| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00134/И |
| Дугаар | 301/ШШ2025/00232 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 301/ШШ2025/00232
| 2025 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 301/ШШ2025/00232 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Б сумын . дугаар баг . гэх газар оршин суух Б овогт Дын Ун нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сум .. дүгээр баг ............ тоотод оршин суух Б овогт Дийн Од холбогдох
25,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов. Хариуцагч Д.Од шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирэх боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.У 25,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь Д.У надаар анх 2022 оны 12 сарын 06-ны өдөр малчны зээл 10 сая төгрөг авахуулсан. Энэ зээлээс төлөөгүй үлдсэн 5,500,000 төгрөг байгаа. Д.О дахиад 2023 оны 8 сарын 30-нд гурван сая төгрөг, тэр өдрөө дахин хоёр сая төгрөг нийт таван сая төгрөгийг, мөн маргааш нь буюу 8 сарын 31-ний өдөр таван сая төгрөгийг, 2023 оны 12 сарын 26-ны өдөр дахин 10 сая төгрөгийг нийт 2023 онд хорин сая төгрөгийг авахуулсан. Д.О нь зээл хаагаад өгнө гэж хэлээд авдаг бөгөөд одоо болтол ямар нэгэн шалтаг хэлээд мөнгөө өгөхгүй байна. Уг нь би мөнгө төлөхгүй удаах хариуцлага алдах тохиолдолд сарын 5 хувиар хүү тооцож бүх мөнгө төгрөгөө төлнө, би Өгөөмөр эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зээлийн гэрээ хийгээд өгье гээд бид хоёр иргэд хоорондын зээлийн гэрээг хийсэн. Одоо би Д.Огаас 2022 оны 12 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 5,500,000 төгрөг дээр 2023 оны 08 сарын 30-ны өдөр авсан 5,000,000 төгрөг 2023 оны 08 сарын 31-ний өдөр авсан 5,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 26-ны өдөр авсан 10,000,000 төгрөг нийт 25,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөнгөө авъя гэж олон удаа хэлсэн. Сүүлдээ надад хэдэн төгрөг хэзээ зээлж авсан талаар гар бичмэл үйлдэж тамга дарж өгсөн нь хэрэгт байгаа. Иймд хариуцагч Д.Огаас 25,500,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.О миний бие Д.Уийн нэхэмжлэлтэй танилцлаа. Д.У нь манай нөхөр Ц.Т төрсөн ахын эхнэр бөгөөд бид 2022 оны 12 сарын эхээр ах У болон эгч Д.У нараас өөрсдийн ажиллуулдаг байсан хоёр эмийн сандаа эм бараа татах гэж нөхөр бид хоёр ярилцан зөвшилцөн малчны зээлээр арван сая төгрөг авахуулсан. Энэхүү зээлээ банкны хуваарын дагуу төлж 2023 оны 06 дугаар сард эхний төлөлт 3,300,000 төгрөг төлж, мөн ах эгч хоёртоо бидэнд тусалсанд баярлаж ашиг орлогоос 450,000 төгрөг тусад нь өгсөн ба мөн дараагийн төлөлт 2023 оны 12 сарын 06-нд 3,000,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс одоогоор хүүтэйгээ 5,000,000 төгрөг үлдсэн. Мөн 2023 оны 8 сард Д.У бид хоёр ярилцаж 10,000,000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй надад зээлсэн. Би Д.Ут 2023 оны 9, 10, 11, 12 саруудад сарын 700,000 төгрөг дээр 500,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөг хүүнд төлсөн. 2024 оны 1 сараас хүү төлж чадаагүй. Би 2023 оны 09 сард эм бараа захиалж 300,000 гаруй сая төгрөг хүнд өгч 2024 оны 01 сард захиалсан бараа болон зээлсэн мөнгө төгрөгөө өгнө гэсэн боловч одоо болтол өгөөгүй. Гадаад улс руу яваад ор сураггүй болсон. Мөн төрсөн дүү маань хүнд хагалгаанд орж 2023 оны 12 сард цалингийн зээл авахаар төлөвлөж, Д.Уээс 10,000,000 төгрөг зээлж банкны кредит картын зээл хаачихаад эргэн авч өгөх болтол зээл маань гарахгүй болсон. Энэ үед бүх мөнгө төгрөгөө захиалга хийж эмийн сангийн эм бараагаа бөөний үнээр эмийн сангуудад өгч дүүгийнхээ хагалгааны төлбөрт өр зээл тавьж зуу гаруй сая төгрөг зарцуулсан тул Д.Уээс зээлсэн нийт малчны зээлийн үлдэгдэл 5,500,000 төгрөг, өөрөөс нь зээлсэн 20,000,000 төгрөгийг төлөх хугацаандаа төлж чадахгүй удааширч хохироож байгаадаа гэр бүлийн хамт уучлал гуйж байна. Иймд би Д.Уийн нэхэмжилсэн 25,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Д.О би санхүүгийн маш хүнд эрсдэлд орж Төрийн банкнаас авсан бизнесийн зээлээ төлж чадахгүй шүүхийн шийдвэр дээр очсон бөгөөд барьцаанд тавьсан үл хөдлөх болох орон гэрээ хураалган одоо ажиллуулж буй Цэц Цагаан уул эмийн сангийн орлого гүйлгээг Төрийн банканд хийж байгаа учир ойрын хугацаанд төлөх боломжгүй байна. Компани болон хувь хүмүүсийн данс бүгдийг нь хаасан учир ямар ч орлого олсон шүүхийн шийдвэрээр дамжиж төрийн банкны өр авлагыг барагдуулж байна. Бид Д.Уийн 25,500,000 төгрөгийг 2025 оны 06 сараас төлж эхлэх боломжтой. Сар бүр 500,000 дээш дүнгээр бүх боломжоо дайчлан төлөхөө мэдэгдсэн байна. Иймд Д.О надад өр төлбөрөө барагдуулах хугацаа өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.У хариуцагч Д.Од холбогдуулан иргэд хоорондын зээлийн үлдэгдэл 25,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Д.У нь Одоо би Д.Огаас 2022 оны 12 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 5,500,000 төгрөг дээр 2023 оны 08 сарын 30-ны өдөр авсан 5,000,000 төгрөг 2023 оны 08 сарын 31-ний өдөр авсан 5,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 26-ны өдөр авсан 10,000,000 төгрөг нийт 25,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Д.О нь Д.Уээс 2022 оны 12 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл 5,500,000 төгрөг дээр 2023 оны 08 сарын 30-ны өдөр авсан 5,000,000 төгрөг 2023 оны 08 сарын 31-ний өдөр авсан 5,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 26-ны өдөр авсан 10,000,000 төгрөг нийт 25,500,000 төгрөгийг зээл авсан байх бөгөөд тухайн цаг хугацаанд гэрээ байгуулаагүй, хоорондоо итгэлцлийн үндсэн дээр дээрх дөрвөн удаагийн үйлдлээр нийт 25,500,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Д.У нь зээлсэн мөнгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байна. Хариуцагч П.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй, уг мөнгийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч хугацааны талаар хойшлуулж өгөхийг хүссэнийг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.У нь үндсэн зээл 25,500,000 төгрөгийг хариуцагч Д.Огаас шаардах эрхтэй, хэдийгээр тэд хугацаандаа төлөөгүй бол хүү төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч зөвхөн зээлүүлсэн мөнгийг нэхэмжилсэн болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Огаас үндсэн зээлийн төлбөр 25,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Д.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд буюу ногдох улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Огаас үндсэн зээлийн үлдэгдэл 25,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Уийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Огаас улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР