” 44.1.2-т “энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилг*******эс хураасан”, 44.1.3-т “үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан”, 44.1.4-т “данс андуурагдсанаас өөр төрлийн төлбөр хийгдсэн” тохиолдолд тус тус тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно гэсэн зохицуулалттай. Тэгэхээр эдгээр хуулийн урьдчилсан нөхцөл аль нь ч бүрдээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар:

4.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч “С*******” ХХК-нь Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 24,218,500.00 төгрөгийг 100 тоот Чингэлтэй дүүргийн Улсын тэмдэгтийн хураамжийн дансанд төлсөн мэдээлэл бүртгэгдсэн байна.

“С*******” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/32 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,218,500.00 төгрөгийг буцаан гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-т “дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шийдвэр гаргаж зөвшөөрөл олгоход нийслэлд мкв тутамд 500 төгрөг, аймагт мкв тутамд 100 төгрөг” төлөхөөр хуульчилсан.

Хэрэгт авагдсан материалд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 0222172 дугаар бүхий гэрчилгээ гарсан нь төрийн байгууллага үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд үүргийн биелэлт хангагдсан байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.40-т ““хураамж” гэж төрийн байгууллагаас аливаа этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс тухай бүр авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” гэж заасан.

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “тэмдэгтийн хураамжийг дараах тохиолдолд буцаан олгоно: 44.1.1. тогтоосон хэмж*******эс илүү хураасан, 44.1.2.энэ хуульд чөлөөлөхөөр заасан үйлчилг*******эс хураасан, 44.1.3. үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан, 44.1.4. данс андуурагдсанаас өөр төрлийн төлбөр хийгдсэн” гэж тус тус заасан тул тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэлгүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “С*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бидний төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, манай компанийн хохирлыг гаргуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... маргаантай бүс гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, гэрээ байгуулагдаагүй тул газар ашиглах эрх үүсээгүй, газрыг ашиглаагүй байхад улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар тушаалаар “С*******” ХХК-д Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Т*******анд 48437 мкв газрыг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа хийх зохицуулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосон,

3.2. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 2022/247 дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээний төсөл боловсруулагдаж тус гэрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Н.Б******* болон “С*******” ХХК-ийн захирал Б.С******* гарын үсэг зурсан. Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Ц гарын үсэг зураагүй,  

3.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Т*******анд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний хавсралтын 8-д “С*******” ХХК багтсан,  

3.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01/195 тоот албан бичгээр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар ... танай байгууллагын ашиглаж байсан 48420.6 мкв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн ... гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдье” гэсэн,

3.5. “С*******” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/26 тоот албан бичгээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хандан “... гурвалсан гэрээ байгуулах явцад Хан-Уул дүүргийн Засаг дарга энэ бол нийслэлийн газрын албатай маргаантай байгаа бүс тул газар ашиглуулах эрх олгох боломжгүй гэсний дагуу бид тухайн газрыг ашиглаагүй орхисон. Иймээс тухайн үед манай компанийн төлсөн татварын мөнгийг буцаан олгох, эсхүл тус газрын хэмжээтэй дүйцүүлэн өөр газар олгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан,

3.6. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд “С*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамж буцаан авах тухай хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн талаарх лавлагаа, баримтуудыг шаардахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц*******эс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “... “С*******” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/26 тоот “Хүсэлт гаргах тухай” албан бичигт хариу өгөөгүй байна” гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд “тодорхойгүй” гэсэн тэмдэглэгээ бүхий бүртгэл хяналтын картыг хавсарган ирүүлжээ.

3.7. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/595 дугаар захирамжаар “С*******” ХХК-д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 17******* дугаартай 16315 мкв газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01122-2024/02904 дугаар гэрээг байгуулсан нөхцөл байдал тогтоогдов.

 

4. “С*******” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Төрийн сангийн 100 тоот дансанд 24,218,500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж утгатайгаар төлсөн, буцаан олгогдоогүй тухайд хэргийн оролцогчдоос маргаагүй.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж” гэж тодорхойлсон байх ба 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох, газрын хэвлийг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураах”-аар, 44 дүгээр зүйлийн, 44.1.3-т “үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан тохиолдолд тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор тус тус заажээ.

6. Маргааны тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/322 дугаар тушаалаар олгогдсон эрхийн дагуу газрыг ашиглаагүй, энэ нь нэхэмжлэгчээс бус хариуцагч захиргааны байгууллагаас хамаарсан байх тул захиргааны байгууллага төрийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байна.

7. Тодруулбал,

7.1. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шалтгаан нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс хамаараагүй, харин нийслэлийн нутаг дэвсгэр болон, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн маргаан эцэслэгдэж, нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон байсан газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болсон нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/1209 тоот албан бичигт “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт давхцалгүй байна” гэсэн,

7.2. Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх”-ийг газар ашиглах гэж ойлгох ба тухайн тохиолдолд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн зохицуулалт хэрэгжээгүй байх тул нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэн гэж үзэхгүй.  

7.3 Иймд хариуцагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах төрийн үйлчилгээг үзүүлсэн гэж үзэхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар ашиглуулах тухай сайдын тушаал гарснаар үйлчилгээ үзүүлсэнд тооцно” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

 

8. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл олгогдсон” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч гэрээ байгуулагдаагүй, улмаар зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болох Байгаль орчин, аялал жуулчлал/хуучин нэршлээр/-ын сайд нь өөрөө зөвшөөрөл олгосон шийдвэрээ нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар хүчингүй болгосон байх тул “С*******” ХХК-ийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасан нөхцөл бүрдээгүй, тус компанийн Зөвшөөрлийн тухай хуульд заасан зөвшөөрөл эзэмшигч болох зорилго хангагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн төрийн сангийн дансанд төлөгдсөн тул манай байгууллагаас уг мөнгийг буцаан олгох боломжгүй” гэх агуулгаар тайлбарлаж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тэмдэгтийн хураамж буцаан авах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй гэсэн тайлбарыг ирүүлснээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан эс үйлдэхүй гаргасан гэж үзэх ба энэхүү эс үйлдэхүй нь:

9.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасан татварын албаны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх хэмжээнд хамаарахгүй,

9.2. Харин үйлчилгээ үзүүлсэн эрх бүхий этгээд болох Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18-д заасан “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах” зөвшөөрлийг олгосон “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” болох Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т “зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргах”, 2-т “Энэ зүйлийн 1-д заасан шийдвэр болон улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, төлөх хугацааны талаар тухайн шийдвэр гарсан өдөрт багтаан зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэх” эрх хэмжээнд хамаарах тул “С*******” ХХК-ийн төлсөн тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан олгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.18-д заасныг баримтлан “С*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “С*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг буцаан олгохгүй байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,218,500 төгрөгийг буцаан олгохыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ