Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00936

 

 

Х.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/00773 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М Д” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 49 019 500 төгрөг, алданги 24 509 750 төгрөг, нийт 73 529 250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Р, А.С, нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “М Д” ХК-тай 29С1910000082 дугаартай даатгалын гэрээ байгуулж, Нарантуул захын өргөтгөл дотор байрлах хүнсний түцний зориулалттай сендвич барилгын үнэлгээг 100 000 000 төгрөгөөр тооцож, жил бүр 900 000 төгрөгийн даатгалын хураамж төлөхөөр эд хөрөнгөө даатгуулсан. Сүүлийн 10 жилийн хугацаанд дээрх нөхцөлөөр даатгалын гэрээ байгуулж, даатгуулсаар ирсэн ба даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, даатгалын хураамжаа цагтаа бүрэн төлсөөр ирсэн. Даатгалын гэрээний 12.2.1.1-д даатгалын үндсэн эрсдэл Галын эрсдэл гэж заасан байх ба 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сендвич барилгын ард талын өрөөний хананд байрлах ерөнхий шитний өрөөнөөс гал гарч, улмаар даатгалын зүйл болох сэндвич барилга шатсан байдаг. Энэ талаар 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/66 тоот шинжээчийн дүгнэлт гарсан. Даатгалын тохиолдол болсон үед нэн даруй даатгалын байгууллагыг дуудаж, гэрээнд заасан хугацаанд даатгалын зүйлтэй холбоотой материалаа бүрдүүлэн хугацаанд нь өгсөн. Мөн даатгалын байгууллагаас шаардсан нэмэлт материалыг гаргаж өгсөн ба даатгалын гэрээний 12.5.2-т заасны дагуу үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэсэн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээг                         49 019 500 төгрөг гэж тогтоосон. “М Д” ХК-ийн даатгалын гэрээний 5.3-т даатгалын нөхөн төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу даатгуулагчид олгох үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлэхээс зайлсхийж, даатгалын гэрээний 12.5.18-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. “М Д” ХК нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01/1105 тоот албан бичгээр ... даатгуулагч нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргах эрхээсээ татгалзсан байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж, шийдвэрлэсний үүргээр уламжилж байна гэж хариу ирүүлсэн байдаг. Гэвч хариуцагч “М Д” ХК-ийн татгалзаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/4037 тоот албан бичгээр Нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна, ... даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөртэй холбоотой асуудлыг даруй шийдвэрлэж, шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус хороонд болон иргэнд эргэж хариу мэдэгдэхийг үүрэг болгосон байдаг. Гэвч “М Д” ХК нь дээрх хугацаандаа шийдвэрлэж хариу өгөөгүй бөгөөд иргэн Х.Бгийн зүгээс утсаар холбогдоход нөхөн төлбөр өгвөл тогтоогдсон үнэлгээний 50 хувиар нөхөн төлбөр өгнө гэсэн хариу өгч даатгалын хууль тогтоомж, талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, нөхөн төлбөр 49 019 500 төгрөг өгөлгүйгээр нэхэмжлэгчийг хохироосоор байна. 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 29С1910000082 тоот Даатгалын гэрээний 9.1-т заасны дагуу 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 62 хоног, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 91 хоног, нийт 153 хоногийн хугацаанд алданги тооцвол “М Д” ХК нь нийт 24 509 750 төгрөгийн алдангийг даатгуулагч Х.Бд төлөх үүрэгтэй байна. Алданги тооцсон хугацаанд хөл хорио тогтоосон өдрүүдийг оруулахгүйгээр тооцсон болно. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29С1910000082 тоот Даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 49 019 500 төгрөг, алданги 24 509 750 төгрөг буюу нийт 73 529 250 төгрөгийг “М Д” ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. “М Д” ХК нь Х.Бтай 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 29С1910000082 тоот даатгалын гэрээг байгуулсан. Уг даатгалын гэрээгээр Нарантуул захын өргөтгөл дотор байрлах сендвич барилгыг даатгуулсан. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус даатгалын зүйл нь шатсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/66 дугаар шинжээчийн дүгнэлтээр гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч ерөнхий шитэнд хэт ачаалал үүссэний улмаар гал гарахад хүргэсэн байх магадлалтай гэсэн. Энэ нь даатгалын гэрээний 12.5.18.16-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байгаа тул татгалзаж байна. Х.Бгийн арын өрөөнд байрлах шитний ачааллаас үүдэн гал гарсан тул бид гэрээний уг заалтын дагуу татгалзаж байна. Алданги шаардсан үндэслэлийн тухайд нөхөн төлбөрийн нөхцөлийн талаарх гэрээний 12.5.7, 12.5.8-ийн зохицуулалтын дагуу алданги төлөхөөс татгалзаж байна. Цагдаагийн байгууллагад шалгагдсан, мөн Санхүүгийн зохицуулах хороонд хандаж байсан үед нөхөн төлбөр төлөх 14 хоногийн хугацаа хамаарахгүй тул алданги төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч даац ачаалал хэтрүүлсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба даац хэтрүүлээгүй гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн шитний өмчлөгч гэдгээ нотолж чадаагүй, уг шитэнд хэт ачаалал үүссэний улмаас гал гарсан, тэрээр гуравдагч этгээдээс хохирол шаардах эрхээсээ татгалзсан тул даатгалын нөхөн төлбөр олгох үүргээс даатгагч чөлөөлөгдөнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг тус тус баримтлан “М Д” ХК-аас даатгалын нөхөн төлбөр, алдангид нийт 56 127 327.5 төгрөгийг гаргуулж Х.Бд олгож, Х.Бгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 401 922.5 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 438 586.6 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. “М Д” ХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэг болон даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5.18.16 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг Санхүүгийн зохицуулах хороо хянаж, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9/4037 дугаар шийдвэрээр үндэслэлгүй гэж үзсэн бөгөөд хариуцагч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж шийдвэртээ дурдсан байна. Гэтэл даатгагч болон даатгуулагч нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний харилцаа буюу нөхөн төлбөр олгох эсэх нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах тул тэгш эрхийн зарчмын дагуу шийдвэрлэх асуудал юм. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, Даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тавих Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, чиг үүрэг, оролцооны хүрээг тодорхойлсон бөгөөд даатгагч даатгуулагчийн хооронд үүссэн, даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэл, хохирол, төлбөртэй холбоотой асуудлаар маргааныг шийдвэрлэх, хохирол төлбөрийг гэрээний нэг талд хариуцуулахаар тогтоох, хэн аль нь хохирсон талаар дүгнэлт гаргах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд олгоогүй. Нэхэмжлэлд дурдсан талуудын маргаж буй асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч, ахлах дэслэгч У.Ууганбаяр нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 130/66 тоот “гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч ерөнхий шийтэд хэт ачаалал үүсэн улмаар гал гарахад хүргэсэн байх магадлалтай байна. Галын голомт нь тухайн сэндвичэн барилгын ар талын хананд байрлах ерөнхий шийтээс гал гарч, шатах материалаар дамжин тархан дэлгэрсэн байна” гэсэн агуулга бүхий шинжээчийн дүгнэлт гаргасан. Хариуцагч “М Д” ХК нь дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 29С1910000082 дугаартай даатгалын гэрээний 12.5.18.16-д “техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзана” хэмээн заасны дагуу даатгуулагч Х.Бгийн нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан. Түүнчлэн, бодит байдал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол мөн эсэхийг болон бусад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар буюу хариуцагчийн зүгээс өөрийн татгалзлаа нотлохын тулд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвийн шинжээч, ахлах дэслэгч У.Ууганбаярыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасан байдаг. Харин шүүгч хариуцагчийн тус хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ хариуцагч өөрийн татгалзлаа нотлоогүй гэж дүгнэж байгаа нь хариуцагч компанийн хуулиар олгогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан хариуцагчийн үүргийг зөрчиж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Дээрх гэрчийн мэдүүлэг нь маргаан бүхий асуудал буюу нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотолгооны хэрэгсэл болох байсан боловч шүүгч тухайн маргаанд нухацтай хандалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Мөн хариуцагч тал нэгэнт татгалзлаа нотлох боломж бүхий баримтыг шүүхээр авахуулах боломжгүй болж, хэргийн шийдэл шүүгчийн хувьд урьдчилан гарсан байх боломжтой үндэслэлээр хариуцагч тал шүүгчийг татгалзсан байх тул шүүх хэргийн маргааныг эргэлзээгүй, зохигчийн эрхийг хангаж татгалзлыг эрх бүхий этгээдээр шийдвэрлүүлэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч “М Д” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 49 019 500 төгрөг, алданги 24 509 750 төгрөг, нийт 73 529 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, цахилгааны ерөнхий шитний даац, ачаалал хэтрүүлснээс болж гал гарсан, даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах эрхээсээ татгалзсан тул даатгагч үүргээс чөлөөлөгдөх гэрээнд заасан нөхцөл бүрдсэн гэж маргажээ.

 

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1 жилийн хугацаатай 29С1910000082 дугаартай даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.Бгийн өмчлөлийн Нарантуул ОУХТөв дотор байршилтай сендвич барилга буюу хүнсний ТҮЦ-ийг 100 000 000 төгрөгөөр үнэлэн даатгаж, даатгалын хураамжид 1 жилд 900 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Нэхэмжлэгчээс 900 000 төгрөгийн даатгалын хураамжийг хариуцагчид төлсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй. /хэргийн 7-14, 16, 17 дугаар тал/

 

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Дээрх даатгалын гэрээний зүйл нь гэрээний хугацаанд буюу 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр галд шатаж, нэхэмжлэгчид хохирол учирсан нь болох нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Итгэл-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний ажлын тайлан, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/66 дугаар шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар тогтоогдож байна. Дээрх шинжээчийн дүгнэлтээр гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч ерөнхий шитэнд хэт ачаалал үүсэн, улмаар гал гарахад хүргэсэн байх магадлалтай гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1716 дугаар прокурорын тогтоолоор тухайн гал гарсантай холбоотой үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хэргийн 12 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 12.5.18.16-д техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заажээ. Иймд дээрх үүссэн нөхцөл нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч буй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч цахилгаан дамжуулагч ерөнхий шитэнд хэт ачаалал үүсэн нь өөрийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй гэдгийг буюу даатгалын нөхөн төлбөр авах, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Тодруулбал, даатгалын зүйл буюу нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө нь дээрх шинжээчийн дүгнэлтэд зааснаас өөр шалтгаан, үндэслэлээр шатаж хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, даатгуулагчаас өөрөөс нь үл хамаарах шалтгааны улмаас эд хөрөнгөнд нь хохирол учирснаар даатгалын нөхөн төлбөр авах нөхцөл бүрдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч даатгалын гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөрт даатгалын нөхөн төлбөр 49 019 500 төгрөг, алданги 24 509 750 төгрөг, нийт 73 529 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн  167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 232 дугаар зүйлийн 232.6, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нөхөн төлбөр 49 019 500 төгрөг, алданги 24 509 750 төгрөг, нийт 73 529 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “М Д” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438 590 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ДАВААДОРЖ

 

                  ШҮҮГЧИД                        Д.НЯМБАЗАР

 

                                                           С.ЭНХТӨР