Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 123/ШШ2025/0041

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт тус тус холбогдуулан гаргасан.

“Улсын Их хурлын 88 дугаар тогтоолын дагуу хариуцагч байгууллага руу удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг Улсын Их хурлын 88 дугаар тогтоолд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Анх нэхэмжлэгч “*******” ХХК-иас Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын дагуу хариуцагч байгууллага руу 2023 оны 11-12 сарын хооронд удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож учирсан хохирол болох тухайн ажлын үнийн өсөлтийн зөрүү болох 460.594.620,00 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тус шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон.

Дээрх хугацаанд нэхэмжлэгчээс Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан “Улсын Их хурлын 88 дугаар тогтоолын дагуу хариуцагч байгууллага руу удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг Улсын Их хурлын 88 дугаар тогтоолд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар: 

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хандан ... хянан баталгаажуулсан үнийн өсөлтийн зөрүү болох 460,594,620 төгрөгийг бидэнд олгож өгнө үү гэх хүсэлтийг, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хандан ... Барилгын Хөгжлийн төвөөр хянан баталгаажуулаад ажлын үнийн өсөлтийн зөрүү болох 460,594,620 төгрөгийг олгож өгнө үү гэх хүсэлтийг, 2024 оны 04 дүгээр сарын 17ы өдрийн 36 дугаар албан бичгээр Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт хандан ... ажлын үнийн зөрүү болох 460.594.620,00 төгрөгийг үндэсний аудитын газраар баталгаажуулахад дэмжиж өгнө үү гэх хүсэлтийг тус тус гаргасан боловч тухайн захиргааны байгууллагаас одоог хүртэл хариу ирүүлээгүй.

2.2. Улмаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан хариуцагч болох Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт тус тус холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа “Барилга захиалагч орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болон манай "*******" ХХК-н хооронд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр БУА/2020-13 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга барих БУА/2020-13 тоот гэрээг байгуулан /994,721,128.00 төгрөг/-ийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сард иж бүрэн ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгсөн. Тухайн барилгыг барих явцад давагдашгүй хүчин зүйл болох ковид-19 цар тахлын нөлөөллөөс болж барилгын материалын үнийн хэт өсөлтүүд гарсан. Энэ үнийн хэт өсөлтийн оргил үед барилгын ажлыг компанийн дотоод нөөц бололцоогоор сааталгүй хийж гүйцэтгэсээр иж бүрэн дуусгасан. Улсаас ковид цар тахал болон давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөллийг судалж үзээд Улсын Их хурлын 88 дугаар тогтоолыг 2021 оны 11 дүгээр сард гарган Барилга хот байгуулалтын яамнаас баталгаажуулсан барилгын материалын үнийн өсөлтөөс үүдсэн төсөвт өртгийн нэмэгдлийг тухайн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр хуульд тусган шийдвэрлүүлэхээр болсон. Үүнтэй уялдуулан зохих журмын дагуу "Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга" ажлыг дахин Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөр хянан нягталж үзээд манай компанид 460,594,620.00 төгрөгийн материалын үнийн өсөлт гаргасан байдаг. Манай компани уг үнийн өсөлтийн зөрүүг авахаар хүсэлтээ Улсын Их хурлын 88 дугаар тогтоолд заасны дагуу олгож өгөхийг хүссэн хүсэлтийг Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт 2023 оны 11-12 сард, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпорац” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргад тус тус гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу мэдэгдээгүй ба хариу өгдөггүй. Сүүлд Барилга захиалагч орон сууцны корпорацитай уулзахад манайд өгөх мөнгө байхгүй Засаг даргын Тамгын газраас мөнгө шалтгаалдаг, ирвэл боломжтой мэтээр тайлбар хэлж байсан тул хамтран хариуцагчаар Засаг даргын Тамгын газрыг хамтад нь татаж дээрх Улсын Их хурлын 88 дугаар тогтоолд заасны дагуу үнийн өсөлтийн зөрүү болох 460,594,620.00 төгрөгийг олгохыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх, ... Улсын комисст хүлээлгэж өгөхдөө захиалагчийн албаныханд холбогдох хүмүүст, тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс болох Засаг даргын Тамгын газрын албан хаагчтай уулзах нөхцөл байдалтай явж байсан. Бид нар барилгыг зогсоох болоод байна гэхэд зүгээрээ бариад дуусгачих бид нар дараа нь санхүүг шийдэж өгнө манайх боломжтой гэж Засаг дарга болон хөрөнгө оруулалтын дарга нар хэлсэн. Аман яриа өрнөж итгэлцэл үүсэж бид барилгаа хүлээлгэж өгсөн. Барилгаа өгсний дараа Засаг даргын Тамгын газраас санал тавьсан. Бид зөрүү мөнгийг өгье та нар Улсын Их хурлын 88 дугаар тогтоолын дагуу бүх материал бичиг баримтаа бүрдүүлээд бид нарт өгчих, тэрний дараа зөрүү мөнгийг бид шийдэж өгнө гэсэн албан бичгээр хэлцэлд хүрсэн. ... Засаг даргын Тамгын газартай 2-3 удаа уулзаж, мөн албан бичгээр 2 удаа хүсэлт өгч хандсан боловч албан бичгээр хариу өгөхгүй, биеэр уулзахаар намар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар мөнгийг шийдэх гэж байгаа гэж хоёр жилийн хугацаа өнгөрч бид аргаа бараад 2025 онд шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан. ... Өнгөрсөн нэгдэх өдөр хүлээж байгаад Засаг даргатай уулзсан. Засаг дарга хэлэхдээ өгөх ёстой бол өгөлгүй л яах вэ гэхдээ 2025 оны төсөв батлагдсан учир өгөх боломжгүй. 2025 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэрвээ дэмжигдвэл 2026 ондоо өгнө, дэмжигдэхгүй бол 2026 онд дахин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулна эсхүл дахин төсвийн тодотголд оруулахаас өөр арга байхгүй гэж өмнөх Засаг даргатай адилхан агуулгатай тайлбар гаргасан. Мөн баримтаа хурал дээрээ авч очоод ярилцъя гэсэн агуулгатай яриа болсон. Төлбөр өгөх хугацаа өгчих гэсэнд хугацаа өгөх боломжгүй, хэзээ яаж өгөх өө мэдэхгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ гэж тайлбарласан гэв.

3.2. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга *******ийн бичгээр гаргасан тайлбартаа: "*******" ХХК-ийн гаргасан Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг барих ажлыг 2020 онд гэрээ байгуулж, 2022 онд ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч хүлээн авсан барилга дээр Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолын дагуу үнийн өсөлтийн зөрүү болох 460,594,620 (дөрвөн зуун жаран сая таван зуун ерөн дөрвөн мянга зургаан зуун хорь) төгрөгийг олгохыг хүссэн нэмэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.3. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ******* бичгээр гаргасан тайлбартаа: ******* ХХК-тай Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг барих ажлын дагуу 2020 оны 05 дугаар сарын 26-ны БУА/2020-13 дугаар гэрээг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр 994,721,803 (Есөн зуун ерен дөрвөн сая долоон зуун хорин нэгэн мянга найман зуун гурван төгрөг)-ийн үнийн дүнтэй гэрээг байгуулж, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч хүлээн авсан. Тус байгууллагын нэхэмжилж буй Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолын дагуу үнийн өсөлтийн зөрүү болох 460,594,620 (дөрвөн зуун жаран сая таван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун хорь) төгрөгийг олгохыг хүссэн байна. Иймд дараах тайлбарыг хүргүүлж байна. 1-т Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн төсөл арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахаар заасан байна. 2-т Манай аймгийн хувьд Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж аймгийн Засаг даргын 2023 оны А/88 дугаар захирамжаар Үнийн өсөлт, зөрүүг тооцох, судлах ажлын хэсэг байгуулж, 2019-2021 онуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн, хийгдэж байгаа 24 төсөл арга хэмжээнд үнийн өсөлтийг тооцон зөрүүг олгосон. 3-т Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн төсөл арга хэмжээг оруулах талаар тусаагүй тул "*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

3.4. Хариуцагч Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дарга Ц.Дашдэмбэрэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-тай Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг барьж гүйцэтгүүлэхээр 2020 оны 05 дугаар сарын 26-ны БУА/2020-13 тоот гэрээг байгуулж, 2022 оны 09 дүгээр сард ашиглалтад хүлээн авсан. ... Уг нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна. Үүнд: 1-т "Барилга захиалагч, орон сууцны корпораци" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Барилгын тухай хуулийн 37-р зүйл (захиалагчийн чиг үүрэг), Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийн хүрээнд захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Захиалагчийн хяналтын чиг үүрэг нь батлагдсан зураг төсөв, барилгын норм дүрэм стандартын дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд хяналт тавих гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн шаардлага нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахгүй тул хариуцагчаас татгалзах хүсэлтэй байна. 2-т Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 2.2, 2.3 заалтын (Захиалагчийн чиг үүргийг бусдад шилжүүлсэн нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй) гэсэн нь орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч Засаг дарга болон Засаг даргын тамгын газарт нэхэмжлэлээ гаргах үндэслэлтэй. 3-т УИХ-ын 88 дугаар тогтоолын 4,5 дугаар зааснаар зөвхөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн төсөл арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахаар заасан. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн төсөл арга хэмжээнд материалын үнийн зөрүү олгох асуудлыг манай байгууллага хариуцах боломжгүй. ... Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт ерөнхий захиалагч тухайн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй өөрөөр хэлэх юм бол Засаг даргын Тамгын газар үндсэн хариуцагч. Бид Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс захиалагчийн үүрэг гүйцэтгэж байгаа учраас нэхэмжлэгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэж удаа дараа хэлж байна ... гэв.

 

3.5. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга болон Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож шүүх хуралдааны товыг мэдсэн, түүнчлэн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад 2025 оны 04 дугаар сарын 30-ны өдөр гарын үсэг зурсан байх атлаа “2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ... Миний бие аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн А/198, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/126 дугаар захирамжаар ажлын хэсэгт орж 2025 оны 05 дугаар сарын 07-ний өдрөөс 09-ний өдрийг дуустал гамшгаас хамгаалах бэлэн байдлын сургуулилттай тул “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус шүүхэд гаргасан.

Дээрх захиргааны байгууллагын төвлөсөн үйл ажиллагаа нь шүүх хуралдаан товлогдсон цаг хугацааны дараа байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг сургуулилтад хэрхэн оролцох, шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаан гэх баримт ирүүлсэн нь уг баримтаар тодорхойлогдох боломжгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг: Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.1. Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт тус тус  холбогдуулан “Улсын Их хурлын 88 дугаар тогтоолын дагуу хариуцагч байгууллага руу удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг Улсын Их хурлын 88 дугаар тогтоолд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах”-аар эцсийн байдлаар тодорхойлсон эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хоёр: Маргааны үйл баримтуудын талаар:

2.1. Нэхэмжлэгчээс ... Улсын Их хурлын 88 дугаар тогтоолын дагуу хариуцагч байгууллага руу удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг Улсын Их хурлын 88 дугаар тогтоолд заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах ... гэж,

2.2. Хариуцагч Төв аймгийн Засаг даргаас ... “*******" ХХК-ийн гаргасан Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг барих ажлыг 2020 онд гэрээ байгуулж, 2022 онд ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч хүлээн авсан барилга дээр Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолын дагуу үнийн өсөлтийн зөрүү болох 460,594,620 (дөрвөн зуун жаран сая таван зуун ерөн дөрвөн мянга зургаан зуун хорь) төгрөгийг олгохыг хүссэн нэмэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

2.3. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас ... Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн төсөл арга хэмжээг оруулах талаар тусаагүй тул "*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд хэрэгсэхгүй болгоно уу гэж,

2.4. Хариуцагч Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт "Барилга захиалагч, орон сууцны корпораци" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйл (захиалагчийн чиг үүрэг), Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийн хүрээнд захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Захиалагчийн хяналтын чиг үүрэг нь батлагдсан зураг төсөв, барилгын норм дүрэм стандартын дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд хяналт тавих гэж заасан байдаг. Нэхэмжлэгчийн шаардлага нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарахгүй тул хариуцагчаас татгалзах хүсэлтэй байна гэж тус тус тайлбарласан.

2.5. Нэхэмжлэгчээс гаргасан “Улсын Их хурлын 88 дугаар тогтоолын дагуу хариуцагч байгууллага руу удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг Улсын Их хурлын 88 дугаар тогтоолд заасны дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

2.6. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлын БУА/2020-13 дугаар гэрээг[1] 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга зөвшөөрч, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар захиалагчаар, “*******” ХХК нь гүйцэтгэгчээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулж, Төв аймгийн Засаг дарга баталжээ.

Дээрх гэрээний дагуу “*******” ХХК нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн бөгөөд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 10 ортой хүн эмнэлэг, моргийн барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ББКД-72/2022 дугаар дүгнэлтээр[2]: ... энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэж, уг барилгыг ашиглалтад оруулах комиссын нийт гишүүдийн 100 хувийн саналаар барилгыг ашиглалтад хүлээн авсан[3].

Эндээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсноор уг гэрээг баталгаажуулсан гэрээнд захиалагчаар оролцсон Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, мөн хариуцагч нарыг тодорхойлсноор Төв аймгийн Засаг дарга нь тус тус захиалагчаар буюу хариуцагч болох нь тодорхойлогдож байна.

2.7. 2022 онд Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг барьж дууссаны буюу  барилгыг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсний дараа “*******” ХХК нь 2021-2022 онуудад дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахал гарсан цаг үед уг барилгын ажил явагдаж байсан бөгөөд дээрх хугацаанд гэрээнд заасны дагуу өөрийн компанийн хөрөнгөөр тухайн барилгыг барьж дуусгасан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1736 дугаар албан бичгээр[4]: Төв аймгийн Баян-өнжүүл суманд 10 ортой эрүүл мэндийн төвийг орон нутгийн төсвийн эх үүсвэрээс 2020-2022 онд хэрэгжүүлж дуусган ашиглалтад хүлээн аваад байна. Тус ажлыг “*******” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгчээс барилгын материалын үнийн зөрүү тооцуулах хүсэлт гаргаад байна. Иймд Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгын төсөвт барилгын материалын үнэ өөрчлөлтийг тооцох түр журмын дагуу магадлал хийж өгнө үү гэж албан бичгийг Барилгын Хөгжлийн төвд хүргүүлсэн.

Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2729/002 дугаар Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээг[5] байгуулан, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захиалгаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлын 2021 оноос хойших гүйцэтгэлийн (үлдэгдэл) ажлын материалын үнийн өөрчлөлтийн тооцоог тооцсон магадлал[6] хийсэн.

Улмаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын Хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0036/2023 дугаар нэгтгэлд[7]: ... Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн (барилгын материалын үнэ) өөрчлөлтийг тооцох түр журам, Төв аймгийн Засаг даргын орлогчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1736 дугаар албан бичгийг тус тус үндэслэж ... батлагдсан тоо хэмжээний дагуу тооцсон материалын үнийн өөрчлөлтийн дүн 460,570,239,5 төгрөг гэжээ. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ ... ажлын үнийн өсөлтийн зөрүү болох 460,594,620.00 төгрөг гэсэн байх бөгөөд шүүхээс  460,570,239.5 төгрөгийн нэгтгэл дүнгээр хохирол болох үнийн зөрүүг тодорхойлох нь зөв байна.

Дээрх магадлал хийх ажлыг зохион байгуулан нэгтгэн, бүртгэлийн дугаар олгосон нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 34.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх тухай 51 дүгээр тогтоол, 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэмд тус тус нийцсэн гэж үзэхээр байна.

Үүнээс үзэхэд дээрх байдлаар хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1736 дугаартай албан бичгээр магадлал хийлгэсэн байх бөгөөд үүний дүнд 460,570,239.5 гэсэн дүн гарсан нь:

1-т Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үйлдэл хийж байсан болохыг нотолно.

2-т Тус дүгнэлтээр гарсан барилга байгууламжийн төсөвт өртгийн үнийн өсөлтийн зөрүү 460,570,239.5 төгрөг болсон эсэх талаар маргаагүй байна.

Иймд гаргасан нэхэмжлэлд үнийн дүнгийн маргаан байхгүй, зөвхөн хариуцагч нар зохих ёсоор нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хохирлыг төлж, барагдуулж шийдвэрлэх шаардлагатай болсон бөгөөд энэхүү төлбөрийг гаргаж төлөх шийдвэрээ зохих ёсоор гаргаж шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна.

2.8. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1870 дугаар албан бичгээр[8] ... Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд заасны дагуу зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг хамруулан ажиллаж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр (гадаадын зээл, тусламж, сангийн хөрөнгө, орон нутгийн төсөв, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт)-ээр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд дээрх журамд заасан зарчмыг баримтлан, үнийн өөрчлөлтийг тооцох барилгын материалын үнийг Ажлын хэсгээс нарийвчлан гаргаж, харьцуулалт хийж /20 бүлгийн 539 нэр төрлийн материал/ баталсан жагсаалтыг харгалзан төсөвт өртгийн өөрчлөлтийг тооцох нь төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэсэн байхад хариуцагч нараас “... Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн төсөл арга хэмжээний төсөвт өртөгт магадлал хийж холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, үнийн өсөлтийн зөрүүг олгох чиглэлийг өгсөн байна.

Иймд хариуцагчийн тайлбар гаргасан “... Төв аймгийн хувьд Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж аймгийн Засаг даргын 2023 оны А/88 дугаар захирамжаар Үнийн өсөлт, зөрүүг тооцох, судлах ажлын хэсэг байгуулж, 2019-2021 онуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн, хийгдэж байгаа 24 төсөл арга хэмжээнд үнийн өсөлтийг тооцон зөрүүг тооцон олгосон. Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоолд Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн төсөл арга хэмжээг оруулах талаар тусаагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.9. Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “*******” ХХК-иас Төв аймгийн Засаг, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт тус тус холбогдуулан гаргасан барилгын материалын үнийн зөрүү болох 460,594,620.00 төгрөгийг гаргуулах талаар гаргасан хүсэлтийг хуульд болон холбогдох бусад журамд заасны дагуу шийдвэрлээгүй.  Түүнчлэн 2023 оны 11 дүгээр сард гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй 1 жил гаруй хугацаа өнгөрсөн нь нотлогдож байгаа тул хариуцагч нараас хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.

2.10. Өөрөөр хэлбэл, Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж, 24.3 дахь хэсэгт “... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэж тус тус заасны дагуу хариуцагч Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар нь Захиргааны Ерөнхий хуульд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийг зохих ёсоор шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулж өгөөгүй байна.

2.11. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж, мөн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн”, мөн хуулийн 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 14.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын төсвийн орлого, зарлагын зүй зохистой, үр ашигтай байдал, үр дүнгийн гүйцэтгэлийг хангаж, өөрт хамаарах төсвийн гүйцэтгэлийн биелэлтийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, болон Зөвлөл Засгийн газар, Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцна” гэж Засаг даргын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан өргөдөл, гомдлыг хариуцагч нар хуульд заасны дагуу шийдвэрлэх эрх, үүрэгтэй тул хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэл бүхий хариугаа хүргүүлэх үүргийг мөн хуульчилжээ.

2.12. Хэдийгээр хариуцагч Төв аймгийн Засаг дарга өөрийн чиг үүргийн дагуу, төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх үүрэгтэй ч Төв аймгийн Засаг даргын Тамгын газар (Ерөнхий захиалагчийн хувьд), Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (Барилгын ажилд хяналт тавьсан захиалагчийн хувьд) нь дээрх гэрээнд заасны дагуу тус бүрийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй, төрийн захиргааны байгууллагууд нь хоорондоо уялдаа холбоогүйн улмаас нэхэмжлэгч “*******” ХХК нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг  өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэнтэй холбоотойгоор 1.5 жилийн хугацаа өнгөрч, тодорхой санхүүгийн хохирол үүсэж, эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгджээ.

2.13. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн,хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж тус тус заасан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан барилгын материалын үнийн зөрүүг гаргуулах тухай өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт  даалгаж шийдвэрлэлээ.

2.14. Түүнчлэн нэхэмжлэгчээс “...Засаг дарга хэлэхдээ өгөх ёстой бол өгөлгүй л яах вэ гэхдээ 2025 оны төсөв батлагдсан учир өгөх боломжгүй. 2025 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж хэрвээ дэмжигдвэл 2026 ондоо өгнө, дэмжигдэхгүй бол 2026 онд дахин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулна эсхүл дахин төсвийн тодотголд оруулахаас өөр арга байхгүй гэж өмнөх Засаг даргатай адилхан агуулгатай тайлбар гаргасан. Мөн дутуу баримтаа хурал дээрээ авч очоод ярилцъя гэсэн агуулгатай яриа болсон. Хугацаа хэлж өгчих гэсэн хугацаа өгөх боломжгүй, хэзээ яаж өгөх өө мэдэхгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ... ” гэж тайлбарласантай холбогдуулахад

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д "орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” , 4.1.26-д "төсвийн тодотгол" гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг ойлгохоор тодорхойлсон. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 34.2.1-т “дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон”, 34.2.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон”, 34.2.3-т “энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах гэж заасан”,

Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 8.5.2-д “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлах”-аар тус тус заасан.

Харин 2025 ондоо багтаан Төв аймгийн Засаг дарга нь төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулж, нэхэмжлэгчийн хохирлыг шийдвэрлэх, өөрөөр хэлбэл нэгэнт орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилга захиалгаар бариулж, барилгыг хүлээн авсан байх тул тус барилга байгууламжийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заахаар зохицуулсан. Шүүхийн шийдвэрийн биелэгдэх боломжит байдал, орон нутгийн төсвийн зохистой тэнцвэрт байдлыг хангах зарчмын хүрээнд нийт барагдуулах ёстой төлбөрийг 2025 ондоо багтаан шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 -д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 106.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3, 37 дугаар зүйлийн 37.3, 100 дугаар зүлйийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэлийн үнийн зөрүүг гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төв аймгийн “Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга хэмжээг дараах байдлаар буюу барилгын үнийн зөрүү 460,570,239.5 төгрөгийг гаргуулах хүсэлтийг Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар тогтоол болон Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/1870 дугаар албан бичигт заасны дагуу 2025 онд багтаан шийдвэрлэж олгохыг хариуцагч нарт даалгасугай. Үүнд:

- Хариуцагч “Төв аймгийн Барилга захиалагч, орон сууцны корпораци” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь захиалагчийн хяналт хэрэгжүүлсний хувьд нэхэмжлэгчээс уг асуудлаар санал гаргаж Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх.

- Хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газар нь захиалагчийн хувьд Төв аймгийн Засаг даргад мөн санал, хүсэлт гаргах.

- Хариуцагч Төв аймгийн Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсөвт тусгуулан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үнийн өсөлтийн зөрүүг олгож шийдвэрлэнэ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЗОРИГТБААТАР

 

[1] Хавтас хэрэг 80-81 дэх тал,

[2] Хавтас хэрэг 112-114 дэх тал,

[3] Хавтас хэрэг 115-117 дахь тал,

[4] Хавтас хэрэг 217 дахь иал,

[5] Хавтас хэрэг 33-34 дэх тал,

[6] Хавтас хэрэг 26-32 дахь тал,

[7] Хавтас хэрэг 13-16 дахь тал,

[8] Хавтас хэрэг 229 дэх тал,