| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2334000090141 |
| Дугаар | 2023/ДШМ/84 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ДШМ/84
2023 11 03 2023/ДШМ/84
М.”“““““““““өд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сонинмөнх,
Хохирогч Б.”“““““““““,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж,
Нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Ц.Сонинмөнхийн эсэргүүцлээр шүүгдэгч М.”“““““““““өд холбогдох эрүүгийн 2334000090141 дугаар хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
..........................
М.”“““““““““ нь нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг 5 дугаар байрны 1-04 тоотод иргэн Б.”“““““““““той хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун нүд рүү гурилын илдүүр модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн прокурорын газраас М.”“““““““““өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Мэргэд овогт Мишигийн ““““““““““өд холбогдох 2334000090141 дугаартай хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Мэргэд овогт Мишигийн ““““““““““өд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гурилын илдүүр модыг хэргийн хамт буцааж,
Эрүүгийн 2334000090141 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй яллагдагч М.”“““““““““ нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,
Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж захирамжилжээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч М.”“““““““““өд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлдээ: ...дараах асуудлыг шалгавал зохино. Үүнд:
Хавтас хэргийн 19-21 дүгээр талд 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №645 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд: ...Б.Солонгийн биед баруун нүдний харааны бууралт 0.02, торлогт цус хуралт, баруун хөмсөгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо..., гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 30%-аар тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо... гэж дүгнэжээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан хохирогчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан хүсэлтэд “...хохирогчийн нүдний хараа 0.04 ба түүнээс доош буурах..., нөхцөл байдалд хүрсэн байх ба энэ журмын 2.2.3-т заасан “...гэмтлээс үүссэн үлдэц хор уршиг...” бүхий гэмтлийн хүнд зэрэг бүхий гэмтэл түүний биед учирсан байж болзошгүй, энэ талаар нэмэлт материалууд цугларсан байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 645 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй эсэхэд эргэлзээ бүхий байдал үүссэж байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.
Дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч М.”“““““““““өд холбогдох эрүүгийн 2334000090141 дугаартай хэрэгт дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэжээ.
Прокурор Ц.Сонинмөнх бичсэн эсэргүүцэлдээ: “ ... Төв аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Сонинмөнх би, эрүүгийн 2234000090141 дугаарт М.”“““““““““өд холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагч М.”“““““““““ нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг 5 дугаар байрны 1-04 тоотод иргэн Б.”“““““““““той хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний баруун нүд рүү гурилын илдүүр модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, хохирогчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан хүсэлтэд “...хохирогчийн нүдний хараа 0.04 ба түүнээс доош буурах... нөхцөл байдалд хүрсэн байх ба энэ журмын 2.2.3-т заасан гэмтлээс үүссэн үлдэц хор уршиг...” бүхий гэмтлийн хүнд зэрэг бүхий гэмтэл түүний биед учирсан байж болзошгүй энэ талаар нэмэлт материалууд цугларсан ба дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү...” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнээд хэргийг прокурорт буцаажээ. Шүүгчийн захирамжийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүхээс хохирогч, яллагдагч нарын өмгөөлөгчөөс “Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах” тухай хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргажээ. Шүүх хохирогчийн өмгөөлөгч Д.Гансүхээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг, мөн яллагдагчийн өмгөөлөгч Г.Хонгороос гаргасан ижил агуулгатай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруугийн шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулан тодруулах нь зүйтэй гэж хоёр өөр агуулга бүхий дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдаанаар шинжээчийг оролцуулан хэрэг хянан хэлэлцсэний дараа шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасны дагуу дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулж, хэргийг шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд хуулиар олгогдсон байгаа болно. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 718 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж дүгнэлтийн талаар эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулах, эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжилгээ хийлгэх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоогийн байгаа байдал маань гэвэл нүдний хараа их муудсан, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж тус шүүх хуралдаанд /цахимаар/ гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. М.”“““““““““ийн тухайд шүүх хуралдаанд шинжээч оролцуулж эргэлзээтэй нөхцөл байдлыг нь тодруулах боломжтой. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч М.”“““““““““өд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
2. Шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гараагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог. Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох учиртай.
3. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /1хх-н 18/-ын дагуу Шүүхийн шийнжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №645 дүгнэлт /1хх-н 19-21/-ээр хохирогч Б.Солонгын биед баруун нүдний харааны бууралт 0.02, торлогт цус хуралт, баруун хөмсөгт шарх бүхий гэмтэл, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 30%-аар тогтонги алдагдуулсан гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдсон байна.
Уг дүгнэлтийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Д.Гансүх “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай” хүсэлт гаргасан. /1хх-н 228/ Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 645 дугаар дүгнэлт нь үндэслэлтэй эсэхэд эргэлзээ бүхий байдал үүссэн тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” хуульчилсан.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шүүх шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийх шийдвэр байх бөгөөд шинжилгээ хийлгэх шийдвэрт мөрдөгч, прокурор, шүүх, арбитрын тогтоол, шүүгчийн захирамж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн хүсэлт хамаардаг.
Үүнээс үзвэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжилгээ хийлгэхээр шинжээчид даалган, шинжээчийн дүгнэлт гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх өөрөө явуулах боломжтой байхад уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзсэн нь буруу болжээ.
5. Иймд дээрх үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч М.”“““““““““өд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 718 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Ц.Сонинмөнхийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч М.”“““““““““өд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ