| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00239/И |
| Дугаар | 316/ШШ2025/00292 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 316/ШШ2025/00292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ********************* оршин суух хаягтай П.Ө /РД:**********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн ************************* тоотод оршин суух хаягтай ******** овогт Т.Ц /РД:*********/ холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3.777,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ө, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
П.Ө миний бие Т.Ц 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зодуулсан. Тэрээр тухайн өдөр Т.Ц согтуу байсан, надтай үл ялих асуудлаар санал зөрөлдөж, маргалдсаны улмаас миний үүдэн шүдэнд, толгой хэсэг рүү цохиж, намайг унахад цээж рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үйлдлийн улмаас миний үүдэн нэг шүд цаашаа цөмрөн орж, хөдөлгөөн орж, зовиуртай болсон. Улмаар шүд буглаж, буйл хөндүүрлэх болсон тул 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр авахуулсан. Одоо онгорхой шүдтэй болсон байна. Миний бие Т.Ц дээрх байдлаар зодуулсны улмаас тархи толгой байнгын өвдөх болсон тул 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймагт очиж “Интермэд” эмнэлэгт үзлэгт хамрагдаж эмчилгээ бичүүлж авсан. Одоогоор мөнгөний боломж байхгүй тул эмчилгээгээ эхлүүлж чадахгүй нөхцөл байдалд байна. Миний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул Т.Ц холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоол гарсан. Т.Ц Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх болсон талаар уг тогтоолд дурдсан байна. Т.Ц зодуулсан зөрчлийн улмаас надад дараах эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой зардал гарсан. Үүнд: Эмнэлгийн үзлэг, нурууны зураг авахуулсан 224,300 төгрөг, тархины зураг авахуулсан 480,000 төгрөг, хэвлийн эхо 44,000 төгрөг, “Харзтай” эмнэлгийн үзлэг, зураг 50,000 төгрөг, шүд бугласан эмийн үнэ 19,450 төгрөг, шүд авахуулсан 35,000 төгрөг, шинжилгээний төлбөр 56,000 төгрөг, тархи толгойн эмчилгээнд зориулж эмчийн бичиж өгсөн эмчилгээний төлбөр 483,000 төгрөг, нийт эмчилгээний зардалд 1,391,750 төгрөг, замын зардал нийт 285,400 төгрөг, хиймэл шүд нөхөн хийлгэх зардал 2,100,000 төгрөг, Т.Ц-н намайг зодсон үйлдлийн улмаас надад учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахын тулд надад учирсан хохиролд нийт 3,777,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Хүнийг зодсон хэрэг тарьчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй, буруугүй мэтээр явж байгаад үнэхээр гомдолтой байна. Энэхүү нэхэмжлэлийг даруй шийдэж иргэн П.Ө намайг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Т.Ц нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
... ...Т.Ц миний бие нь *******од гэмтэл учруулаагүй. Цагдаагаас шалгаад гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэж үзээд зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан гэж дүгнэн торгосон. Шүүхээс дахин шалгуулахаар болсон Цагдаагийн байгууллага дахин шалгаад гэмтлийн зэргийг тогтоогдоогүй тул торгосон. Иймд П.Ө-н нэхэмжилсэн 3,777,150 төгрөг төлөх боломжгүй. Одоогоор ажилгүй гэртээ байдаг. П.Ө-н гуя руу нэг л удаа өшиглөсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.Ө нь Т.Ц-д холбогдуулан “...Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,777,150 төгрөг гаргуулах...”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч “...Цагдаагийн байгууллагаар шалгуулаад П.Ө-д гэмтэл учруулаагүй гэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын тогтоол гарсан тул П.Ө-н нэхэмжилсэн 3,777,150 төгрөгийг төлөхгүй...” гэж тайлбар гаргасан байна.
4. Хариуцагч Т.Ц нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт хоорондын таарамжгүй харилцааны улмаас П.Ө-н бед халдан зодсон, үүний улмаас П.Ө-н биед зүүн үүдэн 1-р шүдний хагас булгарал гэмтэл үүссэн болох нь хх-н 83-84 дүгээр хуудаст авагдсан Сэлэнгэ аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, хх-н 85 дугаар хуудаст авагдсан Нүүр амны эмчийн тодорхойлолт, хх-н 91 дүгээр хуудаст авагдсан шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иргэний хуулийн 497, 505, 510-д зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй ч энэ талаарх баримтыг шүүхэд бүрдүүлж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримтыг хэрхэн бүрдүүлсэн нь хэрэгт хамааралтай байна.
6. Хэрэгт нэхэмжлэгч П.Ө-н Интернэшнл медикал эмнэлэгт 2024.10.14-ний өдөр тархины зураг авахуулсан 480.000 төгрөг, Харзтай эмнэлэгт 2024.10.16-ны өдөр шүдний үзлэг, зураг авахуулсан 50.000 төгрөг, Сэлэнгэ МЭИК ХХК-аас 2024.11.13-ны өдөр шүдний эм авсан 19.450 төгрөг, Тод смайл эмнэлэгт шүд авахуулсан 35.000 төгрөг, Интернэшнл медикал эмнэлэгт 2024.10.16-ны өдөр шинжилгээнд хамрагдсан 56.000 төгрөг, шатахууны зардал 250.400 төгрөг, нийт 890,850 төгрөгийн төлбөр төлсөн баримтууд авагдсан ба П.Өл-н биед учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний баримтууд байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Харзтай эмнэлгийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн эмчийн үзлэгийн хуудаст “…Авагддаггүй шүдэлбэр хийлгэхэд 2.100.000 төгрөгийн үнэтэй…” болохыг тодорхойсон ба нэхэмжлэгч уг мөнгийг баримтын хамт нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “…Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй…” гэж заасан байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
7. Харин 2024.10.14-ний өдөр Интернэшнл медикал эмнэлэгт нурууны зураг авахуулсан 224.300 төгрөг, 2024.10.14-ний өдөр хэвлий эход харуулсан 44.000 төгрөг нэхэмжилсэн нь хохирогчийн үйлдлээс болж учрирсан шүдний гэмтэлтэй холбоогүй, Тархи толгойн эмчилгээнд зориулж эмчийн бичиж өгсөн эмчилгээний төлбөр 483.000 төгрөг, замын зардал 35.000 төгрөг нэхэмжилсэн нь холбогдох баримтыг ирүүлээгүй, баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас нийт 786.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Т.Ц-с 2.990.850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 786.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ