Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Г.Цогтгэрэл,

Нарийн бичгийн дарга: Д.Тунгалаг,

Хохирогч: Г.Мөнхжаргал,

Шүүгдэгч: Х.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

Шүүгдэгч: О.А, түүний өмгөөлөгч Б.Дима,

Шүүгдэгч: Э.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Анударь, О.А, Э.О нарт холбогдох эрүүгийн 1709007290167 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 7-6 байрны 37 тоотод оршин суух, УШ93020601 регистерийн дугаартай, ял шийтгэлгүй, Ангирт овогт Хүрэлбаатарын А,

 

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, охины хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн 1 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, ФБ97062325 регистерийн дугаартай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Отгонбаярын А,

 

3. Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Холбоо толгой 2 дугаар гудамжны 17 тоотод оршин суух, УК99032600 регистерийн дугаартай, ял шийтгэлгүй, Монхоон овогт Энхтүвшингийн О.

 

Яллагдагчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Яллагдагч Х.А нь бусадтай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Экспресс банкнаас хохирогч Г.Мөнхжаргалыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь түүний эзэмшлийн Хаан банкны виза картнаас 5.000.000 төгрөгийг, мөн өдрөө хохирогч Г.Мөнхжаргалын оршин суух тус хорооны 11 дүгээр хорооллын 10-112 тоотоос гарахдаа “Самсунг галакси эс-5” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас нийт 5.155.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч О.А нь бусадтай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Экспресс банкнаас хохирогч Г.Мөнхжаргалыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь түүний эзэмшлийн Хаан банкны виза картнаас 5.000.000 төгрөгийг, мөн өдрөө хохирогч Г.Мөнхжаргалын оршин суух тус хорооны 11 дүгээр хорооллын 10-112 тоотоос гарахдаа “Самсунг галакси эс-5” загварын гар утас зэргийТ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас нийт 5.155.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Э.О нь бусадтай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны Экспресс банкнаас хохирогч Г.Мөнхжаргалыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь түүний эзэмшлийн Хаан банкны виза картнаас 5.000.000 төгрөгийг, мөн өдрөө хохирогч Г.Мөнхжаргалын оршин суух тус хорооны 11 дүгээр хорооллын 10-112 тоотоос гарахдаа “Самсунг галакси эс-5” загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас нийт 5.155.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: 5.000.000 төгрөг авахыг анх зохион байгуулсан хүн бол О.А. Энэ хэргийг О.А толгойлж хийсэн. Мөнгийг бол би авсан. Тухайн үед “чи ав, би ав” гэж байгаад би авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэрт нь очиж сейфийг нь ухахыг ч О.А зохион байгуулсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: Тэрэлж дээр байхад Х.А өөрөө надад таксины мөнгө өгөөд “чи очоод авчихаад ир, би өөрөө саатуулаад байж байя” гэж хэлсэн. Би тэгэхэд сэйфийг нь эвдэлсэн зүйл байхгүй. Гэрт нь орох нь орсон. Ороод өөрийнхөө хувцасыг авсан. Тэгээд буцаад эд нар дээр ирсэн. Санаа гаргасан хүнийг намайг гэж Х.А хэлж байгаа. Би өөрөө санаа гаргасан бол мөнгийг нь би өөрөө очоод авна. Би өөр санаа гаргаагүй. Адилхан гурвуулаа нийлээд мөнгийг нь хувааж авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролыг нь барагдуулна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлтэд бүгдийн үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруу дээрээ маргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мөнхжаргал мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн үдээс хойш энэ гурван охин гурвуулаа манайд ирсэн. Мөн манай найз ирээд нэг шил “Болор” архи, би нэг шил “Болор” архи аваад энэ гурван охиноос гурвуулангаас нь “та нар архи уух уу, бид 2 архи уулаа” гэхэд гурвуулаа “ууя” гэсэн. Ингээд архи уугаад би нилээн согтсон. Тэгээд найзыгаа “яв” гээд явуулсан. Манай найзыг явахаас өмнө нэмж 2 шил архи авсан. Тэрийг тавуулаа уусан. Би нилээн согтсон байсан. Гэтэл энэ гурван охин “караокед орьё” гээд байсан. Би тэрнээс хойш юу ч санахаа больсон. АТМ-с 20.000 төгрөг авч өгч байгаагаа хальт санадаг. Өглөө босоход энэ гурав хувцас хунараа аваад явсан байсан. Тэгтэл миний гар утас алга болсон байсан. Би гар утас дээрээ банкны үлдэгдлээ шалгадаг байсан. Үлдэгдлээ шалгахад 11.600.000 төгрөг байсан. 5.000.000 төгрөг нь байхгүй болсон байсан. Маргааш нь 12 цаг хүртэл миний архи гарахгүй байсан. Тэгээд “өглөө эрэгтэй хүмүүс авсан юм болов уу” гэж бодоод цагдаа дуудсан. Дуудлагаар 2 цагдаа ирээд “танай гэрт зодоон янз бүрийн асуудал гараагүй байна, та Сүхбаатар дүүргийн цагдаа дээр оч” гэсэн. Би Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очоод сүүлд нь 2, 3 хоногийн дараа камерийн бичлэгээр энэ гурван охин надаас мөнгө авсныг мэдсэн. Тухайн өдөр 5.000.000 төгрөг, гар утас, цэнэглэгчээ алдсан. Малгай бол гэрт байсан. Нүдний шил хагарсан гэрт байсан. Шилээ би өөрөө хагалсан байсан. 9 дүгээр сарын 4-нд энэ гурав илчлэгдсэн. Илчлэгдсэн өдрөөсөө л Х.А нь уучлалт гуйсан. Гэм буруугаа ухаарч уучлалт гуйгаад “бид гуравын буруу, бид гурав хамтарч хийсэн, таны мөнгийг яаралтай тушаана” гээд Х.А надад 1.750.000 төгрөгийг өгсөн. 1.650.000 төгрөгийг О.Агаас 1.600.000 төгрөгийг Э.Оээс авна. Тэгээд үнэхээр гэм буруугаа ойлгоод 10 дугаар сарын 18-нд мөрдөн байцаалт руу шилжихээс өмнө Х.А бүх мөнгөө төлж барагдуулсан. Одоо Х.Ад миний зүгээс ямар ч гомдолгүй. Харин О.А, Э.О хоёрын утасны дугаарууд хаалттай байгаад байсан. Х.А нь энэ хоёрын дугаарыг надад мөн мөрдөгчид өгч байсан. Мөрдөн байцаагч Мөнхболд офицер над руу залгаад “О.А, Э.О нар мөрдөн байцаалтад ирэхгүй байна. Ялангуа О.А оргосон байдалтай байна” гэсэн. О.А, Э.О нарыг Х.Атай холбогдож байж барьж авч байсан. Энэ хоёр охин мөнгөө төлөхгүй байгаа тул гомдолтой байгаа. Эд нарын ямар шийтгэл авах нь надад хамаагүй. Энэ нь прокурорын, шүүхийн мэдэх асуудал юм. Би энэ хоёрт “мөнгөө төл” гэсэн шаардлага тавьсан гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 9/, хохирогч Г.Мөнхжаргал /хх-ийн 22-25/, гэрч С.Наранхүү /хх-ийн 33/ нарын мэдүүлэг, Г.Мөнхжаргалын дансны хуулга /хх-ийн 16/, О.А /хх-ийн 37-38/, Э.О /хх-ийн 42-44/, Х.А /хх-ийн 47-49/ нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Х.Анударийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-55/, О.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 56-62/, Э.Оийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63-68/, Э.Оийн хохирол барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 75/, О.Агийн хохирол барагдуулахаа илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 76/, хохирогч Г.Мөнхжаргалын хүсэлт /хх-ийн 78/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд, ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Х.А, О.А, Э.О нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын нутагт байрлах “ХААН” банкны “Экспресс” банкнаас Г.Мөнхжаргалын эзэмшлийн “ХААН” банкны виза картнаас 5.000.000 төгрөгийг, мөн өдрөө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10-112 тоотоос гарахдаа Г.Мөнхжаргалын  “Самсунг галакси эс-5” загварын гар утас зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 5.155.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Г.Мөнхжаргалын /хх-ийн 22-23/: “... 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ тэр гурван охинтой байж байхад манай найз Энхтайван манайд ирж хоол унд идээд бид 2 эхлээд 1 шил 0.75 граммын Болор архи хувааж уусан. Ингээд би нилээд согтсон байхад нөгөө гурван охин намайг “гарья, караоке орьё” гэж ярьж байх үеийг нь би санаж байна. Түүнээс хойш би юу болсныг огт санахгүй байгаа ба 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны зүүн талд байдаг “ХААН” банкны АТМ-с 20.000 төгрөг авах гээд зогсож байснаа санаж байна. Өглөө 09-10 цагийн хооронд сэрээд харахад миний “Прада” брендийн нүдний шил эвдэрчихсэн, “Самсунг галакси эс-5” маркийн гар утас, түүний цэнэглэгч, “North face” брендийн саравчтай малгай алга болчихсон, нөгөө гурван охин хувцас хунараа бүгдийг нь аваад явчихсан байсан. Би дансны үлдэгдлээ шалгахаар гар утсаа хайхад олдохгүй байхаар нь “өчигдөр орой данс дахь мөнгө төгрөгөө яасан бол” гэж бодоод “ХААН” банкны салбар дээр очоод дансны үлдэгдлээ харахад 6.286.000 орчим төгрөг үлдсэн байсан ба 5.000.000 төгрөг данснаас дутсан байсан. Би өөрийн “ХААН” банкны алтан виза картаа хайхад миний түрүүвчинд байж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Наранхүүгийн /хх-ийн 33/: “... Анудариас асуухад “би таньдаг хүнийхээ картыг ашиглаад АТМ-с 5.000.000 төгрөг аваад хоёр найзтайгаа хуваагаад авчихсан юм, удахгүй мөнгийг нь эргүүлээд өгчихнө” гэж ярьсан юм ...” гэх мэдүүлгээр,

 

Э.Оийн гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 27-28/: “... Би Мөнхөө ахыг түшээд зогсож байтал Ану, Мөнхөө ахаас түрүүвчийг нь авч “пиво авч ирнэ” гээд АТМ орсон. Гарч ирэхдээ “5.000.000 төгрөг авчихлаа” гэж ярьж байсан.  “Самсунг галакси эс-5” маркийн гар утсыг нь Мөнхжаргал ахыг согтуу байсан болохоор А аваад халаасандаа хийчихсэн байснаа сүүлд нь мэдсэн. Тэдний гэрээс гарахдаа А гар утасны цэнэглэгчийг нь авчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

О.Агийн гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 29-30/: “... Би О, Мөнхөө ах хоёртой гадаа зогсож байтал Ану цүнхэндээ 5.000.000 төгрөг хийчихсэн хүрээд ирсэн. Мөнхөө ахыг гэрт нь оруулж хэвтүүлээд хувцас хунараа аваад гартал Ану “хурдан гарцгаая” гэж түрүүлж гараад такси барьж байрных нь гадаа ирээд бид хоёрыг “суучих” гээд хорооллын хавьд очсон. О бид хоёр айгаад “буцаад Мөнхөө ах дээр очьё” гэж хэлтэл Ану “бид нар шийдсэн л бол шийдсэн, айх зүйл байхгүй, хэдүүлээ Дархан аймаг руу явья” гээд бид тэндээсээ унаанд сууж шөнөдөө Дархан аймагт очсон. Тэгээд буудалд хувцас хунараа үлдээгээд байж байтал Ану  О бид хоёрт тус бүрт нь 1.500.000 төгрөг өгөөд Анугийн найзуудтай уулзаж буудалд хонож архи дарс ууцгааж 4-5 хоносон юм. Урьд нь Ану ярихдаа “Мөнхжаргал ахын виза картнаас мөнгө авчихья” гэж ярьдаг байсан ба намайг нэг удаа гол дээр байхад Ану “Мөнхжаргал ахын картыг өгөөд АТМ-с 5.000.000 төгрөг уншуулаад аваад ир” гэхэд нь би “чадахгүй” гээд авч байгаагүй юм...” гэх мэдүүлгээр,

 

Х.Анударийн гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 31-32/: “... А Мөнхжаргалын халааснаас түрийвчийг нь авсан. Түрийвчнээс нь картыг нь авч надад өгөөд би 11 дүгээр хорооллын “ХААН” банкны АТМ-рүү орж уншуулан 5.000.000 төгрөг авсан. Тэгээд нөгөө картаа Мөнхжаргал ахын түрийвчинд буцааж хийгээд бид гурав тэдний гэрт орж өөрсдийнхөө хувцас, цүнх зэргээ аваад гарсан. Бид тэдний гэрээс гарахад А санамсаргүй “Самсунг галакси эс-5” маркийн гар утсыг авчихсан байна гэдгээ Драгон дээр явж байхдаа хэлсэн. Анх А, О хоёр “картыг нь аваад мөнгө авчихья” гэх санааг гаргаж байсан. Харин мөнгийг нь авсан өдөр бид 3 өөрсдөө гурвуулаа санаа гаргасан...” гэх мэдүүлгээр,

 

О.Агийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 37-38/: “... Бид нар энэ хэрэг болохоос өмнө нь гол орцгоосон. Тэгэхдээ ярилцчихсан байсан. Тэр хоёр Мөнхөө ахыг аргалж байх хооронд Ану надад гэрийнх нь түлхүүрийг өгөөд Оюука надад таксины мөнгө өгсөн боловч би тухайн үед бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гэхээр “камерт бичигдчихнэ” гэж бодоод айгаад авч чадаагүй. Тэгээд 08 дугаар сарын 14-ний өдөр бид нар энэ хэргийг хийцгээсэн...” гэх мэдүүлгээр,

 

Э.Оийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 42-43/: “... Мөнхөө ахын картнаас “мөнгө авья” гэж А, А хоёр санаачилсан. Миний хувьд мөнгө авсаныг мэдэж байсан. Бид 3 мөнгөө авч Дарханд очсоны дараагаар мөнгөө хувааж авсан. Би өөрийн үрсэн мөнгөө төлөөгүй байгаа. Төлж барагдуулна...” гэх мэдүүлгээр,

 

Х.Анударийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 47-48/: “... Мөнхжаргал ахын түрийвчийг анх А ард талын халааснаас авангуутаа надад өгөхөөр нь би “авахгүй” гэж хэлээд “От өг” гэсэн. О “Ад өг” гэсэн чинь А надад өгөхөөр нь би аваад АТМ-рүү орж 2772 гэсэн пин кодыг хийгээд 5.000.000 төгрөгийг 1 удаагийн үйлдлээр аваад гарсан. Тэр хооронд манай хоёр  Мөнхжаргал ахыг саатуулж байсан. Би мөнгөө аваад АТМ-ны хаалгыг онгойлгоход урдаас О гүйж ирээд “яасан болсон уу, найз нь яахуу” гэхээр нь би “болчихлоо” гэж хэлээд бид хоёр шатаар буухад А, Мөнхжаргал 2 буланд зогсож байсан. … Энэ хэрэг болохоос 20 гаруй хоногийн өмнө бид 4 хамт “Тэрэлж явья” гээд явсан. Очингуутаа А “харзны усанд орж байх хооронд нэг нь гэрийнх нь түлхүүрийг аваад ирж сейфийг нь ухья” гэж хэлээд “та хоёрын аль нэг нь яв, надтай нэг нь үлдээд Мөнхөө ахыг харж бай, хоёулаа гэнэт алга болвол сэжиглэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь О бид хоёр “үгүй, чи өөрөө тэрийгээ хий, хийгээд чадахын бол аваад ир” гэж хэлсэн. 5.000.000 төгрөгийн тухайд найзтай нь хамт архи ууж эхлэхэд А “Тэрэлжид бүтэлгүйтсэн шүү, өнөөдөр л тэгнэ шүү” гэж хэлсэн. Картны кодны тухайд Тэрэлжид байхад А надад 2772 гэж хэлж байсан ба би мөнгө авахаасаа өмнө кодыг нь асуухад 2772 гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр болон “ХААН” банкны АТМ-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8/, Г.Мөнхжаргалаас гаргаж өгсөн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар бүлэглэн хохирогчийн архи согтууруулах ундаа хэрэглэснийг далимдуулан бэлэн мөнгө, эд зүйлийг нь хулгайлсныг өөрсдөө мэдүүлсэн, тэдний мэдүүлгийн эх сурвалж “ХААН” банкны АТМ-ны хяналтын камерийн бичлэг, эд зүйлийн үнэлгээ, хохирогчийн дансны хуулга зэргээр тогтоогдсон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Х.А, О.А, Э.О нар бүлэглэн дээрх байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөрсдийн болгон захиран зарцуулсан санаатай үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Х.А, О.А, Э.О нарын бүлэглэн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон хохирогч Г.Мөнхжаргалд учирсан бүгд 5.155.000 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Х.А 1.750.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Г.Мөнхжаргалын үлдэх 3.405.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч О.А, Э.О нар хувь тэнцүүлэн нөхөн төлөхөө илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч О.Агаас 1.702.500 төгрөг, Э.Оээс 1.702.500 төгрөгийг тус гаргуулж хохирогчид олгохоор тогтов.

 

Шүүгдэгч Х.А, О.А, Э.О нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Х.А гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, шүүгдэгч О.А, Э.О нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдаж байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Х.А, О.А, Э.О нарыг бүлэглэн “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэнээс гадна прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд шүүгдэгч тус бүрийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                     

            1.Шүүгдэгч Ангирт овогт Хүрэлбаатарын А, Боржигон овогт Отгонбаярын А, Монхоон овогт Энхтүвшингийн О нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.А, О.А, Э.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.А, О.А, Э.О нарыг хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд тус бүрийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.А, О.А, Э.О нар урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.А бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Агаас 1.702.500 төгрөгийг, шүүгдэгч Э.Оээс 1.702.500 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Г.Мөнхжаргалд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 2 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А, О.А, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ