Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2025/0040

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг эс зөвшөөрсөн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******” ХХК-ийн гүйцэтгэх захирал*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “*******” ХХК-иас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/90 дугаар “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

 

2. Хэргийн үйл баримтын талаар: 

2.1. Нэхэмжлэгчид Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/204 дугаар захирамжаар “*******” ХХК-д тус сумын Замт багийн нутаг дэвсгэр “Урангийн богино”-д 50 га газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлж[1], 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 000011418 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4116036168 дугаараар бүртгэж[2], газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр[3] байгуулжээ.

2.2. Нэхэмжлэгчийн маргаж буй, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/90 дугаар захирамжаар[4] Монгол Улс, Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолыг үндэслэн ... гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

2.3. Нэхэмжлэгч нь 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн цахим хаягт ирүүлсэн "газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай " захирамжийг хүлээн авч, маргаан бүхий захиргааны актад холбогдуулан тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Авирмэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Туул нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 23-ны өдрийн А/204 дугаар захирамжаар Замт баг, Урангийн богино баруун талд байрлах 50 га газрыг нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл зориулалтаар эзэмшиж, газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээтэй болсон болно. Улмаар тус газарт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Монгол-Япон Улсын эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд Япон Улсын Sharp корпорацитай хамтран цахилгаан станц барих хөрөнгө оруулалтыг асуудлыг эцэслэн тохиролцсон, төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн, Диспетчерийн үндэсний төвтэй Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хийсэн, Техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулахаар ажил гүйцэтгэх гэрээ хийсэн, Техникийн нөхцөлийг эрх бүхий этгээдээр батлуулсан, Байгаль орчны ерөнхий үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамаар хийлгүүлсэн, Эрх бүхий этгээдээр цахилгаан станцаас цахилгаан үйлдвэрлэх тарифийг батлуулсан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон тухайн жилийн менежментийн төлөвлөгөө боловсруулахаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, Төв аймгийн Баянчандмань сумын иргэдээс цахилгаан станц барих саналыг орон нутгийн эрх бүхий этгээдээр дамжуулан авсан, Нийгмийн хариуцлагын гэрээг орон нутгийн удирдлагын байгууллагатай байгуулсан. ... Гэтэл манай компанийн техникийн нөхцөлийн хугацаа 1 жилийн хугацаатай буюу 2018 онд дуус ч хугацаа сунгуулахаар хүсэлт өгсөн боловч Эрчим хүчний яамнаас сунгаагүй, ... тул Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороог захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад 2020 оны 03 сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсэж, 2023 оны 04 сарын 04-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны 0214 тоот шүүхийн магадлалын дагуу нэхэмжлэлийн шаардлага хангагдсан бөгөөд 2023 оны 06 сард хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзсанаар энэхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. ... өөрийн газар дээр үйл ажиллагаа явуулах боломж нь 2024 онд эхэлсэн бөгөөд Тайланд улсын хөрөнгө оруулалттай Би Эй Эф Эс Экс Монголиа компанитай хамтарч 2024 оны 09 сарын 09 нд 21 Мвт ын нарны цахилгаан станцын шавыг тавьсан. Ингээд ажил хийж байтал Төв аймаг Баянчандмань сумын засаг даргаас 2025 оны 01 сарын 14-ний 01/26 Сонсох ажиллагаанд оролцох тухай мэдэгдэл ирсэн болно. Ингээд манай компани тус 2025 оны 01 сарын 27-ны өдрийн сонсох ажиллагаанд оролцоход сумын засаг дарга болон ИТХ-ын дарга нь хамтдаа байлцаж асуудлыг хэлэлцэхдээ манай компанид олгосон 50 га газрыг цуцлах болсон талаар мэдэгдэж, тухайн газар дээр юу хийсэн талаар асуусан бөгөөд бидний зүгээс тайлбар болон холбогдох нотлох баримтыг танилцуулахад тус сонсох ажиллагааны үр дүнд манай компанийн газрыг шууд цуцлах нь буруу тул ард нийтийн дунд дахин сонсох ажиллагаа хийж асуудлыг шийдэхээр тухайн сонсох ажиллагааг дуусгасан. ... 2025 оны 03 сарын 06-ны өдрийн А/90 тоот Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг 2025 оны 03 сарын 06-ны өдөр цахимаар буюу viber-aap гүйцэтгэх захирал******* миний хаяг руу явуулснаар хүлээж авсан болно. Тус захирамжид манай компанийн эзэмшиж буй газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших зөвшөөлийг хүчингүй болгосон байсан бөгөөд тус захирамжийг эс зөвшөөрч Газрын тухай хуулийн 40.3 д зааснаар шүүхэд гомдол гаргаж байна. Манай компани өөрийн эзэмшиж буй 50 га газраа 2020-2024 оны хооронд үйл ажиллагаа явуулаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй явдал нь манай компанийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалаагүй, Өөрөөр хэлбэл тус газрыг зориулалтын дагуу ашиглахад шаардагдах тусгай зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас сунгахтай холбоотой маргаан шүүхийн шатанд удааширснаас өөрийн эзэмшиж буй газрыг ашиглаж чадахгүй байх бодит нөхцөл байдал бий болсон. ... Иймд манай компанийг өөрийн эзэмшиж буй газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмших, ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. ... Өөрөөр хэлэх юм бол тухайн газрыг эзэмших эрх үүсэж хууль ёсны газар эзэмших эрхийг хөндөж байгаа нь буруу бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээнд заасан зориулалтаар тухайн газрын 2 жил дараалан ашиглаагүй гэж ойлгохдоо сонсох ажиллагааг хийлгүйгээр А/90 тоот захирамж гарсан байна. Өөрөөр хэлэхийн бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол аймаг нийслэл сум дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгож захирамж гаргана гэдэгтэй нийцэхгүй байна. Яагаад гэвэл тус компани газар дээрээ сэргээгдэх эрчим хүчний барилга барихад шаардлагатай тусгай зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг сунгаж өгөхгүй байсаар тухайн газар дээр үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаад байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Газар эзэмших эрх 2017 онд үүссэн хэдий сэргээгдэх эрчим хүчний барилга барих хууль ёсны эрх нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр албадан биелүүлэх захирамж гарснаар биелэгдэж байгаа. Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт хуулийн Газрын тухай хуулийг 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчин зүйл, байгалийн тогтолцооны өөрчлөлт, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байгааг ойлгоно гэж тайлбарласан. Иймд газар эзэмшигчээс хамааралгүйгээр төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг Нийслэлийн захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдсон. Нэгэнт шүүхээр тогтоосон үйл баримтыг Улсын Дээд шүүх 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 тоот тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2.3 дахь хэсэг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үздэг. ... Энэ бүх үйлдэл байгаа учир компанийн эзэмшиж буй газар нь нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай газар бөгөөд тухайн газрыг зориулалтаар ашиглахад зохих техникийн нөхцөл, тусгай зөвшөөрөл шаардагдах тэрхүү техникийн нөхцөлийн хугацаа дуусаж сунгахгүй байгаа үйлдэл хууль бус байгаа талаар шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Иймд хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж үзэж байгаа тул А/90 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Засаг дарга шийдвэр гаргахдаа үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан уу үгүй юу гэдгийг нягталж шалгаагүй байна ... Иймд Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 03 сарын 06-ны өдрийн 06 тоот Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/90 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.2. Хариуцагч Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нар бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06 едрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/90 тоот захирамжийг хүчингүй болгох гэсэн сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Тус суманд газар эзэмшигч Солар Энержи Чандмань ХХК-ны Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай газрыг 2017 оны 80 дугаар сарын 23 өдрийн A/204 TOOT үйлдвэрлэлийн зориулалтаар нарны цахилгаан эрчим хүч 50 га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн байдаг. Солар Энержи Чандмань ХХК нь 2017 оноос хойш уг газрыг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул тус газар эзэмших зөвшөөрлийг 2025 оны 03 дугаар сарын 06 өдрийн А/90 тоот захирамжаар хүчингүй болгосон тус шийдвэрээ хүчингүй болгох боломжгүй. Манай суманд 2017 оноос 2024 оны хооронд ямар нэгэн албан бичгээр хандаж байгаагүй тул газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлтэй. Газрын тухай хуулийн дагуу төсөл сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэхгүй байна. ... Надад хүлээлгэж өгсөн материал байхгүй. Ажлын хэсгийн дүгнэлт нь 2017 онд газар эзэмших эрх авснаас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байна гэж үзсэн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/90 дугаар Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1. Маргаан бүхий захирамжаар Монгол Улс, Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолоор ... гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр “*******” ХХК-ийн 50 га газрын эзэмших эрхийг цуцалсан.

Нэхэмжлэгчээс Манай компани нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 23-ны өдрийн А/204 дугаар захирамжаар Замт баг, Урангийн богино баруун талд байрлах 50 га газрыг нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл зориулалтаар эзэмшиж, газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээтэй болсон болно. Гэтэл манай компанийн техникийн нөхцөлийн хугацаа 1 жилийн хугацаатай буюу 2018 онд дуус ч хугацаа сунгуулахаар хүсэлт өгсөн боловч Эрчим хүчний яамнаас сунгаагүй, ... тул Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороог захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахад 2020 оны 03 сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсэж, 2023 оны 04 сарын 04-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны 0214 тоот шүүхийн магадлалын дагуу нэхэмжлэлийн шаардлага хангагдсан бөгөөд 2023 оны 06 сард хариуцагчийн гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзсанаар энэхүү хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл тус газрыг зориулалтын дагуу ашиглахад шаардагдах тусгай зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг эрх бүхий байгууллагаас сунгахтай холбоотой маргаан шүүхийн шатанд удааширснаас өөрийн эзэмшиж буй газрыг ашиглаж чадахгүй байх бодит нөхцөл байдал бий болсон. ... Иймд манай компанийг өөрийн эзэмшиж буй газраа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эзэмших, ашиглаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй гэж,

Хариуцагчаас тус суманд газар эзэмшигч Солар Энержи Чандмань ХХК-ны Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай газрыг 2017 оны 80 дугаар сарын 23 өдрийн A/204 дугаар захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар нарны цахилгаан эрчим хүч 50 га газрыг төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлсэн байдаг. “Солар Энержи Чандмань ХХК нь 2017 оноос хойш уг газрыг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй байгаа тул тус газар эзэмших зөвшөөрлийг 2025 оны 03 дугаар сарын 06 өдрийн А/90 тоот захирамжаар хүчингүй болгосон тус шийдвэрээ хүчингүй болгох боломжгүй. Манай суманд 2017 оноос 2024 оны хооронд ямар нэгэн албан бичгээр хандаж байгаагүй ... мөн надад хүлээлгэж өгсөн материал байхгүй. Ажлын хэсгийн дүгнэлт нь 2017 онд газар эзэмших эрх авснаас хойш газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байна гэж үзсэн гэж тус тус тайлбарласан.

2. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар:

2.1. “*******” ХХК-иас тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 21 мвт-ын нарны цахилгаан станц байгуулахаар ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаар тогтоолоор[5] тус багийн нутаг дэвсгэрт 21 мвт-ын нарны цахилгаан станц байгуулах санал авах хуралд 138 өрхийн 100% дэмжсэн тул тус сумын Засаг даргад уламжилсан.

Улмаар тус сумын Засаг даргаас Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2027 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/192 дугаар албан бичгийн[6] 1-т Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан.

Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 04/02 дугаар тогтоолоор[7] Баянчандмань суманд "Нарны цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 50 га газрыг сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд дараах нэмэлт өөрчлөлт оруулж,  төсөл сонгон шалгаруулалт зарлаж[8], уг шалгаруулалтыг  2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулж явуулсан “Нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл”-ийн чиглэлээр газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад 177 оноо авч ялагч болж, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/204 дугаар захирамжаар “*******” ХХК-д тус сумын Замт багийн нутаг дэвсгэр “Урангийн богино”-д 50 га газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлж[9], 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 000011418 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4116036168 дугаараар бүртгэж[10], газар эзэмшүүлэх гэрээг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр[11] байгуулсан.

2.2. 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж[12], газар эзэмшигчид гэрээний 4.11 дэх хэсгээр “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлэх”, 4.14 дэх хэсгээр “газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 4.15 дахь хэсгээр “барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах” зэрэг үүргийг хүлээлгэсэн.

2.3. Нэхэмжлэгч компанийн техникийн нөхцөлийн хугацаа 1 жилийн хугацаатай буюу 2018 онд дуусч уг хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан боловч Эрчим хүчний яамнаас сунгаагүй, улмаар Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд  хандан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

Ийнхүү Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2023/0214 дугаар магадлалаар[13] Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг тус тус баримтлан "*******” ХХК-ийн гаргасан "тус компанийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа. Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, "*******” ХХК-ийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож. Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгож, "*******" ХХК-ийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахыг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

2.4. Ийнхүү Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 758 дугаар тогтоолоор[14] “*******” ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж (Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт 4.2 MBT/16.8 МВт.ц-ийн чадалтай эрчим хүч хуримтлуурын байгууламж бүхий 21 МВт-ын нарны цахилгаан станц) барих 09/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан.

2.5. Дээрх үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл авсан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан хэдийч тухайн хариуцагч байгууллагын хууль бус эс үйлдэхүй, үйлдлийн улмаас 3 жил гаруй хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж чадаагүй, нарны цахилгаан станц барих ажлаа эхлүүлж чадаагүй болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгааны улмаас Эрчим хүчний зохицуулах хорооноос 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийг сунгаж эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх, станц барихтай холбоотой олон ажлуудыг хийж гүйцэтгэж хуульд заасан бусад холбогдох баримт бичгийг боловсруулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд зэргээс үзвэл газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.6. Нэхэмжлэгчээс цахилгаан станц барихаар дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд “*******” ХХК болон “Диспетчерийн үндэсний төв” ХХК нарын хооронд байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг[15] 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан, Техникийн нөхцөлийн сунгасан тухай[16], Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байгуулагдах “*******” ХХК-ийн 21 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан, 16.8 мвт/ц-ийн багтаамжтай эрчим хүчний хуримтлуурын системийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажлын зураг төсөл боловсруулах 2024 оны 07 дугаар сарын 30 өдрийн 2024/Ц-17 дугаар даалгавар[17], Диспетчерийн үндэсний төвийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/959 дугаар тооцооны дүгнэлт[18] гаргуулсан, “*******” ХХК-д Эрчим хүчний зохицуулах хорооноос 09/2017 дугаар тусгай зөвшөөрлийг[19] Төв аймаг, Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах 4.2 мвт/16.8 мвт.ц-ийн чадалтай эрчим хүч хуримтлуурын байгууламж бүхий 21 мвт-ын нарны цахилгаан станц барьж байгуулах, тусгай зөвшөөрлийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хүчинтэй гээд 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгон, Нийгмийн хариуцлагын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 07/01 дугаар, 07/02, 07/03 гэрээг[20] тус тус Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Ц.Энхболдтой “Солар энержи чандамнь” ХХК-ийн төлөөлж Б.Энхцацрал нар байгуулсан,       Төв аймгийн Онцгой байдлын газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/28 дугаар галын аюулгүй байдлын магадлал хийсэн тухай дүгнэлт[21] гаргуулсан, Эрчим хүчний үндэсний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1043/2024 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт, хавсралт-1, хавсралт-2[22], Төв аймгийн ерөнхий архитектор Д.Алтансүхийн 2024 оны 09 дүгээр сарын АТД-41-0051/24 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар[23] өгсөн, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Насанжаргалаас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[24] 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр олгон, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал******* нь “Смарт крафт” ХХК-ийн ерөнхий захирал С.Баярзултай 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн SC2025/001 дугаар “Баянчандмань дахь 21 мегаватт нарны цахилгаан станц”-ын ажлын гүйцэтгэгчтэй байгуулах гэрээг[25] байгуулсан,  “*******” ХХК, гүйцэтгэгчээр “Шугам” ХХК нар “Баянчандмань 21 мвт нарны цахилгаан станцыг эрчим хүчний системд холбох дэд станц, ЦДАШ-ын барилга угсралтын ажилд зохиогчийн хяналт хийх 2024  оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЗХ_24_08 дугаар гэрээг[26] байгуулсан, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал******* нь “Смарт крафт” ХХК-ийн ерөнхий захирал С.Баярзултай 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн SC2025/002 дугаар “Баянчандмань дахь 21 мегаватт нарны цахилгаан станц”-ын ажлын гүйцэтгэгчтэй байгуулах гэрээг[27] байгуулсан, Эрчим хүчний үндэсний төв ТАХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баябасүрэн, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал******* нарын байгуулсан Сэргээгдэх эрчим хүчний барилга байгууламжид техникийн хяналт тавих гэрээг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ЭХҮТ/СЭХ/12/2024 дугаар гэрээг[28] байгуулсан. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24/т36 дугаар Ажил гүйцэтгэх гэрээгээр Төв аймгийн Баянчандмань суманд орших Нарны цахилгаан станц төсөлд 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийлгэсэн, Эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгосон, Эрчим хүчний үндэсний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 248/2025 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт[29], хавсралт-1, хавсралт-2, Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээг[30] байгуулсан, Баянчандмань дэд станцын 110 кв-ын ил хуваарилах байгууламжийн өргөтгөлийн болон 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам ажлын зураг 2024 он, Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь нарны цахилгаан станцын 50 га талбайн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээг “Хамтын хүч костракшн”ХХК-тай байгуулсан зэрэг маргаан бүхий газарт нарны цахилгаан станцын төслийг эхлүүлэхээр холбогдох гэрээ, хэлцэл, тусгай зөвшөөрлүүдийг авсан болох нь тус тус нотлогдож байна.

            2.7. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, ... 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар ... эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

2.8. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 сарын 30-ны өдрийн 15 дугаартай Газрын хууль тогтоомжийг тайлбарлах тухай тогтоолын 1.10 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан.

2.9. Хуулийн дээрх зохицуулалт болон Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг "ашиглаагүй" гэх үндэслэлээр хүчингүй болгоход ийнхүү ашиглаагүй нь "хүндэтгэн үзэх шалтгаангүй" ба "гэрээнд заасан зориулалтын дагуу дараалсан 2 жил" гэх хоёр нөхцөлийг зэрэг хангасан байхыг шаардах бөгөөд захиргаа шийдвэр гаргахын өмнө эдгээр нөхцөлийг бүрэн судалж тогтоох учиртай, нэхэмжлэгчийн хувьд энэхүү нөхцөлүүд хангагдаагүй учир зөрчил гаргасан гэж үзэхгүй.

2.10. Тодруулбал, газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойших 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч “*******” ХХК нь маргаан бүхий газартаа барилгын ажил эхлүүлэхээр тодорхой ажлуудыг хийж байсан, техникийн нөхцлүүийг авсан энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах тул газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэхгүй.

 2.11. Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт холбогдуулан газраа эзэмших, ашиглах эрхийн хүрээнд уг газраа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах холбоотой бэлтгэл ажлуудыг хийж байгаа талаараа тус сумын Засаг дарга болон газрын даамалд танилцуулан тайлагнаж жил бүр гэрээг дүгнүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

2.12. Нэхэмжлэгчээс тус 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн сонсгох ажиллагаанд оролцож, тухайн нөхцөл байдлыг тайлбарлан, холбогдох нотлох баримтыг танилцуулсан байхад хариуцагчаас, эдгээр нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй байна.

2.13. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-д “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, гэж заасан чиг үүргийг хариуцагчаас хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

Иймд, нэхэмжлэгчийг “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “... шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЗОРИГТБААТАР

 

 

[1] Хавтаст хэрэг 97 дахь тал,

[2] Хавтас хэрэг 11 дэх тал,

[3] Хавтаст хэрэг 13-14 дэх тал,

[4] Хавтаст хэрэг 216 дахь тал

[5] Хавтас хэрэг 108 дахь тал

[6] Хавтас хэрэг 110 дахь тал

[7] Хавтас хэрэг 98 дахь тал,

[8] Хавтас хэрэг 101-102 дахь тал

[9] Хавтаст хэрэг 97 дахь тал,

[10] Хавтас хэрэг 11 дэх тал,

[11] Хавтаст хэрэг 13-14 дэх тал,

[12] Хавтаст хэрэг 13-14 дэх талд,

[13] Хавтас хэрэг 38-52 дахь тал,

[14] Хавтас хэрэг 71-75 дахь тал,

[15] Хавтас хэрэг 16-38 дахь тал ,

[16] Хавтас хэрэг 56-65 дахь тал,

[17] Хавтас хэрэг 66-67 дахь тал,

[18] Хавтас хэрэг 68-70 дахь тал,

[19] Хавтас хэрэг 76 тал,

[20] Хавтас хэрэг 77-82 дахь тал,

[21] Хавтас хэрэг 140 дэх тал,

[22] Хавтас хэрэг 142-149 дэх тал,

[23] Хавтас хэрэг 150-152

[24] Хавтас хэрэг 154 дэх тал,

[25] Хавтас хэрэг 155-157 дахь тал,

[26] Хавтас хэрэг 158-160 дахь тал,

[27] Хавтас хэрэг 155-157 дахь тал,

[28] Хавтас хэрэг 164-169 дэх тал,

[29] Хавтас хэрэг 195-202 дахь тал,

[30] Хавтас хэрэг 203 дахь тал,