| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0130/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч: А.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Г холбогдох эрүүгийн 1809005080054 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, А.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч А.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анчин” барилгын материалын дэлгүүрт Б.-той маргалдаж нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохисноос зүүн ухархай ясны дотор ханын хугарал, зүүн нүдний доод зовхинд шарх буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Э /хх-ийн 15-16/, гэрч /хх-ийн 18-19/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1828 дугаар дүгнэлт /хх-ийн 21/, шүүгдэгч А.Г-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Г-д нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анчин” барилгын материалын дэлгүүрт иргэн Б.Э-ой маргалдаж нүүрэн тус газар гараараа цохисноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би ажил дээрээ ажлаа хийж байгаад хаалга зарсан. Тэгээд нэг хаалганы мөнгөнөөс 10.000 төгрөг авсан юм. Тэгтэл манай захирал “чи яахаараа 10.000 төгрөг авдаг юм бэ” гэсэн. Тэгэхээр нь би “тэгэлгүй яах вэ, би өөрөө үнээ нэмж зарсан юм” гэж хэлсэн. Тэгтэл “чи энэ мөнгийг авах ёсгүй” гэж хэлээд намайг цохисон. Тэр үед нь би газарт унаад босож ирээд “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэж хэлээд араас нь түлхсэн. Тэгтэл Ганболд эргэж хараад намайг дахин цохисон. Тэр цохилт нь миний нүд рүү бөгжтэй гараараа цохиж таараад миний нүднээс юм гоожсон. Би тэр үед анзаараагүй нулимс гоожиж байгаа юм байх гэж бодтол цус гарсан байсан. ...Тэгээд би эгчээрээ гэртээ хүргүүлсэн. Цус нь тогтохгүй болохоор манай гэрийнхэн эмнэлэг явж үзүүлье гээд үзүүлсэн. Тэгтэл суваг тасарсан байна гэсэн. Тэгээд би маргааш нь дахин нүдний эмнэлэгт үзүүлж “Ёнсой” эмнэлэгт нүдний нулимасны суваг оёулах хагалгаа хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хаалганы шилээр артал манай дүү их эвгүй байдалтай ажил дээрээ сууж байсан. Тэгэхээр нь яасан юм бол гээд яваад ортол манай дүүгийн нүднээс нь цус гарсан байсан. Тэгээд “чи яасан юм бэ” гэж асуутал “би унасан” гэж надад хэлсэн. Би гарч гүйгээд салфетка аваад ирж арчсан. Цус нь тогтохгүй байсан. Тэр үед Г гэх эзнээс нь “яасан юм бэ” гэж асуутал “бид хоёр жаахан муудалцаад би ганц хоёр цохьчихсон юм” гэж хэлээд хөдлөхгүй байсан. Тэгээд би “дүүгээ аваад эмнэлэг явлаа” гэж хэлтэл манай дүү “эмнэлэг явахгүй, гэртээ харина” гээд байсан. Бид хоёр гэр лүү нь явж байх замд манай дүү “Ганболд намайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1828 дугаар дүгнэлт: “...Б. зүүн нүдний доод зовхины няцарсан шарх, тархины эдэд голомтод өөрчлөлтгүй, зүүн ухархайн дотор хана 0,3 см цөмөрсөн хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Э нь “...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 54/ гаргасныг дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс А.Г торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч А.Г-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР