Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2025/0282

 

 

 

 

    2025         04           21                                    128/ШШ2025/0282     

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.А*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.М*******  

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Г*******    

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.Нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах” шаардлагаар маргаж байна.   

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:  

2.1.Нэхэмжлэгч М.А******* нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “М.А*******ийг албан тушаалаас чөлөөлж, буцалтгүй тусламж олгох тухай” Б******* дүгээр тушаалаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрийн хүсэлтээр прокурорын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.  

2.2.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар прокурорын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргажээ.      

2.3.Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 0* дугаар албан бичгээр шийдвэрлэсэн байна.     

2.4.Тус шүүх нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.  

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Би Прокурорын байгууллагад 22 жил 2 сар прокуророор ажиллаж байгаад Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт "... 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэж заасны дагуу Улсын Ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Ж******* 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б******* дугаартай тушаалаар 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр дуусгавар болгон албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар хандсан боловч тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хүлээн аваагүй, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр миний материалыг буцааж өгсөн. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 0* тоот албан бичгээр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй гэсэн албан бичиг, мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03******* дугаартай албан бичгийг хүчингүй болгож өндөр насны тэтгэвэр тогтоолгож өгнө үү.” гэжээ.    

4.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Нэмэгдүүлэхдээ Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0* тоот албан бичгийг хүчингүй болгож хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, мөн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийн нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. М овогт А******* би 19** оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Улсад нийт 32 жил 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Прокурорын байгууллагад 22 жил 2 сар ажиллаад, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүй прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болно гэж заасны дагуу хүсэлтээ гаргасан. Би 50 насанд хүрсэн байх тул тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн.” гэв.      

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Их хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хангаж даатгуулагч иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн эрх нь үүссэн даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна; гэж заасан бөгөөд Прокурорын тухай хуулийн 60.3 дах хэсэгт заасныг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "тэтгэвэр" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлд тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлсөн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх, шимтгэл төлсөн байвал зохих хугацаа, нас зэргийг тодорхой заасан байх бөгөөд энэ зүйлийн тайлбар хэсэгт мөн “Энэ хуулийн 5.1.1-д заасан өндөр насны тэтгэврийн нас нь 1957 он ба түүнээс өмнө төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 60, 1962 он ба түүнээс өмнө төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 байна.

Цаашид 1958 онд төрсөн эрэгтэй Даатгуулагчийн хувьд 60 нас 3 сар, 19** онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 нас 3 сар байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насыг даатгуулагчийн төрсөн онд харгалзуулан 3 сараар нэмэгдүүлж, 1977 он ба түүнээс хойш төрсөн эрэгтэй, 2002 он ба түүнээс хойш төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэврийн нас 65 байна. Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2024 онд 21 жил 9 сар байх бөгөөд энэ хугацааг 25 жил хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ." 2024 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг 21 жил 9 сар төлсөн эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насанд хүрсэн даатгуулагч өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь үүсэхээр хуульд заажээ. Нэхэмжлэгч М.А******* нь тус газарт хүсэлтээ гаргах үед 50 настай байсан нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-5.1.7-д заасан насны болзлыг хангахгүй байх тул тэтгэвэр тогтоолгох эрх нь үүсэхгүй болохыг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот албан бичгээр мэдэгдсэн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Жагсаалт, журам батлах тухай А******* тушаалаар Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсан бөгөөд Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн нөхцөлд ажиллаж ЭРХ ҮҮСЭН даатгуулагчдад өндөр насны тэтгэврийг насны хувьд 5-10 жилийн өмнө тогтоодог гэвч энэхүү тушаалын хавсралтад Прокурорын байгууллагад ажилласан прокурорын албан тушаал нь тусгагдаагүй болно. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т "Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна" гэжээ Нийгмийн даатгалын байгууллага нь тухайлсан хуулийг буюу нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулахаар хуульчилсан бөгөөд маргаан бүхий нэхэмжлэл нь "нийтийн эрх зүйн маргаан мөн эсэх" Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан үндсэн шинжийг агуулаагүй нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай "хүсэлтийн хариу" албан бичгийг захиргааны акт биш гэж үзэх үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэсэн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт "Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:" 54.1.1 дэх заалтад "захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус" мөн хуулийн 109.2-т дах хэсэгт "Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана." гэж заасны дагуу М.А*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.  

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас албан бичгээр хариу өгсөн. Нийгмийн даатгалын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуульд прокурор болон шүүгчийн асуудал байдаггүй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан А******* тоот журам байдаг. Энэ нь газрын доор болон хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох талаар заасан байдаг. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоох ангилалд мөн прокурор болон шүүгчийн асуудал байдаггүй. Хууль хоорондоо зөрчилдөх байдал бий болоод, нэгдүгээрт, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага учраас хууль зөрчиж хууль зааж өгөөгүй ажиллагааг хийх боломжгүй нөхцөл үүсээд байгаа юм.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.        

2.Нэхэмжлэгчээс “... нэхэмжлэгч нь прокурорын тухай хуульд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзол шаардлагыг хангасан байхад хариуцагч нь тэтгэвэр тогтоохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... прокурорын тухай хуульд заасан 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох хуулийн зохицуулалт нь Нийгмийн даатгалын багц хуулиудтай зөрчилдөж байгаа тул нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй.” гэж тус тус маргажээ.         

3.Нэхэмжлэгч М.А*******ээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.       

4.Нэхэмжлэгч М.А******* нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “М.А*******ийг албан тушаалаас чөлөөлж, буцалтгүй тусламж олгох тухай” Б******* дүгээр тушаалаар хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрийн хүсэлтээр прокурорын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.    

5.Монгол Улсын Ерөнхий прокурорын дээрх тушаал нь Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн 48.1.5 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг тус тус үндэслэл болгожээ.     

6.Нэхэмжлэгч М.А******* нь 19** оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн байх бөгөөд Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар прокурорын албан тушаалаас чөлөөлөгдөхдөө 50 нас 5 сартай байсан байна.      

7.Нэхэмжлэгч нь дээрх байдлаар прокурорын албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс хойш буюу 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт гаргажээ.       

8.Нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 0*дугаар албан бичгээр шийдвэрлэсэн байна.      

9.Дээрх албан бичигт: “... Танаас ирүүлсэн "Тэтгэвэр тогтоолгох тухай" хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хяналаа.

Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60,3 дахь хэсэг "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 05 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт... Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй... гэж заасан тул тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байна.” гэжээ.    

10.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 1 дүгээр зүйл.“Хуулийн зорилт”, 1.1.“Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж хуулийн зорилтыг тодорхойлсон байна.

11.Дээрх хуулийн 5 дугаар зүйл.“Өндөр насны тэтгэвэр авах эрх”,5.1.“Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 5.1.2.“тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй;” гэж заажээ.  

12.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар зохицуулахаар байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 55 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.   

13.Харин Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйл. “Хуулийн зорилт”, 1.1.“ Энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино.” гэж зааснаас үзвэл прокурорын эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулахаар байна. 

14.Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйл.“Нийгмийн баталгаа”, 60.3-д “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” гэж заажээ.    

15.Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, прокурорын өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор байна.  

16.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч М.А******* нь Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.    

17.Тодруулбал, прокурор нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхийг хэрэгжүүлж байгаа тусгай субъект бөгөөд түүний эрх зүйн байдлыг Прокурорын тухай хуулиар тусгайлан зохицуулсан байх бөгөөд уг хуульд 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор хууль тогтоогчид хуульчилсан байх тул уг хуульд зааснаар нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна гэж үзэв.      

18.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.А*******ээс Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0* дугаартай албан бичгийг хүчингүй болгуулж, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлт өгсөн өдрөөс өндөр насны тэтгэврийг нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.4, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0* дугаартай албан бичгийг хүчингүй болгож, хариуцагчийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн М.А*******т өндөр насны бүрэн тэтгэвэр тогтоохыг даалгаж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хойших тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгохыг хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.      

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ