Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 316/ШШ2025/00304

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж тус шүүхийн шүүх хурлын “В” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ************* тоотод оршин суух хаягтай гэх, ******* овогт Н.С /РД: *********/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, ***************** тоотод оршин суух хаягтай гэх, ********** овогт Д.Н /РД: *********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, овог солиулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:... Миний бие 2012 онд Д.Н танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас 2014.02.08-нд охин Н.Т төрсөн. Д.Н нь иргэний үнэмлэхийн зөрчилтэй байсан тул бид гэрлэлтийн баталгаагүй манайд амьдарч байсан. Тэрээр охиноо 1 сартай болгоод Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан. Тэрээр охиноо 9 сар хүртэл хэрэглээний мөнгө өгч байгаад сураг чимээ тасраад одоог хүртэл эцгийн үүрэг хариуцлагаас зугтаж явсаар ирсэн. Би охин Т өөрийн асрамжинд асран хамгаалж, тэжээн тэтгэж, сурч боловсроход нь бүхий л боломж бололцоо санхүүгээр дэмжин тусалж ирсэн. Одоо охин маань 11 настай, 3 дугаар ангид сурдаг. Сургуульд сурахаас гадна нэмэлт дугуйлан секц  хэлний дамжаа гэх мэт олон зүйлд зайлшгүй сурах шаардлагатай учраас зардал мөнгө хэрэглээ нь миний цалингаас давсан учир эцэг Д.Н хариуцлагаа үүрч хүүхдийн эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Мөн охин маань эцгээ мэдэхгүй 11 нас хүрсэн учраас эцгийн нэрээр овоглохыг больж, эх Сарнай надаар овоглохыг шийдвэрлэж өгнө үү. 10 сартайгаас 18 нас хүртэл хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна...” гэжээ.

Хариуцагч Д.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа: “…Миний бие нэхэмжлэгч Н.С-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад, энэ тайлбарыг гаргаж шүүхэд хүргүүлж байна.

Бид 2012 онд танилцаад, бидний дундаас охин Н.Т төрсэн. Бид 3 хамт амьдарч байгаад 2015 оноос хойш би Улаанбаатар хот руу ажил хөдөлмөр эрхлэх болсноор бид тусдаа амьдарч эхэлсэн. Миний охины ээж Н.С нь намайг явснаас хойш нутагтаа өөр хүнтэй болсон асуудал чих дэлсдэг болсон. Хэдийгээр би өөрөө түүнийг өөр хүнтэй амьдарч буйг нь нүдээрээ хараагүй ч сэтгэлд сэвтэй санагдаад буцаж очоогүй юм. Өнөөдөр нэхэмжлэлд дурдсан асуудуудаас эцэг тогтоолгох асуудлыг би заавал шинжилгээ өгч тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна. Би охин Тэмүүлэнгээ төртөл хамт амьдарсан бөгөөд миний охин мөн гэж боддог тул эцэг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна. Би өөрийн охиноо мөн гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Хүүхдийн тэтгэлгийн тухайд би өөрийн төрсөн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул маргах юмгүй. Шүүхийн шийдвэр гарсан сараас эхлэн тэтгэлгийг төлөх болно.

Хүүхдийн овог солиулах асуудлын тухайд энэ нь иргэний шүүхийн маргаан биш тул заавал шүүхээр шийдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Хэрвээ ээж Н.С нь  охины овгийг заавал солиулж  өөрөөрөө овоглох хүсэлттэй байгаа бол би зөвшөөрч байна. Шаардлагатай хүсэлт бичгийг өөрөөсөө гаргаж өгч болно.

Би Н.С нэхэмжлэлд дурдсан 3 асуудлыг бүгдийг тайлбарлаж бичсэн учир шүүх хуралдаанд энэ тайлбарыг нотолгоогоор үнэлүүлж, хурлыг эзгүйдээ хийлгэх хүсэлттэй байна. Миний хувьд бүх зүйлийг үнэн зөвөөр тайлбарлаж бичсэн тул миний эзгүйд энэ тайлбарыг үнэлж, хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй...” гэжээ.

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч Д.Н-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, овог солиулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Н.С, Д.Н нар нь 2012 онд танилцаж, тэднийг гэр бүл болон хамтран амьдарч байх хугацаанд охин Н.Т төрсөн болох нь  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлтийн баталгаагүй ба 2015 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн, хариуцагч Д.Н нь охин Н.Т миний хүүхэд мөн, эцэг тогтоох шинжилгээ өгөх шаардлагагүй, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж шүүхэд тайлбар гаргасан ба талууд хүүхдийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байна.

Түүнчлэн хариуцагч нь хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хүүхэд анх өсч торнисон орчинг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж насанд хүрээгүй охин Н.Т эх Н.С-н асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Т-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг Д.Н-с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Харин овог солиулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэж заасны дагуу иргэн захиргааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой байх тул нэхэмжлэгч Н.С хүүхдийн овог солиулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хариуцагчийн хуулиар хүлээсэн дээрх үүрэг хэвээр үлдэхийг, эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч саад болохгүй байхыг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч Д.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ байлцуулахгүйгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин ***** овогт Н.Т /РД:********/-ийн төрсөн эцэг нь ****** овогт Д.Н /РД: ********/-г мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Н.Т эх Н.С-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар ***** овогт Н.Т /РД:*******/-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Н-р тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Н.С-н гаргасан хүүхдийн овог солиулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

5.  Зохигчид  эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчэийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Н-с 107,686 төгрөг гаргуулан төрийн сангийн 100130000941 тоот дансанд оруулсугай

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Р.БАЯРХҮҮ