| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00090/И |
| Дугаар | 137/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 137/ШШ2025/00144
.
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ....... байрлах “М.ББСБ” ХХК /улсын бүртгэлийн дугаар ......, регистрийн дугаар ......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ тоотод оршин суух, М.Э /РД:....., утас:...../-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,102,568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М.ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Э нь "М.ББСБ"-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 10 сарын 28-ны өдөр ...... тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. М.Э нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 01 сарын 11-ний өдөр 590,000 төгрөгийг сарын 3,0% хүүтэй зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Өнгөрсөн хугацаанд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардаж мессеж илгээх, утсаар холбоо тогтоох, хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж байсан хэдий ч төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар М.Э-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 590,000 төгрөг, зээлийн хүү 430,324 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 82,244 төгрөг нийт 1,102,568 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. "М.ББСБ” ХХК-ийн Х.б дахь ..... тоот дансанд /гүйлгээний утга: овог, нэр, регистрийн дугаар/ бичиж төлж болно гэжээ.
Хариуцагч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие М.Э нь М.ББСБ ХХК-ний нэхэмжилсэн 1,102,568 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна. Төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сарын 30-наас 2025 оны 07 сарын 30-ны өдрийн хугацаанд төлж барагдуулна. Учир нь миний бие тал харваж, хөдөлмөрийн чадвараа алдсан, бага насны хүүхдээ гэртээ хардаг. Гэрээс гарах боломжгүй байдаг юм. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: М.ББСБ ХХК нь хариуцагч М.Э-аас зээлийн гэрээний үүрэгт 1,102,568 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,102,568 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4 хувааж буюу 2025 оны 04 сарын 30-ны өдрөөс 07 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М.ББСБ” ХХК нь хариуцагч М.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,102,568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагч М.Э нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 1,102,568 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М.ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,102,568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь 1,102,568 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2025 оны 04 сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 15,506 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 15,506 төгрөгийг хариуцагч М.Э-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц