Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Билгүүн;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

шүүгдэгч: М.А (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,        

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мөнхбатын Ад холбогдох эрүүгийн 1709005790265 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

                       

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:    

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтын инженер мэргэжилтэй, “Магнай Трейд” ХХК-ийн бүс хариуцсан менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хороолол, Хүннү гудамж, 201 дүгээр байрны 82 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЛЮ89050673 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Зээрдийнх овогт Мөнхбатын А.           

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч М.А нь 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Соёлын төв өргөө”-ний хойд талд Т.Тогтохбаяртай “урдаас муухай харлаа” хэмээн маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь “гайморовын урд хана, баруун хацар, ясанд зулгаралт, тархи доргилт, баруун ухархайн доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, 2 өвдөг зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.         

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Тогтохбаяр /хх-ийн 18/, гэрч Д.Шинэбаяр /хх-ийн 8-9/, С.Бямбасүрэн /хх-ийн 10-11, 29/, А.Анхбаяр /хх-ийн 13/, Н.Билгүүн /хх-ийн 19/, М.Төртүвшин /хх-ийн 30/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9940 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/, хохиролын баримтууд /хх-ийн 23-25/, М.Агийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27/,  М.Агийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 31-39, 45-49/, хохирогч Т.Тогтохбаярын гомдол саналгүй болсон тухай хүсэлт /хх-ийн 50/ зэрэг болно.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүгдэгч М.А нь 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Соёлын төв өргөө”-ний хойд талд Т.Тогтохбаяртай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:                                                                                             

            хохирогч Т.Тогтохбаярын /хх-ийн 18/: “... 2017 оны 08 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө найз нар болох Тэмүгэ, Билгүүн нарын хамт “Соёлын төв өргөө”-ний хойд талд явж байтал бид гуравын ард хүмүүс чанга чанга юм яриад байхаар нь эргээд хартал 2 эрэгтэй 1 эмэгтэй хүн байсан. Нэг эрэгтэй хүн нь бид нарыг “юугаа харсан юм” гэж хэлсэн. Бид гурав юм ярилгүй цааш явсан. Тэгтэл араас хүрч ирээд бид нартай муудалцаад тухайн үед 2 эрэгтэйгийн нэг нь эрүүн дээрээ бага хэмжээний ямаан сахалтай залуу нь манай найз Билгүүнтэй муудалцаад Билгүүн тэр залууг түлхэх үед А миний хамар руу нэг удаа цохиод би газар унасан. Тэгээд юу болсон талаар би мэдэхгүй байна. Намайг газар унасны дараа бид нар маргалдахаа болиод тэр хоёр залуу нэг эмэгтэйн хамт саарал өнгийн “Королла” машинд суугаад явсан. Намаайг газар унасны дараа хүмүүс салгах гэж ноцолдож байхдаа над дээр гишгэсэн байх. Тухайн үед А наамайг цохиж унагааснаас өөрөөр хоорондоо хүмүүс цохиж зодолдоогүй. А, Билгүүн хоёр нэг барилцаж аваад Билгүүн Аг түлхсэн. Тэгтэл А намайг цохиод унагаасан. Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй. Бүх хохирлоо барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгээр,

гэрч Д.Шинэбаярын /хх-ийн 9/: “... Биднийг “Соёлын төв өргөө”-ний ар талд сууж байхад гурван үл таних залуу хажуугаар явахдаа манай найз А руу муухай хараад яасан. Тэдэнд “зүгээр үү” гэж хэлэхэд муудалцах гээд байхлаар нь үл таних 3 залууд “одоо ингээд больчих, салцгаая” гэж хэлсэн. Нөгөө үл таних залуучууд явах шиг болсон. Тэгтэл нөгөө залуусийн нэг жижигхэн залуу нь хүрч ирээд манай найз Аг “ална” гэж хэлэхэд өндөр залуу нь манай найз Агийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд нөгөө хоёр үл таних залуугийн жижигхэн биетэй залуу нь над руу дайраад намайг нүүрэн тус газар нэг удаа цохиод газар унагаасан. Бямбаа хоёр эмэгтэй найзтайгаа намайг босгоод машинд суулгасан...” гэх мэдүүлгээр,

гэрч Н.Билгүүний /хх-ийн 19/: “... Бид нар “Соёлын төв өргөө”-ний ар талаар ордог хэсэгт явж байтал хоёр залуу нэг эмэгтэй 3 хүн явж байсан. Тэр гурван хүн руу эргээд хартал нөгөө хоёр залуугийн ариа өндөр биетэй залуу нь бид гурав руу “юугаа хараад байгаа юм вэ” гээд уурлаж хэлсэн. Бид гурав ямар нэгэн юм хэлэлгүй цаашаа алхаж байтал өндөр залуу нь бид гуравын араас босож ирээд уурлаад дайраад намхан залуу нь “боль” гээд болиулсан. Бид нарыг явах гэтэл тэр залуу бид нарын араас ирээд “хоёулаа сайхан зодолдьё” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр залууг цааш нь түлхсэн. Тэр үед манай найз Тогтохбаяр газар уначихсан хамраа дараад байж байсан. Би шууд Тогтохбаяр руу гүйгээд очсон. Тэгтэл замаас “Тоёота королла” маркийн машин гарч ирээд нөгөө хоёр залуу нэг эмэгтэйг суулгаад аваад явсан...” гэх мэдүүлгээр,

М.Агийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 27/: “... 2017 оны 08 дугаар сарын 03-ны шөнийн 01 цагийн үед найз Шинэбаяр, эхнэр Бямбасүрэнгийн хамт “Соёлын төв өргөө”-ний ертөнцийн зүгээр ард талд нь Шинэбаярын эхнэрийг хүлээгээд байж байтал гурван залуу бид нарын хажуугаар өнгөрсөн. ... бид нар маргалдаад байж байтал тэр гурван залуугийн хамгийн өндөр нь намайг ирээд цохиод авсан. Тухайн үед би зөрүүлээд цохих гэтэл нэг залуу нь дундуур орж ирээд цохиулаад газар унасан. Манай найз Шинэбаяр биднийг салгаад бид найзыгаа дуудаад машинд нь суугаад явцгаасан...” гэх мэдүүлгээр,

М.Агийн буруутай үйлдлийн улмаас Т.Тогтохбаярын биед “гайморовын урд хана, баруун хазар ясанд хугарал тархи доргилт.баруун ухархайн доод хана, хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохой, 2 өвдөгт зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9940 тоот дүгнэлт /хх-ийн 22/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

 

Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогч, гэрч нар шүүгдэгчийг хүн зодсоныг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

М.Агийн  “муухай харлаа” хэмээн Т.Тогтохбаярыг буруутган зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч М.Агийн “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.       

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч хохирогчид учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 1.050.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.       

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Амартүвшд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх М.Агийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зээрдийнх овогт Мөнхбатын Аг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ