Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/85

 

 

 

 

 

 

 

 

 

 2023        11        16                                                2023/ДШМ/85

 

 

                                                           

М.”“““““““““, Ч.”“““““““““, Б.”“““““““““ нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор Л.Наранхүү,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.”“““““““““, түүний өмгөөлөгч      Н.Дэмбэрэлдагва,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батнасан/цахим/,

шүүгдэгч М.”“““““““““ийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

шүүгдэгч Ч.”“““““““““, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Б.”“““““““““,

            нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.”“““““““““, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч М.”“““““““““, Ч.”“““““““““, Б.”“““““““““ нарт холбогдох эрүүгийн 2334000300269 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.........................................

 

Шүүгдэгч Б.”“““““““““, М.”“““““““““, Ч.”“““““““““ нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Адуун чулуун” гэх газарт үйл ажиллагаа явуулах “““““““““““” ХХК-ний боржин чулууны уурхайд уурхайн болон үйлдвэрийн даргаар ажиллахдаа, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.3 “Үйлдвэрлэлийн орчинд учирч болох аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанд мэдээлэх...” хяналт тавьж ажиллах мөн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд “ХАБЭА” инженер ажлын байран дээр байгаагүй тохиолдолд орлож зааварчилгаа өгөх гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүй зөрчиж, үндсэн чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх тухай үүрэг өгснөөс туслах ажилтнаар ажиллаж байсан яллагдагч Б.”“““““““““ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.2 болон мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.2.7 заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд амь хохирогчийг суулган хаягдал боржин чулуу гаргадаг түнел рүү орсны улмаас Б.Магнайбаяр нь өндрөөс унаж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн прокурорын газраас Б.”“““““““““, М.”“““““““““, Ч.”“““““““““ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

            Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.”“““““““““, М.”“““““““““, Б.”“““““““““ нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Гянийхан овгийн Мөнхтогтохын ““““““““““ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авч,

Шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын ““““““““““, Таргуд овгийн Бадайн ““““““““““ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Гянийхан овгийн Мөнхтогтохын ““““““““““ийг шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Гянийхан овгийн Мөнхтогтохын ““““““““““т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын ““““““““““ыг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Баянгол дүүргээс гарахыг,

Шүүгдэгч Таргуд овгийн Бадайн ““““““““““ийг эрх бүхий байгууллагын хяналтад Улаанбаатар хот, Хан-Уул дүүргээс тус тус гарахыг хориглож, шүүхээс тогтоосон Хан-Уул дүүрэг болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дотор чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тогтоож,

Шүүгдэгч Хан хөгшин овгийн Чойнхорын ““““““““““, Таргуд овгийн Бадайн ““““““““““ нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж,

Шүүхээс шүүгдэгч Ч.”“““““““““, Б.”“““““““““ нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн 2334000300269 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаас нийт 14,235,221 /арван дөрвөн  сая хоёр зуун гучин таван мянга хоёр зуун хорин нэг/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.”“““““““““ад олгож, хохирогч энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.”“““““““““ давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус хэрэгт компанийн захирал нь буюу эзэн Т.Отгонбаяр гэх хүн нь хариуцлага хүлээгээгүй байна гэж бодож байна. Шүүх хуралдааны явцад манай өмгөөлөгч ямар нөхцөл байдалд байгаад тус хэрэг гарсан талаар, үйлдвэрийн дарга болон уурхай даргаас хэн буруутай вэ гэх асуулт асуухад уурхайн дарга Ч.”“““““““““ нь би мэдэхгүй, үүрэг өгснөө санахгүй байна, би согтуу байсан гэж өөрийн гэм буруугаа ухамсарлаж хүн ёсоор уучлалт гуйж би буруутай гэх сэтгэл байхгүй байгаад гомдолтой байна. Мөн М.”“““““““““ийг ковш барих эрхгүй гэдгийг мэдсээр байж М.”“““““““““оор үйлдвэр, уурхай дотор байнга ажил гүйцэтгүүлдэг ухааны юм ярьж байгаа нь хариуцлагагүй байна.

Дээрх байдлыг мэдсээр байж арга хэмжээ авахгүй яасан бэ гэхээр би захирал Т.Отгонбаярт удаа дараа хэлж байсан, арга хэмжээ авдаггүй байсаар өдийг хүрсэн гэж хариулж байгаагаас үзэхэд хэрэг гарах нөхцөлийг арилгаагүй компанийн үндсэн эзэн захирал Т.Отгонбаяр ч энэ хэрэгт буруутай байна. Яагаад буруутгагдаагүй байгааг анхаарч үзэж өгөөч. Мөн үйлдвэрийн дарга Б.”“““““““““ нь шүүхэд мэдүүлэхдээ би үүрэг өгөх нь өгсөн гэж мэдүүлэх ба хэн буруутай вэ гэх асуултад мэдэхгүй гэж хэлж байгаад нь гомдолтой байна. Түүнийхээр гэм буруугүй байхад нь шүүхээр оруулж байгаа аятай хандаж өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын санаа нь ганцхан М.”“““““““““ руу буруугаа чихээд өнгөрч байгаа юм шиг сэтгэлгүй хандаж байгаад гомдолтой байна. Ийм байхад бага ял өгсөн гэж үзэж байна. Яагаад ковш барих эрхгүй этгээд техник барьсан тал дээр хариулахдаа, манайд мэргэжлийн хүн байхгүй, ХАБ инженер нь ажлаа орхиод явдаг байдал давтан гардаг талаар мэдүүлсэн. Дээрх байдлаас үзэхэд энэ уурхайн захирал Т.Отгонбаярт хууль, дүрэм, журам хамаагүй байдаг нь энэ үйлдлээр харуулж байна гэж үзэж байгаа, дахин өмгөөлөгч авч гомдол гаргаж байгаа учир хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

1. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг буруу үнэлсэн, хэргийн нөхцөл байдалд үндэслэл муутай дүгнэлт хийсэн буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байна. Тухайлбал шийтгэх тогтоолд заасан нас барагч Б.Магнайбаяр өндрөөс буюу шанаганаас унаж нас барсан гэх нөхцөл байдал эргэлзээтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.”“““““““““ түүнийг дамжуулгын тууз /конвейер/ тракторын шанага 2-т хавчуулагдан гэмтсэний улмаас нас барсан гэж үзэж байна. Энэ нь үндэслэлтэй байж болох нь шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 245 дугаартай дүгнэлтэд “...гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр дарагдах, шахагдах үед үүсгэгдсэн байх боломжтой”, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/01 дугаартай дүгнэлтэд “хавчуулагдаж нас барсан” гэж тус тус зааснаас харагдаж байна. Шүүгдэгч М.”“““““““““ хэргийн 1 дүгээр хавтасны 196 дугаар талд мэдүүлэгтээ “.... хүн гараа өргөх шиг болохоор нь би зогстол ковшийн шанагаараа юм мөргөх шиг болоод хүн унах шиг болсон” гэснээс үзэхэд уг шанагаар дамжуулгын тууз дээр байсан чулууг болон нас барагчийг мөргөсөн байх магадлалтай байна. Иймд шүүгдэгч Ч.”“““““““““, Б.”“““““““““ нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг шүүгдэгчид болон гэрч н.Содномдагвын мэдүүлэг эргэлзээтэй гэж ч дүгнэсэн бололтой. Мөн шүүгдэгч М.”“““““““““ийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг “хэрэг гарсан шалтгаан нөхцөл “““““““““““” компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон” гэж дүгнэжээ. Хэргийн 1 дүгээр хавтасны 84 дүгээр талд байгууллагын /тус “““““““““““” компанийн/ ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлд шоо чулуу зөөвөрлөх конвейерын тулгуур хөл хугарч унасан, гулзайж мурийсан талаар заасан байгаа нь ч нас барагч шууд шанаганаас унаж нас бараагүйг харуулж байна. Иймд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг үнэн зөв, хөдөлбөргүй тогтоох шаардлагатай байна. Энэхүү гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг үнэн зөв тогтоосноор уг хэргийг хэн үйлдсэн, хэн буруутай нь үнэн зөв тогтоогдох юм. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч С.Дуламсүрэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-т зааснаар байгууллагын дарга, тэдгээртэй адилтгах албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй гэж мэдүүлжээ. Мөн шинжээчийн дүгнэлт, мэдүүлгүүдэд уг гэмт хэрэгт ажил олгогч буюу “““““““““““” компанийн захирал буруутай талаар ч заасан байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч "энэ компани М.”“““““““““т гэм буруугаа тохох гээд байгаа" гэж мэдүүлж байснаас гадна тус компанийн захирлыг гэм буруутай гэж үзэж байгаа болно. Хэрэгт цугларсан баримтуудаар ч тус компанийн удирдлага хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар маш хайнга, хариуцлагагүй хандаж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, бусад дүрэм, журам, MNS4969 стандартыг мөрдөхгүй байсан нь хангалттай нотлогджээ.

Улсын яллагч шүүгдэгчдэд 2 жил нэг сар хорих ял сонсгосон байна. Гэтэл шүүхээс шүүгдэгчдэд илэрхий хөнгөн ял оногдуулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тухай заалтыг зөрчсөн байна.  Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаан мөрдөн байцаалтыг бүрэн дүүрэн хийлгүүлж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч С.Батнасан /цахимаар/ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн яг аль заалтаар ямар шийдвэр гаргах юм бэ. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.”“““““““““ын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.”“““““““““ийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ч.”“““““““““ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.”“““““““““, Ч.”“““““““““, Б.”“““““““““ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.”“““““““““, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн үндсэн шинж нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохирсон байхыг шаарддаг.

 

5. Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2023/01 /1хх-н 227-232/, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 8031215/004 дугаар /1хх-н 237-241/ дүгнэлтүүдэд Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд дүгээр баг Адуун чулуун гэх газарт байрлах “““““““““““” ХХК-ийн чулууны уурхайд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус компаний туслах ажилтан Б.Магнайбаяр нь өндрөөс унаж, хавчуулагдаж нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ дэх заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн, уг осол гарахад компанийн удирдлагын хүчин зүйл нөлөөлсөн талаар дүгнэлт гаргажээ.

“““““““““““” ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр код-09900 “Уул уурхайн туслах үйл ажиллагаа” эрхлэхээр Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, гүйцэтгэх захирлаар Т.Отгонбаярыг бүртгүүлсэн байна. /1хх-н 145/

2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2334000300269 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол”, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 298 дугаар яллах дүгнэлтэд “““““““““““” ХХК-ийн захирал Т.Отгонбаяр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэшсэн хүнийг ажилд томилоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлж ажиллаагүй, ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй, ажиллагсдыг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, түүний зохистой хэрэглээнд хяналт тавиагүй, бүх нийтээр амрах үед зохион байгуулалтын арга хэмжээг хэрхэн авч хэрэгжүүлэх талаар тодорхой тусгаагүй, албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод хийх ажил үүргийг нь тусгаж мөрдүүлээгүй, аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж, ажилчдад танилцуулан мэдлэг, дадлага олгох ажлыг зохион байгуулж дадал хэвшилд сургаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас уурхайн дарга Ч.”“““““““““, үйлдвэрийн дарга Б.”“““““““““, туслах ажилтан М.”“““““““““ нар нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн мөртлөө уг хэрэгт холбогдуулан Ч.”“““““““““, Б.”“““““““““, М.Батбилэг нарыг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд ирүүлсэн нь хэргийн холбогдогчийг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх нотолбол зохих байдлыг нотлоогүй байна.

 

6. Мөн амь хохирогч Б.Магнайбаярыг өндрөөс  унаж амь нас нь хохирсон гэх боловч энэ үйл баримтыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай, бүрэн дүүрэн тогтоогоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”-ыг нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр /1хх-н 210-213/ талийгаач Б.Магнайбаярын биед олон тооны урагдал, тасралт, хугарал, шарх зулгаралт, цус хуралт зэрэг олон тооны гэмтлүүд учирсан нь тогтоогдсон,  осол болсон газар очиж үзэхэд шоо чулуу зөөвөрлөх конвейерын тулгуур төмөр хөл  гулзайсан, мөн тулгуур төмөр хөл хугарч унасан байдалтай байсан талаар “““““““““““” ХХК-ийн “байгууллагын гэнэтийн осол, аваартай танилцах ажлын хэсэг”-ийн хурлын тэмдэглэлд /1хх-н 84-85/ дурдсан, М.”“““““““““ “тунель хэсэг рүү орох үед ковшны шанагаараа юм мөргөх шиг болоод хүн унах шиг болсон” гэж хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлснээс үзвэл  талийгаач Б.Магнайбаяр нь өндрөөс унаж амь нас нь хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг гарсан байдлын талаар эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна.

 

7. Шүүгдэгч М.”“““““““““, Ч.”“““““““““, Б.”“““““““““ нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй зэрэг байдлуудыг анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүйгээр шүүгдэгч Ч.”“““““““““, Б.”“““““““““, М.”“““““““““ нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж, авто ачигчийн шанаганд суулган хаягдал боржин чулуу гаргадаг тунель рүү орсны улмаас Б.Магнайбаяр нь өндрөөс унаж, хүний амь нас хохирсон үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна гэж үйл баримтын талаар нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буруу дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ нь уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

8. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

9. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим болох “ анхан шүүхээс шүүгдэгч нарт хөнгөн ял шийтгэл оногдуулсан” гэх утга бүхий хэсэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ч.”“““““““““, Б.”“““““““““, М.”“““““““““ нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                               

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                                       ШҮҮГЧИД                                    З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                   

                                                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ