Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 404

 

Э.А, Н.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 414 дүгээр магадлалтай, Э.А, Н.Б нарт холбогдох 1808000000806 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан З овогт Э-ийн А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэмт хэрэгт,

2.  Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 9 сар хорих ял шийтгүүлж, 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 560 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Д овогт Н-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.А-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Н.Б-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар Э.А-г 12 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Н.Б-г 7 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, Н.Б, өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.А гаргасан гомдолдоо “...Миний бие нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад хоёр өөр шийтгэх тогтоол гарснаас болж 24 жил хорих ял эдлэх эсэхийг ойлгохгүй байна. Хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа 2012 оны 04 дүгээр сарын 23-наас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл тасралтгүй цагдан хоригдсон байхад уг хугацааг 2012 оны 04 дүгээр сарын 23-наас 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл гэж бодсоноос миний цагдан хоригдсон 180 хоногийг хасч, улмаар эдлэх ялд оруулан тооцоогүйд гомдолтой байна. Мөн мөрдөгч надаас мэдүүлэг авсан гэж 18 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар талд авагдсан баримтыг хуурамчаар үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Миний үйлдээгүй хэргүүдийг үйлдсэн болгож ялласан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Дээрх байдлаар миний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Б гаргасан гомдолдоо “...Намайг Э.А-тэй бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн ялласанд гомдолтой байна. Хэрэг гарсан цаг хугацаанд намайг өөр газар байсныг эхнэр О.С гэрчилсэн боловч түүний мэдүүлгийг үгүйсгэсэн. Нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хэтэрхий нэг талыг барьж, намайг яллах нотлох баримтуудыг цуглуулсан. Энэ хэрэгт хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн боловч миний мэдүүлгийг үнэн эсэхийг нягталж шалгаагүй болно. 2018 оны 07 дугаар сарын 04-нээс 05-нд шилжих шөнө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэмээн намайг буруутгаж байгаа боловч уг хугацаанд хөл бөмбөг үзэхээр О.С-ын ажилладаг “М-20 lounge” гэх газарт байсан. Гэтэл уг байгууллагын хяналтын камерийн бичлэгийг шалгаагүй. Харин “Сайн”, “Эрдэс” ломбардны хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгийг үндэслэн ялласан нь үндэслэлгүй. Тухайн өдөр Э.А уг газарт хулгайлах гэмт хэрэг үйлдсэний дараа би “М-20 lounge” гэх газраас гараад гэртээ харих гэж явж байхдаа дүрс бичлэгт бичигдсэн бөгөөд үүнийг яллах талын нотлох баримт болгон ашигласан. Э.А ганцаараа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсээр байхад анхаарч үзээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Намайг Э.А-тэй бүлэглэн үйлдсэн мэтээр таамгаар дүгнэлт хийж, улмаар анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. Гэтэл Э.А нь 35 удаагийн үйлдэлтэй түүнд ял шийтгэл тохирсон байх боловч миний хувьд гэмт хэрэг үйлдээгүй байхад ялласан тул хууль бус гэж үзэж байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Шүүгдэгч өөрөө гэмт хэрэг үйлдээгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Харин шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийн тухайд түүний 35 удаагийн хулгайн үйлдлийн 31 нь шинэ хуулийн үйлчлэлийн өмнө, 4 нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн байна. Иймээс түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй тул мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.  Тэрээр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо цагдан хоригдсон хугацааны талаар маргасан байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хугацааг тогтоосон тул гомдол үндэслэлгүй байна” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А, Н.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.А нь 2011 оны 05 дугаар сарын 06-наас 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл дангаараа болон бусадтай бүлэглэн 35 удаагийн үйлдлээр иргэдийн орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлж нийт 124,464,045 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Б нь Э.А-тэй бүлэглэн 2018 оны 07 дугаар 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Сайн” ломбард дотор Х.А-ийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг алт мөнгөний дарханы газраас эд зүйл хулгайлж 42,270,645 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Э.А-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Н.Б-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Харин хоёр шатны шүүх шүүгдэгч Э.А-г 2013 оны 09 дүгээр сарын 28-наас 2014 оны 04 дүгээр сарын 03-ны хооронд энэ хэрэгтээ цагдан хоригдсон байхад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэр ба баримт байхгүй гэх шалтгаанаар хоногийг дутуу тооцон алдаа гаргасан байна.

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “яллагдагчийг хорьж мөрдөх хугацааг сунгах тухай” шүүгчийн 706 дугаартай шүүгчийн захирамж /хх4-76/-аар яллагдагч Э.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хүртэл сунгасан байх бөгөөд мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай” 681 дүгээр шүүгчийн захирамж /хх4-133/-аар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэснээс гадна шүүгдэгч Э.А-н цагдан хоригдсон хугацааны талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх7-70/,  Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаартай яллах дүгнэлтийн хавсралт /хх8-101/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд дээрх хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэж үзэхээр байна.

Мөн шүүгдэгч Э.А-н маргаж буй цаг хугацаа буюу 2013 оны 09 дүгээр сарын 28-наас 2014 оны 04 дүгээр сарын 03-ны хооронд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн, хүчингүй болгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь түүнийг энэ хугацаанд хориотой байсан гэж үзэх бас нэг үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Э.А-н цагдан хоригдсон хоногийн талаарх гомдлыг хангасан өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгч Н.Б-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Э.А-н цагдан хоригдсон 1870 хоног” гэснийг “Э.А-н цагдан хоригдсон 2057 хоног” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, Н.Б нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                    

 

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН