Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Л.Мажигсүрэн;

нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

шүүгдэгч: Б.Т, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батсайханы Тд холбогдох эрүүгийн 1709018510128 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Хөх Мөнх Сервис” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 34-4-50 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Төв аймаг Зуунмод сумын 2 дугаар баг Ланс 8 дугаар гудамны 7 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нийт 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, НЭ93042318 регистерийн дугаартай, Боржигон овогт Батсайханы Т.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр согтуурсан үедээ иргэн М.Ганзоригийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 36 дугаар гудамжны 41-А тоот хашаанд байрлах Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар хэвтэрч “Sharp” маркийн 42 инчийн зурагтыг удирдлагын хамт монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлүүдийг хулгайлан авч 1.325.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээр маргаан байхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/, хохирогч М.Ганзориг /хх-ийн 15-18/, гэрч Ү.Мөнхдэлгэр /хх-ийн 19-21/, Б.Дариймаа /хх-ийн 22-23/, Л.Алтанзул /хх-ийн 24-25/, Б.Тамираа /хх-ийн 29-31/, Б.Мөнхбаяр /хх-ийн 32-34/, Б.Энхбаяр /хх-ийн 35-36/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47/, Б.Түвшин-Эрдэний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 50-54/, хохирол төлсөн баримт /хх-ийн 57/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36 дугаар гудамжны 41-А тоот хашаанд байрлах М.Ганзоригийн амьдардаг Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн, нэвтрэн орж “Sharp” маркийн 42 инчийн зурагтыг удирдлагын хамт монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйлүүдийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль авсан болох нь:

хохирогч М.Ганзоригийн /хх-ийн 15-18/: “... Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өглөө 9 цаг 40 минутын үед гэрээ цоожлоод гарсан. Өдөр 14 цаг 40 минутын үед манай доод айлын хүн “танай гэрээс хүн зурагт аваад явж байна” гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгч уг хүн нь баригдсан. Намайг гэртээ ирэхэд хаалганы цоожийг эвдлэн дотогш орж 42 инчийн “Sharp” зурагт, монетон ээмэг 2 ширхэг, монетон бөгж 3 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, гинж алдагдсан байсан. Гэрээсээ алдагдсан эд зүйлсээс “Sharp” маркийн 42 инчийн зурагт болон удирдлагыг, гэрийн хаалганы төмөр цоожтой хүлээн авлаа. Бусад алдсан эд зүйлээ олж авмаар байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ү.Мөнхдэлгэрийн /хх-ийн 19-21/: “... Хулгай хийсэн хүн нь миний 10 жилийн ангийн хүүхэд Хулангийн нөхөр байсан. Түүнийг манай хөрш айлын хүн Даариймаа хараад цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Дариймаагийн /хх-ийн 22-23/: “... Манай нөхөр Алтанзул надад “манай баруун талын хойд талын хашаанд амьдардаг Ганзоригийн гэр рүү нэг эрэгтэй хүн орж гараад байна, дотроос нь зурагтыг нь гаргачих шиг боллоо” гэж хэлсэн. Би Ганзоригийн гэр рүү харсан чинь танихгүй хүн байхаар нь цагдаад дуудлага өгсөн…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Л.Алтанзулын /хх-ийн 24-25/: “... улаан цамцтай, доогуураа хар бараандуу өнгийн өмдтэй, 25 орчим насны эрэгтэй хүн байсан. Би тэр хүнийг барьж авч цагдаад хүлээлгэн өгсөн юм...” гэх мэдүүлгээр,

 

Б.Түвшин-Эрдэний яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 42-44/: “… Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуурай ах Дэрмээтэй хамт 0,5 литрийн “Ерөөл” архи хувааж уугаад найз Ганзоригтой уулзах гээд гэрт нь очсон юм. Тэгтэл гэрт нь хүн байхгүй байсан болохоор хашаанд нь ороод 2,5 литрийн пиво ууж дуусаад Ганзоригийн гэрийнх нь цоожийг нь хажууд байсан машины төмөр амортизатороор хөшиж онгойлгож ороод гэрийнх нь зүүн талд байсан ягаан шкафыг нь онгойлготол саарал хайрцагтай ээмэг, гинж, зүүлт байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд хойморт нь байсан цагаан хүрээтэй зурагтыг авсан. Тэгээд гэрээс нь гарахад Ганзоригийн доод талын айлаас эрэгтэй хүн “хөөе” гэж орилхоор нь зурагтыг нь хаяад зугтаасан. Гүйж яваад зугтаж чадалгүй баригдсан...” гэх мэдүүлгээр болон эд зүйлийн үнэлгээ /хх-н 45 дугаар талд/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч гэрээсээ эд зүйл хулгайд алдсанаа мэдүүлсэн, гэрч нар хохирогчийн гэрээс танихгүй хүн эд зүйл авч байхыг харсан талаар гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хулгайлсан болохоо мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлж, хэрхэн хулгай хийсэн талаар болон хулгайлсан эд зүйлсээ тодорхой тоочиж өмнө өгсөн мэдүүлгээ эргэлзээгүй баталсан, хохирогчийн хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Айлын гэрийн цоожийг эвдлэн нэвтэрч, бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгож буй Б.Түвшин-Эрдэнийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Түвшин-Эрдэнийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч Б.Т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Т гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Тд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл хэмжээний дотор хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ийнхүү хорих ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, мөн шүүгдэгчийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Түвшин-Эрдэнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Түвшин-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Т урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.МӨНХ-ЭРДЭНЭ