Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 24

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар би Хилийн 0101 дүгээр ангийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “2004 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000009913 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч Хилийн 0101 дүгээр анги  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус ангийн албаны хэрэгцээнд 1996 оноос хойш ашиглагдаж байгаа 869.66 метр квадрат талбай бүхий газартай орон сууц нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт, улсын бүртгэлийн Г-1317000013 дугаартай 2004 онд Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авахдаа төрийн байгууллагын нэр дээр гэрчилгээ гаргахгүй гэсэн шалтгаанаар, Дадал овогтой Гаажав, Гүржав овогтой Мягмар, Гаажав овогтой Авралтбаясгалан, Гаажав овогтой Сарантуяа гэх хүмүүсийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн 000009913 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан.

            Хил хамгаалах ерөнхий газрын орлогч даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар захирамжинд “Хилийн отряд /анги/-уудад улсын төсвөөр худалдан авсан хувь хүний нэр дээр байгаа албаны орон сууцуудыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс хасуулан ангийн мэдэлд авах”, Сэлэнгэ аймгийн Аудитын газрын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн сэл-01/03-ста дугаартай албан шаардлага, иргэн Д.Гаажав, Г.Мягмар, Г.Амарбаясгалант, Г.Сарантуяа нар нь гэрчилгээг хүчингүй болгохыг зөвшөөрч байгаа тул улсын бүртгэлийн 000009913 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Хилийн 0101 дүгээр анги шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан тус шүүхэд 2004 оны 05 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000009913 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэл гаргасанаас хойш Д.Гаажав, Г.Мягмар, Г.Амарбаясгалан, У.Авралтбаясгалан нарын 4 хүн тус байгууллагын эзэмшлийн 869.66 м га газар, үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхээ буцаан шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болохыг бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд уг газар эзэмших эрхийн талаар шүүхэд ямар нэгэн маргаангүй, төрийн захиргааны байгууллага буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж талууд хүсэлтээ гаргаж уг 4 хүний эзэмшлээс тус ангийн эзэмшил өмчлөлд шилжүүлж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

          Хилийн 0101 дүгээр анги нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2004 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000009913 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Тус ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000009913 дугаартай гэрчилгээ бүхий 869.66 м2 га газрыг Д.Гаажав, Г.Мягмар, Г.Амарбаясгалан, У.Авралтбаясгалан нар нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаартай захирамжаар газар өмчлөх эрхтэй болсон байх бөгөөд Хилийн 0101 дүгээр ангийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй тухайгаа бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талуудын хооронд эрх зүйн маргаан үүсээгүй байх бөгөөд энэ нь Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар талуудын хүсэл зоригийн дагуу эзэмших, өмчлөх эрхээ шилжүүлэх эрх нь нээлттэй байна.

          Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Хилийн 0101 дүгээр анги нь тухайн газрыг өмчлөх эрхтэй Д.Гаажав, Г.Мягмар, Г.Амарбаясгалан, У.Авралтбаясгалан нарын газар өмчлөх эрхээ шилжүүлэхийг хүссэн хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандаж хүсэлт гарган газар өмчлөх эрхээ шилжүүлэн авах бүрэн боломжтой байна.

          Хилийн 0101 дүгээр анги нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл татгалзсан тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хилийн 0101 дүгээр ангийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2004 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000009913 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ОДБААТАР