| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 133/2023/00200/И |
| Дугаар | 305/ШШ2025/00239 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 305/ШШ2025/00239
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн **************** оршин суух, Д овогт У-н Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ************ оршин суух, М овогт А-н Э-д холбогдох ажлын хөлс 3,500,000(гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.Б оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие нь 2022 оны 09 дүгээр сард А.Э-той хамтран самарт явсан. 2 сарын хугацаанд А.Э-той хамт самар түүсэн. Цааш нь борлуулаад мөнгийг чинь гаргаж өгнө гэж хэлээд эхний сарын ажлын хөлс 3,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл сарын ажлын хөлс 3,500,000 төгрөгийг өгөөгүй байна. Төлбөрийг өдрийн ажилласнаар тооцон гаргадаг байсан. Үлдэгдэл 3,500,000 төгрөгийг авъя гэж удаа дараа хэлэхэд А.Э нь одоо нэг явчихаад ирье тэгээд өгье гэж хэлдэг байсан. 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр залгаж ярихад дансаа өг мөнгийг чинь оройхон хийе гэж хэлсэн боловч өдийг хүртэл миний ажлын хөлсийг өгөөгүй байна. Иймд А.Э-с 1 сарын ажлын хөлс 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
2.Нэхэмжлэгч У.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа ... Мөнгөө авах хүсэлтэй байна ... Самарт 2022 оны 09 дүгээр сараас явсан байх ... Самраа тушаагаад 60, 40 гэж тохирсон. Би 60 хувийг авахаар тохирсон. Наад хүн чинь бид нарыг гаргаж өгдөг хүн. Тэгээд бид нарын хийсэн хөлснөөс авсан ... Эхнийх дээр 1 сая гаруй төгрөг өгсөн. Дараагийнхыг нь бэлэн өгсөн. Сүүлийн мөнгийг нь 2 сая төгрөгийг бэлэн өгөөд тэгээд үлдсэн 3,500,000 нь араас чинь данс руу чинь хийе гээд явуулсан. Тэгээд араас хийгээгүй. Тэгээд би наашаа Говь-Алтай руу яаралтай ажилтай байсан болохоор шууд автобусанд тэр оройгоо суугаад наашаа явчихсан тэгээд араас хийгээгүй... гэв.
3.Хариуцагч А.Э 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
4.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Иргэний үнэмлэхийн хуулбар/У.Б/
- Нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондоо харилцсан Facebook-н чатны зураг
5.Хариуцагчаас гаргаж өгсөн баримт байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч У.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч У.Б нь А.Э-д холбогдуулан ажлын хөлс 3,500,000(гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад 2022 онд нэхэмжлэгч хариуцагч нар нь самар түүх ажил хийж, А.Э нь түүсэн самрыг борлуулаад урьдчилан тохирсон хувь хэмжээгээр мөнгийг өгөхөөр тохиролцсон гэх үйл баримт тогтоогдож байна.
4.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй ...гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт ...Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй... гэж тус тус заажээ. Зохигч нарын хооронд хийгдсэн түүсэн самрыг нь худалдан борлуулаад тохиролцсон хувь хэмжээгээр мөнгөө хуваах тохиролцоотой амаар хийсэн гэрээ нь нэрлэгдээгүй гэрээний шинжтэй байх тул үүргийн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
5.Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад хариуцагч А.Э нь түүсэн самрыг худалдан борлуулж, харилцан тохиролцсон хувь хэмжээгээр мөнгөө хувааж У.Б-д өгөх үүрэгтэй байжээ.
Иймээс нэхэмжлэгч У.Б нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Э-с 3,500,000(гурван сая таван зуун мянга) төгрөгийг шаардах эрхтэй байна.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
7.Хариуцагч А.Э-д 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүгчээс тогтоосон 14 хоногийн хугацаа буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор тайлбараа ирүүлэх үүрэгтэйг танилцуулсан боловч хариуцагч нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзнэ.
Иймд хариуцагч М овогтой А-н Э-с ажлын хөлс 3,500,000(гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Б-д олгож шийдвэрлэлээ.
8.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.2 дахь хэсэгт Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж тус тус заажээ.
Хариуцагч А.Э-д 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товийг мэдэгдэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчийн оршин суугаа газрын хаягаар хүргүүлсэн. Мөн өөртэй нь утсаар холбогдож шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах болон бичиг хүргэгч нар мэдэгджээ
Гэтэл хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх тул түүнд хуулиар олгосон эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950(далан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 70,950(далан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Баярбатад олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Э-с 3,500,000(гурван сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Б-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950(далан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-с улсын тэмдэгтийн хураамжид 70,950(далан мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан У.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА