| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0109/З |
| Дугаар | 128/ШШ2025/0301 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2025/0301
2025 04 29 128/ШШ2025/0301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК /РД:/;
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.;
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н. /ШТҮД: /;
Хариуцагч: Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын хооронд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр-ээс үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн зүйл байхгүй болно.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 1859 м.кв хэмжээтэй газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглох зориулалт-аар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээгээр ХХК-нд олгожээ.
2.2.Улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон нэхэмжлэгч компани нарын хооронд дугаартай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гуравласан гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гарын үсэг зурж эцэслэн баталгаажуулсан байна.
2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.4.Дээрх тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан болохыг мэдэгдэж, хууль бусаар газар дээр үйл ажиллагаа явуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээлгэх болсныг мэдэгдсэнээр нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн маргаан бүхий тушаал гарсныг мэдсэн байна.
2.5.Ийнхүү нэхэмжлэгч ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33-р зүйлийн 1-д заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12-р сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн аманд 1859 м газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшиж байсан болно.
Манай компани эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу хүүхэд залуучуудын амарч зугаалах, байгаль орчны танин мэдэхүйн зориулалтаар ашиглаж, мод тарьж, бичил цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор аялал жуулчлалын зориулалттай хашаа
барихаар 2024 оны 11-р сарын 27-нд Богдхан Уулын дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан болно.
Гэтэл Богдхан Уулын дархан Цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2024 оны 12-р сарын 16-нд ирүүлсэн тоот албан бичигтээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай хариу ирүүлсэн байна.
Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09-р сарын 08-ны өдрийн тоот тушаал нь дараах үндэслэлүүдээр хууль бус болсон гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.
1. компани нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2020 оны 1-р сард хүлээн авсан бөгөөд 2020 оны 2-р сараас дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахал гарч 2022 оны эхэн хүртэл хатуу хөл хорио, хязгаарлалттай нөхцөлд дэлхий нийтээрээ амьдарсан болохыг бүгд мэдэж байгаа. Энэхүү Ковидын нөхцөл байдлаас болж улс орон даяараа санхүүгийн хүнд нөхцөлд 2 жил орж манай компани ч эзэмшиж буй газар дээрээ үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй байдалд орсон юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тус компанийн эзэмшиж буй газрыг хүчингүй болгосон тушаал нь 2-оос дээш жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл гаргасан байгаа нь энэхүү Ковид цар тахлын давагдашгүй хүчин зүйл, хатуу хөл хорио, хязгаарлалтын 2 жилийн хугацаа, биднээс үл шалтгаалах санхүүгийн хямралын 2 жилийн хугацааг тооцохгүй гаргасан байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй гэж үзэж байна.
2.Мөн уг тушаалд "...газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй" гэжээ. Манай компани нь газрын төлбөрөө цаг тухайд нь төлж төлбөрийн ямар ч өргүй явж ирснийг төлбөр тооцоо хийсэн актууд баталж байгаа болно (Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг хавсаргав).
3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын энэхүү тушаал нь гарахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, манай компаниас ямар нэг тайлбар аваагүй бөгөөд үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтыг зөрчсөн болохыг тус тус тогтоож БОАЖ- ын сайдын 2023 оны 9-р сарын 8-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
Хууль зүйн талаас нь мэдэхгүй. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийг уншихад Захиргааны ерөнхий хуулийн 4.2.3, 4.2.6, 4.2.8, 13.3, 15.1.1, 15.1.4, 27.2.1, 27.4.1, 27.4.2, 27.4.3-27.4.7 27.5, 27.6, 27.7, 31.1, 32.1.1, 43.1, 43.2, 43.3, 43.4 гээд олон заалтуудыг зөрчсөн. Иргэн хүний хувьд Газрын ерөнхий хуулийг үзээд энэ шийдвэрийн дагуу зөрчсөн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Маргаан бүхий акт Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дугаар заалтаар манай шийдвэрийг гаргасан. Үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа хийгээд Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ 2-ыг гаргаж өгсөн. Төлбөр тооцоогоо цаг тухайд нь төлөөд явж байсныг нотлох баримтаар нотлогдсон. 2 жил дараалан ашиглаагүй гэж байхад 1 жил болоогүй байхад манай газрыг цуцалсан нь итгэл эвдсэн шийдвэр болсон. Өнөөдрийг хүртэл захиргааны актаа хүлээж аваагүй. Шүүхэд цугларсан нотлох баримтаас тушаалыг харсан гэжээ.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 011274 гэдэг албан тоот энэ компанид ирсэн. Энэ тоотын хавсралтаар тушаалыг хүргүүлэв гэсэн хэдий ч тушаал ирээгүй. Захиргааны актыг мэдэгдэх Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалт байгаа. Захиргааны актыг хаяглагдсан этгээд, эрх хууль ёсны сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны акт гаргасан байгууллага хариуцна гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар яамнаас албан ёсоор захирамж, тушаалыг ирүүлээгүй. Захиргааны байгууллага, захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс зэргээр илгээнэ гэж байна. Шүүхийн шийдвэрийг шүүх шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлдэггүйтэй адилхан. Хуульчийн хувьд захиргааны байгууллагаас албан ёсоор мэдэгдэх ёстой, тушаалаа гардуулах ёстой энэ ажиллагаа хүлээгдэж байна гэдэг байдлаар хэлсэн. Маргаан бүхий актыг гаргасан этгээд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасны дагуу мэдэгдсэнээ баталгаажуулна гэдэг хуулийн зохицуулалт зөрчигдөж байна. Яам мэдэгдээгүй байгаа гэж ойлгож байна.
Захиргааны актыг яагаад гардуулж, мэдэгдэх ёстой байдаг гэхээр захиргааны актад тодорхой үндэслэлээ дурдах ёстой. Үндэслэлээ харсны дараагаар эрх ашиг нь зөрчигдсөн этгээд ямар байдлаар гомдол гаргах гэдгээ шийддэг. Гомдолтой байна гээд шүүхэд хандвал шүүх хүлээж авахгүй. Ажлаас халахдаа хүртэл үндэслэлээ бичихгүй бол ямар үндэслэлээр халагдсанаа мэдэхгүй, хүлээн зөвшөөрөх эсэхээ мэдэхгүй. Захиргааны актыг янз бүрийн аргаар олж аваад 2 үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон байна гэдгийг нягталж үзэхэд тэр үндэслэл нь байгаагүй. Захиргааны актыг мэдэгдэх гэдэг ийм ач холбогдолтой. Шүүхийн шийдвэрийг хүлээж аваад зөвшөөрөхгүй бол гомдол гаргадаг. Иргэн, хуулийн этгээд эрх хууль ёсны ашиг сонирхлоо шүүхэд хамгаалахын тулд тухайн сөрөг үйлчлэлтэй актын үндэслэлийг мэдэх ёстой. Түүний дараагаар нэхэмжлэл гаргах боломжоор хангаагүй. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай сайдын тушаалыг албан ёсоор гардуулж өгөөгүй. Хэрэв албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн гэж маргаж байгаа бол нотлох хэрэгтэй.
Газар эзэмших эрх олгосон 2019 оны тушаал гарснаас хойш газар эзэмших ашиглах, эрх нээгдсэн. 2021 онд 2 жилийн хугацаа дууссан гэсэн агуулгатай тайлбарыг хийж байна. Гэрээ байгуулагдсан өдөр 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэж булзааруулсан. н. гэх хүний гэрээ баталсан захиргааны үйл ажиллагааг бид хариуцахгүй. 09 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан. Түүнээс хойш гардуулахад тодорхой хугацаа байгаа. 09 дүгээр сарын 27-ны өдрөөс тооцоход 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй бол газар эзэмших эрхийг цуцлах эрх нь захиргааны байгууллагад байгаа. 2023 онд хүчингүй болгосон. 1 жил хавьцаа болж байхад яаран сандран хүчингүй болгосон нөхцөл байдал харагдаж байна. Тэгэхээр 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг нь үндэслэлгүй. Буруутгах гэж байгаа бол н. даргыг ажлаас халдаг уу, хариуцлагын асуудал яригдах ёстой. Захиргааны акт гарах үед 30-ны өдрийн байдлаар төлбөргүй гэсэн нотлох баримт авагдсан байна. Захиргааны акт гаргах үед баримт, материал судлах ёстой. Үүнтэй холбогдуулаад сонсох ажиллагаа явуулсан уу гэж асуугаад байгаа юм. Захиргааны акт гарах өдрийн үед төлбөргүй гэсэн зүйл яригдаж байгаа. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлээд газрыг хүчингүй болгоно гээд судлахгүйгээр явж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үгийг тодотгож байсан. Газрын төлбөрийн тухай хуулиар газрын төлбөрийг хэрхэн ногдуулах тухай асуудал зохицуулагддаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэгт заасан байдаг.
Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага нь энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын төлбөрийг ногдуулж жилийн төлбөрийг тухайн оны 02 дугаар сарын 10-ны өдөр албанд хүргүүлнэ гэж байгаа. Газрын төлбөрийг жилээр ногдуулдаг. Гэрээ болон хуульд зааснаар улирал дуусахаар дараа сарын 20-ны дотор хэсэгчилж төлүүлэх байдлаар хуулийн зохицуулалт байдаг. Тэгэхээр жилийн төлбөрөө 2023 онд хугацаа дуусахаас өмнө төлж болно гэсний дагуу төлсөн. Хуульд заасан хугацаанд бүрэн төлсөн гэж үзэж байгаа юм. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. 1 хоногоор хоцорч болно, сар хоцорч болно. Үүнийг тодорхой асуудлаар захиргааны байгууллагууд хоорондоо ярилцаж байгаад асуудлаа шийддэг. Хоцорч төлсөн нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлд орохгүй байх гэж үзэж байна. Татварын байгууллагаас нэхэмжлэл үүсгээд тэрний дагуу төлбөрөө төлдөг. 08 дугаар сарын 30-ны өдөр биечилж очиж төлсөн баримтыг хавсаргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5-д заасны дагуу хугацаанд нь бүрэн төлөгдөөгүй гэдэг үндэслэлд хамаарахгүй. Хуульд заасан хугацаанд бүрэн төлөөд явсан. Захиргааны актыг мэдэгдэнэ гэдэг нь Захиргааны ерөнхий хуулиар орж ирсэн зохицуулалт. 40 аж ахуйн нэгжийн тус тусын газар ашиглах эрхийг хүчингүй болгох гэж байж 40 хүнд яамны сайтаар мэдэгдсэн гэдэг зүйл ярьдаг.
Нэг захиргааны актад хаяглагдаж байгаа этгээд нь 21 ба түүнээс дээш бол хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдэгдэж болно гэдэг хуулийн зохицуулалтыг юу гэж ойлгож хэрэгжүүлж байна гэхээр 41 аж ахуйн нэгжийг хүчингүй болгох гэж байгаа учраас сайт дээр тавья гэсэн байна. Захиргааны актын зохицуулалтыг харахаар хаяглагдсан этгээд нь 1 байж байна. Өөрсдөө 1 хүнд хаяглагдсан, олон биш гэж хэлж байна. Хуулийг буруу ойлгож хэрэгжүүлээд хууль нийцүүлэхгүйгээр мэдэгдэх ажиллагаа явагдаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 5 шүүх хурал боллоо гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагад зарладаггүй, оролцогч нартаа мэдэгддэг. Захиргааны акт гаргахтай холбоотой харилцаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ХХК-ийн хооронд үүссэн харилцаанд үүсэж байгаа учраас 21 ба түүнээс дээш этгээд гэдэг үндэслэлд орохгүй. Шууд энэ хүмүүст мэдэгдэх ёстой байсан. Тийм учраас сонсох ажиллагааг явуулсан гэж байгаа үндэслэл нь хуульд заасан үндэслэлгүй байна. Иймд дээрх 2 үндэслэл няцаагдаж байна. Тэмдэглэлд ямар нэгэн баримт байхгүй байна. 1 талын хүсэл зоригоор дээрэнгүй байдлаар хандаж үйл ажиллагаа явуулсан нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар итгэл хамгаалах гэж байдаг.
Захиргааны актын дагуу гэрээ байгуулаад, гэрчилгээ аваад үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлаа хангаад явж байхад хүний итгэл рүү ус цацах байдлаар захиргааны үйл ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хууль бол иргэний ардчилсан нийгмийг байгуулах үндсэн гол зорилготой, хууль дээдэлдэг, шударга ёсыг хангадаг зарчимтай байгаа тийм учраас бүхий л үндэслэлээр нягтлаад шалгахаар захиргааны актыг зөвтгөх үндэслэл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан ******* хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн гарсан.
Нэхэмжлэгчид анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсээс ХХК ()-д ашиглуулахаар олгосон. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн байгууллагын 1859 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий акт газрын тухай хуулийн 2 үндэслэлээр гарсан. Хуулийн 40.1.5-тай холбоотойгоор өмнөх тайлбараа дэмжиж байна. Хуулийн 40.1.6 дангаар газар ашиглах, эрхийг цуцлах үндэслэл болно. Үйл ажиллагаа явуулаагүй баримтууд хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талд тайлбараа хэлдэггүй. Үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Захиргааны ерөнхий хуулийн 27-д заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдэл 1 захиргааны актын хүрээнд 21 болон түүнээс дээш аж ахуйн нэгж гэсэн зохицуулалт Захиргааны ерөнхий хуулийн хаана ч үг үсгээр бичигдсэн зүйл байхгүй. Тэгэхээр сонсох ажиллагааны мэдэгдлийг яам хуульд заасны дагуу хийсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаар төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хамгаалалтын захиргаа хүлээдэг. Хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдэл болон маргаан бүхий актыг мэдэгдэх, сонсох ажиллагаатай холбоотой үйл ажиллагаануудыг хуульд заасны дагуу явуулдаг.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий актыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ХХК-нд мэдэгдсэн баримт, Монгол шууданд хүргүүлсэн баримт байна. Нэхэмжлэгчээс сая гаргасан тайлбартаа хүлээж авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах байх гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, түүний үндэслэлээ ... захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, газрын төлбөрийн өргүй байсан, газар ашиглах гэрээний хугацаа дуусгавар болоогүй тул 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж, хариуцагчаас уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2.Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх ХХК-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй 1859 м.кв хэмжээтэй газрыг Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 5 жилийн хугацаатай олгожээ.
3.Маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан ******* хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч ХХК-ийн ашиглаж байсан газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн байгууллагын 1859 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн маргаан бүхий тушаалд дурдсан Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:
4.1.Шүүхээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий газарт ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэлтэй эсэх талаар тодруулахад Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн , дугаар албан бичигт Газрын кадастрын нэгдсэн системд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны дугаар тушаалтай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд /РД:/ ХХК-ийн ******* нэгж талбарын дугаартай 1859 м.кв газар хүчинтэй төлөвтэй бүртгэгдсэний дагуу Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3-т заасны дагуу жилийн газрын төлбөрт 3,569,280 /гурван сая таван зуун жаран есөн мянга хоёр зуун ная/ төгрөгийн ногдуулалт, нэхэмжлэл үүсэж 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2023 оны 2 дугаар улирлын газрын төлбөрийн үлдэгдэлгүй байсан гэж, мөн нэхэмжлэгчээс тус газрын албатай 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэсэн мөн оны 10 дугаар сарын 24-ний өдөр газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг үйлдсэн байна.
4.2.Нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаал гарах цаг хугацаанд газрын төлбөрийн үлэгдэлгүй байсан болох нь нэхэмжлэгчээс газрын төлбөрийг төлсөн банкны баримтууд болон дээрх Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тайлбар, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байх бөгөөд хариуцагчийн газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
5.Маргаан бүхий тушаалд дурдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:
5.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заасан.
5.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчид Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нь ХХК-тай байгуулах Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай дугаар гэрээнд Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж эцэслэн баталгаажуулжээ.
5.3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг, уг гэрээ байгуулснаас хойш тоолох ёстой бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэ хугацаа болоогүй байхад буюу 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ХХК-ийг газраа зориулалтаар нь ашиглаагүй гэж дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
5.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар газар ашиглуулахаар олгосон байтал хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж, нэхэмжлэгчийг газар ашиглуулах шийдвэр гарсан байхад гэрээгээ байгуулаагүй буруу гэж маргасан нь үндэслэлгүй.
5.6. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу газар ашиглах эрх нь гэрээ байгуулсан үеэс үүснэ гэж үзэх бөгөөд газар ашиглах гэрээг байгуулах үүрэг нь газар ашиглагч хуулийн этгээдэд дангаар үүсэхгүй, захиргааны байгууллагаас хамаарч байгаа учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийг гэрээгээ байгуулаагүй гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ба газар ашиглуулах шийдвэр гарсан өдрөөс газрыг зориулалтаар нь ашиглах 2 жилийн хугацааг тоолсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гэрээг баталгаажуулаагүй байхад газар дээрээ үйл ажиллагаа явуулбал гэрээ байгуулаагүй байж газрыг ашигласан зөрчил болно гэх тайлбар үндэслэлтэй байна.
5.4.Түүнчлэн нэхэмжлэгчээс Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай дугаар гэрээг байгуулснаас хойш газраа зориулалтын дагуу ашиглахын тулд дараах үйл ажиллагааг, тухайлбал, Х******* ХХК-аар 2019 онд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд Аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, Д******* ХХК-аар 2023 онд Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны тайланг тус тус гаргуулж байсан зэргээс үзвэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
6.Маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан ******* хурлын шийдвэр, тэмдэглэлээс үзвэл хугацааг сунгах 7, ашиглах эрх хүчингүй болгох 3 асуудал, нийт 10 асуудлыг хэлэлцсэний 2 дугаарт нэхэмжлэгч ХХК-ийн газар ашиглаж буй газрыг хүчингүй болгох хүсэлтийг хэлэлцэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн О.*******гаас ... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор танилцуулсныг, Хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар саналын дагуу ХХК-ийн ашиглаж буй газрын эрхийг хүчингүй болгохыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
6.1.Дээрх зөвлөлийн хурлын шийдвэрт үндэслэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар саналд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч 84 иргэн, хуулийн этгээд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасны дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас, цахим хаягаар нийтэд мэдээлэн хариу тайлбарыг авсан. Иймд дээрх иргэн, хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг уламжилж байна гээд хавсралтаар газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг дурдсаны ******* дугаарт ХХК, Хариу тайлбар өгөөгүй гэж тэмдэглэжээ.
7.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан.
7.1.Хэрэгт авагдсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар Иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт 47 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна.
7.2.Захиргааны ерөнхий хуулийн дээрх 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн агуулгаас үзэхэд, нэгэн адил үйл баримтаар, нэг захиргааны актаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдүүдийн асуудлыг шийдвэрлэх тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж болохоор зохицуулжээ.
7.3.Харин маргаан бүхий захиргааны акт болох Сайдын 2023 оны дугаар тушаалыг зөвхөн нэг хуулийн этгээд буюу ХХК-д зориулж гаргасан, уг тушаал нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай байхад, уг тушаалыг гаргахын өмнө сонсох ажиллагааг хийхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайтаар нэхэмжлэгчийг бусад 46 иргэн, аж, ахуйн нэгжтэй хамтатган сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй байна.
7.4.Энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актыг зөвхөн нэхэмжлэгчид хамааруулж гаргасан учир сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр хүргүүлэн мэдэгдэж, тайлбар, санал гаргах боломжоор хангах ёстой байтал, хариуцагчийн сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэлсэн, хүргүүлсэн гэх үйлдэл нь хуульд нийцээгүй байх тул сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхээргүй байна.
7.5.Үүнтэй холбоотойгоор, нэг захиргааны актад хаяглагдаж байгаа этгээд нь 21 ба түүнээс дээш бол хэвлэл мэдээллийн байгууллагаар мэдэгдэж болно гэдэг хуулийн зохицуулалтыг юу гэж ойлгож хэрэгжүүлж байна гэхээр 41 аж ахуйн нэгжийг хүчингүй болгох гэж байгаа учраас сайт дээр тавьсан байна. Захиргааны актын зохицуулалтыг харахаар хаяглагдсан этгээд нь нэг байна. Захиргааны акт гаргахтай холбоотой харилцаа яам болон ХХК-ийн хооронд үүссэн харилцаа байхад 21 ба түүнээс дээш этгээд гэдэг үндэслэлд орохгүй. Шууд нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой байсан, сонсох ажиллагааг явуулсан үндэслэл нь хууль бус гэж маргах нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ХХК-ийг маргаан бүхий газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй, хашаалаагүй, хоосон байгаа талаар маргаангүй тул үзлэг хийх шаардлагагүй гэдгийг илэрхийлсэн, мөн Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын ******* дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэхэмжлэгчийн ашиглаж байсан Зайсангийн аманд байрлах ******* нэгж талбарын дугаартай газрыг 2019, 2021 оны сансрын зурагтай тус тус давхцуулснаас харахад газар дээр хоосон байх тул шүүхээс үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
9.Дээрх үйл баримтуудыг нэгтгэн үзэхэд хариуцагчаас Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газрын төлбөрийн талаар холбогдох байгууллагаас газрын тооцоо нийлсэн баримтыг авч нягтлан шалгаагүй, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар нөхцөл, байдлыг бүрэн тогтоогоогүй акт гаргасан, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.
10. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.
11. Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу бүрэн төлж байсан, маргаан бүхий тушаалыг гарах цаг хугацаанд төлбөрийн үлдэгдэлгүй байсан, газраа зориулалтын дагуу ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байсан, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-нд олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР